Монголын жүжигчид анх удаа В.Красногоровын “Хувь заяаны хүлээс” хэмээх хоёр хүний төрлийн жүжгээр олон улсын фестивальд амжилттай оролцож, шагналт байр эзэллээ.
УДЭТ-аас төрөн гарсан залуу хос Г.Алтангэрэл, Г.Номуун нар БНСУ-ын Сөүл хотноо зохиогдсон хоёр хүний жүжгийн олон улсын фестивальд оролцсон нь энэ юм байна.
Залуу жүжигчин Г.Номууны хувьд МҮОНТ-ийн "Босго тотго”, "Нарны жим” олон ангит кинонд туслах дүрд, сургуулиа төгсөөд "Эмоци” продакшинд ажиллаж байхдаа "Гурван найз” кинонд тоглосон бөгөөд УДЭТ-ын жүжигчин болоод удаагүй байхдаа Жульеттад тоглоод амжсан нэгэн. Харин Г.Алтангэрэлийн хувьд “Аав”, “Зангараг” зэрэг кинонд тоглосон юм.
Энэ жил 19 дэх удаагаа болсон “World duo arts performing festival 2019″ фестивальд Грек, Украин, Солонгос, Монгол, Румын Улсын уран бүтээлч өрсөлдсөн аж. Фестивалийн үеэр орон орны уран бүтээлчид өөрсдийн драмын театрын урлагаа танилцуулсан мастер класс сургалт зохион байгуулагдсан байна.
Б.ЦЭЦЭГ