Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуугийн нэрэмжилт мэргэжлийн уран нугараачдын улсын анхдугаар уралдаан болох гэж байна. Уралдаан энэ сарын 21-23-ны өдрүүдэд Монголын Үндэсний циркт болох бөгөөд 70-аад уран нугараач оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Шалгаруулалтыг явуулахдаа ОУ-ын циркийн уран нугаралтын үзүүлбэрт ойртсон, шинэчлэл хийж баяжуулсан болон үзүүлбэрийн зохиомж, жүжигчний тоглолт зэргийг чухалчлан харах юм байна. Уг уралдааны талаар Б.Норовсамбуугай ийнхүү ярьжээ.
Тэрээр “Манай улс уран нугаралтаараа дэлхийд алдартай ч сүүлийн жилүүдэд БНХАУ, Австрали зэрэг улсад энэ урлаг эрчимтэй хөгжиж байна. Тиймээс бид тэднээс ялгарч, уран нугаралт Монголынх гэдгийг ямагт харуулж байх хэрэгтэй. Уралдаанд оролцогчид мэргэжлийн түвшний үзүүлбэр үзүүлнэ. Бид тус уралдаанаар оролцогчдын авъяасыг хөгжүүлэхээс гадна манай уран нугаралтын үзүүлбэрүүд олон улсын циркийн түвшинд хүрч байгаа эсэхийг харж, энэ урлагийг цаашид ямар чиглэлээр хөгжүүлэх шаардлагатайг тодорхойлох зорилготой. Тиймээс энэ уралдаан Монголын уран нугаралтын өнөөгийн хөгжлийг тодорхойлно” гэв.
Дашрамд дурьдахад ахмад уран нугараачид Соёлын өвийн төвтэй хамтран уран нугаралтыг ЮНЕСКО, Гиннест бүртгүүлэхээр жилийн өмнө материалаа явуулсан байна. Гэвч шаардлага хангаагүй гээд бичиг баримт нь буцаад ирсэн аж. Харин ямар шавтгаанаар шаардлага хангаагүй нь тодорхой бус байгаа гэнэ.
www.URLAG.mn