БЛИЦ
Төрсөн он болон газар: 1943, Нью-Йорк.
Ямар үндэстэн: Түүний судсаар итали, голланд, герман, франц цус гүйж буй.
Багын мөрөөдөл: Жүжигчин болох.
Дебют: 1963 онд “Хуримын үдэш” кинонд анхны дүрээ бүтээсэн ч зургаан жилийн дараа л олны хүртээл болжээ.
Анхны амжилт: 1973 онд “Бөмбөрийг зөөлөн тогш” кинонд туслах дүр бүтээсэн нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч, том уран бүтээлд тоглох хаалга нь нээгджээ.
Гэр бүл: Хоёр удаа гэрлэсэн, таван хүү, нэг охинтой. Охин нь тээгч эхээс төржээ.
“Бид харилцаж байгаа хүмүүстэйгээ төстэй болж, аажимдаа тэдэнд уусдаг. Бидний амьдарч буй орчин тойрон, хүмүүс тэртэй тэргүй хувь хүнд нөлөөлдөг учраас өөрийгөө бусдаас ондоо байлгах гэж барьж, хянаж цэнээд ч нэмэргүй”. Холливудын алдарт жүжигчин Роберт Марио де Ниро хувь хүн болон нийгмийн харилцааг ийнхүү тодорхойлжээ. Дүрд хувирахдаа гарамгайгаараа алдартай шигээ түүний ертөнцийг үзэх үзэл ч сонирхолтой аж. Олон сэтгүүлч түүний сэтгэл рүү өнгийж, дотор хүнийг нь сонжсоныг түүвэрлэлээ. Түүнийг онцолдог учир нь тэрбээр өнөөдөр 69 нас хүрч байна.
Дашрамд дуулгахад, де Нирог бүсгүй чүүдийн эрлэг хэмээдэг. Дайан Эббот, Уитни Хьюстон, Жанет Жексон, Ума Турман, Робин Гвинес (М.Тайсоны эхнэр асан) нарын алдартай бүсгүйчүүдтэй учир ургуулж байсан тэрбээр ихэвчлэн өнгөт арьстай эмэгтэйд дурладаг аж. Түүнийг нэгэн хэвлэлд “Тэрбээр эмэгтэй хүнд дурладаггүй, харин цуглуулдаг” хэмээн бичиж байжээ.
- Амьдрал чамайг бүхэлд нь өөрчилж чадахгүй ч, бага багаар өөрчлөгдөхөд хүргэдэг.
- Авьяас гэдэг юуны өмнө зөв сонголт хийх чадвар юм. Жүжигчин байхын хамгийн таагүй зүйл нь хүмүүс түүнтэй дэндүү эелдэг харилцдаг. Хөгийн үйлдэл гаргасан ч мэхийн ёсолдог. Тэр хэн байх нь хамаагүй шударга, үнэн үг сонсох ёстой. Өөрөө хүсэхгүй байсан ч үнэнийг хэлж байх ёстой.
- Би мэргэжлийнхээ ачаар ямар ч үнэ төлөлгүйгээр бусдын амьдралаар амьдрах боломжтой болдог. Өөр олон хүнийг мэдэрч чадуулдаг нь мэргэжлийн минь үнэ цэнэ.
- Муу зүйлээс сайн сургамж авах бол би мөнгө хайрлахгүй төлнө.
- Би хүүхдүүдээс зөвлөгөө авах дуртай. Хэдийгээр би санал нийлэхгүй байсан ч тэдний үзэл бодол, гаргаж ирсэн нөхцөл байдал нь таалагддаг.
- Удам залгах үр хүүхэдтэй болно гэдэг асар олон асуулттай чиргүүлтэй болно гэсэн үг.
- “Чи өөрийн биеэр, туулж, мэдрээгүй юмаа ямар ч тохиолдолд хэзээ ч ойлгохг үй”. Би хүүхдүүддээ ингэж хэлдэг.
- Урлагийн хамгийн ярвигтай, хүнд төрөл нь хошин урлаг гэж ярьдаг хүмүүстэй би санал нийлдэггүй. Түүн шиг худал зүйл гэж байхгүй.
- Би найруулагчийн ажлыг Ерөнхийлөгчийнхтэй адилтгана. Тэдний зорилго дэндүү адилхан учраас тэр.
- Би хааяа талийгаачдад атаархдаг. Тэдэнд цаг зав хангалттай бий.
- Би эд хөрөнгө, илүү зүйлд дургүй. Эд хөрөнгө их байхын хэрээр эрч хүч, энергиэ түүнд “соруулна”.
- Хашир, болгоомжтой байдал насны дагуул байдгийг би мэдэрч байна. Айхаа болих шиг аймаар зүйл гэж байдаггүй байх. Гэхдээ үүнийг зоригтой байх гэдэгтэй андуурч болохгүй. Хэрэв бурхан байдаг бол би түүнээс олон юм асуумаар байна.