-Эмээ,та яг “Ганнам стайл” –аар бүжиглэж байна гэж хичээлээсээ ирсэн ач охиноо хэлэхэд хаалгаа онгойлгох гээд цоожны нүхээ олохгүй түлхүүрээрээ хаалганы будаг ховхорсон газар бүр хатгаж зогссон би цочин эргэж харав.
-Цөх юуны чинь “ганган дээл” гэж. Ээжийн чинь багадсан шубаар гангараад энүүхэн дэлгүүр орсон чинь хавийн амьтны нүд орой дээрээ гараад “ганган эмээ” гээд дээр дооргүй хоёр нүдээ унагах нь ээ. Энэ хажуу хөрш Балдан өвгөн “залуухан бол чамайг аваад суучихмаар байна” гээд зүрхний дусаалаа гаргаж ирээд нэг дор бүгдийг нь уучихлаа. Нүдтэйгээрээ чи цоожны нүх олоод хаалгаа онгойлго гэхэд ач охин ханцуй нь уртадсан шубныхаа ханцуйг ээлжлэн нугалж эргүүлэх намайг олзуурхан харсанаа,
-Ганган дээлтэй гэж хэлээгүй шүү дээ. “Ганнам стайл”-тай гэж хэлээд байхад… Одоо ч гэсэн та яг түүнийг хийгээд байна шүү дээ гэж миний ээлжлэн хоёр урт ханцуйгаа эргүүлэх хөдөлгөөнийг тайлбарлаж өглөө.
Дүлий эмгэн “Ганнам стайл” гэдгийг нь “ганган дээлтэй” гэж сонсжээ. Тэнгэр бүрхэг болохоор орцны цонхны гэрэлд цоожны нүх олдохгүй хэцүү шүү дээ. Орой долоогоос хойш орцны гэрлээ асаадаг тул над шиг харалган хүн хаалгаа онгойлгох гээд бүтэн өдөржин цоожны нүхээ хайх бол хүн төрөлхтөнд тохиолдох аар саархан асуудлуудын нэг мөн. Ашгүй, ач охин ирж аминд орлоо.
Ач охин гэртээ ормогц зурагтаа асаагаад “Ганнам стайл” гэдэг дууг надад үзүүллээ. Солонгосын баячуудын амьдардаг тусгай хот байдаг юм байна. Ард түмнээсээ “тасархай” тансаг амьдардаг тэднийг “хэв ховчин” гэдэг дуучин залуу шоглон дуулсан гэнэ. Түүний бүжиглэж байгаа хөдөлгөөнийг “Ганнам стайл” гэдэг ажээ.
Эмээ танд зааж өгье гээд ач охин гар хөлийг минь татаж чангааж, хөгжмийн аянд намайг нааш цааш нь чирлээ. Залуудаа гайгүй “танцчин” байсаны хэрэг би ч ач охиноо дууриагаад “авч” өгч байнаа… Миний амархан “сураад” байгаа нь миний өөрийн араншинтай их холбоотой юм. Юм л бол би хоёр гараараа цээжээ ээлжлэн цохиж ярьдаг сонин зантай л даа.
Нэгд чи өөрийгөө бодож яв. Хоёрт чи эмээгээ бод гэж хүү бэр хоёрыгоо байхгүйд ач нартаа би сургадаг. Харин аав ээж нь байх юм бол нэгд чи өөрийгөө бод, хоёрт аавыгаа бод, гуравт… бэрээ хяламхийн харж байгаад бэрийгээ юмуу өөрийгөө дараалуулж ярина. Тэр гараа зангах нь энэ морь унаж яваа юм шиг бүжиглэдэг бүжигтэй хачин адилхан байжээ.
Жалам хар бол монголын үндэсний “ганнам стайл” шүү дээ. Аяыг нь солиод тавихад монголчууд үүнийг анх зохиосон нь мэдэгддэг. Бүжиг нь бол ярих юм алга “адуучин” бүжигтэй ав адилхан. Зохиогчийн эрх талаас нь хөөцөлдвөл харин ч манайхан юм дуулна шүү. Цагтаа сайн дурын урансайханч байсан болохоор би нэг юм гадарлаад байгаа юм…
Манцуйтай хүүхэд хоёр гараа урдаа барин сарвагнахад “ганнам стайл” гэж аав ээж нь баярлана. Хөлд орж буй хүүхэд паацагнахад “ганнам стайл”. Байсаар “ганнам стайл”-гүй юм алга болчихлоо. Хөл муутай хөгшин хүнийг таягаа тулан майжигнахад “ганнам стайл” болгоно.
Согтуучуудыг хүртэл “ганнам стайл” гэж өхөөрдөнө. Нөгөө хэд нь дүрдээ итгэчихсэн өглөө нэгэн рүүгээ ярихадаа “Өнөөдөр ганнам стайл” бүжиглэх үү? Хөгшинд нь ганц юмны мөнгө байна” гээд ажлаа эхэлнэ. Хаа сайгүй “ганнам стайл”-ын дуу хөгжим цууриатаж, замын цагдаа замын голд эрээн модоо гозогнуулан, жинхэнэ “бүжиглэж” өгнө л дөө.
Ганнам стайлын ая сонсоод орчноо нэг хараарай. Дэрсэн шүүр барьсан гудамжны цэвэрлэгч, цас арилгах хашаачин, буудлын шилэн хаалгыг амаараа үлээн алчуураар зүлгэх хаалгач, машин хараад буцаад гүйлдэх явган зорчигчид, хурдаа хасаж чадалгүй ар араасаа мөргөлдөх машинууд…
Ач охин минь “ганнам стайлаар” орчлон дэлхийг цоо “ширтэх” тул цоожны нүхээ олохгүй түлхүүр барин мунгинах би хүртэл “ганнам стайл” болж харагдана. Нэг зүйлийг олон давтаж байгаа хүн яг л тэр бүжгийг бүжиглэж буй хүнийг санагдуулна. Хичээл дээр чихэвчээр хөгжим сонсож байгаа хүүхдүүдэд самбарт нэг зүйлийг олон удаа бичих багш нар нь “ганнам стайлчин” болж харагдана. Дэргэдэх хүүхдээсээ “будаа идэх” хүүхэд ч түүнийг дууриана.
Нэг давхраас таван давхрын шат хүртэл шатны бариулаас зууран арайхийн дээш гарч иртэл хөрш айлын Балдан өвгөн хөл нь хойш суун, буцаад шатаар өнхрөөд нисэх нь халаггүй аахилж амьсгаадсан намайг “Залуугийн чи бүжигт нугасгүй шүү. Хүүхдүүдээс дутах юмгүй харагдаж байна” гэж баалав. Нэг гартаа тортой юм барьчихсан, нөгөө гараараа шатны бариулаас нэг шат ахих болгондоо ухас ухасхийн барьж авах би түүнд “ганнам стайл” болж харагдалгүй яах вэ…
Тэтгэврийн мөнгөө авахаар банкны салбар руу очтол өвлийн хүйтэнд гадаа дугаарлан зогсох өвгөд хөгшдийг банкны хамгаалагч залуу бороохойгоороо занган “Нусаа гоожуулан даарч зогсохын оронд та нар ганнам стайл” бүжиглээч. Хэн сайн бүжиглэсэнийг нь шууд оруулна шүү” гээд утасны хөгжмөө тавихад тэнд байсан хөгшчүүл таягтай таяггүй ёстой “үзүүлж” өгдөг байгаа.
“Ганнам стайл” бүжиглэдэггүй хүн гэж алгаа… “Убаа ганнам стайл” гээд бүгдээрээ дуугий нь дуулаад бүжиглэллээ. Яаж би ач охиноороо заалгасан юм бэ дээ. Бүжгийн зах булангүй байсан бол бүдүүлэг эмгэн гээд хамгаалагч залууд хөөгдөж, хамгийн сүүлд зогсож, өвлийн дүн хүйтэнд өвдөгний шар усаа хөлдөөж, таягтай биш тэргэнцэртэй болох байлаа…
Тэгээд дараа нь би давс авахаар дэлгүүр рүү явж байхдаа бодлоо. Их хурлын чуулганыг хүртэл “ганнам стайл” болгоод интернет дээр тавьчихсан байгаа юм чинь арай хө нөгөө хэцүү нэрт ирээд хойд төрөлд минь авч явахдаа “ганнам стайл” мэдэхгүй бол буцаана гэж золигтох вий дээ гэж дотроо инээд хүрч явав.
Цагтаа би чинь жараад оны үед хүүхэд залуучуудын паркийн бүжгийн талбай дээр хөрөнгөтний бүжиг “маангаа” бүжиглэж, цагдаа нарт гүпрээр ороолгуулж явсан зайлуул тэр үед засаг төр цагдаа нартаа бороохой авч өгөхийг мэддэггүй байж дээ “задарсан” бүжигчин байсан юм. Ямар сайндаа л одоо залуугийн юмаа тавихгүй шинэ үеийн бүжиг хүртэл сурчихаад бурхны өмнө ам бардам харайж хазганаж явах вэ дээ…
www.URLAG.mn