Гитарчин Өөжгий NEWS.mn-ы өнөөдрийн зочдын нэгээр уригдлаа. Гитаргүйгээр өөрийгөө төсөөлдөггүй, өрөөлд ч төсөөлөгддөггүй энэ эрхэм хөгжмийн орон зайдаа эрхгүй ялгардаг, содон НОТ. Өөжгий ойрын өдрүүдэд дуучин Ж.Алтанцэцэгийн уран бүтээлийн тоглолтын ажилтай байгаа юм байна. Тиймээс завгүй болгосон ажлынх нь талаар бидний яриа эхэлж байна.
-Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийн тоглолтын багт 1000 орчим хүн оролцож байгаа гэж сонслоо. Энэ бол нүсэр баг шүү?
-Монголд болдог дээд зэрэглэлийн тоглолтуудын жишигт хүрсэн, зарим талаараа түүнээс давсан сайн тоглолт байх болов уу гэж бодож байна. Хөгжмийн найруулгыг “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү хийж байгаа. “Никитон” хамтлагийн хөгжимчид тоглоно. Мөн симфони оркестр, “Морин хуурын чуулга”, ХБК-ийн цохивор хөгжмийн чуулга, Хүүхдийн ордоны найрал дуучид, Үндэсний дуу, бүжгийн чуулгын бүжигчид гээд 1000 гаруй хүн оролцоно. Хамгийн гол онцлог нь Монголд анх удаа 3D холограмм ашиглаж байгаа. Энэ текнологоор өмнө нь Монголд тоглолт хийж байгаагүй. Ерөнхийдөө дэлхийн хөгжмийн урсгалд орж ирээд удаагүй байгаа сүүлийн үеийн шинэ дэвшил гэж хэлж болно. Тийм болохоор гаднаас хөгжмийн мэргэжилтнүүд ирж ажиллана. Миний бодлоор энэ тоглолт Монголын рок, попын хүрээнд нэлээд шуугиан тарьсан тоглолт болох байх шүү.
-Та хоёр өмнө нь хамтарч дуу хийгээгүй байсан гэж сонслоо?
-Харин тийм ээ. Одоо л анхныхаа дууг хийх гэж байна. Байна ч юу байхав, саяхан хийлээ л дээ. “Чамайгаа үнсье” гэж дууныхаа бичлэгийг хэд хоногийн өмнө дуусгасан. Гэхдээ Алтаа бид хоёр ерээд оны эхэнд нэг дуу хийж байсан юм аа. Харамсалтай нь, ерөөсөө бичлэгийг нь хийлгэж амжаагүй. Тэрийг уг нь анхных гэх байхдаа. Гэхдээ тэр үеийн дуугаа сэргээж дуулах санаа байгаа. Тоглолтын дараа бас дараагийн ажлууд хүлээж байна. Ер нь гоё уран бүтээлийн санаа нилээд байгаа.
-Цомгийн ажил уу?
-Тийм. Алтаа удахгүй шинэ цомгийн ажилдаа орно. Би продесороор ажиллахаар болсон.
-Зарим уран бүтээлчид нилээн хэд байтугай нэг сайн клип хийж амжихааргүй хугацаанд цомог гаргаад, тоглолт хийчих нь бий. Үүнийг хөдөлмөрч байна гэж ойлгох уу, эсвэл хэтэрхий арилжааны шинжтэй байна гэж хармаар юм уу. Магадгүй уран бүтээл хийж л байвал цаг хугацаа тийм хамааралтай биш байж болох л юм?
-Би хувьдаа чанаргүй олон дуу үйлдвэрлэж, байнга олон тоглолт хийх дэмий л гэж боддог. Үйлдвэрлэх гэж байгаа бол үйлдвэрийн системээр л ажиллана ш дээ. Дуу зохионо, дуулна гэдэг үйлдвэрийн ажил биш ээ. Хүнд яг нэг дуу зохиомоор, дуулмаар өдөр байдаг. Хүсэл төрдөг. Хөглөгддөг. Хүмүүс ч анзаардаг байлгүй дээ. Том дуучдыг харж байхад хорь, гучин жилийн хугацаанд 20 сайн дуу төрүүлсэн хүн ховор шүү. Манайхны хэлдгээр тасархай хит дуу… Хүн бүхний өгсөн дууг дуулаад байх шаардлагагүй. Хэрвээ анзаардаг бол Алтаагийн дуунууд нэг сонсоод шууд хүнд хүрдэг энгийн дуу шиг биш ш дээ. Их хүнд, хоолойны цараа шаардсан, дагаж дуулахад хэцүү дуунуудтай ч мэргэжлийн гэдэг талаасаа бидэнд маш их таалагддаг.
-Та хоёрын хамтран гаргах цомгийн өнгө аяс аль тийшээ байна. Хүнд үү, хөнгөн үү?
-Аль алийг нь хослуулна. Шууд нийтэд хүрдэг дуу ч байна. Бас одоогийн залуучуудын сонирхдог шинэ урсгалын дуу ч гарна. Бидний үеийнхэн таашаагаад сонсчих хэмжээний дуу ч хийнэ.
-Та сүүлд “Номин талст”-ын шинэ цомгийн продюсераар ажилласан. Цомог юу болж байгаа вэ?
-Ирэх долоо хоногоос хэвлэлтэд явах болов уу. Энд тэндгүй бужигнаад өдийд цомгоо гаргачихаар хүлээж авах хүн ховор байгаа юм биш үү. Ерөнхийлөгчийн сонгууль гээд. Тэгэхээр бас айхтар яаруулахгүй л байна.
-Сонгууль гэснээс, та нээрэн шударга хүн шүү. Сурталчилгаа эхэлсэн өдөр “Бид нарт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дуулах эрх чөлөө, гадаад паспорт, жийнс, олон ургальч үзэл, ардчилсан нийгмийг авчирсан хүнээ сонгож байна” гэж ирээд л facebook-тээ биччихсэн байсан. Урлаг, спортынхоныг тэр мэтээр үзэл бодлоо илэрхийлэхэд хүмүүс эвэртэй туулай үзсэн юм шиг л дайрдаг биз дээ?
-Уучлаарай, фейсбүүк бол Social network. Тэнд хүн өөрийн үзэл бодол, сонирхол, байр сууриа илэрхийлж болох эрх нь байдаг. Би ямар ч үед бусдын сонирхол, сонголтыг хүндэтгэдэг. Бас өөрийнхийгөө ч өмгөөлж, хамгаална. Сонгууль гэснээс, залуучуудыг сонгуульдаа идэвхитэй оролцож, өөрсдийнхөө ирээдүй рүү жаахан ч гэсэн зам засч өгөөрэй гээд хэлчихмээр санагдаж байна. Дандаа аав ээж, өвөө эмээ нар сонгууль өгдөг байж болохгүй биз дээ.
-Та бас тэр сошиал ертөнцөд хөгжмийн хүрээнийхэндээ ч хатуу үг хэлж байгаа харагддаг. Жишээ нь, “Амьдаар дуулахгүй байна аа” гэх шүүмжлэлтэй олон таарч байсан. Тэр байтугай хөгжимчид худлаа тоглоод байна гээ биз дээ?
-Ам барих асуудлын тухайд 2000 оны үед “Antaris” гэж компанийн компьютерийн программ гарч ирсэнтэй их холбоотой. Тэр программ өнгө алдсан дуучдын хоолойны өнгийг засаж өгдөг. Өнөөхийг нь Монголын бараг бүх студиуд хэрэглэж эхэлсэн ш дээ. 2000 оноос өмнө бол уучлаарай, та студид дуу бичүүлж байгаа дуучин хүн юм бол ямар ч өнгөний алдаагүй, өө сэвгүй дуулж байж сая тэр бичлэг бэлэн болдог байлаа.
Одоо бол хүссэн хүн бүрт дуу дуулах боломж байна. Угаасаа маш олон дуучин төрж байгаа нь нүдэн дээр ил байна. Миний сайн санаж байгаагаар 1994 оны “Пентатоник” наадмын үеэр рок, попынхон нэг “ПАЗ” автобусанд багтаж байсан юм. Оросын “ПАЗ” автобус чинь 45 хүний л суудалтай биз дээ. Тийм автобусанд багтаж байсан рок поп, хип хопынхон өнөөдөр хоёр, гурван мянгуулаа болсон байна шүү дээ. Үүнд “Antaris” гэдэг нөхрийн гүйцэтгэсэн үүрэг асар их. Тэрүүгээр хоолойгоо зассан дуучин тоглолтон дээр амьдаар дуулж чадахгүй юм чинь амаа хөдөлгөхөөс өөр аргагүй байдалд хүрнэ ээ дээ. Ганц рок поп ч биш хаа сайгүй л өнөөдөр ямар ч алдаагүй дуулдаг болчихсон байгаа биз дээ. Зарим нь хоорондоо ялгагдахгүй. Бичлэгийг нь сонсохоор нэг ч өнгөний алдаагүй мөртлөө амьдаараа дуулахаар хагас тон дээр, доор дуулдаг хүмүүс байгаа ш дээ. 2000 оноос хойш тодорсон дуучдаас жинхэнэ чанартай сайн нь гарын арван хуруунд багтах уу, үгүй юу л гэж би хэлнэ. Дуучид олон байх сайн талтай ч цэвэр амьдаар дуулдаг хэддээ маш их халгаатай байдаг. Бод л доо, урлагтай 30 жил зууралдаж байгаа би хүртэл дуулвал дуулчихмаар ч юм уу гэж бодож болно шүү дээ. Гэтэл миний толгойд хэзээ ч дуулах тухай тийм том бодол орж ирдэггүй. Тэр чинь маш том амьдрал байхгүй юу. Байгуулагдаад долоо, найман жил болчихоод нэг ч удаа амьдаар дуулж үзээгүй хамтлаг байна ч гэнэ үү… Сонин сонин юм сонсогдох л юм. Заримыг нь мэдэх ч юм алга.
-Урлагийнхан өөрсдөө л энэ ам барьдаг аргатайгаа тэмцэх ёстой биз дээ. Ер нь яах ч ёстой юм. Дуулж байгаа хүн бүрийн микрофоныг шалгаж үзэлтэй биш?
-Шог зураач С.Цогтбаяр ах хэлсэн байна лээ ш дээ. “Понаграмдсан тоглолтыг канондсон мөнгөөр үзье” гэж. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анхаарал хандуулна гэж байсан. За тэгээд, зах зээлийн хууль үйлчилнэ шүү дээ. Хэн чадалтай нь тунаж үлддэг. Урлаг бол хүн өлсөхгүйн тулд иддэг талх биш гэдгийг манайхан ойлгочих хэрэгтэй. Дууг хүн өөрийн сонголтоороо сонсдог болохоос албадуулж сонирхдоггүй. Нийгэмд хүртэл их цэвэрлэгээ явагдаж, авлигын хэргүүд илрээд байхад урлагт удахгүй том цэвэрлэгээ болох байлгүй дээ.
-Рок попын гал тогооноос төрсөн хамгийн сүүлийн үеийн супер бүтээл гэвэл та хэнийхийг хэлэх вэ?
-Мэдээж сайхан дуунууд, сайн бүтээлүүд төрж байгаа. Бүгд тэгж ам барьж, дуу үйлдвэрлэхгүй шүү дээ /инээв/. Манай “Никитон”-ы “Үүлэн үст” гоё байгаа биз дээ. Баачка тэр дуугаа хэдэн жил нухсан гэж бодож байна. Бараг дөрөв, таван жил “Үүлэн үст”-ийнхээ аян дээр ажилласан. Ер нь бол би хувьдаа хэт их стиль хөөх буруу гэж боддог. Монгол дуу, хуур, шүлэг, хөгжим цаанаа л нэг тансаг даа. Тэр тансагийг л тал талаас нь харуулах хэрэгтэй.
Г.ДАША
Эх сурвалж: news.mn