Манай энэ удаагийн зочноор Азийн топ модель Т.Батцэцэг оролцож байна. Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр Филиппин улсад зохиогдсон “Miss Earth-2012” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн юм.
–Юуны өмнө танд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, “Эх дэлхийн мисс 2012” тэмцээний хүрэл медалийн эзэн болсонд баяр хүргэе
-Баярлалаа. Юуны түрүүнд надад итгэл хүлээлгэж, энэ тэмцээнд оролцох боломжийг нээж өгсөн “Шилмэл загвар” агентлагийн хамт олондоо болон Ч.Оюунцэцэг захиралдаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн намайг сэтгэл зүрхээрээ дэмжиж, урам хайрлаж байсан монголчууддаа бүгдэд нь баярлалаа. “Miss Earth” тэмцээнд өмнө нь манай улс оролцож байгаагүй. Миний хувьд энэ тэмцээнд анх удаа эх орноо төлөөлөн оролцоод ийм амжилт үзүүлсэндээ маш их баяртай байгаа. Энэ тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 90 гаруй орны охид, бүсгүйчүүд гоо үзэсгэлэн болоод оюун ухаанаараа өрсөлдсөн.
–Загвар өмсөөд хэдэн жил болж байгаа вэ?
-Анх 2007 онд “Шилмэл загвар” агентлагийн загварын дамжаанд явж эхэлсэн. Тэр үедээ загварын ертөнцтэй амьдралаа холбоно гэж бодоогүй. Бусдын л адил алхаа, гишгээгээ засах хүсэлтэй байсан.
–Ер нь загварын ертөнцийг гаднаас нь сонирхогчийн үүднээс харах, дотор нь орж ажиллах хоёрт их хол ялгаа байдаг байх?
-Ихэнх хүн загвар өмсөгчдийн ажлыг зүгээр нэг хувцас өмсөөд тайзан дээр хөндлөн алхаад л болдог юм шиг их амар хялбар гэж ойлгодог. Би ч гэсэн амархан мэтээр л боддог байсан. Гэвч энэ тийм ч амар зүйл биш. Маш их тэвчээр хатуужил, зориг шаарддаг, тэгсэн хэрнээ бас маш их аз жаргал, баяр баяслыг бэлэглэдэг сайхан ажил шүү.
–Загвар өмсөгчдийг тайзны ард их түнжин муутай байдаг, хувцсаа булаацалдаж зодолддог гэх зэрэг мэдээллүүд багагүй гардаг. Энэ үнэн үү?
-Мэдээж хэрэг, өрсөлдөөн бол бүх л салбарт байдаг. Бидний хувьд ч гэсэн арай олон жил загвар өмссөн моделиуддаа хүндэтгэлтэй ханддаг. Тэднийг хүндлэхгүй, сургамж сонсохгүй байж юм сурна гэж байхгүй. Ер нь бол загвар өмсөгчдийн талаар энэ байтугай сөрөг мэдээлэл байдаг. Гэхдээ миний бодлоор загварынхан бусдын нүдэнд илүү ил тод байдаг болохоор шүүмжлэлд их өртдөг юм шиг санагддаг. Яг үнэндээ бусад салбарт ч маш олон сөрөг асуудлууд байдаг. Харин тэд бусдын нүдэнд тийм ч ил биш, далд байдаг болохоор янз бүрийн яриа гараад байдаггүй юм шиг байгаа юм.
–Өөрийн чинь үндсэн мэргэжил?
-Би Олон Улсын Эдийн Засгийн Харилцаагаар сурч байгаа. Энэ жил төгсөнө.
–Цаашдаа загвар өмсөгчөөрөө түлхүү ажиллах уу, эсвэл үндсэн мэргэжлээрээ ажиллах уу?
-Мэдээж өөрийнхөө мэргэжлийн ажлыг номер нэгт тавина. Хажуугаар нь загвар өмсөгчийн ажлаа ч хаяхгүй гэж бодож байгаа. Миний загварын тайзнаас буух нас болоогүй.
–Урдаа тавьсан зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Тэр нууц байсан нь дээр байхаа. Хүн ер нь хэдий том зорилго тавина, түүнийхээ хэрээр амжилтанд хүрдэг гэж боддог. Тийм ч учраас би өөртөө маш том зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө хичээж явна.
–Загвар өмсөгчийн амьдрал өөрийн чинь хүсч, мөрөөдөж явсан зүйл мөн үү?
-Үнэндээ яг миний зорьж явсан амьдрал биш. Би багаасаа спорт, урлагт их дуртай хүүхэд байсан. Тийм болохоор спортоороо хичээллэх хүсэл ч байсан.
–Энгийн нэг оюутан, ийм амжилттай яваа загвар өмсөгчийн амьдрал хоёрын хооронд их ялгаа байдаг байх. Хүмүүсийн өөртэй чинь харьцаж байгаа байдал ч өөр байдаг болов уу?
-Мэдээж хэрэг, энэ хоёрын хооронд ялгаа байгаа. Би үзэж, харсан болон хийж, бүтээснээрээ үеийнхнээсээ нэг алхам түрүүлж байгаа гэж боддог. Мөн амьдралыг харах өнцөг, бусдаас сонсож, сурсан зүйл гээд арай илүү байгаа. Гэхдээ хүмүүсийн хандах хандлагад тийм их ялгаа байхгүй.
–Монголынхоо нэрийг гаргаж яваа хүн гэдгээр чинь чамайг танихгүй хүн ховор. Тийм болохоор хүн болгон чамайг сонжиж хардаг болов уу. Хааяа нэг найз нөхөдтэйгөө баярлаж, цэнгэх тохиолдолд бусдын өмнө яг өөрийнхөөрөө чөлөөтэй байж чаддаг уу?
-Бид нар бүгдээрээ л баярлаж, цэнгэх эрхтэй хүн юм чинь яагаад тэрнээс санаа зовох ёстой гэж. Зөвхөн би л ганцаараа шоудаад, манай найзууд л бааранд суугаад байгаа биш. Бүгд л тэгж стрессээ тайлж, найз нөхдөөрөө доргидог. Гэхдээ наргиж, цэнгэхдээ бас учраа мэддэг байх хэрэгтэй. Энэ бол хэн нэгнээс ичээд, нуугаад байх асуудал биш. Гэхдээ миний хувьд тэгж явах нь маш цөөхөн. Бараг гардаггүй гээд хэлчихэд хилсдэхгүй дээ /инээв/
–Гоё, сайхан, хөөрхөн гэсэн тодорхойлолтуудын ялгааг юу гэж ойлгодог вэ?
-Сайхан гэхээр гадаад болоод дотоод ертөнц нь гэгээлэг, оюунлаг, уужуу тайван гээд бүх л зүйлийг өөртөө шингээсэн хүнийг хэлэх байх. Гоё гэдэг нь сайхантайгаа бас их ойр юм болов уу. Хөөрхөн гэдэг бол мэдээж нүүр царайгаар нь л дүгнэх дүгнэлт байх.
–Чи тэгвэл эдгээр ойлголтын алинд нь багтах вэ?
-Бүгдэнд нь багтана /инээв/
–Чиний хувьд Монголын загвар өмсөгчдөөс хэнийг номер нэг гэж боддог вэ?
-Би топ модель Уранцэцэг эгчийг маш их хүндэтгэж, тэр хүнээс үлгэр дуурайлал авдаг. Манай Урнаа эгч маш хөдөлмөрч, ухаалаг бүсгүй.
–Сүүлийн үед загвар өмсөгчид кино урлагт хүч үзэх нь их болсон. Тэр тусмаа эротик дүрд илүү тоглоод байх шиг. Чамд тийм санал ирдэг үү?
-Үгүй. Ирсэн ч би хэзээ ч нүцгэлэхгүй. Яагаад гэвэл хүнд бас бусдаас нуух, нандин юм гэж байдаг. Бүх юмаа ил байлгах хэрэггүй байх.
–Найз залуутай юу?
-Байгаа.
–Ийм сайхан бүсгүйд сэтгэлээ илчлэх, болзоонд урих залуучууд цөөнгүй биз?
-Тийм асуудал гардаг. Гэхдээ танихгүй, мэдэхгүй хүмүүстэй уулзаж, болзох ямар ч шаардлага байхгүй. Тэгээд ч найз залуутай хүн бусдын сэтгэлийг хүлээж аваад байх хэрэггүй.
–Монголын залуучуудыг гадныхантай харьцуулахад мэдлэг боловсрол, биеэ авч яваа байдлаараа ямар түвшинд үнэлэгдэх бол?
-Нэг их дутаад байх юм байхгүй ээ. Манай монголын залуучууд боловсрол мэдлэгтээ ч тэр харилцааны болон хувийн соёлдоо маш их анхаардаг болчихсон юм шиг санагддаг.
–Чиний амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Цаг хугацаатай уралдаж амьдрах юмсан гэж боддог. Биднийг хүлээхгүй, эргэж олдохгүй цаг хугацаагаа үр дүнгүй, дэмий өнгөрөөхгүй юм сан, илүү ихийг хийж, бүтээх юм сан л гэж боддог. Завгүй байх дуртай.
–Гоо сайхандаа хэр их цаг зав, мөнгө зарцуулдаг вэ?
-Би бараг гоо сайханд ороод байдаггүй ээ. Өөртөө тохирсон арьс, арчилгааны бүтээгдэхүүнийг л хэрэглэдэг. Ер нь бол залуу хүн юу ч хэрэглэсэн сайхан харагддаг шүү дээ.
–Монголын загварын ертөнц хэр хурдацтай хөгжиж байна гэж боддог вэ?
-Харьцангуй сүүлд хөл тавьсан ч гэсэн монголын загварын ертөнц дэлхийн жишигт дүйцэхүйц хурдтай хөгжиж байгаа гэж бодож байгаа.
–Өөрийгөө нэг өгүүлбэрээр тодорхойлооч?
-Би бол нар.
–Төгсгөлд нь үеийнхээ залуучуудад хандаж хэлэх үг?
-Боловсрол, мэдлэгтээ анхаарлаа хандуулж, илүү ихийг хийж, бүтээхийн төлөө тэмүүлэлтэй байгаарай л гэж хэлье дээ.