Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”–ын эзэн П.Бадарчтай ярилцлаа. Тэрбээр хилийн тухай олон бүтээл төрүүлсэн. Тиймдээ ч тэрбээр “Манай улсын хилийн баганаас цааш хүний нутаг шүү гэж бодохоор нисч яваа шувуудыг хүртэл харамлах сэтгэл төрдөг” гэж хэлж байсан удаатай. Тийм эх орноо гэсэн сэтгэлээс нь “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Застав минь баяртай”, “Эх орны хилээс” зэрэг шүлэг төрсөн.
-Юуны өмнө хүсэлтийг минь хүлээн авч ярилцлага өгөхөөр болсонд маш их баярлалаа. Яриагаа Овоотын отрядын ногоон малгайт болсон түүхээс тань эхэлмээр санагдлаа?
-1971 онд тодорхой хийсэн ажилгүй явж байгаад зохиолч Зон Пайжингийн Баттулгатай таарлаа. Намайг харж байснаа, “Чи ерөөсөө хил яв. Тэнд очиж амьдрал үз. Сайхан шүлэг зохиол бичиж ир” гэдэг юм байна. Тэр үед мань хүн өөрөө сэргийлэхэд яая даа гэмээр сайхан хошууч байлаа шүү дээ. Удалгүй би Хил хамгаалах байгууллага дээр очиж штабын дарга Л.Намсрай, улс төрийн хэлтсийн дарга, хурандаа Ш.Дорж, боловсон хүчний дарга Дамчаабадгар, И.Балжинням зэрэг олон хүнтэй уулзаж учир байдлаа хэлсэн. Тэгэхэд Монголын зохиолчдын хорооны даргаар он удаан жил ажилласан, манай томоохон алдартай сэхээтнүүдийн нэг С.Удвал гуай намайг дэмжиж Хилийн цэргийн удирдлагуудад бичиг явуулсан байдаг юм. Ингээд би Өмнөговийн Овоотын отрядын клубын даргаар 1971 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар томилогдон очсон доо. Тийшээ очсон минь хэзээ ч буруудаагүй. Уран бүтээлч хүн амьдрал дунд явах ёстой байдаг. Тэр тусмаа эх оронч байх хэрэгтэй. Харин би эх орны хил гэж юу байдгийг, хилээ манаж байдаг хилчин дайчдын амьдрал хэрхэн өрнөдгийг нүдээрээ үзэж биеэрээ туулах ёстой байлаа. Нас дөнгөж гуч гарсан ид халуун ч үе. Торгон хил, торойгоод үлддэг сүлдэт баганыг харж, хилчидтэй мөр зэрэгцэн алба хаана гэдэг их сонин агаад бахархах мэдрэмж төрүүлдэг юм билээ. Тийм сайхан торгон хил дээр олон сайхан шүлгийн бадаг аяндаа ундран гарах шиг болдог. “Эх орны хилээс”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Нулимст борхон болжмор”, “Хилчний вальс”, “Байтагийн харуул”, “Хилчин чамдаа”, “Саруул шөнийн дуу, “Застав минь баяртай”, “Халх голын өглөө”, “Миний залуу нас цэрэг явлаа” зэрэг цэрэг, эх орны сэдэвтэй дуу шүлгийг минь ахмад үеийнхэн, залуучууд өнөө хэр нь сайн мэдэх болжээ. Энэ бүхний санааг би торгон хилээс л олсон доо. Бага дэслэгч цолтой залуухан офицерийн сэтгэлд торгон хил үнэхээр сонин, сайхан мэдрэмж суулгасан шүү.
-Хэрэв П.Бадарч санаа шулуудан дархан хилийн зүг хүлгийн жолоо залж, хилчин дайчдын ам бүлд багтаагүйсэн бол түүний яруу найргийн хоёр дахь өндөрлөг болсон хилийн тухай шүлгүүд гарахгүй байсан гэж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нэгэнтээ хэлсэн байна билээ…?
-Тэгж хэлсэн удаа бий. Би үүнтэй санал бүрэн нийлнэ. Маш олон сайхан дуу, шүлгийнхээ санааг хилээс олсон. Тэр сайхан хилийн багана дээр очоод үүнээс цааш хүний нутаг шүү гэж бодохоор нисч яваа шувуудыг хүртэл харамлах сэтгэл төрдөг юм. Ан амьтдыг хүртэл нутгаасаа гараад явчих вий гэж боддог. Өөрөөр хэлбэл хил дээр байгаа хүн эх орон, ижий аав, амраг хайр гэж юу байдгийг илүүтэй ухаардаг юм билээ. Оросын нэг сайхан яруу найрагчийн шүлэг байдаг юм даа. Яг одоо, “Хөлтэй би харивал хаанаа гишгэх юм. Хөлгүй болсон минь дээр” гэсэн мөртүүд нь санаанд орж байна. Цэрэг хүн эх орноо хамгаалж яваад хоёр хөлөө фашистуудад хуга буудуулсан байгаа юм. Тэгээд хоёр хөл минь хугарсан ч гэлээ эх орон минь бүтэн үлдлээ. Хэрвээ эх оронгүй болчихвол би хаана гишгэх вэ гэсэн утгатай юм. Эх орон гэхээр хүмүүс их томоор ойлгодог. Гэтэл эх орон гэж таны аав, ээж, амраг хайрт, үр хүүхэд, хөдөө хээр бэлчиж яваа мал сүрэг, саалийн ганц үнээ бүгд юм шүү дээ.
-Зохиогдсон цаг үеэсээ өдгөөг хүртэл хилчдийн сүлд дуу мэт болсон “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, "Застав минь баяртай" хэрхэн бүтсэн түүхийг сонсъё?
-Хил дээр очсоноосоо хойш нэг жилийн дараа амралтаа аваад хотод ирэв. Тэгэхэд хөгжмийн зохиолч Ш.Эрдэнэбат Москвад цахилгаан хөгжмийн удирдаачаар төгсч ирээд, ахмад цолтой урлагийн группийн даргаар ажиллаж байсан үе. Хоёулаа уулзлаа. “Чи сайн уу, би сайн” болоод л явчихлаа. Гэтэл надад, “Хоёулаа хилийн цэргийн хувцас өмсч, хоолноос нь хороож байгаагийн хувьд нэг сайхан дуу хийе” гэж байна. Би “Барахгүй биз дээ, юу гэж бичих юм. Яаж нөгөө “Үүл нүүж цахилгаан бадарсан тал, үер бууж сүрийг үзүүлсэн газар” /Түүхт хил/-ыг давж хийх билээ. Чадахгүй байх” гэлээ. Гэтэл “Чадна” гээд намайг хатгаад болдоггүй. Тэгээд хоёулаа сууж байгаад би, “Найз нь одоо Өмнөговь руугаа явлаа шүү дээ. Хилийн тэнгэр цэлмэг байгаасай, Холын муу найз минь сайн байгаасай” гэтэл Ш.Эрдэнэбат, “Хүүе наад чинь “юм” байна шүү” гэж байна. Би хоёр хоногийн дараа отряд руугаа явах байсан юм. Анх, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай, Холын дуу минь чамд минь хүрээсэй” гэсэн хоёр мөрт орж ирсэн. Тэгээд л “Уулсын дээгүүр үүлсийн доогуур, учралт чамдаа сэтгэл тэмүүлнэ ээ” гээд цааш үргэлжлүүлэн бичсэн хэрэг. Ш.Эрдэнэбат сайхан ч ая хийсэн.
-Энэ өвөл Ш.Дулмаа гуайтай ярилцаж байхад “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” гэж манай П.Бадарч зүгээр ч нэг хэлээгүй юм шүү. Ийм энгийнээр хэлэхээс өөр сайхнаар яаж ч илэрхийлэлтэй билээ” гэж байсан…?
-Нэг их ч мундаг, агуу юм биш шүү дээ. Зүгээр л нэг “юм”. Ингээд Ш.Эрдэнэбатад шүлгээ бичиж өгчихөөд л отряд руугаа явчихлаа. Урлагийн группын хүн хилээр тойрдог шүү дээ. Тэд манай отряд дээр ирлээ. Дуучин Б.Отгон, Б.Наранцэцэг гээд хоёр сайхан бүсгүй “өнөөх”-ийг маань дуулж байна. Хилийн тэнгэр цэлмэг байгаасай гээд л. Сайхан ч дуулсан. Би ч бараг уйллаа. Тэгж л дуу минь бүтсэн юм. Үнэхээр бүтсэнээсээ хойш 40 гаруй жил болоход хилчид болон Монголын ард түмэн дуулсаар л байх юм. Би энэ дуугаа амархан бүтсэн шигээ, нэг их удахгүй л мартагдах юм шиг санасан. Харин үгүй бололтой. Та бүхэн сүүлд нэг цомог гаргаж шүү дээ. “Дархан хилийн мөнхийн аялгуу” гэдэг нэртэй. Тэр цомог ойрын үед зурагтаар их гарлаа. Үзэх бүртээ л уйлж сууна.
-Тэр цомогт мөн “Застав минь баяртай” дуу багтсан шүү дээ?
-Тийм байна билээ. Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Эрдэнэбат бид хоёрын дуу л даа. Дахиад л тэр минь эхэлж “Өвгөөн, энэ хилийн тэнгэрээ хоёр болгоё л доо” гэж хэлснээр энэ дуу төрсөн түүхтэй. Тэр үед цэргүүд гурван жил болоод халагддаг байсан юм. Гурван жилийн хугацаанд ижил дасал болсон хэдэн цэргээ халагдахад заставт үлдэж байгаа офицер ахлагч нар болон гэр бүлийнхэнд нь маш хэцүү байдаг. Тэгээд л үүнийг бичсэн хэрэг. Энэ дууг анх гавьяат жүжигчин Г.Өлзийсайхан анд маань өнөө л ганган, өвөрмөц хоолойгоороо халагдах цэргийн хацрыг нортол дуулж билээ. Цэргүүд болон дарга нарын хооронд элдэв зөрчил, үл ойлголцол гарах үе бий. Аргагүй шүү дээ, ажил явагдаж байгаа үед зөрчил хэзээд гардаг юм хойно. Харин би энэ шүлгээ “Бидний гэр болсон застав минь баяртай, Бүхний хайртай дарга нар минь баяртай…” гэж цэргүүдийн зүрхэнд гомдол байвал тэр нь үгүй болоосой гэсэндээ бичсэн юм. Уран бүтээл, яруу найргийн хүч, шид энд гарах ёстой. Энэ дууг дуулж байгаа цэрэг хэзээ ч даргыгаа алгадахгүй байх аа. Сүүлийн үед МУСТА Н.Гантулга дуулснаар зурагтаар олон гарч байна. Хил гэдэг хүний сэтгэлийг ямар их татдаг шидтэй ч юм бэ дээ. Ямар сайндаа Хил хамгаалах байгууллагаас “Эх орны манаа” сонины сэтгүүлч ярьж байна, танаас ярилцлага авъя гээд чамайг утасдахад ах нь баярласандаа уйлах гээд байлаа шүү дээ. Олон сэтгүүлч ахаас нь яриа авъя гэж утасддаг. Сүүлдээ залхаад ихэнхдээ худал хэлэх юм. Харин хилийн цэргийн сэтгүүлч ирнэ гэхэд баярласан гэж яана даа. Энэ бүхэн ямар учиртай вэ гэхээр хүний залуу насны дурдатгал гэж юугаар ч солимгүй үнэтэй зүйл байх юм. Олон сайхан дуу шүлгийн санаа, амьдралын уярам сайхан цаг үеийг хайрласан Монгол Улсын дархан хил, торгон шугам, торойх багана, үерхэж дассан дайчин нөхөд минь сэтгэлийн минь алтан утсыг одоо ч доргиосоор байдаг нь энэ юм.
-“Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий…" гэж хилийн ихэнх харуул, заставын соёлын төвийн хананд бий шүү.
-ХЦДБЧ-ынхан дуулж байгаа харагддаг юм. Сүүлд дүрсжүүлсэн байна билээ. Гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр гоцлох шив. Би хилээр их явдаг. Хамгийн сүүлд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй хамт явлаа. Тэгэхэд очсон харуул, заставуудын ихэнх нь энэ шүлгээс биччихсэн харагдаж байсан. Миний хилээс хамгийн анх олсон шүлэг энэ юм шүү дээ. 1971 оны Октябрын баярын хүчлэн хамгаалалтаар дэслэгч Батсуурь даргатай “Цайлан булаг”-ийн заставт отрядын төлөөлөгчөөр томилогдлоо. Ер нь тэр үед Хятадтай манайх харилцаа төдийлөн сайн биш, хил тайван бус байлаа. Хүчлэн хамгаалалтад гарахад офицер дутаж л дээ. Тэгээд нэг муу клубын даргыг нэмэр бол гэж явуулсан хэрэг. Очоод задлаарай гэж отрядын төвөөс гарахад нэг бичиг өгч байна. Ирээд өнөөх бичгийг нь хартал хил эргэх, “Алаг уул”-ын багана шалгах, хилийн манаанд нэг шөнө үүрэг гүйцэтгэх зэрэг даалгавар байв. Тэгэхэд надтай хамт Батсуурь гэж залуухан дэслэгч хамт явсан юм. Бид “Алаг уул”-ын багана дээр очлоо. Анх удаа хил дээр очиж буй тул сэтгэл хөдөлж байгаа гэдэг туйлгүй. Баганын дэргэдээс ягаан, цагаан, алаг гурван чулуу авч билээ. Тэгээд “Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий” гэдэг санаа анх орж ирсэн. Баганаа тойрох гэтэл Батсуурь “Болохгүй, тал нь Хятадынх юм. Тойрч байгаад буудуулвал чиний л хохь болно” гэж байна. Үнэхээр баганын тархин дээрх нарийхан утас шиг улаан зураас хоёр улс хиллэж буй гэсэн тэмдэглэгээ юмсанж. Хил гэдэг тийм л нарийн, нандин агаад торгон гэдгийн учир энэ юм билээ. Шөнө нь Батсуурь застав руугаа буцаж, би пост дээр гурван цэрэгтэй хяналт тавьж хонолоо. Байсхийгээд л хяналтад суугаа цэрэг “Хятадын талаас машины гэрэл гарлаа” гэж дохио өгнө. Дурангаа авч ухасхийгээд харахад хилийн заагаар Хятадын машин явж үзэгдэнэ. Олон л юм бодогддог юм билээ. Айж байгаа гэдэг ч тоймгүй. Гэхдээ бусдадаа мэдэгдэхгүйг л хичээж байгаа юм. Дотроо ингээд буудалцвал яана даа, гурван цэрэг маань тус бүр 60 сумтай АКМ буутай, би 24 сумтай “Стечкин” гэх гар буутай учир ямар ч байсан хорь, гучин дайсан устгах байлгүй гэх шүү юм бодно. Тэгтэл манай манааны ахлагч, “Бага дэслэгч ээ та унтахгүй юу даа” гэж хэлчихээд удалгүй өөрөө унтаад өгдөг юм байна. Эхнэрээ зүүдлээд байгаа бололтой, ганцаараа яриад л. Нэг их гоё хүрэн цээж гаргаад, чулуун дээр унтчихсан. Тэгснээ хурхирна. Цайлан булгийн заставын эргэн тойрон том хавтгай чулуу ихтэй. Би, “За энэ туучий сэрэхгүй нь ээ. Ингээд алуулдаг юм байж” ухааны юм бодоод, айгаад л. Хэцүү ч цаг байж дээ. Тэгээд маргааш нь заставтаа ирээд амрах зуураа нэгэн шүлэг бичсэн нь “Эх орны хилээс” юм.
-Зохиолчид яруу найргийн уралдаан наадам, уулзалт гээд олон улс руу их явж харагддаг. Ирэхдээ эх орноо хэр их санаж, үгүйлсэн байдаг вэ?
-Ижийгээ санаж байгаа юм шиг эх орноо үгүйлнэ. Ижийдээ очиж байгаа юм шиг л эх орондоо яарч ирдэг. Гурав хоног, арав хоног ч ялгаагүй л эх орноо санана. Нэг удаа яруу найрагч Ц.Хулан, Г.Мөнхцэцэг бид гурав АНУ-д 10 хоног хамт явсан юм. АНУ-аас Бээжинд ирээд тэндээ хонох болоход эх орондоо ойртсон нь мэдэгдээд сэтгэл нэг их амарсан. Харин Ц.Хулан, Г.Мөнхцэцэг хоёр Бээжинтэй танилцаад ирье гээд гараад давхилаа. Надад бол эх орондоо би ойртож байна даа гэж бодохоос л сайхан. Шөнө нь нэг ч сэрэхгүй унтсан байж билээ. Өглөө нь цайны газар ороход цуйван ч үнэртэх шиг. Би Хятад хоолны үнэрийг сайхан гэж байгаа юм биш. Хүн эх орноо ямар их санадгийг хэлэх гээд байгаа юм. Гэхдээ хүн болгон над шиг ийм тэнэг биш байлгүй дээ. Эх орон гэдэг агуу даа. Тэр сайхан эх орны хил дээр зогсч байгаа хилчин хүн гэдэг бол залуу сайхан насны бахархалтай ажил үйлс юм даа.
-Хүмүүс танаас дандаа л асуудаг байх. “Эхийн сэтгэл” шүлэг хэрхэн бүтсэн юм бэ гэж. Гэхдээ таны бусад зохиол бүтээлийг уншаагүйдээ биш сэтгэлд уярал ухаарлыг маш гүнзгийгээр мэдрүүлдэг учраас энэ шүлгийн талаар өөрөөс тань сонсохгүй өнгөрч чадахгүй нь…?
-Хоромхоны жаргал эдлээд хорвоогийн бүх зовлонг үүрдэг хүн бол ижий л байдаг. Хүмүүс ингэж хэлэхээр ижийгээ аавтайгаа унтсаныг ярилаа, шалиг амьтан гэнэ. Үгүй юм. Ижий минь намайг одоо ч дээрээс харж байгаа. Ах нь одоо нэг туурь бичиж байна. Түүнийгээ ээжийнхээ дурсгалд өргөж байгаа юм. Ижий минь намайг 48-тай байхад бурхан болсон. 70 насыг насалсан хүн дээ, миний муу ижий. Хожим эхнэрт маань “Би хүүгээ багад нь өргүүлчихсэндээ хааяа харамсдаг. Гэхдээ би харамсч болохгүй шүү дээ. Хүүгээ өргүүлчихээд эх нь харамсвал хүү нь үхчихдэг юм гэнэ билээ. Би харамсахгүй ээ” гэсэн байдаг юм. Бүр хожим нь манайд ирээд, эхнэрт маань хэлсэн нь энэ л дээ. Гэхдээ би яахав ээ бас нэг муу зохиолч төрхтэй болсноо ижийдээ харуулж чадсан. Надад нэг удаа “Миний сайхан хүү сайн зохиолч болжээ. Сайхан дуу, шүлэг бичсэн байна. Муу ижий нь баярлаж байна аа. Гэхдээ ижий нь хүүгийнхээ тухай хүнээс мөн ч их муу үг дуулсан даа. Ижий нь хүүгээ хулгайч болж, шоронд оржээ гэж сонсоогүй. Гэхдээ л миний хүүг амьтан их муу хэлж байсан. Өөрөө хүүгээ хүнд өгчихсөн юм чинь яах юм. Би одоо хүүгээ авъя гэлтэй биш. Өмөөрье гэсэн ч үг олддоггүй байлаа” гэж нэг удаа надад хэлж байсан даа. Хожим нь энэ үгийг нь бодож “Эхийн сэтгэл” гэж шүлгээ бичсэн. Ер нь ижийнхээ тухай шүлэг бичнэ гэдэг хамгийн хэцүү. Би ижийдээ зориулж тун цөөхөн шүлэг бичсэн. Та бид ижийгээ баярлуулж байгаа нь энэ гээд элдэв бэлэг сэлт өгдөг шүү дээ. Тэр бүхэнд ижий нар баярлана гэж байдаггүй. Хүү нь сайн сайхан явааг харахаас өөр эх хүнд жаргал байдаггүй юм. Ижийгээ би өдөр бүхэн санадаг. Ижий минь хаана байгаа бол, тэр газарт нь очихсон гэж хүртэл боддог. Бурхан багшийн сургаал дээр гардаг шүү дээ. Шавь нараа цуглуулчихаад сүүлчийн сургаалаа хайрлаж байхад нэг шавь нь “Багш аа, та хаачих гэж байгаа юм бэ?” гэж асууж л дээ. Тэгэхээр нь “Ижийдээ очлоо” гэжээ. Шавь нь “Ижий тань тэнд байгаа юм уу” гэж дахин асуусан байгаа юм. Хариуд нь “Хэн ч надад хүн үхээд ижий дээрээ очдог гэж хэлээгүй. Гэхдээ би итгэж байна. Та нар бас итгээрэй” гэж бурхан багш шавь нартаа хэлсэн нь бий.
-Таны багш Сэнгийн Эрдэнийг Монголын үргэлжилсэн үгийн төрөлд шинэчлэл хийсэн гэж судлаач, шүүмжлэгч нар нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Энэ их эрдэмтний шавь болох хувь заяатай хэрхэн холбогдов?
-1961 онд тухайн үеийн “Утга зохиол” сонин дээр миний шүлгүүдээс гарч бөөн баяр болов. 1964 оны есдүгээр сард “Морьд” найраглалаа биччихээд Зохиолчдын хороон дээр яваад очтол С.Эрдэнэ багш сууж байна. Анх удаа багшийгаа харж байгаа минь тэр. Маш өндөр боловсролтой, гайхалтай мундаг хүн шүү дээ. Багш минь надад ямар гоё хүн харагдсан гэж санана. Тэгтэл өнөө гоё хүн маань “Цог” сэтгүүлийн эрхлэгч гэнэ. Би найраглалаа үлдээчихээд гарлаа. Тэгтэл түүнийг сэтгүүлдээ гарчихаж. Нэг өдөр багш дуудаад “Морьд” найраглалын шагнал болох 300 төгрөгийг өгч байна. Ингэж л би С.Эрдэнэ гэж наддаа эрдэнэ болсон багштайгаа учирсан даа. Багш надад нэг удаа “Чи ер нь бүтэхгүй байх. Уг нь авьяастай юм. Даанч ухаангүй юм даа” гэж хэлсэн нь санаанаас огт гардаггүй. Харин намайг Соёлын Гавъяат зүтгэлтэн болоход багш минь амьд сэрүүн байсан. Одоо багшийнхаа хэдэн сайхан номыг үргэлж эргүүлж тойруулж, өөртөө ойр байлгахыг хичээдэг. Багш үргэлж “Чи үгийн хүчийг эзэмдэж сур” гэж хэлдэг байж билээ.
-Уншигчид таныг үгийн хүчийг бүрэн эзэмдэж сурсан хүн гэж хэлнэ. Харин та өөрийгөө юу гэж дүгнэх бол?
-Би даруу зан гаргаж байгаа юм биш. Та цэцтэй, совин билигтэй, том яруу найрагч мөн үү гэж асуувал би мөн гэж хэлнэ. Харин монгол хэлний тэр арвин санд байгаа яруу сайхан үгсийн бүх хүчийг эзэмдэж чадсан гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Уран зохиол өөрөө үгээр бүтдэг. Тэр үг нь хаанаас гарах вэ гэхээр сэтгэлээс гардаг юм. Багш надад “чи үг сур” гэж их захина. Би гайхдаг байж билээ. Өөрийгөө үг мэднэ гэж бодно. Гэтэл амьдралыг бичихдээ ямар үгийн баялаг ашиглаж түүний толийг бий болгох вэ гэдэг хэрэг гарч ирдэг. Өөрийнхөө сэтгэлд бахархаж, бардамнаж, үзэн ядаж, бас жигшин зэвүүцээд байгаа тэр зүйлээ хүн гаргамаар санагдах үе гардаг. Түүнийг гаргахад үг хэрэгтэй. Хүн төрөлхтөн бий болоод хоёр зүйл олсон гэдэг юм. Нэг нь үг хэл, нөгөө нь дугуй буюу хүрд. Амьдралын учир утгыг олохын тулд хүмүүс уран зохиол гэж зүйлийг бичдэг. Бусад нь уншдаг юм.
-“Эх орны манаа” сонинд хилчдийн бичсэн олон шүлэг ирдэг. Тэд бидний яриаг уншаад сууж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс та тэдэнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Бич, бич гэж хэлье. Бичээд л бай. Битгий шантар. Өөрийгөө хамгийн нандинаар илэрхийлэх арга бол шүлэг болон захидал бичих юм. Сэтгэлдээ хайртай бүсгүй, аав, ижий, нутаг усаа санаад хүнд юм хэлмээр бодогдоод байх үе бий. Яг тийм үедээ шүлэг бичих хэрэгтэй. Залуус та нар бүгдээрээ шүлэгч, яруу найрагч, зохиолч болохгүй байж мэднэ. Гэсэн ч бичээд л бай гэж захья даа.
-Надад яруу найрагчийн эхнэрүүд гэдэг их хувь тохиолтой улс санагддаг юм. Хамгийн энгийн бөгөөд гайхамшигтай үгс тэдэнд зориулагдаж урсдаг. Та эхнэртээ хэр олон шүлэг зориулсан байх юм?
-Хүн хайртай хүмүүстээ шүлэг зориулж бичнэ гэхээр үг хүртэл гологддог юм. Гэхдээ би хэд хэдэн шүлэг гэргийдээ бичсэн. Хил гэж тэр цэнхэр хязгаарт хүн эх орон, үр хүүхэд, хайртай бүхнээ илүү ихээр санаж, үнэ цэнийг нь мэдэрдэг юм билээ. Түүнээс биш Улаанбаатарт бааранд сууж байгаа хүн эх орноо санана гэж байхгүй. Гэргийдээ гэж нэртэй шүлгэндээ
“Золгож учрах залуугийн цагт
Зовоож гэрэвшүүлсэн хонгорхон бүсгүй минь
Зовлон жаргалын алинд нь ч намайг л гэж
Эгшиг дуу шиг ялдам хайраа хайрласан
Золтой энэхэн насны мөнхийн од
Ижил сайхан хань гэргий минь!…гэж бичсэн байдаг. Хил дээр байхад “энэ муугаа” их санана. Эхнэртэйгээ хамт байхаас санахын жаргал эдлэх нь илүү сайхан.
Хорьдын сарны цалин туяанд
Хотол тал минь сүлрэн байгаа
Хорвоогийн энэхэн цагаан шөнө
Хонгор чи минь сэрүүн байгаа…”/Саруулхан шөнийн дуу/ гэж эхнэрээ санасандаа бичиж байлаа. Гэргий маань надад зориулж дуулж байгаа маягтай бичсэн л дээ. Хөгжмийн зохиолч Ю.Хөнхөр энэ шүлгэнд минь ая хийсэн байдаг.
-Нэгэнт бидний яриа ингэж хальсных нэг саваагүй асуулт тавья. Орчин үед хүмүүс “хань сонгох, олох” гэж их ярих юм. Тэгэхээр нөгөө “заяаны хань зам дээр” гэдэг ойлголт үгүй болох нь ээ…?
-Охин минь сайн бод доо. Энэ их хэцүү асуулт юм л даа. Ханиа олно гэж байхгүй. Сонгоно гэж бүүр байхгүй. Ямар дэлгүүрээс бараа авч байгаа биш дээ. Хамгийн энгийн инээдтэй гэмээр зүйл хэлэхэд нэг хархүү миний охиныг хөөрхөн гэж хараад, чи тэр хүүг сайхан гэж бодож байвал тэгээд л суучих. Харин аяндаа амьдрал та хоёрыг нэг насны хань болгоно. “За одоо нөхрөө өнгөлөг явуулъя, өөдрөг байлгая” гэж хүн өөрийн эрхгүй хичээж эхэлдэг. Ингээд амьдралтай нийцнэ. Би дээхэн үед Эрнест Хэмингуэйн “New-York Times” сонинд өгсөн ярилцлагыг уншиж байсан юм. Тэрбээр сэтгүүлчид, “Дурлал бол таван жилийн настай” гэж хэлж л дээ. Сэтгүүлч гайхаад, “Та яагаад дурлал таван жилийн настай гэсэн хэрнээ эхнэртэйгээ ийм удаан хамт амьдарч байгаа юм бэ” гэж. Хариуд нь Хэмингуэй “Эхний таван жил дурлаад, удаах таван жилд нь хайрлаад, дараагийн таван жилд нь өрөвдөөд өдий хүрлээ" гэж хэлсэн байдаг юм. Ингээд харахаар амьдрал үнэхээр тийм. Амьдралынхаа эхний үед эхнэртээ эсвэл нөхөртөө маш ихээр дурлана. Үр хүүхэд гарсан амьдралын дунд үедээ хайрлана. Тэгээд сүүлдээ “Эвий энэ минь. Өдий жил ханилсан юм” гэж өрөвдөж эхэлдэг. Өрөвдсөн сэтгэл нь их халамж болно. Миний хувьд ингэж л хэлмээр байна.
-Чин сэтгэлээсээ ярилцсан танд маш их баярлалаа. Яг одоо хилийн манаанд үүрэг гүйцэтгэж буй хилчид чин сэтгэлийн үгийг тань хүлээж суугаа…?
-Монгол Улсын иргэн бүр өөр өөрийн гэсэн үүрэг эх орныхоо өмнө хүлээж, түүнийгээ гүйцэтгэдэг. Чамд харин хил манах нь оногдсон байна. Энэ үүргээ нэр төртэй сайхан гүйцэтгэ. Хилчин таны нэг мундаг бахархал бол энэ Улаанбаатар хотод нэг жагсаал, цуглаантай зодолдсон цагдаа биш, эх орны хилийг хамгаалж байгаа эр цэрэг шүү. Манайхан зарим нь их сүртэй ярих юм аа. Эх орноо хамгаална гэдэг бол алдар гавъяаны хэрэг гэж хил дээр очиж үзээгүй шахам хүү хашгираад байх нь утгагүй хэрэг. Харин хилчин хүн эх орноо хамгаална гэдэг өвөг дээдсийнхээ захиас, аав ижийнхээ гэрээсийг биелүүлж, тэднийхээ ачийг хариулж байна гэж бод. Түүнээс биш нэг харуулд гарчихаад хурдан буухын тухай бодож байвал чи хилчин биш. Энэ агуу сайхан цэнхэр эх орноо би хамгаалж байна даа гэж бодох хэрэгтэй. Бүр багасгаж хэлбэл би хайртай бүсгүйгээ, хэрвээ хүүхэдтэй бол хүүгээ, охиноо хамгаалж байна шүү гэж бод. Цэргийн алба хааж байна гэж жилийн хугацааг битгий бод доо, хүү минь ээ. Эх орноо хамгаалж байгаа гэж мөнхөд санаж яваарай гэж хэлье дээ. Гэхдээ хүмүүс эх орноо манаж байна гэж их ярих юм. Үгүй шүү. Харин эх орон чинь чамд итгэж, мануулж байгаа хэрэг. Эх орон минь надад итгэж, мануулж байгаа гэж бодож бай.
Түүнтэй удаан хуучилжээ. Энэ хооронд ардын зохиолч маань хэд хэдэн удаа нулимс унагаад авна билээ. Ижийнхээ тухай, багшийгаа дурсахдаа, хилчин яруу найрагч байсан цаг үеэ ярихдаа гаансаа түргэн түргэн сорсноо нулимс дуслуулна. Ийм л зөөлөн, хүний сэтгэлийн хайлан гэмээр утга уянгын оргилд биднийг дагуулагч их найрагчтай хөөрөлдсөн бичлэгээ энд жаргаая.
Б.Нямгэрэл