Монгол түмний Үндэсний их баяр наадам айсуй.
Жил жилийн наадмаар хурсан олны нүдийг баясгаж, сэтгэлийг цэнгүүлдэг “Дээлтэй Монгол” наадам долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар “Монгол Костюмс” төвийн дизайнер Э.Баярзултай ярилцлаа.
-Жил бүрийн “Дээлтэй Монгол” наадам өргөн цар хүрээтэй болдог. Энэ жилийн хувьд ямар онцлогтой болох бол?
-“Монгол Костюмс” төв Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтраад энэхүү наадмыг анх санаачилж, зохион байгуулж эхэлсэн. “Дээлтэй Монгол”-ын патент манай төвийн нэр дээр байдаг. Энэ арга хэмжээ маань илүү өргөжиж ССАЖЯ, ЗТЯ, Аялал жуулчлалын холбоо зэрэг олон байгууллагуудтай хамтрах болсон.
Өнгөрсөн жилийн хувьд бид ЮНЕСКО-д монгол дээлийг бүртгүүлэх ажилд оролцоод наадамдаа оролцож чадаагүй. Харин энэ жил “Монгол Костюмс” төвийнхөө 10 жилийн ойг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадамдаа өргөн хүрээтэй оролцохоор бэлдэж байна. Үндэсний хувцасны парад, үндэсний хувцасны загварын үзүүлбэр гээд ерөнхийдөө монгол үндэстний хувцасны өв соёлыг сурталчилсан арга хэмжээ болох юм.
-Үндэсний хувцасны парад гэхээр сонирхолтой сонсогдож байна. Олон үзүүлбэр дэлгэсэн олон хүнийг хамарсан үзүүлбэр байх нь ээ?
-Үндэсний хувцасны парадад дан ганц манай загварууд гарахгүй. Улаанбаатар хотын дүүргүүд, хувцас загварын салонууд, урлагийн театрууд оролцоно. Өмнө нь бид 100 хүний бүрэлдэхүүнтэй парадыг наадмын нээлтэд зориулан Төв цэнгэлдэхэд зохион байгуулж байсан туршлага бий. Үүнээс хойш 2-3 удаа зохион байгуулсан. Энэ жилийнх ч мөн адил 100 хүний бүрэлдэхүүнтэй хийнэ.
Үндэсний хувцасны түүхэн уламжлалыг харуулсан хадны сүг зургаас эхлээд Хүннү эзэнт гүрэн, их бага хаад, Монголын олон үндэстэн, ястнуудын хувцас хэрэглэлийг нэг дор цогцлоосон гэдгээрээ энэ удаагийнх онцлог. Загвар үзүүлбэрийн хувьд Хүннү, Монголын олон үндэстэн ястнуудын өмсгөл зүүсгэл, уламжлагдан ирсэн хувцасны соёлыг сонирхуулахаар бэлдлээ. Салон болгон өөрсдийн хийсэн хувцас өмсгөлийг толилуулна.
Бидний хувьд Хүннүгийн үеийн түүхэн уламжлалын хувцас өмсгөлийг түүхэн байдлаар хийсэн. 2011 оны зургадугаар сард ЮНЕСКО-д бүртгүүлэхээр Парисын тайзнаа энэхүү загваруудаа толилуулсан. Харин Монголдоо хараахан толилуулаагүй байна.
-Дээлтэй Монгол наадамд энгийн иргэд оролцож, тэднээс шилдгүүдээ тодруулдаг. Танай салоны хувьд мэргэжлийн гэдгээрээ монгол зан заншил, угсаатны соёлыг агуулсан цогц загваруудыг толилуулна байх гэсэн хүлээлт байна?
-Манай төв Монгол үндэсний хувцсыг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хадгалах хамгаалах гэсэн өргөн цар хүрээтэй ажилладаг. Тиймээс үндэсний хувцастай холбоотой эрдэм шинжилгээний хурал, ном товхимол зэрэг олон зүйлсийг хийдэг. Үндэсний хувцасны түүхэн уламжлал, судалгаа шинжилгээнд тулгуурлан загваруудаа хийдгээрээ бусад салонуудаас онцлогтой.
Ерөнхийдөө загвар дээр анхаарал хандуулдаггүй. Харин ач холбогдол тал дээр илүү анхаарч ажилладаг. Тухайлбал, үндэсний хувцасны талаар бүхий л мэдээллийг телевиз, радио, ном товхимол хэлбэрээр олон нийтэд түгээж, идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд манай үндэсний хувцас сэргэж хөгжсөн гэхэд болно. Гэхдээ энэ үйл ажиллагаанд дан ганц манай байгууллага бус олон газрууд нэгдэж, гар бие оролцсон. Бидний ажлын гол онцлог бол түүхийн судалгаа юм. Маш олон эрдэмтдийн дуу хоолойг хувцсаар илэрхийлж, хүмүүст хүргэдгээрээ манай байгууллага давуу юм.
-Судалгааны үндсэнд хувцсаа урладаг учраас хэв маяг гэхээсээ илүү ястнуудын онцлогийг илүү харуулдаг юм шиг санагддаг?
-Манай судалгааны суурь олон үндэстэн, ястны хувцсанд тулгуурладаг. XIII зууны үеийн хувцсыг түүхийн судалгаан дээр тулгуурласан анхны оролдлогыг хийсэн. Үүний дараа “Монгол костюмс” гэрэл зургийн цомог ном гаргасан. Үүнээс хойш Монголын бүх дизайнеруудын загварын чиг хандлага энэ үе рүү чиглэсэн. Энэ нь бид Монгол мүндэсний хувцасны чиг хандлагад нэг том шат, алхмыг бий болгосон гэж хэлж болно. Энэ бол маш олон хүний хүч хөдөлмөр, судалгааны үр дүн юм.
Үндэсний хувцсаа илүү өргөжүүлэх үүднээс бид Хүннүгийн хувцас загварыг гаргаж ирсэн. Мөн л судалгаан дээр тулгуурлан, археологийн олдворуудад үндэслэн эрдэмтэн судлаачид, археологчидтэй хамтран ажиллаж хийсэн бүтээл. Үүний дараа “Монгол костюмс” нэртэй эрдэм шинжилгээний боть ном хэвлүүлсэн.
-Монгол үндэсний хувцсыг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажил одоо ямар шатандаа яваа вэ?
-Монгол үндэсний хувцсыг Хятадууд өөрсдийн нэр дээр бүртгүүлэх гэж байгааг мэдсэн хэсэг залуус “Дээлтэй Монгол” хөдөлгөөн өрнүүлж, манай төвд цуглаж уулздаг байсан юм. Тэр үед Ерөнхийлөгчийн зарлигаар дээлтэй өдөрлөгүүд зохиогдож, арван жилийн сургууль, цэцэрлэгүүд хамрагдсан. Энэ бүхэн түлхүү нөлөөлсөн. Учир нь ЮНЕСКО-д бүртгүүлэх гол шалгуур нь тухайн үндэстэн хувцсаа өдөр тутмын хэрэглээндээ өмсч байна уу гэдгийг хардаг юм билээ. Гэвч Монголчууд маань тэр бүр өдөр тутам өмсч хэрэглэдэггүй шүү дээ.
Тиймээс бид энэ ажлыг гардаж аваад хоёр жилийн хугацаанд хэрэгтэй бүх бичиг баримтыг бүрдүүлж, эрдэм шинжилгээний ажлуудыг гардан хийж, материалаа ЮНЕСКО руу явуулсан. Хариу нь хурдан ирэхгүй л дээ. Бид ямар нэгэн байдлаар нөлөөлж чадахгүй. Гэхдээ бид дэмжлэг үзүүлэх зорилгоор ЮНЕСКО-ийн ерөнхий нарийн бичгийн даргын урилгаар төв байранд нь очиж загвараа танилцуулсан.
Энэ тоглолтын үеэр Монгол Улс ЮНЕСКО-д нэгдсэний 50 жилийн ой тохиож байсан юм. Дэлхийн 120 гаруй орны зочид төлөөлөгчид үзэж сонирхсон. Энэ тоглолтод бид Монголын язгуур урлагийг шингээсэн морин хуур, хөөмий, уран нугаралт, бий биелгээ, цамын бүжиг оролцуулан үндэсний хувцасныхаа онцлогийг нэг цагийн хугацаанд танилцуулсан. Энэ бол монгол үндэсний хувцас биднийх шүү гэдгийг батлах оролдлого хийсэн.
-Тэгэхээр ЮНЕСКО-д танилцуулсан тэр загваруудаа “Дээлтэй Монгол” наадмаар наадамчин олонд үзүүлнэ гэсэн үг үү?
-Бид энэ тоглолтоо Монголдоо огт тоглоогүй байгаа. Ирэх арваннэгдүгээр сард 10 жилийн ойдоо зориулан бүрэн эхээр нь үзүүлэх төлөвлөгөөтэй байна. Харин “Дээлтэй Монгол” наадмаар зөвхөн эхлэл хэсгийг үзүүлнэ. Энэхүү тоглолт маань дан ганц загварын алхаагаар хэдэн хувцас сонирхуулаад өнгөрөх биш мэргэжлийн уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний тоглолт юм. ЮНЕСКО-д тоглосны дараа гадаадын хоёр оронд тоглох урилга ирсэн боловч одоогоор амжаагүй л байна.
-Цагаан сар, наадмаар монголчууд үндэсний дээлээрээ гоёх дуртай болсон. Энэ жилийн хувьд хувцасны захиалга, загварын чиг хандлага ямар байна?
-Сүүлийн таван жилд үндэсний хувцас захиалагчдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа. Зөвхөн баяр наадмаар төдийгүй өдөр тутам өмсдөг хүмүүс ч олширсон. Тиймээс манайх байнгын захиалгатай, баяраар сарын өмнө захиалгаа хаадаг. Хүмүүс өдөр тутам үндэсний хувцсаа өмсөөд ирэхээр дэг жаяг, хэв маяг зэрэг олон зүйлсийг мэддэг, сонирхдог, судалдаг болдог юм билээ. Тиймээс бид зөвхөн зөвлөж, чиглүүлэх үүрэгтэй байна.
Энэ жилийн захиалагчдын хувьд Хүннү загварын мөөрөлжин захтай дээлнүүдийг илүү их захиалж байна. Энэ нь эртний монголчуудын өмсдөг байсан хувцсанд хадгалагдаж үлдсэн загвар юм. Гэвч одоо бидний хэрэглэдэг босоо захтай дээлний загвар бол төгс хэлбэр. Үүнээс цааш өөрчилж, засч янзалж чадахгүй монгол хувцасны төгс хэлбэрээ олсон сонгодог загвар юм.
Х.Монголхатан, С.Цэлмэг