АНУ-д ажиллаж буй ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Бродвейн ууган театруудын нэг Townhall-ын захирал Майкл Прессертэй уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Монголын урлагийг Бродвейн театрын тайзнаа гаргах эхлэлийг тавих талаар ярилцжээ.
Тус театрыг таван эмэгтэй 1921 онд хувийн хөрөнгөөрөө байгуулсан бөгөөд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах зорилготой лекц, уулзалтуудыг зохион байгуулдаг байжээ.
Хожим нь АНУ-ын радио нэвтрүүлгийн түүхэн дэхь хамгийн алдартай ток шоунуудын нэгийг эндээс сонсогчдод хүргэдэг байсан байна.
Харин одоо жилийн дөрвөн улиралд дэлхийн өнцөг булан бүрээс урлагийн төлөөлөгчид ирж тоглолт хийдэг, урлагийн томоохон төв болжээ. “Нью Йоркийн зүрх” болсон Таймс скверт байрлах уг театр нь 1500 хүний суудалтай. Тасалбарын үнэ тухайн тоглолтынхоо хөтөлбөрөөс шалтгаалаад 50-125, түүнээс дээш үнэтэй байдаг юм байна. Театр нь өөрийн гэсэн жүжигчид байхгүй, гадны хамтлаг чуулгуудтай гэрээ хийх зарчмаар хамтран ажилладаг юм байна. Нэг өдөр тоглолт зохион байгуулахад заал, үйлчилгээний түрээсэнд 15 000 орчим ам.доллар төлөөд үлдсэн билетын орлогоо өөрсдөө авдаг гэнэ. Харин театрын байнгын орон тооны ажилчид нь тайз засал чимэглэл, техникийн болон цэвэрлэгээний ажилтнууд байдаг байна. АНУ-д жүжигчдийг зөвхөн продакшинууд гэрээгээр авч ажиллуулдаг, театрууд продашинтайгаа гэрээгээр ажилладаг тогтолцоотой аж.
Түүнчлэн тоглолтын хуваариа зургаан сарын өмнө гаргадаг бөгөөд жилд 60 орчим тоглолтыг хүүхдэд зориулдаг аж. Танхим дүүргэлтийн хувьд тоглолтоосоо хамаараад харилцан адилгүй ч дунджаар 80 орчим хувьтай гэсэн үзүүлэлт гардаг гэнэ.
www.URLAG.mn