Эх, эцгийнхээ дэргэдээс холдож үзээгүй охид, хөвгүүд хагас зуун жилийн өмнө балетийн бүжигчин болохоор ЗХУын Пермь, Ташкентийг зорьж байжээ. Сонгодог урлагийн театрт тоглолт үзэх нь бүү хэл, энэ тухай сонссон хүн ховор байсан тэр цагт Өрнийн өндөр хөгжилтэй оронд хөл тавьж байсан тэдгээр хүүхэд бол Монголын балетийн жүжигчдийн анхдагч нь. Монгол Улс балетийн мэргэжлийн жүжигчинтэй болсны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан ахмад бүжигчин Баянжаргалын санаачилгаар ДБЭТ, “Zoljargal and son film” хамтран баримтат кино хийжээ. Ахмад жүжигчдийн дурсамж яриа, түүхэн дүрс бичлэгээс бүтсэн киноны зохиолч, продюсерээр соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал ажиллаж, түүний хүү З.Батбилэг найруулсан аж. Балетийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэсний 50 жилийн ойд зориулсан баримтат киног арваннэгдүгээр сард олны хүртээл болгоно.