Энэ өдрийн залхмаар уйтгартай бүхнийг тасалж гэнэтхэн компьютерийн дэлгэцэн дээр нэгэн “цонх” нээгдлээ.
——- : Sain uu?
——- : Sonin yu bna ?
——- : Ajil amidral ni dabgui biz? гээд л хэсэг хугацаанд сураг чимээгүй болчихсон “миний ах” сурсан зангаараа… Тиймээ, яг л үүнийг би хүлээж байсан юм шиг сэтгэл бүр догдолчихлоо. Үргэлж л би түүнийг цаашлуулж байдагсан. Энэ удаад ч гэсэн би жаал зүггүйтлээ. Харин тэр намайг ингэж аашлахад гомддог үгүйг мэдэхгүй. Магадгүй гомддог биз. Заримдаа хариу бичихгүй уддаг юм. Тэгж тэгж бичихээр нь уурласан уу? гэхэд “Үгүй” гэнэ. Тэгэхэд нь “Худлаа яриад л… Уурлачихаад…” гэхэд заримдаа юм бичихгүй. Ихэнхдээ зүгээр л “UNSEY” гэсэн тэс өмнөө хариулт ирнэ.
“Миний ах” гээд байгаа энэ хүн хэн бэ? гэж үү.
Бид хоёр жилийн өмнө санамсаргүй танилцсан юм. Нэг их цэмцгэр, царайлаг энэ хүн эхэндээ надад таалагдаагүй л дээ. Өнгөтэй, мөнгөтэйгөөрөө түрий барьж охидоор тоглодог өөдгүй залуусын нэг л биз гэж боддог байлаа. Бодолдоо бат итгэлтэй би эхлээд үргэлж л түүнийг өөдгүй үгээр гоочилдог байсан сан. Гэхдээ тэр өдөр хоног өнгөрөх тусам тийм хүн биш гэдэг нь танигдсан л даа. Үнэндээ бол миний итгэлтэй хүн. Бас… гэхдээ би энийг одоо хэлэхгүй ээ. Мэдээж насны хувьд надаас ах л даа. Миний хамаг л шалгуурыг давчихаад байгаа ганц хүн минь.
Үргэлж л би ямар нэг болохгүй зүйл сэднэ. Яагаад ч юм түүнийг инээлгэмээр санагддаг. Инээмсэглэл нь таалагддаг болохоор тэгдэг байж магадгүй.
Харин өнөө орой хамт хооллохоор боллоо. Би ахиад л ямар нэгэн хачин зүйл бодож олох хэрэг гарав. Оройхон ажлаа тарж байна уу? Гарлаа шүү гэж мессэж ирэв. Гарахаас өмнө тохирох ганцхан зүйл байна гэвэл хэл гэв. Энэ удаа хоёулаа уулзахдаа ерөөсөө юу ч ярихгүй шүү. Харцаараа ярилцана. Харин шаардлага гарвал бичгээр харилцана гэхэд чиний тэвчээр хүрэх юмуу? гэж ам асуув. Ингэж хэлэхээс ч аргагүй л дээ. Уулзахаараа би бараг 80 хувьд нь ярьж, ах инээсээр таардаг юм чинь. Би өнөөдөр юу ч ярихгүй гэж ам гарав. Би ер нь, аманцар ч гэсэн цаг дээрээ бол гүргэр хүн л дээ. Ах удсан ч үгүй гадаа ирчихэж. Би ч хүлээж байсан болохоор гарч дэгдлээ. Бид бие биенээ хараад зүгээр л инээмсэглэлээ. Тохирсон ёсоор ярилгүйгээр мэндэлж байгаа нь тэр. Нэгэн зоогийн газар ширээ захиалжээ. Хоорондоо л ярихгүй гэж тохирсон болохоор хоолоо захиалахад хүндрэл гарсангүй. Дуугүй суугаад байж болж байнаа. Гэхдээ л миний инээд хүрээд байлаа. Би инээгээд л… Ах ч инээгээд л… Түүнийг инээмсэглэхээрээ илүү сэтгэл татам юм гэж бодож амжмагцаа миний бодлыг мэдчихээгүй байгаа гэж гэнэт нүүр халуу оргив. Ашгүй ах анзаараагүй бололтой. Ер нь, миний бодлыг урьдчилж таачихаад байдаг юм л даа.
Бидний захиалсан хоол ч ирлээ. Би хоолоо идэж, харин ах намайг хараад л инээгээд л суух юм. Тэгэхээр нь би тэмдэглэлийн дэвтрээ үзэгтэйгээ гаргаж ирээд “Хоолоо идээч” гэж бичээд өглөө. Харин ах “Чамайг харж байна” гэж бичжээ. Тэгэхээр нь би “Нүд, ам хоёр чинь зэрэг ажиллаж болдог юмаа. Хоолоо ид” гэв. Ах “Тийм үү” гэж бичжээ. Тэгээд хооллож эхэллээ. Хоёулаа л инээсээр… Зоогийн газрын зөөгч залуу биднийг бичгээр харицахыг хараад гайхаж байв. Бид хоёр хоолоо захиалахдаа зүгээр л өөрсдөө хэлчихсэн болохоор гайхаад байгаа бололтой. Хоорондоо юм ярихгүй болохоор хамаагүй хурдан хооллодог ажээ. Ах миний тэмдэглэлийн дэвтэрийг аваад “Хамтдаа хийж үзэхийг хүсэж байгаа гурван хүслээ бич” гэжээ. Би хариуд нь “Нэгдүгээрт, өндөр уулын орой дээрээс зуун бөмбөлөг хөөргөж үзэх. Хоёрдугаарт өвлийн цас малгайлсан үдэш хамтдаа гудамжаар алхах, гуравдугаарт хуучин модон гүүрэн дээр очиж хүслээ шивнэх” гэж бичив. Ах “Явъя, нэгдэх хүслийг чинь биелүүлье. Хоёр дахь нь өвөл болохыг хүлээхээс аргагүй. Гурав дахийг нь дараа болъё” гэж бичжээ. Бид замдаа дэлгүүрээс өнгө өнгийн бөмбөлөг аваад хотын зах руу гарлаа. Нэгэн уул өөд өгсөх зуур нар хэдий нь жаргаж, харуй бүрий болж байв. Хоёулаа уулын оройд машинтайгаа гарчихаад бөмбөлөгнүүдээ үлээж эхэллээ. Би долоо наймхан бөмбөлөг үлээгээд завж минь хорсож, цааш нь чадахгүй нь бололтой. Ах харин надаас арай олныг үлээсэн байв. Хоёулаа 100 бөмбөлгөө үлээж дуусахгүй гэдэг дээрээ санал нэгтэй байв. Харцаараа ойлголцоход амархан юм аа. Тэгээд үлээсэн бөмбөлгүүдээ холбоод салхинд хөөргөхөд үдшийн бүрийд алсарсаар дорхоноо л харагдахаа болилоо. Ах тэмдэглэлийн дэвтэр дээр “Одоо хоёулаа дуугүй байх гэрээгээ цуцалъя” гэхэд нь би толгой сэгсэрлээ. Ингээд бид буцлаа. Гэрийнхээ гадаа ирээд машинаас буухад ах намайг тэврээд зөөлөн үнсэж “Би маргааш Америк явлаа” гэж хэлдэг байгаа. Энэ үг тархин дундуур минь цохиод авах шиг л болов. Өнөө оройжин инээсэн баяр хөөр бүх зүйл хийсэн алга болов. Нүдэнд минь хурсан нулимс юу юугүй унах гэхээр нь би гараа шувт татаж аваад орц руугаа гүйчихлээ. Сүүлчийн удаа уулзаж байгаагаа ч мэдэхгүй ямар тэнэг гээчийн санаа бодож олов оо гэж харамсахын дээдээр харамслаа. Гэртээ ороод хаалганыхаа хажууд хөлийн чимээ хүлээж хэсэг зогслоо. Надад юу ч хэлэхгүй ингээд л явчихаж байгаа юм байхдаа гэж бодохоор түүнд бүр их гомдлоо. Чанга гэгч нь цухиран уйллаа. Буцаж гүйж гараад битгий яваач гэж гуймаар санагдав. Тэгтэл мессэж ирж байна. “Юундаа усан нүдлээд байгаа юм бэ? Би арав хоноод л ирнэ. Үнсэе” гэсэн байв. Юу юугүй уйлж гүйж очоод хамаг нууцаа алдах шахлаа шүү гэж бодоод нулимсандаа хахаж цацан инээв. Ахиад л баяр хөөр, инээд… Хариу бичих санаатай сууж байтал ахиад мессэж ирлээ. “Халтайчихаад инээгээд байхын нүүрээ угаагаачээ” гэжээ. Намайг хараад байгаа юм байхдаа гэж огло харайхад ахиад мессэж “Тоглосон юм аа, сайхан амраарай. Үнсэе” гэсэн байлаа.
Б.Гүнжинлхам