Мисс М.Аззаяа арваннэгдүгээр сарын 1-21-нд БНСУ-д зохион байгуулагдах World Miss University (WMU) буюу Дэлхийн оюутан мисс шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
WMU тэмцээн нь дэлхийн улс орнуудын оюутан бүсгүйчүүдийг нэгтгэж, мэдлэг боловсрол, соёл, манлайлал, энх тайвны үзэл санаагаар нөхөрлүүлдэг олон улсын тэмцээн юм. 2026 оны эл тэмцээнд 86 орны төлөөлөгч оролцохоор болсныг мэдээлжээ.
Өдгөө БНХАУ-ын Өвөрмонголын их сургуульд сүлжээ ба шинэ медиа чиглэлээр суралцаж буй мисс М.Аззаяа нь өөрийн олон талын авьяас, хөдөлмөр зүтгэл, үндэсний бахархлаараа Монголын залуу үеийн өнгө төрхийг олон улсын тайзнаа харуулахыг зорьж байна. Тэрбээр боловсрол, урлаг, спортыг хослуулан хөгжүүлж буй бүсгүй бөгөөд бага наснаасаа Монгол үндэсний бүжгээр хичээллэж, 10 настайгаасаа таеквондогоор тууштай хичээллэн, Монгол Улсын спортын мастер цол хүртсэн амжилттай.
Мисс М.Аззаяа өнгөрсөн энэ аравдугаар сард Азийн гоо үзэсгэлэн, соёл солилцооны томоохон наадам болох олон улсын гоо бүсгүй шалгаруулах “Miss Asia Awards 2026” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, тэмцээний хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох “Miss Talent” буюу “Авьяаслаг мисс” номинацын ялагчаар тодорсон билээ.

