Төрийн соёлхолт, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит "Эх орон, оюун санаа, яруу найраг" яруу найргийн наадам, эрдэм шинжилгээний бага хурал жил бүрийн уламжлал болон зохиогдож ирсэн билээ. Энэ жилийн наадам ирэх дөрөвдүгээр сард болох ажээ. Сүхбаатар аймгийн оюутан, залуучуудын холбоотой хамтран зохион байгуулах арга хэмжээний хүрээнд түүний шүлгээс санаа авч туурвисан зургийн үзэсгэлэнг дэлгэх гэнэ. Эх орон, тусгаар тогтнолын дууч байсан яруу найрагчийн нэрэмжит уг арга хэмжээг түүний охин Дашбалбарын Индра анх санаачлан, уламжлал болгон явуулж байгаа юм. Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жилийн "Эх орон, оюун санаа, яруу найраг" наадамд яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж байсан билээ.
Ингээд та бүхэндээ Төрийн соёлхолт, яруу найрагч О.Дашбалбар агсны сор болсон бүтээлийг хүргэж байна.
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!
www.URLAG.mn