Нэг.
Шөнө дундаас хойш гэнэт аадар бороо орж, байн байн хурц цахилгаан цахилан тэнгэр нижигнэж саяхан баригдаж торонд орсон бүргэд шиг уурласан байгаль сүртэй ч аймшигтай ч байв.
Адуу минь хавчганан огт тогтож өхгүй, заримдаа хуйлран үргэхэд би ч айх шиг болоод, хашгирахад дуу минь чичрэн тасалдаж байлаа. Хэдэн өдрийн зүсэр бороог дажгүй давдаг аавын минь одончүү цув хүртэл хувингаар асгаж байгаа юм шиг цутгасан энэ усыг барьж чадалгүй нэвтрээд би усанд орсон зурам шиг шалба цохиулж, шүд минь дагжин өөрийн эрхгүй зодолдож байв. Харин энэ шөнийн ганц сайн юм гэвэл үе үе цахилж байгаа цахилгаанд адуу минь байн байн тодорч байсан тул би тасарсан хэсгий нь дор нь нийлүүлж байв. Үүр шөнө хагацахын өмнөхөн бороо гэнэт орсонтойгоо адил гэнэт арилж удалгүй бүхнийг тагласан зузаан хар үүл тонилон тэнгэр цэлмээд өглөөний нар угаасан ертөнцийг мэндлэн уулын толгойд алтан малгай өмсгөхөд уулнууд малилзан инээж байгаа сайхан сэтгэлтэй тарган шар хүн шиг харагдаж байлаа. Би адуугаа гэрийн зүг алгуурхан туув. Нар зүүн талын оройгоос салж ядан байхад би адуугаа гэрийн гаднаа авчирсан бөгөөд Дорж гуайн гэрийн цаана хос хосоор нь хэрсэн бололтой үл таних дөрвөн морь идэж байгаа харагдав.
Адууны түрүү зэлэн дээр очоод зогсоход аав минь хазаараа барин том том алхалж ирээд,
-За орж дулаац. Би унагаа бариад уячихая гэв. Энэ шөнө адуу манасан минь надад мундаг баатарлаг хэрэг санагдаж байж билээ. Гэвч аав минь намайг сайшаасангүй. Бодвол өнгөрүүлсэн амьдралд нь энэ байтугай үүнээс хэд дахин хэцүү шөнө адуу манах явдал бишгүй тохиолдсон тул миний энэ ажил түүнд малчин хүний амьдралын жирийн хэрэг байсан биз.
Намайг гэрт ороход ээжий минь хацардан асч, өсгийгөө өргөн өлийж магнай дээр минь үнсээд хий л шөнийн турш нэг ч амьсгал аваагүй юм шиг цээж дүүрэн агаар татсанаа
-Ай бурхан минь, хүү минь амьд ирлээ гэж хоймор байгаа бурхны зүг миний ирснийг мэдэгдэж байгаа юм шиг хэлэв.
Ээжийн минь гүн хайр гэрэлтсэн нүд ажил нас хоёрын тэмдэг болсон нүүрний үрчлээ бүхэнд нойргүй хоносны ядралын шинж тодхон харагдаж байлаа.
Би хувцсаа сольж өмсөх зуур Дорж гуайн тавьсан үл таних морьдын тухай асуухад,
Навчийн эцэг нь дүү охинтой нь ирсэн. За хүү минь цайгаа уу гэж ээжий минь хэлэх зуур аяга дүүрэн шинэхэн өрөм дээр цай хийгээд өглөө. Би Дорж гуайнд ирсэн зочдын тухай асуух гээд л, хуурай хувцас өмсөөд халуун цай ууснаар мартагдаж эхэлсэн шөнийн явдлыг ээжий минь асууж сэтгэлээ зовоох гээд л бид хоёрын хүсэл зөрж яриа маань олигтой болсонгүй.
Өрөм идэж, цай ууж суухад Дорж гуайнд ямар зочид яах гэж ирсэн юм бол? ямар шүү хүмүүс байгаа бол? гэх зэрэг өдий төдий хариу нэхсэн асуудал сэтгэлд минь эргэлдэж байлаа.
Би цай уусны дараа гэрээсээ гарч чихэр боов горьдсон хүүхэд занд автагдан Дорж гуайн гэр рүү харж хэсэг зогссоноо гэнэт ханхар эр болсноо санаж гүүн зэл рүү түргэн алхав. Гэтэл араас минь Навч гуай дуудахад өөрийн эрхгүй баярлан эргэж Дорж гуайн руу чихэр бодсоноос өөр юу ч бодолгүй явав. Дорж гуайнд ороход тавь гаруй насны эрэгтэй хүн хоймор нь нөмгөн суугаад цай ууж байв. Нэг бүсгүй хүн цааш хараад баруун хойт авдар руу ямар нэг юм хийж байв. Би том хүний шахмал бүдүүн дуугаар хоймор сууж байгаа хүний амар мэндийг асуув.
Навч гуай шургуулганаасаа атга дүүрэн чихэр боов авч надад өгсөнд би хоёр гараа тосож аваад тахимаа үл мэдэг нугалан ёсолтол (хүн юм өгөхөд монгол хүн хоёр гараараа тосож аваад тахимаа нугалан ёсолдог юм гэж багад минь эжий зааж өгч билээ) авдранд юм хийж байсан хүүхэн эргэж харлаа.
Нүд минь түүний эхээ харсан ботгоны нүд шиг тормолзож байгаа нүднээс салж чадахгүй болон гартаа байгаа боов чихрээ аль хэдий нь мартаад, түүний зарим нь унаж байхыг ч мэдсэнгүй. Тэгээд өөрийн эвгүй байдлыг мэдмэгц ичиж зовохын туйлд хүрч яахаа мэдэхгүй болоод аргаа барахдаа.
-Та сайн байна уу? гэж хүүхнээс асуув. Миний мэндчиллийн хариуд тэр хүүхэн яасан, юу гэж хэлснийг би мэдэхгүй. Харин шалавхан чихэр боовоо өвөртлөөд эргэж гаран гүүн зэл рүү явж билээ.
Явж байхад минь тэр хүүхний зуны нар алсын зам хоёр гандааж чадаагүй царай, тормолзон алагласан хоёр нүд, урт урт цагаан шүд, гандсан цэнхэр дээлийн ар руу мушгиран унжиж байсан бүдүүн хар гэзэг нь сэтгэлээс минь зайлахаа болиод, дахин харах гэсэн хүсэл намайг өөрийн эрхгүй хэд дахин эргүүлж, Дорж гуайн гэр үү харуулав.
Арван зургаа долоо орчим настай болов уу гэмээр тэр хүүхний тухай бодож явахад учир нь үл мэдэгдэх баяр баясгалан дотор минь багтан ядаж, сэтгэлийн минь дотор хөгжим дуугарах мэт болж байлаа. Аав Дорж гуай хоёр унагаа уяж, унах морьдоо барьж аваад зэрэгцэн сууж тамхи татан ярьж байсан тул би очиж хажууд нь суув. Тэр хоёрын ярианаас хадам эцэг нь Дорж гуайнхыг нүүлгэж авах гэж ирсэн, тэхдээ Дорж гуайнх сар гаруй болоод нүүх санаатай ингэж удахын шалтгаан бол нэгд саяхан амаржсан Навч гуайн биеийг бүрэн тамиржуулах, хоёрт хадам эцэг нь хуян шар усны өвчтэй тул манай сумын өмнө захад байдаг халуун рашаанд очиж орохоор ирснээс болжээ. Харин хадмы нь буцаж иртэл Навч гуайн дүү нь Дорж гуайн ажилд туслалцаж байх ажээ.
Ижил дасал болсон Дорж гуай, Навч гуай хоёр минь алс хол нүүнэ гэдэг надад их гашуудалтай байв. Гэвч энэ уйтгарыг Дорж гуайнд саяын үзсэн хүүхэн байна гэдэг их баяр сарниулан дор нь мартуулав. Аав хоёр гэрийн сүүг заводод аваачиж өгөхөөр Дорж гуай сувай адуугаа гилэхээр мордов. Би Дорж гуайнд орох уу, байх уу? гэсэн сэтгэлийн зөрөлдөөнд юм эрсэн хүн шиг ийш тийш найган явсаар гэртээ орж ирэхэд минь
-Хүү минь дуг хийгээд авахгүй юу гэж эжий минь хэлэв. Миний хувьд шөнийн явдал аль эрт балрын юм шиг мартагдаад, ядрах гэдэг хэдий нь ор сураггүй алга болсон тул би толгойгоо сэгсрэв.
Гүү саах болов. Манай хоёр гэр нийлээд арван хоёр гүү саадаг тул хэн урьтаж гарсан нь нөгөөгийнхөө хувинг аваад гүүгий нь сааж саамы нь оруулж өгдөг заншилтай билээ. Дорж гуай манайд орж ирээд хөхүүрийн өмнө байдаг хувийг аваад гарахад нь би хөлдөж байгаад гэнэт гэссэн юм шиг үсрэн босож хойноос нь дагаж гүйн гарлаа. Гүүн зэлний зүг хоёр гартаа хувин бариад аажимхан явж байгаа хүүхний бүдүүн хар гэзэг нүдэнд минь тусахад сэтгэлд минь баярлах сандрах хутгалдаж,
-Дорж гуай гэж бахирав
Надаас хоёрхон алхмын өмнө хувин бариад явж байсан Дорж гуай цочин эргэж зогсоод намайг гайхан харлаа. Би хэсэг зуур юу ч дуугарч чадахгүй зогссоноо гэнэт хөдөлж Дорж гуайн барьж явсан хувинг шувт татан аваад
-Дорж гуай. .. би очъё. . та харьж амар гээд түүн рүү харах гэсэн чинь чадсангүй дальдрав.
Дорж гуайн хүрэн царайд сайхан сэтгэлийн инээмсэглэл тодроод миний нуруу руу аяархан алгадсанаа том хар нүдээ ирмэж,
-Яв яв. Би харилаа гээд эргэв.
-За баларсан хэрэг боллоо. Миний бүх бодлыг энэ Дорж гуай мэдэж орхилоо. Тэгээд Навч гуайд хэлнэ. Навч гуай эжийд хэлнэ. Эжий аавд хэлнэ гэж бодогдоод ичих айх шиг болов. Үгүй тэгээд би юу бодсоныг Дорж гуай мэдсэн хэрэг гэж бодоход, юу бодсоноо өөрөө мэдэхгүй байв. Гүүн зэлний наана хувингаа тавиад эргэж харан зогсож байгаа хүүхэн нүдэнд минь тусмагц бүх юм мартагдаж бараг л гүйх шахан тэр зүг алхав. Хүүхний дэргэд очоод хувингаа тавих зуур
-Та гүү саах уу? гэж асууж орхиод юунд ингэж мэдсээр хэргийг асуув даа гэж өөрийгөө зэмлэв.
Хүүхэн том цагаан шүдээ яралзуулан түмэн түмэн тааврын эх болсон нүдээрээ инээмсэглэж царайд нь улбар ягаан туяа тодрон улам ч сайхан болоод
-Тийм. Би саана гэв.
Унага бариад зогсож байхдаа юу асуугаад яриагаа эхэлье дээ гэж түмэн асуудал болоод байтал нөгөө Сүрэн гайхал шинэ эгчийн гүү саахыг үзье гэж хашгиран гүйж ирээд эгээ л зурмын нүхэн дээр сууж байгаа чогчого шиг мянган зүйлийн юм донгосож гарлаа.
-Миний дүү! Тэр тугалууд эх рүүгээ явчихлаа, миний мориор мордоод эргүүл гэж хэлсэнд Сүрэн тэр зүг дургүй нь хүрсэн бололтой ярвайн харснаа
-Ахаа та хоёрыг гүү сааж гүйцсэний дараа явъя гэв.
-Тэгтэл жимсэнд дагуулж явахгүй шүү гэж би сүүлийн аргаа хэрэглэн хэлсэнд мань хүн уяаны зүг дуртай дургүй гэлдрэн явав. Хүүхэн гүү ивлэх зуур толгойгоо хаялан гэлдэрч яваа Сүрэнг өхөөрдөн харж байснаа
-Ахтайгаа жимс түүх хүсэл их болохоор аргагүйн эрхэнд л явлаа даа. Дургүйд хүчгүй гэж мань хүний явж байгааг гэж хэлээд инээмсэглэхэд би ч бас инээмсэглэв.
Ингээд бид хоёрын яриа Сүрэнгийн хүчээр эхэлж би юуны өмнө нэрий нь асууж авлаа. Түүний нэрийг Солонго гэдэг ажээ. Бас гэрээсээ гараад зургаа хонож ирсэн. Нутаг нь манай нутаг шиг ийм уул устай биш, хаашаа л харвал нүд алдам өргөн тал байдаг гэж ярилаа. Манайхан гүүгээ өдөрт тав саадаг байсан. Гэвч тэр өдөр би халуунд унага цангаж магад гэдэг нэрээр долоон удаа гарч Солонготой хамт гүү саасан юмсан.
Халуун өдөр шар хэдгэнэ, хөх түрүүтэй зодолдон гүү саах гэдэг яггүй ажил байдагсан. Гэтэл тэр өдөр гүү саахаас сайхан ажил байдаггүй мэт байж билээ.
Хоёр.
Гурав хоногийн дараа аав нь рашаанд явахад Дорж гуай хүргэж өгөхөөр хамт явлаа. Энэ хооронд Солонго бид хоёр сайн танилцаж нэг орой Навч гуай Сүрэн хоёр нэг тал. Солонго бид хоёр нэг тал болж мэлхий тоглон шагай шүүрэв. Солонготой уулзсан өдрөөс хойш миний сэтгэл үргэлж хөгжил баяраар дүүрэн болж сав л хийвэл дуу дуулдаг бас гоёх дэгжирхэх дуртай болсон билээ.
Нэгэн удаа Солонготой түлш түүхээр хамт явж, замдаа Солонгод багадаа өрж тоглож байсан чулуун гэрээ үзүүлж, бид хоёр түүнийг засаж сэлбээд яг л хүүхэд шиг тоглож билээ.
Бид хоёрын хооронд сайхан үерхэл бий болов. Энэ үерхлийн гол залгуур нь бид хоёрын сэтгэлд гүн бат оршиж байсан хүүхдийн ариун цагаан сэтгэл байлаа. Нэг өглөө би эмнэг хязаалан үрээ унах болов. Би эмнэг унахдаа муугүй юмсан. Аав, Дорж гуай хоёр эмээллэхэд минь тусалж өгөв. Тэгээд тэр хоёроор бариулж байгаад мордож, жолоо цулбуураа хумиж аваад гуядаж орхисон чинь огло үсрэн бухаж гарлаа. Омголон үрээний омог нь удахгүй л дарагдах байв. Гэтэл гайхуулах гэж байж гай дайрах шахаж билээ.
Ерөөсөө морь хоёр янз булгидаг. Зарим морь эргэлдэн бултаж булгидаг. Ийм морин дээр тогтоход хэцүү. Зарим морь доороо юм уу нэг шугамаар бухаж жигд булгидаг. Ийм морь харахад сүртэй боловч тогтоход амар байдаг юм. Миний унасан хязаалан бол жигд бухаж булгисан тул салхи сүржигнэн бие минь урагш хойшоо тэнцвэрээ олон, сайхан ч бахтай ч байсан юмсан. Солонго лав л гэрийнхээ үүдэнд зогсоод намайг харан бахдан байгаа даа гэж бодогдоод эргэж харлаа.
Дорж гуайн гэрийн үүдэн дээр Навч гуайтай зэрэгцэж зогсож байгаа Солонгыг хармагц бүх юм нэгэн мөчинд мартагдан, дөрөөгөө алдаж, үрээний буруу тал руу хийсэн уналаа. Би унахдаа цулбуурхаа тавиагүй тул хэсэг чирэгдэж байгаад Дорж гуайн гэрийн ойр очоод зогсов. Бүхний түрүүнд Солонго гүйж ирээд чичрэн догдолсон хоолойгоор
-Зүгээр үү? гэж асуугаад намайг татаж босгосноо сандарснаа бодож зовсон бололтой нүүр нь улайгаад түргэн эргэж гэрийнхээ зүг гүйв.
-Ах ер нь ойчдоггүй юмсан яачихав дээ. муу үрээ нь булгиж чадсангүйяадаа гэж Сүрэнгийн хашгирах дуу сонсдов.
Бид Дорж гуайгаар бариулж байгаад дахиж мордоход өвдөг минь чичирч байж билээ.
Үрээ урьдах адил урд хоёр хөлийнхөө хооронд толгойоо хийж байгаад бухаж гарлаа. Би амандаа зүгээр зүгээр гэж байн байн шивэгнэж явахад өрөөсөн мөрөн дээрээс минь татаж босгосон Солонгын гар хэвээрээ байх шиг санагдаад “Битгий унаарай” гэж догдолсон хоолойгоор дахин дахин хэлж байх шиг санагдаж байлаа.
Би адуу үхэрт явахдаа улаалзгана, гүзээлзгэнэ түүж ирээд Сүрэнтай арай хийж дансаа бодсоны дараа Дорж гуайнд орж Навч гуайдаа жаахан өгдөг. Дараа нь ихэнхий нь Солонгод өгдөг байв. Ингэж үнэндээ Солонгын хажуугаар Навч гуай завшиж ёстой л морьтны хишиг явганд гэдэг болдог байв. Солонгын нутаг бол жимсгүй тал газар тул миний авчирсан жимсийг тэр их сонирхож юуны өмнө нэрий нь асуугаад дараа нь хаана байдгийг асууж амтархан идэхэд нь ертөнцийн жаргалын дээдийг эдэлж байдаг сан.
Солонго, Сүрэн бид гурав явж улаалзгана түүсэн нь Солонгын сэтгэлд таалалтай болоод дахин хэдэн удаа жимсэнд явсан. Ингэж байтал сумын наадам болов. Манай сумын наадам хоёр өдөр үргэлжлэх байсан тул манай хотныхон ээлжлэн явахаар тогтов. Анхны өдөр Солонго, дүү бид гурав явах, дараа өдөр бусад маань явахаар ярилцав. Би шөнө адуу манаж өглөө эрт ирээд, цайгаа ор нэрийн төдий уугаад наадамд явахаар бэлтгэв. Өвгөд дээдсийн үеэс монголчууд цагаан сар болох наадамд явахдаа сайн морины дэлий нь засаж унан, шинэ дээлээ өмсөж, элбэг дэлбэг явахыг хичээдэг.
Би эхлээд унаж явах гурван мориныхоо дэлийг засав. Солонгод Дорж гуайн өөрийн нь унадаг бүдүүн хар гэдэг морийг барьж өгөв. Түүний дэлийг засаж байхад Солонго үргэлж дэргэд зогсож байв. Хар морины дэлийг сумлан засаж, сахлы нь жигд хайчлан, чихэн доторхи үсий нь зассан тул үнэхээр л согоо шиг амьтан болов. Гэвч энэ морь ямар ч явдалгүй, ядахдаа сайхан усан хар алхаа ч үгүй учир Солонгод гологдох байх гэж бодоод эжийнхээ жороо хээрийг гуйж өгөх юм билүү гэж байн байн бодогдож байлаа.
-Чи манай ээжийн жороо хээрийг унаад яв гэж хэлсэнд Солонго дургүй нь хүрсэн бололтой битгий дэмий ярь гэсэнд би тоглож хэлсэн болж энэ яриаг зувчуулав.
www.URLAG.mn