Эрт урьд цагт
Суут богд Чингис хааны
Эрмэг цагаагч гүү нь
Эр хоёр загал унага төрсөн ажээ.
Тэр онд
Арван гүүнд тэлээлж
арга хийж онд оруулав гэнээ.
Эзэндээ
Дааган цагтаа унуулж
Үрээн цагтаа хуяглуулж
Тэр хоёр загалыг унаж
Алтай ханыг
Арлан авлаж
Хөхүй ханыг
Хөвчлөн авлав.
Их загалыг унаж
Алтай ханыг
Авлан тавив. Аргаль угалзыг алж
Аргагүй бардаж ирэхэд
Арван түмэн
Авын хүмүүс
Нэг ч эс гайхав.
Бага загалыг унаж
Хөхүй ханыг
Хөвчлөн тавьж
Гүйлэн хөх чоныг
Гүйцэн хядав.
Өвсний оройгоор
Өрвөлзүүлэн ирэхэд
Өдий олон
Авын хүмүүс
Өчүүхэн ч эс гайхав.
Хэнтий ханыг
Хэрэн авлаж
Хээрийн араатныг гүйцэж хядахад
Хэн ч хүн
Хэрэглэн эс гайхав.
Онон хатны
Ой талыг авлаж
Олон амьтныг гүйцэж
Олзлон агнахад
Ойр хол адил боловч
Олон бүгд эс гайхав.
* * *
Тэр дээр
Уярах сэтгэл төрж
-Дааган цагт минь
Давтсан болжээ.
Үрээн цагт минь
Үтээрсэн болжээ.
Хязаалан цагт минь
9
– – –
Хяхсан болжээ.
Соёолон цагт минь
Сорьсон болжээ гэж
Бага загал нь
Их загалдаа хэлэв:
-Аа авгай минь явъя
Алтай ханыг авлахад
Арван түмэн
Авын хүмүүс
Эс магтав.
Ай хайран дур минь
Хөхүй ханыг авлахад
Хүй олон улс
Эс магтав.
Хөвчин хайран санаа минь
Хэнтий ханыг авлахад
Хэдэн түмэн улс
Эс магтав.
Хэтэрхий хайран дур минь
Энэ бүгдий маань
Үл мэдэх юун болов?
Аа авгай минь ер явья.
Маны одсоны хойно
Хаан эзэн минь
Нэг хоёр дурдвал
Нэрийн алдар биш буюу,
Аа авгай минь
Алтай хан гэгч газар
Агь шаваг өвстэй гэнэ.
Ариун тунгалаг устай гэнэ.
Аялан хүрч
Амарч хэвтье.
Авгай минь.
Хөхүй хан гэгч газар
Хөвөг шаваг өвстэй гэнэ.
Хөөрөм цөөрөм нууртай гэнэ.
Хөдлөн хүрч
Хөлбөрч хэвтье.
Авгай минь бүр явья.
Хэнтий хан гэгч газар
Хэмгүй сайн таргатай гэнэ.
Хээр хөдөөгүй устай гэнэ.
Хий хуй болон хүрч
Хэжийлэн хэвтье.
Авгай минь үтэр явья.
Онон хатан гэгч газар
Ой тал олон гэнэ.
Урт сайхан устай гэнэ.
Урагшлан хүрч
Ундаалан хэвтье.
Авгай минь бүр явья.
Аа авгай минь
Ах мэт санагч
Алзал бор нь бий зэ.
Атаатан дайсан мэт санагч
Авгай чи бид хоёр бий зэ.
Хөвгүүн мэт санагч
– – –
Хөгшин шарга нь бий зэ.
Хөжин ширүүн аашлагч
Чи бид хоёр бий зэ.
Хатан мэт санагч
Хар хул нь бий зэ.
Харь дайсан мэт санагч
Чи бид хоёр бий зэ.
Бүр явъя.
Хүйтэн өдөр барин
Хөх төмөр үмхүүлэн
Хөрвөнт тохмыг
Хөлстэй тохож
Саарьтай нурууг
Даарьтай болгоно.
Яаж ая
Авгай бүр явъя.
Халуун өдөр барин
Хаттал уян
Халуун наранд шаран
Хайр шороо үмхүүлнэ.
Яаж ая.
Авгай минь бүр явъя.
Бага загал нь
Их загалдаа
Газар газарлая гэж хэлэв.
– Авай бор тоором минь!
Юу гэнэм чи?
Эзэн гэж эзэнд адил
Эзэн олдох буюу?
Эх гэж эрмэг цагаагч ижийд адил
Эх олдох буюу?
Ер эр хүн баярлаж
Магнай үл хагарах гэлээ.
Агт морь таргалж
Арьс үл хагарах гэлээ.
Авай бор тоором минь
Юу гэнэм чи
-Аа авгай минь!
Сайн хүнд нөхөр олон бишүү.
Сайн моринд эзэн олон бишүү.
Өнөр хүнд нөхөр олон бишүү.
Өнчин хүнд ноён олон бишүү.
Санаат хүнд сэжиг олон бишүү.
Сайн моринд газар ойр бишүү.
Авгай минь явъя.
-Авай бор тоором минь!
Эетэй хүнд нөхөр олон гэлээ.
Эйлсэн моринд уурга олон гэлээ.
Эегүй хүнд өстөн олон гэлээ.
Эцсэн моринд ташуур олон гэлээ.
Хүний гэж
Хөвчин бүгдээр үлдэм (хөөнөм) зэ.
Дайсны гэж
Даяар үлдэм зэ.
Зэрлэг гэж
Зэвийн үзүүр унаганам зэ.
Авай бор тоором минь
11
– – –
Юу гэнэм чи?
Хадны өвс
Хагдтай идье.
Бутны өвс
Богтой идье.
Өсгөн төрүүлсэн
Өл буурал ахайгаа
Яаж мартъя гэнэм чи?
Өргөн төрүүлсэн
Эрмэг цагаагч ижийгээ
Яаж мартъя гэнэм чи?
Арван сар нуруугаа чилтэл өргөсөн
Ангир шар уургаа шимүүлсэн
Ачит цагаан сүүгээ хөхүүлсэн
Амраг хайртай эхийгээ
Яаж мартъя гэнэм чи?
Эвий бор тоором минь
Юу гэнэм чи?
Омгоо дараагүйд
Уушгиа цэрдээгүйд
Яах бол чи минь,
Хайрлан хадгалсан
Хаан эзнээ
Ханилан өссөн
Хайран ижил олон нөхдөө
Яаж орхин газарлая гэнэм чи?
Өөдгүйг
Өсгөн хураавал тусгүй гэлээ.
Байг! гэж хэлэв.
-Сайн хүнд нөхөр олон гэлээ
Сайн моринд газар ойр гэлээ.
Бүр явья гэж
Бага загал
Ганцаар явъя гэж санаж
Их загалыг орхиж
Гурван Цавчуурын зүгт явав.
Ах минь нэхэх болов уу гэж санаж
Түргэн зуур
Алтан улиасны сүүдэрт
Хүлээж байн атал,
Дөрвөн зүгт нь
Дөрвөн өнгийн шувуу
Нэг эгшгээр донгодов.
Бага загал
Чихээ сэртийж
Сүүлээ өргөж
Чагнан байв.
Алтан гургалдай шувуу
Алтан улиасны дээр суун жиргэв.
Ах дүү хоёр загал
Салан газарлав гэж жиргэв
Дахин аялгуулан жиргэв.
Хөхөө нэрт шувуу донгодов.
Хөөрхий бага загал
Урван газарлав гэж жиргэв.
Богшрого шувуу
Босон жиргэв.
12
– – –
Богд эзний
Хайран хоёр загал
Буруулан газарлав гэж жиргэв.
Хайргана шувуу
Хадны дээр суун жиргэв.
Хаан эзний
Хайран хоёр загал
Хагацан газарлав гэж жиргэв.
Тэр дөрвөн өнгийн шувууны
Дууг сонсоод
Бага загал тэсэлгүй явав.
Түргээр түргээр явахад
Түнгэрцгийн чинээ чулуу хөдөлгөж
Аргаар аргаар явахад
Аягын чинээ чулуу хөдөлгөж
Гурван Цавчуурыг зориод
Авгай минь
Нэхэх болов уу гэж санаж
Хөхүй ханы энгэрт
Хөх Өндрийн өвөрт
Хөлсөө хатааж
Амьсгалаа дарж
Өвс таталж байв.
Их загал нь
Өглөөний наранд нэхэж
Үдийн наранд барааг харж
Үдшийн наранд
Хамраа хавчиж
Хар хөлсөө асгаруулж
Амиа тэмцэж
Арай гүйцэж ирэв.
-Аа бор тоором минь!
Хүний гэж
Хөвчин үлдэж
Дайсан гэж
Даяар хөөж
Зэрлэг гэж
Зэвийн үзүүрт
Унагах бий зэ гж
Их загал нь
Бага загалдаа хэлэв.
* * *
Хоёр загалын одсоны хойно
Нэг шөнө суут богд эзэн
Зүүд зүүдлэв.
Эрхт тэнгэр эцгээс заяатай
Эрмэг цагаагч гүүнээс төрсөн
Эр хоёр загал минь
Эйлэн газарлав гэнэм би.
Богд эрхт тэнгэрээс заяатай
Баянт цагаагч гүүнээс төрсөн
Бууралтгүй хоёх загал минь
Буруулан газарлав гэнэм би.
Хаан эрх тэнгэрээс заяатай
Хас цагаагч гүүнээс төрсөн
Хайран хоёр загал минь
13
– – –
Харилан газарлав гэнэм би.
Хазаараа эгэлдэрч
Эмээлээ үүрч
Явган явна гэж зүүдлэв би.
Энэ зүүд минь
Үнэн буюу худал буюу гэж
Боол бичинд зарлиг болов.
-Адуунд орж үз.
Худал бол дуугүй ир!
Үнэн болбол дөрвөн харь
Есөн өнгийн улсыг минь
Эрт цуглуулж ир гэж
Зарлиг болов.
Боол бичин адуунд орвол
Өл буурал азрага нь
Өрвөлзөн сөрвөлзөн
Өөд уруугаа харж
Өнгөлзөж байх ажээ.
Эрмэгч цагаагч эх нь
Ийн тийн харж
Нүднээс нялбас гаргаж байхыг үзэв.
Боол бичин яарч
Дөрвөн харь
Есөн өнгийн улсыг
Өглөө эрт цуглуулж ирэв.
Суут богд эзэн
Алзал бор морио унаж
Алтан хуураа авч
Аргасан хуурчаар хөтөч хийж
Алтан нумаа агсаж
Мөнгөн саадгаа бүсэлж
Анчин харцгаа барьж
Эхдээ эргэх болов уу гэж
Эрмэг цагаагч гүүг хөтөлж
Эр хоёр загалыг нэхэхээр мордов.
Төдий морилон явахдаа
Хаан ноён суут богд зарлиг болов.
-Хөхүй ханы өврөөр цувъя
Алтай ханы араар авлая
Отын хүн урьд яв.
Тахилзуурын хүн тасралгүй яв
Тэр хоёр загалыг минь
Хэн гүйцсэн хүн бүү харав!.
Барьж үз.
Барьсан хүнд
Дөрвөн хушуу малаа
Тэгшхэн хуваах бий гэж
Зарлиг болов.
Төдий хоёр загал
Хойд нэхсэн авын барааг
Холоос хар үзээд
Их загал нь
Бага загалдаа хэлэв:
-Тоором минь
Би эс хэлэв үү?
Хүний гэж
Хөвчин үлдэх бий зэ.
– – –
Зэрлэг гэж
Зэвийн үзүүр
Унагах бий зэ гэж
Эс хэллүү би.
Энэ бишүү гэв.
Бага загал нь хэлэв:
– Аа авгай минь!
Эр хүн
Хэлсэн үгэндээ хүрэх бишүү
Агт морь
Зорьсон газартаа хүрэх бишүү.
Явъя яасан эм мэт
Охорхон санаатай билээ чи
Маныг гүйцэх морь байх буюу?
Барааг минь харах
Морь ч чухаг бий зэ.
Алтай ханы
Ар ороход
Аргал угалзыг
Алуулан бууя.
Хөхүй ханы
Хөтлөөр давахад
Хөх алаг бугыг
Гишгэлэн гаръя.
Үзүүрийн хүнд
Бараагаа харагдья
Хязгаарын хүнд
Тоосоо үзэгдье.
Бүр Гурван Цавчуурыг зорьё гэв.
Бага загал нь ергөн хөдлөв.
Их загал шогшин хөдлөв.
Бага загал нь
Их загалдаа хэлэв:
Ах мэт санагч
Алцал бор морь
Яах бол гэж хэлэв.
Төдий дээр барьсангүй
Гурван Цавчуур газрыг зорин хүрэв.
Их загал нь
Хоёр санааг санаж
Хайран хаан эзэн минь
Хайран хас цагаагч эх минь гэж
Нүднээс нялбас гаргаж
Өр элгээ өмөрч
Өвдгөө сөгдөж явав.
* * *
Суут богд эзэн нь
Хөх өндөр дээр гарч
Барааг харж
Шаналан уярав.
Болдгийн бор толгойд гарч
Богд эзэн нь хайлав.
-Эрийн сайнаар
Эзэн эс боллоо би.
Эрхт тэнгэр
Эцгийн заягаар
– – –
Эзэн боллоо би.
Эрмэг цагаагч
Гүүнээс төрсөн
Эр хоёр загал минь
Эйлэн газарлав уу та?
Эвий минь!
Эмээ барьж
Яаж харих билээ.
Эргэж ирэх болов уу та?
Эвий минь!
Булаан авч
Эзэн эс боллоо би.
Богд тэнгэр
Эцгийн заягаар
Эзэн боллоо би.
Буянт цагаагч
Гүүнээс төрсөн
Бууралтгүй хоёр загал минь
Буруулан газарлав уу та?
Эвий минь!
Хайрлан авч
Эзэн эс боллоо би.
Хаан тэнгэр
Эцгийн хайраар
Эзэн боллоо би.
Хас цагаагч
Гүүнээс төрсөн
Хайран хоёр загал минь
Хагацан газарлав уу чи.
Хазаараа эгэлдэрч
Яаж харих билээ?
Эвий минь!
Харьж ирэх бол уу та?
Эвий минь!
Урамтай их
Уралдаан болоход
Юугаа хагсаах билээ?
Учиртай их
Ав болоход
Юугаа унах билээ?
Уршигтай их
Дайн болоход
Юугаа хуяглах билээ?
Хайран хоёр загал минь гээд
Төдий суут богд эзэн
Орд харшдаа харьж ирэв.
* * *
Хоёр загал
Гурван Цавчуурт
Зорин хүрч
Дөрвөн он нутаглав.
Бага загал нь
Арьсаа язартал таргалав.
Их загал нь
Зун зогссон
Морь мэт хатайртаад
Өвөл болоход хацарт нь
– – –
Аягын чинээ мөс хөрөв.
Уй гашуунд
Уярах сэтгэлий нь мэдээд
Бага загал нь асуув:
-Аа авгай минь!
Өвсийг эрүүгээр иддэг байтал
Усыг уруулаар уудаг байтал
Авгай минь
Арьстай шөрвөстэй хатах чинь
Юу вэ гэж асуув.
Их загал хэлэв:
-Авай бор тоором минь!
Юу гэж үл мэднэм чи
Хамгаалан өсгөсөн
Хаан эзнээ
Ханилан учирсан
Хайрт нөхдөө
Хайрлан төрүүлсэн
Хас цагаагч эхээ санахад
Хадат газар
Туруугаа хүргэж ядав.
Хайрт газарт
Эрүүгээ хүргэж ядав.
Өсгөн төрүүлсэн
Эхээ санавал
Өвсөнд эрүүгээ
Усанд уруулаа
Хүргэж ядав.
Авай бор тоором минь!
Яаж үл мэднэм чи?
Эвий минь гэв.
Тэр цагт бага загал нь:
Зөв харж инээж
Буруу харж уйлан
Их загалд хэлэв:
-Аа авгай минь!
Арьс шөрвөстэй чинь хатаан алж
Арьсыг чинь өмсөм үү би?
Махыг чинь идэм үү би?
Ачит авгай минь
Одоо харья гэж хэлэв.
Их загал гурав дахин шилгээгээд
Нэг хоёр өвс таталж байв.
Их загал ергөн хөдлөв
Бага загал шогшин хөдлөв.
Бага загал нь
Их загалд хэлэв:
-Аа авгай минь!
Гурван сарын газрыг
Гурван хоногт хүрье.
Болжмор шувуу жиргэхийн урьд
Булт амьтаныг сэрэхийн урьд хүрье.
Улаан нар гарахын урьд
Унага даага барихын урьд хүрье.
Өргөн төрүүлсэн
Эрмэгч цагаагч эхдээ
Өсгөн тэжээсэн
– – –
Өл буурал ахайдаа
Өмгөлөн түшсэн
Өнөр олон нөхөддөө
Өдрийн гэгээ орохын урьд
Хүрье гэж хэлэв.
Хоёр загал
Хурдлан хатирч
Нутагтаа хүрч ирэв.
* * *
Тэр хоёр загалыг
Хүрч ирэхийн өмнө
Суут богд эзэн
Нэг зүүд зүүдлэв:
Эрхт тэнгэр
Эцгээс заяатай
Эрмэг цагаагч
Гүүнээс төрсөн
Эр хоёр загал минь
Эйлэн газарлаж билээ.
Эргэж ирэх болов уу?
Эмээлээ тохож байна гэж
Зүүдлэв би гэв.
Энэ зүүд минь
Үнэн буюу худал буюу
Үдтэр адуунд очиж
Үз гэж зарлиг болов.
Богд эзний зарлигаар
Боол бичин очиж үзвэл
Хоёр загал харьж ирсэн ажээ.
Өл буурал азрага нь
Үүрд хагацав гэж билээ би.
Өнөөдөр учрав гэж
Үүрсэн баярлаж
Үнэрлэн эвшээж байв.
Эрмэг цагаагч эх нь
Хоёр нүднээс нялбас гаргаж
Уйлан баярлаж байхыг үзэв.
Эр хоёр загал нь
Эхийгээ эргэн тойрон
Энд тэндээс харж байв.
Боол бичин үзээд
Хоёр загалыг барих гэв.
Хоёр загал эс баригдав.
Хоёр загалыг
Өл буурал азрагатай нь
Эрмэг цагаагч эхтэй нь
Хамт тууж ирээд
Богд эзэнд айлтгав.
Суут богд эзэн нь
Нэг ханцуйгаа
Түргэн өмсөн гарав.
-Аа хоёр загал минь!
Мэнд үү та гэв.
Бага загал нь
Зэв онтодохын төдий
Газар байж хэлэв:
– – –
-Гурван цавчуурыг зорьсон
Гутамшиг муу
Хоёр загалд юу билээ?
Гучин түмэн улсыг эзлэн суусан
Хаан эзэн минь
Харин мэнд үү та?
Алтай ханыг зорьсон
Алиа муу
Хоёр загалд юу билээ?
Арван түмэн улсыг эзлэн суусан
Хаан эзэн минь
Харин мэнд үү та?
Хөхүй ханыг зорьсон
Хөшүүн аальт
Хоёр загалд юу билээ?
Хөвчин улсыг эзлэн суусан
Хаан эзэн минь
Харин мэнд үү та? гэв.
Богд эзэн зарлиг болж:
-Аа хоёр загал минь
Та юуны тул
Ямар учиртай газарлав та
Гэж асуув.
Их загал
Дуу эс гарав.
Бага загал
Суут богд эзэндээ хэлэв:
– Аа хаан эзэн минь!
Хоёр загалыг хайрлах болоосой !
Дааган цагт минь
Давтан унах билээ та
Үрээн цагт минь
Үтээрхэн унах билээ
Хязаалан цагт минь
Хяхан унах билээ.
Соёолон цагт минь
Сорин унах билээ
Алтай ханыг
Авлах цагт
Аргал угалзыг
Гүйцэн алахад
Арван түмэн
Авны улс үл магтав.
Хөхүй ханыг
Хөвчлөн авлаж
Хөх чоныг
Хөөж авлахад
Хөвчийн улс
Нэг ч үл магтав.
Хэнтий ханыг
Хэрэн авлаж
Хэдэн түмэн
Гөрөөсийг алахад
Хэлхүй улс
Нэгч эс магтав.
Онон хатны
Ой талыг авлаж
19
– – –
Олон амьтныг авлахад
Ойр хол адил боловч
Олон бүгд эс магтав.
Тиймийн тул газарлав.
Аймаг шувуу
Донгодон жиргэв.
Агт морь
Нутгаа санав.
Хүний хүү
Газартаа суув.
Хөлгийн хүү
Газраа санав.
Хаан эзэн минь-гэв.
Тэхэд их загал хэлэв:
-Бор тоором минь, байг! гэв
Хаан эзэн минь
Намайг уна-гэв.
Тэр үгийг зөвшөөж
Их загалыг унаж
Бага загалыг хурлав.
Найман жил хурлаж
Найман жил хагсаав.
Намрын түрүү сард
Авд мордъё гэж
Авд мордон
Алтай ханыг
Арлан авлав.
Аргал угалзыг
Гүйцэн алав.
Арван түмэн
Авын улс
Магтан гайхав.
Хөхүй ханыг
Хөвчлөн авлав.
Хөх чоныг
Хядан алав.
Хөвчин улс
Гайхан магтав.
Хэнтий ханыг
Хэрэн авлав.
Хээрийн гөрөөсийг
Хядан алав.
Хэлхүй авын улс
Хэмжээгүй магтав
Онон мөрний
Ой талыг авлав.
Ойн араатныг
Хядан авав.
20
– – –
Олон бүгдээр
Гайхан магтав.
Хоёр загалын
Санаа сэтгэл нь
Амран жаргав.
Суут богд Чингис хаан
Бага загалд
Хив татаж сэтэрлэв гэлээ.
Хив татахийн ёс
Бага загалаас болов гэлээ.
Эзэн богд Чингис хааны
Эр хоёр загалын тууж төгсөв.