Жүжигчин Дэйв Франко 2013 онд нээлтээ хийсэн “Now You See Me” киноны гол дүрүүдийн нэгд тоглосон. Тэрбээр уг кинонд тоглож байх үедээ тус уран бүтээлийг бүтэлгүйтнэ, амжилт олохгүй байх гэж бодож байсан тухайгаа ярьжээ.
Дэйв Франко “Now You See Me” кинонд Жесси Айзенберг, Вуди Харрелсон, Айла Фишер зэрэг жүжигчидтэй тоглосон юм. Тэд зураг авалтынхаа үеэр “Энэ кино бүтэлгүйтвэл бидний карьер шууд дуусна” гэлцдэг байсан аж. Түүний хэлснээр, тухайн үед киноны санаа болон үйл явдал нь үзэгчдэд хэрхэн хүрэх нь тодорхойгүй байсан тул жүжигчид кино амжилт олох эсэхэд эргэлзэж байжээ.
Гэвч тэдний төсөөлөл огт өөрөөр эргэсэн юм. Учир нь “Now You See Me” кино үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж, дэлхий даяар амжилт олсон төдийгүй цаашид үргэлжлэлүүд нь бүтээгдсэн юм.

