Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа “Буруу эргэлт” , “Амьдралын амт” “Амьдралд тавтай морил”, “Валинтены захидал” зэрэг уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн, чадварлаг хөтлөгч, олны хайрлан хүндэтгэж явдаг залуу авъяаслаг жүжигчин СТА Э.Ууганбаярыг урьж ярилцлаа.
-Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе?
Баярлалаа. “Залуучуудын үнэн” сонины нийт уншигчдад мөн энэ өдрийн мэндийг хүргэе.
Тэгэхээр яриагаа таны нэг өдрийн ажлын дүр зургаар эхэлье гэж бодлоо. Та жүжиг, кино, рекламанд тоглохоос гадна хөтлөгч хийдэг.
-Энэ их ажлыг яаж амжуулдаг юм бэ?
Хамгийн эхэнд надад 8-н цаг унтах боломж байдаг. Унтаж босоод бага хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд дараа нь том хүүгээ 8 цаг 30 минутад хичээлд нь хүргэж өгдөг. Тэгээд л нэг өдрийн ажил маань эхэлнэ дээ. Би ер нь ажлаа ярьж л амжуулдаг. Ямар нэгэн арга хэмжээтэй байвал тухайн байгууллага дээрээ очиж хүмүүстэй нь ярилцан ямар, ямар хүмүүс урьж авчрах, ямар дуучин дуулах гээд л бүгдийг ярилцсаны дүнд шийднэ. Тэгээд орой арга хэмжээтэй бол завсраар нь хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас нь аваад гэртээ ирээд хувцасаа солиод явна даа. Арга хэмжээндээ явчихаад шөнийн цагт ихэвчлэн киноны зураг авалт, жүжгийн бэлтгэлээ хийгээд үүрээр л гэртээ очдог. Гэхдээ миний ажил нэг хэсэгтээ, 7 хоногоос 2 долоо хоногтоо ямар ч ажилгүй чөлөөтэй байснаа нэг ажил гарангуут л кино зураг авалт, баярын арга хэмжээнүүд, хурим найр гээд л давхацчихдаг. Энэ нь нэг талаараа хэцүү ч нөгөө талаараа 7 хоногт хүн утсаар ярьж, санал тавихгүй болохоор яана аа, хүмүүс намайг тоохгүй мартаад байгаа юм болов уу гэж бодогддог. /инээв/
-Кинонд тоглох, хөтлөгч хийх, рекламанд тоглох гээд бүгдээрээ таны мэргэжилтэй холбоотой ажил ч гэсэн алинд нь илүү дуртай вэ?
Ямар ч жүжигчин хүн мэргэжилдээ л дуртай байдаг. Гэхдээ би дэлгэцийн бүтээлээс илүү тайзан дээр гарч дүр бүтээх дуртай. Тайзнаас илүү амьд мэдрэмжийг авч, олон өөр дүрд хувирдаг учраас тайзны жүжигт илүү дуртай. Дэлгэцийн бүтээл бол кино болоод гарсан хойно нь үзээд кайф авдаг. Би ойрдоо тайзны жүжигт дүр бүтээгээгүй байгаа болохоор тэр сайхан мэдрэмж, хорхойгоо тайзан дээр гарч хөтлөгч хийж л дарж байна даа. /инээв/
-Та ер нь хэдийнээс урлагийн замд хөтлөгдөж эхэлсэн бэ?
Урлаг гэдэг энэ их айлд орохын тулд мэдээж СУИС-ийг 2005 онд төгссөн. Төгссөн жилдээ л “Хувьсал продакшн”-д ажиллаж эндээс маш их зүйлийг сурч, мэдсэн. Ямар нэгэн арга хэмжээг яаж хөтлөх вэ гэдгийг ч сурсан. Анх “Yes and No” нэвтрүүлгийг хөтөлдөг байлаа. Тэр нэвтрүүлэгт тухайн үеийн олны танил хүмүүс ороод жирийн дуучин жүжигчин байсан нь СТА, СТА байсан нь гавъяат, гавъяатууд нь Төрийн соёрхолт болж байсан. Энэ бүхэнд тухайн нэвтрүүлгийн хувь нэмэр багахан ч гэсэн байсан юм байх. Миний хувьд ч гэсэн энэ нэвтрүүлэг олон хүнтэй танилцаж, туршлага хуримтуулах маш том боломж болсон. Эндээс л миний урлагийн гараа эхэлсэн гэж боддог. Хэдий сайн жүжигчин ч гэсэн тэр болгон хөтлөгч хийгээд байдаггүй шүү дээ.
-Уран бүтээлч хүний хувьд хамгийн анх хэзээ урлагаас жинхэнэ кайф авч байв?
Манай 14-дүгээр сургуулийн Тогосоо, Дэлгэрсайхан багш нар маань намайг СУИС-ийн босгыг алхуулж урлагийн тогоонд оруулсан хүмүүс гэж боддог. Арван жилд байхад бүх сургуулийн дунд “Авъяас чадвар” гэдэг тэмцээн явагддаг байсан. Тэр тэмцээнд 8-дугаар ангиасаа хойш жил бүр оролцоод 10-дугаар анги төгсдөг жилээ Гранпри шагналыг нь авч байлаа. Тэр үе бол миний хамгийн том шагнал, хамгийн сайхан мэдрэмж байсан. Түүнээс хойш урлагт илүү хайртай болж дурласан даа.
-Удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Ажил ихтэй байна уу? Таныг хамгийн их эрэлт ихтэй хөтлөгч гэх юм?
Тэр бол үнэн. Худлаа гэж үгүйсгэхгүй ээ. /инээв/ Ерөнхийдөө 11 сарын 5-аас эхлээд 20-н гэхэд миний шинэ жилийн өдрүүд дүүрчихсэн. Урьд нь хамтарч ажилладаг байсан байгууллагууд нь тогтсон өдрөөрөө баяраа хөтлүүлэхээр болчихдог. Сул өдрүүдэд нь шинээр хамтарч ажиллах байгууллагууд захиалгаа өгдөг. Ер нь би ямар нэгэн байгууллагын арга хэмжээг чин сэтгэлээсээ хөтлөж өгөхийг хүсдэг. Тухайн байгууллагад тохирсон урлагийн номер, тоглолт, дуучид нь хэн байх вэ гэдгийг нь зөв олж чаддаг болохоор магадгүй дараа дараагийнхаа үйл ажиллагаанд хамтран ажиллах сонирхолтой байдаг байх л даа. Үнэ ханшны хувьд бол бусад хөтлөгчидтэй адилхан л байдаг. Нэг үеээ бодвол Монгол улс маань хөгжиж байна. Тэр хэрээр хүмүүс ч бидний хөдөлмөрийг зохих ёсоор үнэлдэг болсон нь сайшаалтай. Миний бусдаас ялгарах давуу тал нь юу вэ гэхээр бүхий л үйл ажиллагааг нь зохион байгуулж, өөрөө менежер нь болоод явдаг. Мөн манай гэр бүлийн хүн маань мундаг сайн нарийн бичиг болж цагийн хуваарь гаргаад тэдэн цагт тэр хүнтэй уулзана шүү, нэг газраас нөгөөрүү явахад хэдэн цаг түгжирнэ гээд л бүх зүйлийг нарийн төлөвлөж тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж өгдөг. Ийм найдвартай хүн байгаагүй бол энэ их ажлыг амжуулна гэдэг хэцүү л дээ.
-Урилга, заллага давхцахаас эхлээд л бэрхшээл их гардаг байх даа? Энэ бүгдийг яаж зохицуулдаг вэ?
Мэдээж ийм асуудал гаралгүй яахав. Надад ер нь урилга их ирдэг л дээ. Би урилга авах маш дуртай. Яагаад гэхээр гоё урилга аваад л зочин болж ороод, ширээний ард суугаад л гоё тоглолт үзэх юмсан гэж дандаа мөрөөддөг. Даанч тэр урилгын ард дандаа давхар ажлын үүрэг байдаг. Хамгийн сүүлд л гэхэд нэг киноны нээлтийн урилга авахад үнэхээр их баярласан. Очоод дуртай киногоо үзэх зочин болж очих нь дээ гэж бодож байтал нээлт болох өдрийнх нь урьд орой нь та ирэхдээ хөтлөөд өгөөч гээд л ажилд баригдуулчихдаг. Ер нь урилга их давхцдаг болохоор заримд нь очиж амждаггүй. Тэгээд л ойр дотныхоо хүмүүст өгчихдөг.
-Шинэ жилийн баяр хүн бүхний хамгийн дуртай баяруудын нэг яах аргагүй мөн. Та шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?
Манай СУИС-ийн ангийнхан уулзалдаад бид нар хуучнаар бол Сонгины амралтруу явж ангиараа шинэ жилээ тэмдэглэсэн. Тэр мөч л надад ерөөсөө мартагддаггүй, хамгийн сайхан шинэ жилийн баяр байсан. Хэн нь ч нэгэндээ хэлээгүй мөртлөө бүгд цүнхэндээ солих гоё хувцсаа авчихсан байсан. Тэгээд хөвгүүд нь хоорондоо ярьж байгаад гоё хувцсаа өмсөөд сайхан ширээ засчихаад охидуудаа бууж ирэхэд нь сюрприз барья гээд тохирчихсон байсан чинь охидууд маань буугаад ирсэн чинь өөрсдөө шоконд орж байгаа юм чинь. Нөгөө охидууд маань гоё даашинзаа өмсчихсөн үнэхээр гайхалтай байсан. Би тийм шинэ жилийг л хүсдэг. Өөрөө зочин болоод, хүмүүсээр үйлчлүүлээд, өөр хөтлөгч гарч ирэхэд баяр хүргэж бүжиглээд л. Даанч тийм шинэ жил миний хувьд их ховор байдаг. Дандаа л тайзны ард эсвэл өөрөө хөтлөгч хийгээд байж байдаг.
-Ер нь та шинэ оноо гэртээ угтаж амждаг уу? Урлагийн хүмүүс ихэвчлэн ажлын онцлогоос болоод гэртээ шинэ оноо гаргаж амждаггүй шүү дээ?
Гэртээ шинэ оноо гаргадаг. Яагаад гэвэл манай хадам ээжийн төрсөн өдөр 12 сарын 31-нд болдог. Тийм болохоор сүүлийн 2, 3-н жил 31-ний өдөр ямар ч захиалга авахгүй байгаа. Урьд нь “Алтан сарнай”-г байнга хөтөлдөг байсан. Харин одоо бол шинэ оноо гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа байж угтдаг.
-Ээжийнхээ төрсөн өдрийг хамгийн сүүлд яаж тэмдэглэсэн бэ?
Нижгэр тэмдэглэнэ ээ. Ээжийнхээ төрсөн өдөр, баярыг сайхан тэмдэглэдэг. Ер нь хүн гэр бүлдээ их анхаарал халамж тавих ёстой гэж боддог. Өөрийнхөө төрсөн өдрөөр ч гэсэн хамгийн түрүүнд ээжийгээ баярлуулах ёстой. Биднийг энэ хорвоод төрүүлж өсгөсөн аав, ээжийн баяр гэж боддог болохоор найзуудынхаа төрсөн өдрөөр ч гэсэн хамгийн түрүүнд аав ээж дээр нь очиж бэлэг өгдөг. Найзууддаа ч гэсэн ээжийгээ хамгийн түрүүнд баярлуулж бай гэж хэлдэг.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ? Гэр бүлийнхэнийгээ танилцуулахгүй юу?
Уг нь бол айлын ганц хүү л дээ. Гэхдээ сүүлд өөрийнхөө том хүүтэй чацуу дүүтэй болсон. Манай ээж сүүлд гадаад хүнтэй суугаад би хөөрхөн орос дүүтэй болсон. Аав минь ч байдаг. Одоо бүгд тус тусынхаа ажлыг хийгээд амьдарч байна. Би чинь ер нь олон аав, ээжтэй их баян хүн шүү дээ.
-Урлагийн ажил цаг наргүй байдаг. Энэ бүгдийг ойлгож, ар гэрийн ажлыг амжуулдаг хүн бол яах аргагүй хань байдаг. Таны хувьд ч эхнэрийн тань хувь нэмэр их байдаг байх. Манай уншигчдад эхнэрээ танилцуулахгүй юу?
Би эхнэртэйгээ 2001 онд сургуульд ороод л танилцсан. Уянга гэдэг жүжигчин мэргэжилтэй бүсгүй бий. Сүүлд “Амьдралын амт”, “Валентены захидал” зэрэг кинонд хамтарч тоглосон. Надад хоёр сайхан хүү төрүүлж өгсөн. Том хүү маань одоо 2-р анги, бага нь 3-н настай. Одоо дахиад нэг хүү төрүүлж өгвөл дархан бэр болно доо. /инээв/ Гэхдээ одоо охинтой болно гэж бодож байгаа. Эхнэр маань үнэхээр миний найдвартай ар тал болж, намайг чимж явдаг ухаалаг сайхан бүсгүй.
-Та ихэвчлэн араасаа хүүхнүүдийг гүйлгэсэн, шалиг залуугийн дүрд тоглодог. Яг амьдрал дээр таны араас хэр олон хүүхнүүд гүйдэг вэ? Эхнэр тань хэрхэн хүлээж авдаг бол?
Яг амьдрал дээр хүүхнүүд гэхээсээ илүү эрчүүд намайг илүү хүндэлж, үнэлдэг. Миний кинон дээр бүтээдэг дүрүүд ихэвчлэн бүсгүйчүүдийг байлдан дагуулсан, тэднийг илүү ойлгож хүндэлдэг, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг биширч чаддаг залуугийн дүр байдаг боловч үзэгчид үүнийг хөнгөн, шалиг залуугаар хардаг. Уг нь бол жинхэнэ жентелмэн залуугийн дүр л дээ. Тийм болохоор ч эрчүүд тэр дүрийн залуу шиг байхыг хүсч, ийм найзтай байхыг хүсдэг болохоор илүү үнэлдэг байх. Мөн Цэлмэг гээд үнэнч фен байдаг. Намайг анх “Хувьсал продакшн”-д байхад л бид нарыг ирж үздэг, бид нарын дунд ороод л юм ярьдаг жоохон хүү байсан. Одоо том залуу болсон байна лээ. Баяр наадам, тоглолтоор гоё бэлэг, зураг явуулдаг, миний мэддэггүй уран бүтээлийн он сар, хэзээ хаана тоглолт хийсэн ямар шагнал авч байсан гээд бүгдийг надаас илүү сайн мэддэг дүү бий. Хүүхнүүдийн хувьд танилцаад л чиний тэр киноны тийм дүрд дурлаж байсан гэх явдал зөндөө л байдаг. Ийм асуудалд гэр бүл маань их нээлттэй ханддаг.
-Жүжигчин хүн бүрт тоглож үзэх юмсан гэж боддог дүр байдаг. Таны хувьд?
Эргээд бодоход энэ арван жилийн хугацаанд их олон дүр бүтээсэн байна. Цуврал кинонд тоглохыг их хүсдэг байлаа. Тэгээд “Амьдралд тавтай морил” кинонд тоглосон. Ер нь хүн болгон л ямар нэгэн дүрд тоглох юмсан гэж боддог. Миний хувьд яг тийм л дүрд тоглоё гэж боддоггүй. Яагаад гэвэл надад бүгд нээлттэй юм шиг санагддаг. Эсрэг, эерэг бүх л дүрд тоглож чадна гэж боддог учраас бүх дүрд л тоглох байх. Тэгээд ч би 25-30 насны хооронд хангалттай их дүрийг бүтээсэн. Угаасаа хөгшрөөд ирэхээр сайхан аав, өвөөгийн дүрд тоглож л таараа.
-Та “Ододтой бүжиглэе” шоунд оролцож сайн бүжигчин гэдгээ харуулсан. Урьд нь бүжиглэдэг байсан уу?
Би дээр ярьсан “Авъяас чадвар” тэмцээнд орж байхдаа чөлөөт бүжиг, цэнгээнт бүжиг бүжиглэсэн. Тэгэхэд анх тэр 2 бүжгийг сурах гэж хамгийн модон, эвсэлгүйгээрээ дуудуулаад, загнуулаад хамтлаг дундаа чирэгдээд л явж байсан. Тэр үеэс л бүжиглэж эхэлсэн дээ. СУИС-д угаасаа бүжгийн хичээл заадаг байсан. “Ододтой бүжиглэе” шоуны анхны ялагч, эрэгтэй хүн бүжгийн спортод ялагч байна гэдэг ховор байдаг болохоор үүндээ их хайртай байдаг. Тэгээд ч хамгийн том шагналыг нь авч байлаа. Гэр бүлээрээ Хайнан явж 2010 оны машин бэлгэнд авч байсан. Одоо бол би бүжгэнд ухаангүй хайртай. “Монголын бүжгийн спортын холбоо”-ныхонтойгоо байнга уулзаж тэднийхээ шинэ жилийн баяр дээр очно, улсын аварга шалгаруулах тэмцээнийг байнга хөтөлдөг. Одоо он гарангуут 1 сарын 1-нд “Ододтой бүжиглэе” шоуны пиналын шатанд өмнө нь оролцож байсан 3-н ялагч хоорондоо бүжиглэнэ. Тэгэхээр маргаашнаас эхлээд бэлтгэлдээ орох байх.
-Одоо та яг ямар уран бүтээл ажиллаж байна вэ?
Одоо шинэ жилийн баярын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. 2 сар гаргаад урь орохоор тайзны уран бүтээл буюу мюзикл жүжиг хийхээр төлөвлөөд байгаа. Энэ нь бас манай гэр бүлийн хүний дипломын ажил болж байгаа юм. Хуучин бүрэлдэхүүнээ цуглуулж дуулж бүжиглэдэг жүжиг хийж үзэгчдэд тоглоно. Мөн саяхан киноны санал орж ирсэн. Энэ жил би нэг ч кино, рекламны санал аваагүй. Он дамнаад хийгдэх энэ кино их гоё болох байх. Бүх продакшны жүжигчдээс нэг, нэг хүн орж байгаа. Бас бүх студиуд нэгдэж энэ киног хийж байгаа юм.
-2012 он таны хувьд хэр их үр өгөөжтэй жил байв?
Их сайхан жил байлаа. Хөрөнгө мөнгөний хувьд ч, хийсэн ажлаа хүнд дүгнүүлээд хөлс авахад ч тэр ер нь л манай гэр бүлийн хувьд их сайхан жил байна. Манай эхнэр саяхан Шанхай хотруу кино зурганд яваад ирсэн. Би дагаж яваад анх удаа арын ажилд нь туслалаа. Гоё л байлаа.
-Та саяхан МЗХ-ны “Залуучуудын соёл урлагийн хороо”-ны тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. Энэ талаар?
Жүжигчдийнхээ багийг төлөөлж тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. Олон хүнтэй харьцаж, их юм ярьдаг болохоор сонгосон юм болов уу гэж бодож байгаа. Ер нь бол баярлахаасаа илүүтэй их үүрэг хариуцлага л даа. Олон ажлын хажуугаар хийх ёстой бас нэг ажилтай л болж байна. Хамгийн гол нь энэ хороо маань цаашид юу хийх гэж байгаа талаараа саяхан хуралдаж ярилцсан. Эндээс үнэхээр их кайф авлаа. Яагаад гэвэл бид нар нийгэмд ямар нөлөө үзүүлж чадаж байна вэ, залуучууд юу хийж чадаж байна вэ гэдгээ дүгнэлээ. Тэгээд бид нар нэгдээд ямар нэгэн ажил хийвэл амархан бүтэх юм байна гэдгийг ойлгосон. Залуучуудад хандсан ажил хийнэ гэхээр надад их урам зориг орсон л доо. Тэгэхээр энэ ажлаа их дур сонирхолтой, үр бүтээлтэй хийнэ гэж бодож байна.
-Цаашдын мөрөөдөл, зорилго тань юу вэ?
Мөрөөдөл их байна. Хүн угаасаа их шуналтай амьтан шүү дээ. Амьдралдаа юу хийж бүтээж чадаж байна тэрийгээ авахыг хүсдэг. Тэр бүгдийг би өөрөө хөдөлмөрлөж байж ном журмынх нь дагуу авна гэж боддог.
Ярилцсан Ц.Баянбилэг
Эх сурвалж: Залуучуудын Үнэн сонин