1.
Тэр долоо хоногийг Даваа гаригаар төсөөлөж бодох болсоноор уджээ. Даваа гаригт бие сэтгэл, бодол санаа ямар байна, яг тэр хэмнэлээр тэр долоо хоног өнгөрч байгаа нь түүнд анзаарагдах болжээ.
Нас дөч хол гараад ирэхээр цаг хугацааг ч, аливаа юмыг үнэлэх нь ч хорин хэдтэй байснаас тэс өөр болдог ажээ.
Хорин хэдтэйд нь долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гариг бүр өөр өөрийн өнгө төрхтэй, өөр өөр үйл явдалтай байсан санагдана. Даваад очоод бусад өдрүүдээс арай илүү овоорсон бичиг цааснуудаа эмхэлж, цэгцэлсээр байтал өдөр хурдан өнгөрдөгсөн. Мягмарт өмнөх өдрийн дутуугаа үргэлжлүүлэх, өөр шинэ юм хийнэ. Лхагвад л шинэ долоо хоногийн ажил жинхэнээсээ эхэлдэг мэдрэмж түүнд төрдөгсөн.
Лхагва, Пүрэв гариг бол жинхэнэ ажлын өдрүүд, тархи толгой ч жинхэнээсээ ажиллаж гардагсан. Баасан гариг бол хагас, бүтэн сайны угтал тул ингэс тэгэс гээд л өнгөрөх нь олон.
Найз нөхөд рүүгээ утасдаж, уулзаж учрах, хундага тулгах, эсвэл зуны цагт бол салхинд гарах, загасанд явах, намар бол самар, жимсэнд явах, өвлийн цагт бол чаргаар гулгах, мөсөн гулгуурын талбай дээр тэшүүрээр салхи татуулан гулгах зэргээр зугаатай өнгөрөөдөгсөн.
Гэтэл одоо нас дөч хүрэхээр цаг хугацааны мэдрэмжээ алдав уу, эсвэл нэг ажил мэргэжлээр хорин хэдэн жил ажиллаад ирэхээр амьдрал нь ч тэр, гэр бүлээ тэжээж, талхаа олж идэж байгаа ажил нь ч хүртэл нэг л сэтгэлд нь хүрэхээ байгаад байгааг тэр саяханаас маш хурцаар мэдрэх болжээ.
Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням.
Ахиад л Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням байх атал.
Даваа гариг, тэгээд хагас ,бүтэн сайн өдөр
Даваа гариг, тэгээд хагас ,бүтэн сайн өдөр л гэсэн өдрүүд түүнд бий болсоор уджээ. Яг хэзээ тийм болсоныг тэр өөрөө ч үл мэднэ. Гуч хол гараад тэгэв үү, эсвэл дөч хүрээд тэгэв үү, бүү мэд.
2.
Тэр ажилаасаа уйдсаар уджээ. Хүн харахад ажилдаа өдөр бүр явсаар, урьдын адил ажилдаа дуртай хүн, ажилаа чамгүй сайн хийдэг ахлах мэргэжилтэн, удаа дараагийн ажил мэргэжлийн аварга цол гуншин ч бий. Энэ бол зөвхөн гаднаас харагдах нэг л тал нь юм.
Гэтэл дотоод сэтгэлд нь хуй салхи өдөр бүр үргэлж салхилаастай. Барагцаагаар сүүлийн тав, эсвэл сүүлийн гурван жил ч юм уу.
Өдөр бүр дотор нь байгаа хүнтэйгээ ярилцах, дотоод сэтгэлээ сонсохоор ажилаа өөрчилөө, амьдралаа өөрчлөөд үз, хорин хэдэн жил нэг ажил хийлээ, одоо болоо юм биш үү, өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаар, эрх чөлөөтэй, өөрийнхөө дураараа ажиллаад үз, өдөр бүр өглөө ажилд яаран сандран гүйхгүй, дарга, цэрэг гэж дарамтгүй байх сайхан байна гэж хэлээд байх ажээ.
Гэтэл ажлынхан нь түүний талаар юу гэж ярьдаг нь түүнд бас бодогдоод, чи буруу юм хийх гэж байгаа юм биш үү гэж далдаас түүнд шивэгнэх шиг болно. Удаан жил, тогтвортой ажилласан, ажилдаа сайн, хүмүүстэй эвсэг, ойрын хэдэн жилд энэ байгууллагын дарга ч болох боломжтой, уржнан сайд манай ажлаар ирээд явахдаа ажлын тайланг нь үзээд энд байх хүн биш байна, манай л хүн байна гэж хэлсэн гэнэ лээ гээд ярьдаг нь түүнд бас бодогдоно.
3.
Өнөө өглөө ажилдаа ирэх замдаа Балданг тэр харсанаа эргэн саналаа. Балдан тэр хоёр арав гаруй жил нэг хэлтэст, тэр байтугай өөд өөдөөсөө харсан ширээнд суудаг байсан билээ. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, эхнэр нь хаяад явсаны дараа Балдан нэг хэсэг архи их уусаныг тэр сайн мэднэ. Өөрөө ч хань болон олон удаа архины бөглөө хамт мулталж суусан нь бас чамгүй олон. Гэхдээ мань хүн шиг архи ууж чадахгүйгээ ч тэр сайн мэдэж авсансан.
Тиймээ, таван жилийн өмнө гэнэт Балдан ажилаасаа гарах өргөдөлөө даргад өгөн сураггүй алга болсон нь саяхан мэт санагдана. Дараахан нь олон яриа л явж байсан санагдана, архинд ороод ажилаа хийдүүлээд аргагүй ажилаасаа гарсан л гэнэ, залуу эхнэр аваад хөдөө явсан л гэнэ, Америкт байдаг дүү нь ирээд аваад явсан л гэнэ, өвгөнтийн хөндийд очсон явж байхыг нь харсан л гэнэ, царай зүс гэж өвгөн шиг хүн болсон л гэнэ, энэ мэт олон яриа байсан бөгөөд тэгсгийгээд Балдан гэдэг хүн хамт ажиллаж байсаныг дурсахаа ч байсансан.
Харин тэр л Балданг үе үе дотроо их дурсдаг байсансан, хүнд хэт итгэмтгий, гэхдээ гэм хоргүй цайлган зан нь түүнд их үгүйлэгдэж байсан юм, гэхдээ тэрийгээ хамт ажилладаг хүмүүс нь мэдэх вий гэдгээс эмээдэгсэн. Балдан хүнд хэлэх гэсэн юмаа хэлчихдэг, хийхгүй гэсэн ажилаа бол дарга хий гэж байсан ч хийдэггүй байж билээ, манай ажлынхан тэгж чаддагт нь Балданд дотроо битүүхэн атаархаж явдаг байж билээ, одоо бол бүгд л нүүрэн дээрээ сайхан загнаад байгаа мөртлөө хүн бүгд бие биенээсээ айдаг цаг болчихсон ч юм уу, ямарч л байсан Балдан шиг тийм хүн байхгүй болчихсон санагдаад түүнд Балдан шиг хүн үгүйлэгдээд, нэг тиийм битүү харамсал төрөөд байх болжээ.
Хүн гэдэг амьтан ийм л хуурамч юм байх юм даа, байхад нь нүүрэн дээрээ бүгд л Балданг ажилдаа сайн, мундаг мэргэжилтэн гэдэг байсан, ажлаасаа гарсаны дараа нь Балдан шиг хэрэггүй, архинд толгойгоо мэдүүлсэн хүн байгаагүй болоод явчихсан, тэр өөрөө тэгээгүй ч хүмүүс тэгж хэлэлцгээж байхад хар цагаан дуугүй л байсанаа бодоод би ч тэр хүмүүсийн нэг адил хуурамч хүн юм гэж тэр бодож байгаагүй гэж үү, ядаж нэг ч удаа мань хүнийг өмгөөлж, хамгаалсан үг хэлж байгаагүй гэж бодон өөрийнхөө бодлоосоо тэр гэмшиж байсан нь олон.
4.
Балданг таван жилийн дараа харах үнэхээр сонин байлаа. Хамт ажиллаж байхад гонзгой цагаан царайтай, цэвэр цэмцгэр, хэр баргийн хүмүүс дүйж очихооргүй дэгжин залуу байж билээ. Үсээ гялалзтал тослоод, гутал нь ямагт нүүр харагдахаар гялтагнаж байдагсан.
Гэтэл өнөөдөр таван жилийн өмнөх гялалзсан шаавай Балдангаас адил юм огт олж харсангүй. Гэхдээ мань хүний ялимгүй наранд борлосон нүүрнээс үнэхээр амьдралдаа сэтгэл хангалуун хүний жаргалтай шинж тодхон харагдаж байсаныг тэр мэдэрч билээ.
Өмссөн зүүсэн нь хөдөөгийн байрын хүний л хувцас, ажлын өмд, хүрэм, оросын хар бакалан гутал өмссөн, хаанаас нь ч харсан нэг тийм хөдөөний ажил хийж сурсан эрчүүд байдаг даа, яг л тэдний нэг.
Тэдний байрны өмнөх хүнсний дэлгүүрт сүү тушаадаг бололтой, хэдэн хоосон дөчийн бидон ачааны жижиг тэрэгний ачаан дээр тавиад, машиндаа суун, ухрахаар цонхоор толгойгоо гарган арагшаа харан байсан хүнийг тэр Балдан гэж харсан билээ. Тиймээ, тэр жолоо барьж байсан нөхөр бол яалтгүй хамт ажиллаж байсан Балдан мөөн.
Сарын өмнө авгай нь сүү авдаг байрны өмнөх хүнсний дэлгүүр сүү авчирч тушаадаг хүмүүсээ сольж байгаа, сольсоноос хойш овоо өтгөн элдэв юм холиогүй, сайхан сүү авдаг боллоо гэж олзуурхан хэлж байсаныг ч эргэж саналаа.
Тэр өөрийгөө анх Балдантай гаднах байдалаа харьцуулж хараад өөрийгөө амьдралд өнгөтэй өөдтэй, сайн явж байгаа юм байна гэж бодсон боловч Балдангийн тэр царайнд нь тодроод байгаа амьдралдаа сэтгэл хангалуун хүний өнгө жавхааг бодоод би чинь аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун хүн мөн үү гэж бодоход дахин хүрчээ. Энэ бодол нь өглөө ажилдаа ирсэнээс хойш анх бодогдоод мартагдсан ч, одоо үдийн хоолны дараа дахиад л толгойд нь ороод ирээд ажил таран тартал огт салсангүй, харин ч улам ихээр бодогдох нь сонин.
Балданг тэр сайн мэднэ, юу бодож санаж байгаа нь ямагт нүүрэнд нь ил байдаг хүн. Уурлаж бухимдаж байна уу, эсвэл инээд хөөр болж байна уу, ямагт царайн дээр нь бичээстэй байдагсан. Тиймдээ ч Балдантай арваад жил хамт нэг дор ажиллахад амар байжээ.
Балдан сайхан ажилтай, ажилдаа сайн, сайхан ч эхнэртэй, аз жаргалтай байсаныг тэр мэдэх хүний нэг. Гэхдээ Балдан хэзээ ч өнөөдрийнх шиг тийм их аз жаргалтай байсаныг тэр мэдэхгүй юм. Тэр хамт ажиллаж байхдаа түүнийг ийм бялхам аз жаргалаар гэрэлтсэн байхыг нь хараагүй юм. Тэр түүний хуримд хүртэл ажлынхантайгаа уригдан очиж л байсан даа.
Балдан яаж ийм аз жаргалтай ажилаа ч гэх юм уу, эсвэл амьдралаа ч гэх юм уу, эсвэл амьдрах газараа олж авсан юм бол гэж бодохоор тэр суудал дээрээ тухтай сууж чадахгүй, байн байн босон цонхны дэргэд очин хий дэмий санаа алдахаас цаашгүй болжээ.
Орой харихдаа байрны өмнөх хүнсний дэлгүүрийн худалдагчаас хаанаас сүү авчирч тушаадаг, сүүний тэрэгний жолооч Балданг таних уу гэж асууя гэж товлосондоо сэтгэл нь овоо онгойлоо.
5.
Гэнэт Балдантай уулзах хэрэг байна уу гэсэн ад ч юм уу, эз ч юм уу бодол ургаад ирлээ. Уулзлаа гээд юу өөрчлөгдөх юм, одооны амьдрал чинь хангалтгүй байна уу гэх доторхи нэг хүн нь хэлнэ, ийм амьдралд хүссэн хүн бүхэн хүрдэггүй юм шүү гэх эхнэрийнх нь хэлдэг нь бодогдоно, гэтэл цаанаас нь доторхи хоёр дахь хүн нь яадаг юм вэ, алийн болгон өөрийгөө дотороо хуурч амьдрах юм, хүн нэг л амьдарна, үүнээс хойш чаддаг юм бол өөрийнхөө хүссэнээр амьдраад үз дээ гэж хэлнэ.
Хичнээн ч дуу хоолой дотроос нь, хажуугаас нь, өөр бас хаанаас ч юм вэ түүнд зориулж хэлээд байгаа юм бэ бүү мэд, сүүлдээ аль ч өөрийнх нь хүсэл, аль ч найз нөхөд, хамт ажилладаг хүмүүсийнх нь юм, аль ч эхнэрийнх нь юм, аль ч дотоод хүнийх нь юм ялгахаа болих нь.
Тэр бас л өөртэйгээ зөрчилдөөд эхэллээ. Дотор нь олон хүмүүс дахиад л яриад л байлаа.
-Одоо тайван амгалан л амьдарч байна шүү дээ. Юу чамд дутаад байгаа юм, яарвал даарна шүү, энэ ажилаа хийж байгаад тэтгэвэртээ гарахаа бод, өндөр цалинтай юм чинь өндөр л тэтгэвэр тогтоолгоно шүү дээ. Одоо хорин жил ажиллахад тэтгэвэрт гарах нь байна шүү дээ.
-Хорин гурван жил нэг ажил хийлээ, үнэхээр энэ ажилаасаа залхаж байна. Өөр юу ч байсан хамаагүй, өөр л ажил хийвэл би аз жаргалтай болж чадна гэдгээ мэдэж байна.
-Тэгвэл чи хөдөө очоод мал маллаж чадах уу
– Бүү мэд. Хэлж мэдэхгүй байна.
– Чи одоо арваад хүн хариуцаж ажилддаг хүн. Ажилаа солиод хүний удирдлаган дор ажиллаж чадах уу
– Бүү мэд. Хэлж чадахгүй нь.
-За тэр ямар ажил хийхээ ч сонгоогүй байж, ажилаа өөрчилнө энэ тэр гэж ярихаа больж үз.
-Хүмүүс юу ч гэж бодож, хүсэж мөрөөдөж болно. Амьдрал гэдэг чинь хүссэнээр бид нарыг амьдруулдаггүй юм. Энэ боль амьдралын хатуу хууль.
Төгсгөл.
Тэр өрөөнийхөө түлхүүрийг жижүүрт өгөөд гарлаа. Цаг оройн 7.15 болжээ. Тэр хэзээ ч ингэж оройтдоггүйсэн.
Тэр Балданг ямар ч байсан олж уулзана гэж шийдлээ. Дараа нь юу ч болсон ч хамаагүй гэж бодлоо. Нэгэнт бодолоо олчихсон болохоор сэтгэл нь хөнгөрөөд явчихыг мэдэрлээ. Дуу аяндаа аманд нь орж ирээд гэрийн зүг, үгүй ээ, яг үнэндээ тэдний байрны өмнөх хүнсний дэлгүүрийн зүг алхлаа.
Б. Чинбат.
2013 он