“Сайн байцгаана уу? үзэгчид ээ. Хөгжмийн мэдээ мэдээллийн “Хит” нэвтрүүлэг эхэлж байна” хэмээн цэнхэр дэлгэцээр үзэгч олонтойгоо уулздаг байсан Д.Давааням зуурдаар таалал төгссөн. Монголын хөгжмийн урлагийн түүхэнд өөрийн орон зайг бий болгосон түүний зуурдын үхэл гэр бүл, найз нөхдөд нь хүнд цохилт болж, түүний гэрт Монголын урлаг соёлын алдартнууд цугларсаар байгаа нь Д.Давааням Монголын хөгжмийн урлагт хичнээн үнэтэй хувь нэмэр оруулсан хүн болохыг баталж байгаа юм.
Гадаад, дотоодын хамтлаг дуучдын түүхийг хэн бүхнээс илүү мэддэг “нэвтэрхий толь” болсон түүний амьдралын сүүлийн мөч хүнд, бэрх байсан ч ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй нэгэн байлаа. Энэ цаг үеийн өвөрмөц дуу хоолой, өнгө төрх болсон түүнийг олон хүн дурсан санаж, үгүйлэх болно. Ум мани бад ми хум.
Д.Давааням агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ингээд түүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагыг хураангуйлан хүргэж байна.
-Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болж өнгөрлөө. Энэ өдөрт та ач холбогдол өгдөг үү. Хамт олон чинь таныг урив уу?
-Хоёр гурван хүн баярын мессеж явуулсан. Монгол телевиз надад юу гэж урилга явуулах вэ дээ. Оюундарийг байгаа цагт. Бид уг нь нэг үеийнхэн. ХИТ-ийг анх гарахад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн. Анх “чи нэвтрүүлгийг хийгээч” гэдэг саналыг Оюундарь тавьж байлаа. Монгол телевизийн түүхэн дахь хамгийн залуу программын хэлтсийн дарга байлаа. Намайг ажлын хариуцлага алдсан гэдэг шалтгаар 2010 оны найман сард халсан. Ажилдаа очоогүй удсан нь миний буруу. Өвчтэй байснаа хэлээгүй. Дараа нь миний шавь Бурмааг эфир тасалсан гэдэг шалтгаанаар мөн л халсан. Түүний хувьд нэг хамтлагтай ярьсан байтал нөгөөдүүл нь хөдөө яваад ирээгүй юм билээ. Тийм учраас багшдаа баярын мессеж илгээсэн. Амбасэлмаа багшаараа би бахархдаг. Одоо болтол бичихээс гадна олон шавь төрүүлж яваа хүн. Багшийн хийж байсан ярилцлага, бичсэн нийтлэл сурвалжлага нь хөдөө орон нутгийн жирийн ард түмний аж амьдралтай холбоотой байдаг.
Тэдний амьдралд тулгарч буй бэрхшээл эсвэл өдөр өдрийн амьдралын баяр баясгаланг үнэхээр гайхширтал бичдэг. Хэдийгээр намайг сэтгүүлч гэдэг ч би багшийнхаа дэргэд сэтгүүлч гэж хэлүүлэхээс ичнэ. Хамгийн анхны багш гэвэл Монголын радиогийн редактор Буйдахмедийг хэлнэ. Бадар-Ууганы гарын шавь гэдгээрээ ч бахархдаг. Багш минь мэргэжлийн найруулагч хүн ч гэсэн намайг хөтлөгчийн ур чадварт сургасан, олон талын мэргэжилтэй, авъяастай хүн байсан даа. Миний найз Наранзуны аав. Харамсдаг зүйл гэвэл биднийг эрт орхиж явсан. Монгол ёс заншил, угсаатан судлалын талаар хэд хэдэн ном бичиж эхлээд дуусаагүй өнгөрсөн нь үнэхээр харамсалтай. Би утасныхаа дугаарыг өөрчилсөн болохоор хүмүүс ярих нь багассан. Хуучин дугаарын хувьд бол утасны лавлахад хүртэл байдаг гэсэн. Тэгээд харвачихсан, өвчтэй надруу хүн бүр залгана. “Өө нөгөөх чинь согтуу байна” гэж цааш нь ярьдаг. Хоёр үг хэлэхээр “яах гэж архи уугаад байгаа юм” гэнэ. Дугаараа зарахаас өөр аргагүй болсон доо. Энэ харвалтаас болоод сайн ярьж чадахгүй байна. Одоо харьцангуй дээрдээд байгаа нь энэ.
-Харваад хэр удаж байгаа билээ?
-Долоон сар өнгөрчихлөө. Харин ч хурдан эдгэж байна. Гол нь уламжлалт эмчилгээ нь илүү үр дүнтэй юм уу даа. Энэ сарын дундаас эмнэлэгт хэвтэж эмчилгээгээ үргэлжлүүлнэ.
-Түргэн эдгэхийг хүсье. Эдгэрсэн цагтаа нэвтрүүлгээ хийе гэсэн бодол байна уу? Сайн хөтлөгч аль ч телевизид эрэлт хэрэгцээтэй байх гэж боддог?
-Би одоо 41 настай. Гэлээ ч духан дээр минь үрчлээ суугаагүй. Оюундарь даргын бас нэг шаардлага намайг “Чи хөгшин” гэсэн. Их Британы нэгдсэн вант улсад Top of the pops нэвтрүүлэг бий. Энэ нэвтрүүлэг BBC-ийнх. Геннисийн номонд хамгийн удаан, тасралтгүй явсан хөгжмийн нэвтрүүлэг гэдгээрээ бичигдсэн. Хөтлөгч нь ч хэвээрээ. Хамгийн анх Битлз Америкт очихдоо Ed sulliwan show нэвтрүүлэгт орсон байдаг. Тэр үед Эд Салливан бараг 60 хүрч байсан байх. Эд Салливаны шоугаар дамжин Америкт нэвтэрсэн Английн хамтлаг олон. Биднийг багад зөвхөн Монгол телевиз байлаа. Долоо хоногийн дөрвөн өдөр, ЗХУ-ын Центральны телевиз арай олон цагаар өдөр бүр гарна. Хөгжмийн нэвтрүүлэг гэж тун ховор. Ням гарагийн 12 цагийн орчим гардаг, бидний хамгийн их хүсэн хүлээдэг “Утренная почта” гээд нэвтрүүлэг байлаа. Тэр нэвтрүүлгээр долоо хоногт ганц удаа гуравдагч орны дууны тухай нэвтрүүлэг гарна. Тэрүүгээр үзсэн цор ганц дуу долоо хоногийн ярианы сэдэв болдогсон. Одоо ч гэсэн Николаев хөтөлж л байна.
KBN байна. Энэ чинь одоо 50 жил болж байна. Александр Масляков 50 жил хөтөлсөн. “Что, где, когда” нэвтрүүлгийн Варшилов гээд дэлгэцэнд огт гардаггүй хөтлөгч байсан. Бурхны оронд одтолоо энэ нэвтрүүлгийг хөтөлсөн. Хөгжмийн нэвтрүүлгийг байнга солих ёстой гэдэгтэй би л хувьдаа санал нийлэхгүй. Зүгээр нэг интернетээс олж авч буй мэдээлэл, мэдлэг хоёрын хувьд маш том ялгаа бий. Мэдлэг хэзээ ч хөгшрөхгүй гэж би боддог. Сэтгүүл зүйн хувьд гэвэл би өөрийн шавь, хамтран зүтгэгч сэтгүүлч Бурмаатай хамтран зургаан шинэ нэвтрүүлгийн зохиол бичсэн байгаа. Ток шоу, асуудал хөндсөн, энгийн чөлөөт гэх мэтчилэн.
-Сүүлийн үеийн хамтлаг дуучдаас хэрвээ нэвтрүүлгээ гаргаж байсан бол хэнийг нь онцгойлох байсан бэ. ХИТ л хэн нь шилдэг вэ гэдгийг тодорхойлдог үе байсан шүү?
-Одоохондоо өөрийн зохиосон дуугаа дуулдаг гэдгээр нь Тэнүүнийг л онцлох байсан байх. Ер нь бол тогтсон уран бүтээлчид бий. Тэр нь тогтсон гэдэг дээрээ тогтчихоод шинэ юм гаргах нь ховордоод байна. Энэ хөгжимд шинэчлэл алга. Намайг хэлэхээр зарим уран бүтээлч гомдоод хэрүүл хийгээд явчихдаг юм. Оки, Цэрэн, Ганг гэсэн хэдэн хүн дээр тогтох гээд байна. Хэтэрхий цөөн хүн гол дүрд тоглоод ирэхээр адилхан дуунууд үйлдвэрлэгдээд, хамтлагууд нь ялгагдахаа больчихдог. Яг өнөөдрийн байдлаар монголын орчин цагийн хөгжимд Болд хамгийн сүүлд тэсрэлт хийсэн шиг тийм тэсрэлт байхгүй болчихлоо. Яг Мотив хамтлаг шиг болчихлоо. Тэр хамтлаг нь юм хийгээд л байдаг. Дээшээ ч биш, доошоо ч биш яг л тогтоол ус шиг.
-Болд гэснээс Камертончуудыг анх гарахад ХИТ маш сайн дэмжсэн шүү дээ. “Камертон-2” шоунаас тэдний дайны хамтлаг төрөн гарах болов уу?
-Юуны өмнө Боловсрол сувгийн, өдөртөө гурваас доошгүй удаа ярьж байсан редактор бүсгүйгээс уучлал хүсье. Камертоны шоунд заавал оролцох ёстой гэж утсаар ярьсан. Тухайн үедээ хэл яриа одоо муу байгаагаасаа бүр муу байсан учраас илт татгалзсан юм. Яг адилхан мэргэжилтай нэгийгээ ажил хийж байхад нь саад болсондоо хүлцэл өчье. Арван дөрөв , таван жил телевизед ажилласан хүний хувьд үзэгчдээ үл хүндлэхээс, хэл ярианы саад бэрхшээлтэй ийм үед үзэгчдийнхээ урмыг хугалахаас үнэхээр эмээсэн хэрэг л дээ. Камертон хоёрын хувьд маш гайхалтай санаа. Маш сайн проект. Гэхдээ оролцогчдын хувьд жаахан тийм. Нөхөөд гараад ирэх тийм дайны хүмүүс байна гэдэгт итгэхгүй. Болд шиг дуугаа зохиодог, хөдөлмөрч, Ганаа шиг гайхамшигтай аялгуутай хоолойтой, Эба шиг их энгийн тэгсэн мөртлөө гэрэл гэгээтэй дуу зохиодог, манай Мээдээ шиг стильний дуу зохиож дуулах тэр чадвар чинь өөрөө ондоо юм биш үү. Тэрнээс энэ давуу талууд Камертоны зөвхөн нэг хэсэг. Гэтэл энийг давж гарах дөрвөн залуу олдоно гэдэгт би нэг л итгэхгүй байгаа.
-Та бол гадны хөгжмийн урсгалыг ч гүн гүнзгий шинждэг хүн. Хамгийн сүүлд ямар тоглолт үзэв. Хамтлаг, дуучдаас хэн нь таалагдаж байна даа?
-Нэг хэсэг электро хөгжмөөр хэтэрхий их “занимаалдсаан”. /доогтой хөхрөв/ Одоо ч ойлгох гээд л яваад байна. Гэхдээ хамгийн шаргуу дайчин гэдэг утгаараа би Беонсид дуртай. Би нилээд олон жилийн өмнө Хон Конгод тоглолтыг нь үзсэн юм. Амьд тоглолт үзэхэд хэдэн давхар гайхамшигийг мэдэрдэг. Тэр гайхалтай үдшийн дараа хэсэг суугаад далайгаагаар аялаад, нэг бол өндөр цамхгийн орой дээрээс хотыг харах, эсвэл цэцэрлэгт суух “янзтай” байдаг. Би их олон тоглолт үзсэн л дээ. Тэр шөнө нь унтаж байснаа санадаггүй.
-Хамгийн “аймаар нь” ямар тоглолт байв?
-Мэдээж, Роллинг Стоунз. Шанхайд үзсэн. Тэр хэзээ ч мартагддаггүй. Үзэж байгаа хүмүүс үсрээд л , үсрээд л … Хүүхнүүд гэнэт гарч ирж дэлбэрээд л… Өвөө, эмээ нар юу вэ. Тоглолт дуустал цохвхорно. Өнгөрсөн зун надад хамгийн таалагдсан дуу гэвэл “Moveslike jagger” Дөрвөн сарын 20-доор хамгийн сүүлд Eagles-ийн тоглолтыг үзэхдээ цуглуулгандаа нэмэрлэх гэж цомог авсан. Би нэг их баяндаа биш, гол нь уран бүтээлч хүн тэр цомгийг гаргахын тулд ямар их хөдөлмөр гаргадаг вэ гэдгийг мэддэг болохоор бага ч атугай нэмэр болох гэж худалдан авдаг. Тийм зүйлийг youtube-ээс татаад үзэх сонирхол надад байдаггүй. Шоу бизнесийн хамгийн том хаалт бол энэ. Монголд ч тийм байна. Би өчигдөр Gee-тэй утсаар ярьсан. Шинэ цомгийг нь сонсоно. Gee өөрийн гэсэн жинхэнэ фэнүүдтэй болохоор цомог нь борлогдох байх. Гэхдээ л ер нь хэцүү дээ. Ингээд л уран бүтээлчдээ дэмжихгүй байгаа юм. Зохиолын дуучид ч яахав дээ. Бөхийн өргөөнд хоёулаа нийлээд өөд өөдөөсөө хараад дуулчихна. Хошин шогийн тоглолт шиг давтаад болж байгаа юм.
-Олон сар дамнасан эмчилгээтэй байгаа энэ үед найз нөхөд чинь эргэж тойрч байна уу. Хатуухан хэлэхэд зовох цагт л нөхрийн чанар танигддаг?
-Утасны дугаар сольсноос байж болох юм. Одоогоор зорьж ирсэн хүн ховор. Мээдээгээ хэлмээр байна. Ганаатай уулзсан. Бука, Баачка түрүү долоо хоногт утсаар ярьсан. Бурмаа байнга ирдэг. Би Бурмааг гурван үгээр тодорхойлье. Хайртай шавь, хайртай дүү, хэзээ ч орхихгүй хамтран зүтгэгч. Эмэгтэй хүн бол нэгдүгээрт биеэ их зөв авч явах ёстой юм шиг санагддаг. Харьцаанаас авахуулаад юм юм байна. П…үсгээр эхэлсэн оросын хараал, F үсгээр эхэлсэн Англи хараал хэлж байгаа эмэгтэйчүүд өөрсдийнхөө гоо үзэмжийг хичнээн хувь доош нь дарж байгаа вэ.
Хоёрдугаарт нь харьцаа гэдэг маань нэг бол дүмбийх ч юм уу, нэг бол давхидаг морь шиг байхыг хэлэхгүй. Дараагийн асуудал гэвэл эмэгтэй хүн өөрийгөө хүндэлдэг байх ёстой. Өөрийгөө хүндлээд маш цэмцгэр байх. Юу ч сураад байгаа юм. Хувийн харьцааны соёлтой, биеэ авч явах соёлтой, хүмүүжлийн боловсролтой байвал гайхамшигтай. Хумсныхаа завсар хэзээ ч хиргүй. Эмэгтэй хүн гэдэг чинь гоо сайхны илэрхийлэл. Тэр болгоныг баясгаж яваасай гэж хүсдэг. Тэрнээс царайны сайхнаар цай сүлэх биш.
-Одоо хэн нэгэнтэй амьдарч байна уу?
-Үгүй ээ. Юу ч гэх юм бэ дээ. Хэн нэгэн бүсгүйг өөрийнхөөрөө шаардаад суумааргүй байна. Сая ярьсан шигээ байлгах хэрэгтэй гээд. Жишээлбэл намайг анх танилцаж байхад миний охины ээж шагайгаараа татсан юбка, өсгийтэй гутлаас өөр юу ч өмсдөггүй байсан. Тэгээд эхлээд 45, дараа нь 180 градус эргүүлсэн. Имижийг нь бүр мөсөн өөрчилсөн. Үс зүсийг нь хүртэл. Харамсалтай нь надад баярлалаа гэж хэлээгүй юм даа…/хөхрөв/
-Охинтойгоо уулзаж байна уу. Одоо хэдтэй билээ?
-Харамсалтай нь охинтой маань уулзуулдаггүй. 14 нас хүрсэн. Намайг хуураад, миний шавийг дагаад явсан хүнд огт гомддоггүй. Гол нь жаргалтай амьдарч ирсэн тэр зургаан жилээ бодоод миний охиныг нэг удаа харуулчихаж болдоггүй юм байх даа. Эмэгтэй хүн нэг хатуурхвал арай дэндүү, за бүр хатуугаар бол харгис гэж хэлье дээ.
Ярилцсан Б.Мягмар