Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах хуульд Түүх, соёлын дурсгалт зүйлийг хосгүй үнэт, үнэт, ердийн гэсэн гурван зэрэглэлд хамруулахаар заасан байдаг. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтыг анх 1995 онд бий болгож, улсын сан хөмрөгт багтааж эхэлжээ. Хамгийн анх 1995 оны Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор таван музейн 39 үзмэрийг хосгүй үнэт дурсгалаар баталснаас хойш бараг жил бүр ховор, нандин дурсгалыг нэмж оруулдаг болсон.
Харин 2010 онд Монголын Эрдэнэсийн сангаас 15, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс тав, Палентлогийн хүрээлэнгээс 25, Төрийн түүхийн музейгээс 259 гээд нийтдээ 304 дурсгалыг Засгийн газрын 103 тоот тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын “Хосгүй үнэт” дурсгалаар нэмж баталсан юм. Хамгийн сүүлд уг жагсаалтад энэ оны зургадугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Сайн цагийн мянган бурхны шүтээн зураг, Улаан Жамсран бурхны цам бүжгийн иж бүрэн өмсгөл, Марзан Шаравын “Лениний хөрөг”, XIII-XIV зууны хотгор илд, Хархорум хотын түүхтэй холбоотой гэрэлт хөшөөнүүд, Дарьганга, үзэмчин эхнэрийн толгойн гоёл, Сэцэн хааны тамга гэсэн найман дурсгалыг нэмж баталснаар одоогийн байдлаар 15 байгууллагад хадгалагдаж байгаа түүх, соёл, шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий дахин давтагдашгүй 601 бүтээл бүртгэгдээд байна.
Мөн энэхүү “Хосгүй үнэт” гэсэн жагсаалтад Богд хааны ордон музейд хадгалагдаж байгаа 72, Чойжин ламын музейн 12, Дүрслэх урлагийн музейн 68, Үндэсний түүхийн музейн 16, Монголын Үндэсний номын сангийн 10, Палентеологийн хүрээлэнгийн 26, Байгалийн түүхийн музейн найм, Эрдэнэсийн сангийн 20, Археологийн хүрээлэнгийн зургаа, Гандантэгчилэн хийдийн 13, Эрдэнэ зуу музейн 59, Өвөрхангай аймгийн Шанхын Баруун хүрээ хийдийн 15, Төвхөн хийдийн нэг дурсгал байгаа бол Дорноговь аймгийн Данзанравжаагийн музейн долоо, Төрийн түүхийн музейн 259 үзмэр, эд өлгийн зүйлс багтаж байгаа юм. Монгол Улсын хосгүй үнэт өвийн жагсаалтад багтсан олон олон бүтээлийн заримаас манай сонин уншигчдадаа танилцуулж байна.
1.Есөн эрдэнийн ганжуур
Тус дурсгалыг XVII зууны үед нэр нь үл мэдэгдэх урчууд зохиосон бөгөөд хар цаасан дээр есөн эрдэнэ шигтгэж урласан байдаг. Нэг бүр нь 51х19 см, 56х22 см хэмжээтэй. “Есөн эрдэнийн ганжуур” 108 боть их хөлгөн судрыг энэ оны зургадугаар сард ЮНЕСКО-гийн “Олон улсын соёлын өв”-өөр бүртгэжээ.
Монгол Улсын түүх, соёлын “Хосгүй үнэт өв”-ийн жагсаалтад 2002 оны зургадугаар сарын 10-нд Засгийн газрын 118 дугаар тогтоолоор бүртгэсэн байдаг. Энэхүү ховор дурсгал нь одоо Үндэсний төв номын сангийн “Үнэт ховор номын музей”-д хадгалагддаг.
2.Богд хаант Монгол Улсын төрийн далбаа
VIII Богд хааны зарлигаар Монгол төрийн далбаа нь төр, шашныг ариунаар мандуулах утга санааг илэрхийлсэн өнгө, хэлбэр, хэмжээ, бэлгэдлийн зүйлсийг агуулснаараа онцлог. Энэ үед хааны ордон, төрийн яам, зэрэг газрын дээр хийсгэх далбааг гурван ам буюу 3×1 харьцаатай /нэг ам нь 70×70 см/ босоо дөрвөлжин хэлбэртэй байхаар зааж, шар торгоор урлаж, дээд доод болон ишний талыг улаан торгоор хөвөөлдөг байжээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Богд хаант Монгол Улс байгуулагдаж, төрийн ёс дэг, ёслолыг цэгцэлж, үндэсний уламжлалт соёлыг тусгасантөрийн бэлгэдлийг хэрэглэх тухай зарлиг гарснаар энэ далбааг бүтээсэн байна.
Төр шашныг хослон баригч Богд хаант Монгол Улсын төрийн далбааны ишний эсрэг талын гурван улаан хэлний дээд талд “ум”, дундахад “аа”, доод талд нь “хум” хэмээх маанийн үсэг, шар дэвсгэр дээр сайн сайхныг бэлгэдсэн мөргөлийн тусгай ном бичдэг байжээ. Шар дэвсгэрийн төвд гуутай бадамлянхуа цэцэг байрлуулсан нь цэвэр ариуныг бэлгэддэг байна.
Энэхүү далбааг 2004 оны тавдугаар сарын 5-нд Засгийн газрын 108 дугаар тогтоолоор “Хосгүй үнэт өв”-ийн жагсаалтад бүртгэсэн бөгөөд одоогоор Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт хадгалагддаг.
3.Босоо Майдар
Майдар бурхан Бурхан багшийн дараагаар замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх Сайн цагийн мянган бурхдын тав дахь нь юм. Түүнийг сүсэглэн амьдарваас нас уртасч, амьдралын зоо тэнийнэ хэмээн бурхны номонд бичсэн байдаг. Майдар бурхныг олон улс оронд өөр өөрөөр дүрсэлсэн байдаг бөгөөд Түвдэд царай тунгалаг, мутрын алга дээш тэнийсэн зэргээр дүрсэлсэн бол монголчууд түүнийг хагас суугаа болон босоо байдалтайгаар дүрсэлсэн байна. Энэхүү түүх соёлын хосгүй үнэт өвийг XVII зууны үед Г.Занабазарын сургуулийн урчууд урласан бөгөөд гуулиар цутгаж, алтаар бүрсэн байдаг байна. 73 x 22 x 22-ийн харьцаатай энэхүү бурхан одоогоор Чойжин ламын сүм музейд хадгалагдаж байна. Энэхүү дурсгалыг 2002 оны зургадугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын 118 дугаар тогтоолоор “Хосгүй үнэт өв”-ийн жагсаалтын 160-д бүртгэсэн байдаг.
Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №022