Хүүхэд ахуй цагтаан би хүмүүс оддын зүгт нисээд явчихдаг гэдэгт итгэдэг байсан. Энэ бодлыг эмээ минь надад өгсөн юм. Эмээдээ би дуусашгүй олон асуулт тавьж тэр бүхэнд эмээ минь надад дуусашгүй баян хариултыг өгдөг байлаа. Эмээ бид хоёр ийнхүү хүүрнэнэ.
-Эмээ мод газраас ургадаг, тийм ээ?
-Тиймээ, миний хүү.
-Эмээ чулуу газарт байдаг, тийм ээ?
-Тиймээ, миний хүү.
-Тэгвэл эмээ төмөр хаана байдаг юм бэ?
-Төмөр үү? Төмөр газрын гүнд чулуун завсар байдаг юм.
-Төмөрийг хүрзээр ухаж авдаг байх нь нээ тийм ээ?
-Тиймээ миний хүү. Гэхдээ ийм жижиг хүрзээр биш том машины хүрзээр ухдаг байхгүй юу? -Дорж гуайн трактороор ухаад авч болох уу эмээ?
-Дорж гуайн чинь трактороос том машины хүрзээр ухдаг байхгүй юу.
-Тэгвэл эмээ даавуу хаана байдаг юм бэ?
-Даавуу юу, даавуу гадаад оронд модны завсраар ургадаг юм.
-Эмээ тэгвэл гадаад орон хол уу?
-Холоо хол. Гадаад орноор миний хүү яахнав?
-Гадаад оронд очиж даавуу олж ирье.
-Чи очиж чадахгүй шүү дээ.
-Яагаад чадахгүй гэж гадаад орон луу тэгээд юугаар явж очих юм бэ?
-Томоо онгоцоор л явж очно шүү дээ. Миний хүү том болж байгаад л гадаад оронд явах биз?
-Тэгвэл би хурдаан том болоод гадаад оронд очиж даавуу олж ирнэ ээ.
-Тэгээрэй миний хүү, эмээ бид хоёр ийнхүү хүүрнэнэ. Би эмээгийнхээ ярианд итгэж мундаг том эр болчихоод зурагтаар гардаг онгоцонд суугаад гадаад орон луу явж байна гэж нүдэндээ төсөөлнө. Тэгээд дахиад л шинэ өдөр эхэлж, дахиад л эмээ бид хоёрын хооронд шинэ яриа өрнөнө. Би эмээдээ шинэ асуулт тавих бүрт эмээ минь урьд мэдээгүй шинэ хариултыг өгнө. Эмээ бид хоёр ийнхүү хүүрнэнэ.
-Эмээ манай энэ дэлхий дээр нар жаргачихаад байхад тэр однууд яагаад гэрэлтээд байдаг юм бэ?
-Өө тэр однууд дээр хүмүүс амьдардаг байхгүй юу хүү минь.
-Тэр хүмүүс тэгээд чийдэнгээ асаачихаад байгаа юм уу?
-Үгүй ээ хүү минь манай энд нар жаргахаар тэр однууд дээр нар гэрэлтдэг байхгүй юу.
-Тэгээд тэр однууд дээр хүүхдүүд байгаа юу?
-Байлгүй яахав. Чам шиг хүүхдүүд над шиг эмээ нар зөндөө байгаа.
-Тэр одод дээр байгаа эмээ нар үлгэр мэдэх үү?
-Мэдэлгүй яахав. Зөндөе үлгэр мэднэ.
-Тэгвэл би тэр однууд дээр очлоо.
-Тэгж болдоггүй юм, миний хүү. Тэр однууд дээр очсон хүмүүс буцаж ирдэггүй юм.
-Яагаад буцаж ирдэггүй юм бэ, эмээ?
-Энэ тухай том болохоор чинь, багш нар чинь аандаа заагаад өгнө өө.
-Эмээ багш гэж хүн үү?
-Хүн л байхгүй юу.
-Тэгвэл яагаад багш гээд байгаа юм бэ?
-Зөндөө их эрдэм ном мэддэг болохоор нь багш гэж байгаа юм.
-Тэр багш нар танаас олон үлгэр мэдэх үү?
-Тэгэлгүй яахав. Надаас олон үлгэр мэднэ.
-Тэгвэл эмээ би багш болноо.
-Тэгээрэй миний хүү.
Эмээ бид хоёр ийнхүү хүүрнэнэ. Тэгээд дараа нь эмээ минь надад оддын тухай үлгэр ярьж өгдөг байв. Тэр үлгэрт нь миний танихгүй нэг хөөрхөн охин оддын дунд цэцэг түүж яваагаар гардаг байж билээ. Тэр охиныг би хэний ч үл анзаарах, далдын нэгэн сэтгэлээр мөрөөдөж, түүнд Нарангоо гэдэг нэр өгчихөөд, хэзээ нэгэн цагт түүнтэй уулзахсан гэж хүсдэг байв…
Эмээ минь надад оддоос олон үлгэр ярьж өгчихөөд өөрөө оддын зүгт яваад өгсөн юм. Эмээгийнхээ ярьснаар би том болсон, эмээдээ амласнаараа би багш болсон. Цагийн аясаар оддын тухай, Нарангоогийн тухай бодол минь өөр болсон. Гэвч гэгээн тэнгэрийн оддыг ширтэх болгонд эмээ минь дандаа санагдаж, тэртээх оддын дундаас үлгэр хүүрнэж байгаа юм шигээр л үргэлж бодогдож явдаг юм даа.
Ц.Буянзаяа