Монголын Урчуудын эвлэл түүний дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургууль, Солонгос Улсын Тэжон хотын Олон улсын соёлын солилцооны төвөөс хамтран жил бүр уламжлал болгон Монголын залуу уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг “GRAND ART-4” дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны нээлт МУЭ-ийн арт галерейд өнөөдөр боллоо.
Нээлтийн үеэр МУЭ-ийн хорооны дарга, УГЗ Ц.Мөнхжин “Манай улсын дүрслэх урлагийнхан тэр дундаа залуусын уран бүтээл жил бүр ахиж байна. Чанарын хувьд ч, тоо, төрөл хэлбэрийн хувьд ч сайжирч байгаа нь талархууштай. Энэ жилийн үзэсгэлэн бол өсөн нэмэгдэж байгаа нэгэн шат юм. Тиймээс дараа жил урьд урьдынхаас илүү амжилттайгаар уулзацгаая” хэмээн хэлсэн юм.
“GRAND ART-4” үзэсгэлэнд 18-35 насны залуу уран бүтээлчид оролцсон бөгөөд дээд шагналд уран баримлын төрлөөр М.Саранбат “Уянга”, зураасан зургаар Б.Ариунгоо “Бодлын хэмнэл”, монгол зургаар Р.Чинзориг “Сэрэлт”, холимог техникээр Б.Дөлгөөн “Инээмтгий хүн” бүтээлээрээ авсан бол тусгай байрын шагналд Т.Мөнхбаяр “Сальвадор Дали”, Ө.Оюусувд “Өнгө өнгийн нар”, Э.Атаржаргал “Хөрөг 5”, Э.Мөнх-Оргил “Зүүдэндээ би”, Э.Түвшинтөр “Шаргал цаг” бүтээл тус тус шалгарлаа. Харин уралдааны Гран При шагналын эзнээр О.Нямдаваа “Эрх чөлөө” бүтээлээрээ тодорчээ.
“GRAND ART-4” Гран При шагналт залуу уран бүтээлч О.Нямдаваагийн сэтгэгдлийг сонслоо.
-“Эрх чөлөө” уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Эрх чөлөө бол нэрнээсээ ойлгомжтой. Зургийг нь хараад, нэрийг нь эргэцүүлэхэд л мэдрэгдэнэ. “Эрх чөлөө” гэсэн нэртэй олон улсад алдартай фото зураг байдаг. Тэр зургийг би түүх, өөрийн санаа бодлоор баяжуулаад зурсан.
-Өнгөрсөн жилийн уралдаанд оролцсон гэсэн үү?
-“25 цаг” нэртэй бүтээлээр оролцсон. Хараахан шагналт байранд хүрч чадаагүй.
-Уран бүтээлийн онцлог, бүтээх арга барил чинь юу вэ?
-Холимог техник ашиглаж, хуучин цагийн фото ашиглаж уран бүтээлээ туурвидаг.
-Бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв уу?
-Өнгөрсөн өвөл гаргасан.
-Хуучны өнгө аяс мэдрэгдэж байна?
-Түүхэн сэдвээр цөөнгүй зураг зурсан. Түүхийн тухайн цаг үеийг өнөөдрийн орон зайд авчрах оролдлого хийдэг гэх үү дээ.
“GRAND ART-4”-ийн шагналтнууд:
О.Нямдаваа-“Эрх чөлөө”
Р.Чинзориг-“Сэрэлт”
Т.Мөнхбаяр- “Сальвадор Дали”
Э.Мөнх-Оргил-“Зүүдэндээ би”
Э.Түвшинтөр-“Шаргал цаг”
Э.Атаржаргал-“Хөрөг 5”
Б.Дөлгөөн-“Инээмтгий хүн”