“Хувьсал”-ын гэх тодотголтой продюссер Г.Цоггэрэлийг “Ярилцах цаг” буландаа урилаа. Тэрээр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын захирлаар томилогдоод долоон сар болж байна. Шинэ захирал энэ том айлыг хэрхэн авч явах, үндэсний дуу бүжиг, язгуур урлагийг хэрхэн хөгжүүлэх талаар ямар бодолтой явдгийг сонирхлоо.
-Та чуулгын даргын ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Анх ирсэн сэтгэгдэл хэрхэн өөрчлөгдсөн бол?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд Үндэсний дуу бүжгийн чуулгын захирлын ажлыг хүлээж аваад яг долоон сар болж байна. Монголын үндэсний урлагийн гал голомт бол Үндэсний дуу бүжгийн чуулга юм байна гэдгийг энд ирээд мэдсэн. Их хүчтэй, энергитэй, масстай, үндэсний урлагаа үүрч яваа хамт олон дунд ажиллахад цаг хугацаа өнгөрч байгаа нь мэдэгдсэнгүй.
Мэдээж хувийн компаниас төрийн ажилд ирэхэд зааг ялгаа бий. Энэ хамт олны дунд орохдоо бага зэрэг эмээж байсан. Гэхдээ би монгол хүн, энэ сайхан нутагт төрсөн, ардын урлагаа сонсч, харж, мэдэрч өссөн болохоор надад мэдэхгүй чадахгүй зүйл байсангүй. Гэхдээ энд суралцахаас илүү мэдрэмж чухал. Өнөөдөр уртын дуу, морин хуур, хөөмийг гадныхан сонирхохын хэрээр хэн дуртай нь хийх гэдэг болж. Гэтэл байгалиас, малчдын ахуй амьдралаас урган гарсан тэр амьд дуу хоолой бол уламжилж ирсэн үндэсний өв соёл юм.
Хүний дөрвөн жилийн хөдөлмөрийг би хоёр жилд, дөрвөн сарын ажлыг хоёр сард хийнэ гэж өөрийгөө шахдаг хүн.
Тиймээс энд ирснээсээ хойш хамт олноо зай завсаргүй ажиллуулж байна. Энэ чуулгын уран бүтээлчид урлагтаа, ажилдаа үнэнч өөрийгөө, амьдралаа зориулсан гайхалтай хүмүүс байдаг. Би бүжигчдээ бүжиглэхийг хараад өөрийн эрхгүй бишрэн шүтдэг. Нэг цаг гучин минутын турш бүх эд эсээ хөдөлгөнө гэдэг гайхалтай, бүжиг гэдэг үнэхээр агуу гэдгийг ойлгосон.
-Та урлагийн менежментээр олон жил ажилласан хүн. Энэ том чуулгыг ямар төвшинд хүргэхээр зорьж байна?
-Би кино драм, театрын найруулагч, жүжигчин, эрхзүйч мэргэжилтэй. Удирдлагын академи төгссөн. Гэхдээ би монгол хүний цусны цэвэр мэдрэмжээрээ энэ байгууллагын захирлын албыг хашиж эхэллээ. Уламжилж ирсэн өв соёл, үндэсний урлагаа авч үлдэх, харуулж баталгаажуулах ёстой. Миний урлагт суралцсан дөрвөн жил, “Хувьсал” продакшны олон жүжгүүдээс хүн судлах, амьдрал суралцах боломж байсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжавын тоглолтыг 10 гаруй жил найруулсан маань ч хөгжмийн мэдрэмжтэй холбоотой. Би рок поп, мэргэжлийн урлаг, сонгодог, кино, хошин урлаг, нийтийн дуу, шинэ залуу уран бүтээлчидтэй гээд Монголын урлагийн бүх төрөлд ажиллаж ирлээ.
Уран бүтээл гэдэг сэтгэлгээний ажил. Уран бүтээлч бол сэтгэлийн хүн. Сэтгэл хөдлөл байхгүй нөхцөлд уран бүтээл гарахгүй. Сайн уран бүтээлчийг дэргэд нь байж хөглөж, хөөргөж, дэврүүлж, урамшуулж байх ёстой. Сэтгэлгээг хөгжөөх тусам улам хөглөгдөж байдаг. Үндэсний дуу бүжгийн чуулга 200 орчим уран бүтээлчтэй. Энэ хугацаанд би өөрийгөө хамт олондоо ойлгуулж, дотносох олон ажил хийлээ.
Манай хамт олон эх орныхоо нүүр царайг тахлах, сурталчлах, гайхуулах уран бүтээл туурвиж харуулдгаараа онцлог. Бүх урлагийн байгууллагууд амарч байхад манай чуулга зуны нээлтээ хийж, зуны гурван сар өдөр бүр тоглолттой байдаг. Дэлхийн олон орны жуулчид манай тоглолтыг ирж үзээд Монголын үндэсний соёл, урлагаар бахархаж, биширдэг. Тиймээс Монголын бахархал болсон байгууллагыг удирдаж байгаадаа баярлаж, омогших, бахархах, тэмүүлэх сэтгэгдэл төрсөн.
-Монголд үндэсний урлагаар уран бүтээлээ туурвидаг хэд, хэдэн чуулга байдаг. Танайх тэднээс ямар онцлогтой юм бэ?
-”Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга” гэдэг нэрийг сольж “Монголын үндэсний урлагийн их театр” болгоно. Яагаад гэвэл Монголд байгаа үндэсний ганц урлагаа бид хамгаалж авч явах ёстой. Манайхаас гадна Монголын үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулга, Үндэсний “Улаанбаатар” чуулга, “Цүки хаус” чуулга үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд продакшн бүтэцтэй хэр нь чуулга гэдэг нэртэй яваад байгаад хэргийн учир байна. Гэтэл манай чуулга 214 хүнтэй, 65 хөгжимчинтэй үндэсний их оркестртой том чуулга. Тиймээс үндэсний хэмжээний их театр болох ёстой. Ерөнхийлөгч манай оркестрыг 120 хүнтэй болгож бүрэлдэхүүнээ нэмэх зарлиг гаргасан нь сайшаалтай.
Энэ зун бид Солонгосын үндэсний “Ариранг” театрын уран бүтээлчидтэй хамтран тоглосон. Дараа нь Монголын үндэсний их найрал хөгжим, рок поп ододтой хамтарсан “Их хуралдай” тоглолт хийсэн. Мөн Монголын соёлын ажилтнуудын өдрөөр чуулгынхаа шилдэг уран бүтээлээр тайлан тавилаа. “Алтан ураг” жүжгээ өөрийн тайзан дээр тавьсан. Энэ сард ерөнхий удирдаачийнхаа тайлан тоглолтыг хийнэ. Үндэсний оркестрын 50 жилийн ойн гала тоглолт, “Салхины дууль” нэртэй Хүннүгийн үеийн түүхийг өгүүлсэн томоохон тоглолтоор энэ жилийн хаалтаа хийхээр бэлтгэж байна.
-Драмын төрлийн хүн үндэсний урлагийн байгууллагыг удирдахад ямар бэрхшээл тулгарч байна?
-Анх орж ирэхдээ төлөвлөсөн ажлаа хийгээд эхэлчихсэн. Өөрийн санаачилсан таван зорилгоо долоон сарын хугацаанд биелүүлсэн. Уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудал, амьдрал, уран бүтээл, сэтгэлгээ, гоо зүй бүх тал дээр нь анхаарах ёстой. Би худлаа ярьдаг бус биелүүлдэг, хийж гүйцэтгэдэг дарга баймаар байна гэдгээ хамт олныхоо өмнө хэлж тэр амлалтдаа эхнээсээ хүрч байна.
Тухайлбал, Чуулгынхаа уран бүтээлчдийн шагнал урамшууллыг анхаарч, манайхаас таван алтангадас одон, нэг гавьяат, хоёр хөдөлмөрийн хүндэт медаль, 13 соёлын тэргүүний ажилтан төрлөө. Чуулгын байрныхаа засварт 250 сая төгрөгийн асуудлыг шийдэж засвараа эхлүүлчихлээ. 2-3 ажилтнаа цалингийн зээлээр байранд орууллаа гээд яривал олон зүйл бий. Хамгийн гол нь ҮДБЭЧ-ын маркетингийг анхаарч, үзэгчдийн, олон нийтийн анхаарлаг татаж чадлаа. Үүний цаана энэ хамт олон авьяастай, хүчтэй учраас ажил урагштай явж байгаа юм.
-Та томилогдож ирээд халаа сэлгээ хийсэн үү. Чадварлаг мэргэжилтнүүддээ хэрхэн анхаарч байна?
-Анх намайг ирэхэд янз бүрийн хэл ам сонсогдож л байсан. Гэхдээ би хүний үгээр үг хийдэггүй. Би бүгдтэй нь уулзаж ярилцаад, ойлгож мэдрээд нэг ч хүнийг халж сэлгэлгүй долоон сар ажиллалаа. Энэ хамт олон авьяастай, чадалтай, ажлаа хийж чаддаг учраас халж солих шаардлага гарсангүй. Харин ажил сайжрахад саад болж байсан зүйлсийг үгүй хийсэн. Надад ямар нэг амбиц байхгүй. Харин хүмүүсийн авьяас чадварыг ажлаар хөдөлгөх чадвар бий. Тиймээс хуучин дарга Цэдэн-Ишийг одоогийн яамны төрийн нарийн бичгийн дарга байхаар мэдлэг, чадвартай гэж үнэлсэн учир урын сангийн даргаар тавьсан. Чадалтай хүн байж байгууллага хөгжинө, байгууллага хөгжвөл улс хөгжинө.
Манайх жилд 170 гаруй сая төгрөгийг улсын төсваас авдаг. Би орж ирээд 100 гаруй сая төгрөг давуулж хийсэн. Цаашид ч илүү олох болно. Энэ хэмжээгээрээ байгууллагын ажилчдын цалин, урамшуулал нэмэгдэх ёстой. Манай уран бүтээлчид бусад мэргэжлийн театрынхнаас илүү цалин авдаг болсон.
-Монголд анхны хувийн продакшныг гаргаж ирсэн продюссер хүн төрийн том байгууллагад ирээд яаж өөрчилж, хөгжүүлэх бол гэсэн хүлээлт хүмүүс байгаа байх. Дэлхийн тавцанд гаргаад ирэхэд ч болохоор том бааз суурьтай энэ айлыг хэрхэн авч явах вэ?
-Монголын үндэсний урлагийг дэлхийд түгээж, ямар өвөрмөц агуу урлаг байдгийг гайхуулахыг хүсч байна. Үүний тулд ирэх жил би нэг уран бүтээлээрээ дэлхийг тамгална. Дэлхийд Монголыг сурталчлах брэнд болгох энэ төслөө ажил хэрэг болгоод эхэлсэн. Чуулгын хаалгаар орохдоо би төслөө барьж ирсэн. Намайг хүмүүс чуулгын даргаар ирээд хэдэн бүжигчин, хөгжимчдийг нь шалдлаад эхэлнэ гэж бодсон шиг байгаа юм. Би хөх толботой монгол хүн. Хөх тэнгэр, ногоон газар өлгийдөж авсан монгол хүн учраас үндэсний өв соёлоо улам дэлгэрүүлэхээс хумих ажил хийхгүй. Оносон алдсаныг хийсэн ажлаар минь дүгнээрэй.
Дэлхийн театрууд найруулагч юм уу, продюссерээр овоглож явдаг. Энэ зуун бол продюссерын зуун. Бизнес сэтгэлгээтэй мөнгө олох чадвартай байгаад урлагийн мэдлэггүй энэ байгууллагыг авч явах хэцүү. Би 20 гаруй жил урлагийн тогоонд чанагдаж явна. Бүх л урлагийн төрөл жанр, уран бүтээлд оролцож, уран бүтээлчидтэй хамтран ажилласан учраас хийж бүтээхээр бодож төлөвлөсөн олон ажил бий.
-Танаар овоглож явдаг “Хувьсал” продакшны хувь заяаны талаар асуухгүй байж болохгүй байх. 10 жилийн ойгоо хийгээд тарсан уу, эсвэл таны халаасанд байна уу?
-Би төрийн ажил хийж байгаа учраас хувийн компаниа удирдахгүй. Гэхдээ “Хувьсал” мөнхөд байна. Цогоо байгаа цагт “Хувьсал” амьдарч байна. Манай продакшны захирлаар Дэрмээ гэдэг залуу ажиллаж байгаа. Уран бүтээлчид маань ирэх гуравдугаар сард нийгэмд тэсрэлт хийсэн жүжиг тавихаар бэлдэж байна. Жилд хоёр удаа шинэ уран бүтээлээрээ үзэгчиддээ бэлэг барьсаар байх болно.
-Үндэсний урлагийг хөгжүүлэх, шинэ залуу авьяастныг нээх, бэлдээд ямар ажил хийх вэ?
-Ц.Оюунгэрэл сайд урлагийг сайн ойлгож, шинэ санаачилж байгаа ажлыг дэмжиж байгаад баярлаж байна. 2013 онд үндэсний язгуур урлагийг хөгжүүлэх, шинэ авьяастан нээхээр төсөл хэрэгжүүлэх гэж байна. Монголын бүх аймаг сумаар явж, судалгаа хийнэ. Нээж илрээгүй урлагийн төрлийг олох хайгуулын ажил хийнэ. Манай ҮДБЭЧ үндэсний хэв загвараа хадгалсан цорын ганц ориг уран бүтээл туурвина. Бид амьд музей болно шүү дээ. Цэвэр ардын авьяастан өнөөдөр малын бэлчээрт явж байж болно. Тиймээс тэднийг нээн илрүүлэхэд энэ судалгаа ач холбогдолтой байх юм. Ирэх жил манай хамт олон уран бүтээлээ эх орондоо төдийгүй дэлхийд гайхуулах ажил хийхээр төлөвлөж байна.
Монголын үндэсний урлагийг дэлхийд түгээж, ямар өвөрмөц агуу урлаг байдгийг гайхуулахыг хүсч байна. Үүний тулд ирэх жил нэгэн уран бүтээлээрээ дэлхийг тамгална. Дэлхийд Монголыг сурталчлах брэнд болгох энэ төслөө ажил хэрэг болгоод эхэлсэн. Чуулгын хаалгаар орохдоо би төслөө барьж ирсэн.