Өмнөд Солонгосын дуучин, реппер CL “TheBlackLabel” энтертайнменттай албан ёсоор гэрээ байгуулснаа зарлаж, энэ арваннэгдүгээр сард шинэ уран бүтээлээ гаргахаар болсноо мэдэгдлээ.
“2NE1” хамтлагийн ахлагч асан CL ийнхүү продюсер Teddy-гийн үүсгэн байгуулсан “TheBlackLabel”-ийн уран бүтээлчдийн эгнээнд нэгдэж байна. Тэрбээр өмнө нь Teddy-тэй хамтран олон хит дуу бүтээж байсан бөгөөд шинэ агентлагт нэгдсэнээр тэдний уран бүтээлийн хамтын ажиллагаа дахин үргэлжлэх боломж бүрдэж байгаа юм.
“TheBlackLabel”-ийн мэдээлснээр, CL шинэ уран бүтээлийнхээ бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд фенүүддээ шинэ хөгжмөө хүргэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн дуучин арваннэгдүгээр сарын 16-нд шинэ синглийнхээ нэрийг “Iconic” хэмээн зарласан байна. Тус дууг арваннэгдүгээр сарын 20-ны 18:00 цагт БНСУ-ын цагаар олон нийтэд хүргэхээр товложээ.
CL нь “2NE1” хамтлагийн гишүүн байх үеэсээ хүчирхэг тайзны үзүүлбэр, өвөрмөц хэв маягаараа олон улсын хөгжмийн ертөнцөд танигдсан уран бүтээлч юм. Тэрбээр хамтлагийн үйл ажиллагаанаас гадна бие даасан уран бүтээлээ туурвиж, K-pop урсгалыг дэлхийн зах зээлд таниулахад хувь нэмрээ оруулсан билээ.

