Дуучин, хөгжмийн зохиолч, продюсер, жүжигчин, бүжигчин, зохиолч, загвар зохион бүтээгч. Буяны “Малавийн сэргэн мандалт” байгууллагыг үүсгэн байгуулагч. Олон арван шагналын эзэн, тэдгээрийн дотор “Алтан бөмбөрцөг”-ийн хоёр удаагийн эзэн. 2006 онд дэлхийн хамгийн их цалинтай дуучны хувиар Гиннесийн дээд амжилтын номд орсон, харин 2008 онд шоу-бизнесийн хамгийн их ашигтай ажилласан эмэгтэй төлөөлөгчийн хувиар Форбс сэтгүүлээс гаргасан жагсаалтыг тэргүүлсэн. Мөн тухайн онд Рок-н-роллын алдрын танхимд нэрээ мөнхөлсөн байна.
Мадонна Луиза Вероника Чикконе 1958 оны наймдугаар сарын 16-нд АНУ-ын Мичиган муж улсын Бэй-Ситид мэндэлжээ. Түүний эх Мадонна Луиза Чикконе франц гаралтай канад хүн, эцэг Сильвио Чикконе итали хүн байв.
Мадонна энэ айлын зургаан хүүхдийн гурав дахь нь байлаа. 1963 оны 12 дугаар сарын 1-нд ирээдүйн дуучныг долоон настай байхад эх нь хөхний хорт хавдраар нас баржээ. Энэ нь Мадоннад хүнд цохилт болсон юм. Удалгүй Сильвио Чикконе гэрийн үйлчлэгч Жоан Густафсонтой гэрлэсэн нь хоёр хүүхэд төрүүлж өгсөн байна.
Чикконе хүүхэд болгоноо хөгжмийн ямар нэг зэмсгээр тоглодог болохыг шахаж шаардаж байлаа. Мадоннад үзэн яддаг төгөлдөр хуур нь оногджээ. Эцгийнхээ зөвшөөрлийг авч чадсан Мадонна төгөлдөр хуурч бололгүй балетын хичээлд явах болсон байна. 1976 онд тэрээр бүжгийн багш, өөрийнх нь тодорхойлсноор түүнийг ойлгодог цорын ганц хүн болох Кристофер Флинтэй танилцжээ. Флин Мадоннаг урлаг, сонгодог хөгжим, ижил хүйстний хайр дурлалтай /багш нь ижил хүйстэн байв/ танилцуулж, ирээдүйн дуучны амьдралыг үзэх үзлийг бүрмөсөн өөрчилсөн байна.
Дунд сургуулиа төгсөөд Мадонна 1976 онд Мичиганы их сургуульд элсэн орж, ердөө хоёр жил суралцаад 1978 оны долдугаар сард Нью-Йоркийг зорьжээ. Хожим нь Мадонна энэ тухай ярихдаа, тэгэхэд л амьдралдаа анх удаа нисэх онгоцонд сууж, таксигаар зорчиж үзсэн гэжээ. Нью-Йоркт Мадонна 35 доллартой очсон байна. Анхны орлогоо орчин үеийн бүжгийн чуулгад тоглож, түргэн хоолны “Dinkin' Donats”, “Burger King”, “The Russian Tea Rooms” газарт, түүнчлэн уран зургийн болон гэрэл зургийн студид биеэ зуруулагчаар ажиллаж олжээ.
1979 онд Мадонна Францын диско бүжигчин Патрик Эрнандесийн шалгаруулалтад тэнцэж, Парис явав. Сайхан сууцтай, шинэ хувцастай, сайн хоолтой байсан боловч хэдхэн долоо хоногийн дараа тэр хамтлагаа орхиж, идээшин дасаагүй газраас таарч тохирох ажил ч олоогүй байна. Нью-Йоркт буцаж ирээд Мадонна Дэн Гилройтой танилцаж, дотносчээ. Дэн, түүний ах Эд, басс гитарчин Энжи Смиттэй хамтран тэрээр өөрийн анхны рок “Breakfast Club” хамтлагаа байгуулсан байна. Энэ хамтлагтаа Моданна дуулж, бөмбөр, гитар тоглож байв. Гэвч удалгүй 1980 онд хамтлаг таржээ. Мөн тэр жилдээ бөмбөрчин Стивен Брэйтэй хамтран “Emmy” хамтлагаа байгуулав.
Брэй, Мадонна хоёр Нью-Йоркийн клубуудад зориулан дуу зохиож, бүжгийн дуунууд бичүүлж байлаа. Нэг бичлэг нь дижей, хөгжмийн найруулагч Марк Кейминсийн сонирхлыг төрүүлснээр дуу бичлэгийн “Sire Records” студийн эзэн Сэймур Стейн Мадоннад анхаарлаа хандуулсан байна. 1982 онд Мадонна тус студитэй гэрээ байгуулж, анхны “Everybody” синглээ гаргажээ. Тэр жилдээ анхны “Madonna” цомгоо найман дуутай гаргасан байна. Цомог нь хит-парадад шат ахисаар дөрөвдүгээрт орох үед Мадонна “Сьюзаныг цөхрөнгөө бартал хайж байна” гэдэг кинонд тоглов.
1984 оны 11 дүгээр сард Мадонна хоёр дахь, “Like a Virgin” цомгоо гаргасан нь АНУ-ын шилдэг дууны жагсаалтыг зургаан долоо хоног тэргүүлсэн байна. Энэ цомог дэлхийн даяар найман сая ширхэг борлогджээ.
1985 оны наймдугаар сард Мадонна жүжигчин Шон Пеннтэй гэр бүл болов. 1986 онд дуучин маань “True Blue” гурав дахь цомгоо бичүүлжээ. Түүнд Шон Пенн гол дүрийг бүтээсэн “Алимны модны алим” кинонд тусгайлан зориулж Мадоннагийн бичсэн “Live to Tell” зохиомж орсон байлаа. Тэр жил Мадонна “Шанхайн гэнэтийн бэлэг” киноны гол дүрийг бүтээж, Дэвид Рэйбийн “Goose and Tom-Tom” жүжигт анх удаа тогложээ. Театрт ч, кинонд ч түүний хамтран тоглогч нь Шон Пенн байв.
1987 онд Мадонна “Энэ юун охин бэ?” кинонд тогложээ. Энэ киноны дөрвөн дууг тэр бичсэн байна. Тэр жил хожуухан түүний “You Can Dance” цомог гарчээ. Цомогт хуучны дуунуудыг шинэлэг маягаар дуулсан байна.
1989 онд Мадонна дуу зохиогч, даруулт хөгжимчин Патрик Леонард, тарсан “Emmy” хамтлагийн гишүүн Стивен Брэй нартай хамтран “Like a Prayer” цомгоо бичсэнийг “Rolling Stone” сэтгүүл урлагийн бүтээлийн хувьд өндөр үнэлсэн байдаг. “Like a Prayer” нь хөгжмийн хэд хэдэн урсгал, тухайлбал, поп, рок, дэнсийг нэгтгэсэн байжээ. Энэ дууны клипт нэг бүсгүй санваартанд нүглээ наминчлаад, дараа нь түүнтэй зохисгүй харилцаанд орж байгаа тухай гардаг. Тиймээс клип Ромын католик сүм эрс шүүмжлэлд өртсөн байна. Гэсэн хэдий ч цомог дэлхийн шилдэг дууны жагсаалтуудыг тэргүүлжээ. Мөн онд Мадонна, Шон Пенн хоёр гэрлэлтээ цуцлуулсан байна.
1990 оны дөрөвдүгээр сард Мадонна Ази, Хойд Америк, Европын орнуудаар хийх Blonde Ambition Tour аялан тоглолтоо эхэлжээ. Аяллын хүрээнд тоглосон концертууд ёс суртахууны шинжтэй олон маргааныг үүсгэсэн байна. Тоглолтууд шашны бэлгэдэл, сексийн шинжтэй сэдвээр дүүрэн байжээ. Энэ аялан тоглолт мөн оны наймдугаар сард дуусав. 1991 онд Мадонна уг аяллын дурсамжаар бүтээсэн “Мадоннатай хамт оронд” кинонд тогложээ. 1990 оны 11 дүгээр сард Мадонна шилдэг хитүүдийн “The Immaculate Collection” анхны цуглуулгаа гаргасан байна. Үүнд орсон “Justify My Love”, ”Rescue Me” дууны клипт сексийн гаж үзэгдлийг харуулсан учраас хөгжмийн MTV сувгаар зөвхөн шөнийн цагаар л гаргадаг байжээ.
1992 онд Мадонна дуу бичлэгийн Maverick Records студи, киноны Maverick Films компани, түүнчлэн хөгжим, зар сурталчилгаа, ном хэвлэхтэй холбоотой салбартай Maverick компанийг үүсгэн байгуулж, мэдээлэл, зугаа цэнгээний чиглэлийн дэлхийн томоохон “Time Warner” групптай хамтран ажиллах болов.
Тэр жилээ Мадонна анхны хэвлэл болох – гэрэл зурагчин Стивен Мейселийн авсан задгай, өдсөн шинжтэй гэрэл зургууд бүхий “Sex” номыг хэвлэн гаргажээ. Энэ ном 500 мянга гаруй хувь борлогдсон байна. Бараг тэр үед дуучин маань студийн “Erotica” гэдэг тавь дахь цомгоо гаргав. Энэ цомог жагсаалтын дөнгөж хоёрдугаарт орсон Мадоннагийн хамгийн тааруу бүтээлүүдийн нэг болсон юм. Мөн тэр жил Мадонна “Тэдний өөрсдийн лиг” кинонд, 1993 онд эротик, аймшгийн “Баримт болох цогцос” кинонд тогложээ.
1994 оны есдүгээр сард Мадонна Нью-Йоркийн Төв цэцэрлэгт фитнес дасгалжуулагч Карлос Леонтой танилцаж, нууц амраг нь болов. 1996 оны 10 дугаар сард Мадонна түүний охиныг төрүүлж, Лурдес Мария Чикконе Леон гэдэг нэр өгчээ. Тэр жилдээ “Bedtime Stories” цомгоо бичүүлсэн байна.
1995 оны 11 дүгээр сард Мадонна “Something to Remember” цомгоо гаргалаа. Түүнд орсон “You'll See” дуу олон хит-парадыг тэргүүлэв. 1996 онд Мадонна “Эвита” киинонд тоглосныг кино шүүмжлэгчид түүний тоглосон хамгийн шилдэг кино гэж үздэг. Уг кинонд дуулсан “You Must Love Me” дуугаар шилдэг дууны, бас инээдмийн болон хөгжимт киноны эмэгтэй гол дүрийн гээд Мадонна хоёр “Алтан бөмбөрцөг”-өөр шагнуулсан байна.
1998 онд түүний шинэ студидээ бичүүлсэн “Ray of Ligth” цомог АНУ-ын шилдэг дууны жагсаалтын хоёрдугаарт бичигдэв. Гэвч цомогт орсон “Frozen” дуу Бельгийн дуучин Сальваторе Аквавивегийн 1993 оны “Ma Vie Fout L'camp” дуутай адил болжээ. Тиймээс Мадоннаг зохиогчийн эрх зөрчсөн хэмээн түүний “Ray of Ligth” цомгийг Бельгид хориглосон байна.
1990 оны сүүлээр Мадонна еврейн шашны Каббалын /еврей үсэг, тооноос бүх зүйлийн үндэсийг хай, сахиусаас анагаах хэрэгслийг хай гэж номлодог дундад зууны үеийн еврейн номлол/ номлолыг дагагч болжээ. Тэрээр Нью-Йоркт хүүхдэд зориулсан Каббалын шинэ сургууль нээхэд 21 сая гаруй доллар зарцуулсан байна. Мадоннагаас энэ сүсэг бишрэлийнх нь талаар асуухад, “хэрэв намайг нацист намд нэгдсэн бол маргаан бага гарах байсан байх”, Каббала “хэнд ч муу зүйл учруулахгүй” гэж хариулжээ.
1999 оноос Мадонна Британийн нэртэй найруулагч Гай Ричитэй уулзаж учрах болов. 2000 оны наймдугаар сарын 11-нд Рокко хүүгээ төрүүлжээ. Мөн оны 12 дугаар сарын 22-нд Мадонна, Ричи хоёр гэрлэлтээ батлуулав. Тэдний гэрлэлт 2008 оны 12 дугаар сарын 21 хүртэл буюу тэдний салсныг албан ёсоор зарлах хүртэл үргэлжилсэн юм.
2000 онд Мадонна “Сайн найз” кинонд тоглож, студийн найм дахь “Music” цомгоо бичүүлсэн нь АНУ-ын шилдэг дууны жагсаалтыг шууд л тэргүүлжээ.
Дуучны дараагийн цомог “American Life” 2003 онд гарсан байна. Шүүмжлэгчид янз бүрээр дүгнэж байсан цомог ердөө дөрвөн сая ширхэг борлогдож, Мадоннагийн цомгуудаас хамгийн мууд тооцогджээ. Мадоннагийн студийн 10 дахь “Confessions on a Dance Floor” цомог 2005 онд гарсан байна. Шүүмжлэгчдээс нааштай үнэлэлт авсан уг цомог долоон сая гаруй хувь борлогджээ. 2006 оны дундуур Мадонна “M by Madonna” загварын компаниа байгуулсан байна.
2006 оны 10 дугаар сард Мадонна, түүний нөхөр Ричи Африкийн Малави улсаас Давид Банда Мвале хүүг өргөж авах хүсэлтээ гаргажээ. Мадонна өнчин хүүхдүүдэд хандив цуглуулах, Африкийн энэ орны ядууралтай тэмцэхэд зориулах хөрөнгө мөнгө цуглуулах буяны “Малавийн сэргэн мандалт” байгууллагыг үүсгэн байгуулсан юм. Хүүхэд үрчлэн авах асуудал нийгэмд багагүй маргаан үүсгэсэн билээ. Учир нь тус улсаас хүүхэд үрчлэн авах хүн хүүхэд үрчлэхийн өмнө тэнд наад зах нь нэг жил оршин суусан байх ёстой аж. Мадонна үүнийг няцааж, гадаадын иргэн хүүхэд үрчлэн авах асуудлыг зохицуулахаар бичсэн хууль тус улсад байхгүйг мэдэгдсэн байна. Мадоннагийн хэлснээр, түүнийг Банда хүүтэй уулзах үед хүү сүрьеэ, хумхаа өвчтэй байжээ. Хүүхэд үрчлэн авах үйл явц 2008 оны тавдугаар сарын 28-нд албан ёсоор дуусчээ.
2006 онд Мадонна дэлхийн хамгийн өндөр орлоготой дуучны хувиар Гиннесийн дээд амжилтын номд орсон бол 2008 онд Форбс сэтгүүлээс гаргасан “Хөгжмийн мөнгөний хаан” жагсаалтын нэгдүгээрт нэг жилд 72 сая долларын орлого олсон учир бичигджээ.
2008 онд Мадонна Рок-н-роллын алдрын танхимд нэрээ мөнхөлсөн. Мөн оны гуравдугаар сард тэрээр 11 дэх “Hard Candy” цомгоо гаргасан байна. Энэ цомог Британийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсэн бол АНУ-д худалдаанд гарсан эхний өдрөө 100 мянга гаруй хувь борлогджээ. 2008 оны наймдугаар сарын 23-нд Мадонна цомгоо сурталчлахаар дэлхийг тойрох аялалдаа гарсан байна. Өнөөдрийг болтол түүний аялан тоглолт үрэлжилсээр байгаа билээ.
Ийнхүү түүний бүх цаг үеийн гэрэл зурагнуудаас хүргэж байна.
1979
1984
1985
1987
1988
1989
1990
1991
1992
1995
1998
1999
2000
2003
2004
2005
2007
2008
2009
2012
www.urlag.mn Ayu