“The Dark Knight Rises” киноны хөгжмийг бичсэн Германы хөгжмийн зохиолч, продюсер Ханс Зиммер Колорадогийн кино театрын аллагын хохирогчидод зориулан “Аврора” нэртэй хандивын дуу зохиожээ. Хөгжмийн зохиолч “Facebook” хуудсандаа “Би Колорадогийн Аврора хотод болсон эмгэнэлт явдлын үеэр амиа алдсан хохирогчид болон хайртай хүмүүсээ алдсан бүх хүмүүст энэ дууг зориуллаа” хэмээн бичсэн байна. Энэхүү дуу нь найман минут 30 секунт үргэлжилдаг бөгөөд 2500 ам.долларын үнээр худалдаалагдах юм байна. “Аврора” дууны орлогын 10 хувийг нь хохирогчдод хандив болгон өгөх ажээ. Ханс Зиммер нь “Batman” цуврал киноны “The Dark Knight Rises” ангиас гадна “Batman Begins”-н фонограмыг Америкийн хөгжмийн зохиолч Ньютон Ховардтай хамтран бичсэн юм. Мөн тэрбээр “Driving Miss Daisy”, “Thelma and Louise”, “True Romance”, “Gladiator”, болон “Pirates of the Caribbean” киноны сүүлийн гурван анги зэрэг кинонууд дээр ажиллаж байжээ. “The Dark Knight Rises” кино нь Америкт нээлтээ хийснээс хойш хоёр дахь долоо хоногтоо ашиг орлогоороо тэргүүлж байгаа бөгөөд 64.1 сая ам.долларын орлого олоод байгаа аж. Гэхдээ Канад болон АНУ дахь орлого нээлтээ хийсэн үетэй харьцуулахад 60 хувиар буурсан байна. Мөн “Сентури 16” кинотеатрт гарсан халдлагийн дараа олсон киноны ашиг орлого нээлтээ хийхээс өмнө олно гэж таамаглаж байсан хэмжээнд хүрээгүй ажээ. Гэхдээ “The Dark Knight Rises” кино нь энэ оны хамгийн их ашиг орлоготой кино хэвээр байна. Уг кино энэ сарын 20-нд нээлтээ хийснээс хойш дэлхийн зах зээл дээрээс ойролцоогоор 250 ам.долларын ашиг олжээ. Аврора хотын Сентури 16 кинотеатрт халдлага үйлдэж, 12 хүний амийг хөнөөж, 58 хүнийг шархдуулсан этгээд Жеймс Холмсыг шүүх хурал үргэлжилж байгаа билээ.
Б.АНХТУЯА