Ягаан өнгийн туузаар чимэглэсэн нандин бололтой хайрцгийг эвтэйхэн нээхэд бүсгүйн гар дээр хоёр жижигхэн хос хүүхэлдэй эргэлдэн бүжиж эхлэв. Жин жин жин…эгшигт хайрцагнаас ид шидийн үлгэрийг санагдуулам хөгжим хөвөрнө.Ялангуяа эл бүсгүй энэ хайрцгийг нээх болгондоо нэг л гүнжээр өөрийгөө төсөөлдөг.Хунт нуурын Одетта. Зүүсэн үсний даруулганаасаа ялгагдах юмгүй цагаан царайтай, дүрлэгэр нүдтэй энэ жижигхэн бүсгүй театрын тайзны ирмэг дээр баллетын шаахайтай хөлөө савлан суухдаа өөрийнх нь хайрт ханхүү Зигфридээ хорвоогийн хаа нэгтээгээс олохыг мөрөөднө. Хааяа үлгэрт гардаг шигээ зүсэн хувилгасан хар хунд хууртаад яваа юм биш байгаа гэж битүүхэндээ гэгэлзэнэ.
-Долгионоо бэлтгэлдээ орооч. Юу хийгээд л гиюүрээд суугаад байдаг юм?
Ээлжит мөрөөдлөө завсарлахаас аргагүй боллоо. Эгшигт хайрцгаа үүргэвчиндээ хийгээд хөшигний ар руу эргэлдсээр ороход гэнэт хэн нэгэн хойноос нь бүсэлхийгээр нь дээшээ сэв хийтэл өргөчихөв. Сандарсан бүсгүйг эргэж харахад жүжгийн партнёр нь шоолонгуй инээж байлаа.
-Тэнэг юм уу? Хүн цочоогоод…
-За за уучлаарай. Өнөө орой юу хийх гэж байна?
-Яасан? Гадуур зугаалъя гэж үү? Эсвэл манай орцонд юм ярьж сууя гэж үү?
-Үгүй л дээ
-Ядаж кино үзье гэдэг болчихоод…
-Уг нь би яг тэгж л хэлэх гэж байсан юм
-…Аан…
Эвгүй үг сонссон залуугийн ч, буруу юм хэлснээ мэдсэн бүсгүйн ч царай таагүй болов.
-За за хоёулаа бэлтгэлдээ оръё.
Цав цагаан дэрвэгэр даашинзтай охид нэгэн зэрэг гарч ирэн байраа эзлэн зогслоо. Нэг хоёрын гурав аа гэх дуунаар тэд өлмий дээрээ зэрэг зогсон бүжиглэж эхлэв. Тойрог хэлбэртэй хунгийн чуулгын голд дурлалдаа шатсан хунтайж гүнж хоёр хөдөлгөөнөөрөө хайраа илчлэнэ. Одетта Зигфридийн дүр тэнд хэдийнэ амилжээ. Өнөөх "жижигхэн бүсгүй"-н хамтрагч нь уг нь нүдэнд дулаахан сайн залуу. Даанч Долгион түүнийг "шалдан" гэж тодорхойлно. Ганган машинаар хүргүүлж, алмаз булга тэргүүтэн эдэлж явахыг хүсдэг бүсгүй өөрийгөө сайхан харцнаас өөр юу ч үгүй түүнд хэтэрхий гоёдоно хэмээн боддог.Тэгсэн хэрнээ түүнтэй л бүжиглэхэд сэтгэлдээ хун болон хувирч чаддаг нь гайхмаар. Хоёр гар нь далавч, өлмийгөөрөө хөнгөн хөнгөн дэгдэж, дэрвийсэн торон даашинзынхаа хормойг цэцэг шиг эргэлдүүлэн бүжих нь хунгийн дэвэлт. Ялангуяа бэлхүүсээр нь дээшээ өргөхөд бүх бие нь өөрийн эрхгүй эхэр татан гоо үзэсгэлэнг харуулна. Тэр тайзан дээр биеэрээ биш сэтгэлээрээ бүжиглэж чаддаг. Гагц түүнтэй л хамт байхдаа.
Түүний хамтрагчид жинхэнэ Зигфрид болоход нэг л зүйл дутна… Бэлтгэл үргэлжилсээр
Маргааш нь Долгион урьдын адил үүргэвчээ үүрсээр бэлтгэлдээ ирэхэд багш нь "Шижир нэг хэсэгтээ ирэхгүй. Оронд нь энэ хүнтэй бэлтгэл хийж бай" хэмээн нэгэн өөр залууг таницлуулав. Сэрүүхэн салхи зүрхний навчсыг сэрчигнүүллээ.
Нэг хоёрын гурав аа…Өмссөн даашинз, пончик, шаахай нь бүгд адилхан хэрнэ хөл нь урьдынх шигээ хөнгөхөн өргөгдсөнгүй. Гар нь далавч адил санагдсангүй. Махан бие нь л яах аргагүй хөдөлж байлаа. Харин сэтгэл нь бахь байрандаа. Шинэ хамтрагчийнх нь харцнаас Шижирийнх шиг хайр гэрэлтсэнгүй. Түүний тэврэлт, өргөлт, илбэлт нь хөлдүү байлаа. Бүсгүйн ч хөдөлгөөн нь хөлдүү байв. Тэр тайзны шал хатуу байсныг сая л мэдлээ. Урьд нь театрын шалан дээр биш хайран дээр гишгэлдэг байсан болохоор мэддэггүй байж.
Шижир 7 хоног ирсэнгүй. Долгион 7 хоногийн турш хөврөөгүй эгшигт хайрцгийн аяыг сонсохоор нээлээ. Тэр Одетта болон хувирав. Харин ханхүү нь өөр хэн ч биш Шижир болон нүднийх нь өмнө үзэгдэв. Дэргэд нь л байсаар байж. Гэтэл тэр хаа холоос өөрийнхөө мэдэхгүй газраас танихгүй хүнийг ханхүүгээ болгохыг хүсдэг байсан. Урьд нь хамт бүжиглэдэг байсан гайхалтай торгон мөчүүдийг дурсан суутал араас нь нэгэн танил хоолой сонсогдлоо.
-Хоёулантай нь ямар адилхан хүүхэлдэй вэ?
Бүсгүй 7 хон хоног мөртлөө 7 жил сонсоогүйтээ адил түүний энэ хоолойг санажээ. Долгион жаргалтай нь аргагүй мишээн очиж гараас нь хөтлөөд "Цуг гадуур алхах уу?" гэж эелдэгхэн асуув. Эгшигт хайрцагт Одетта Зигфрид хоёр бүжсээр хоцорлоо…
www.URLAG.mn