Олон зуун мянган жилийн түүхтэй манай нүүдэлчин өвөг дээдэс хийгээд эртний хятадын уламжлалт анагаах ухаанд ясны шөлийг хий ядаргаа тайлах, тамир тэнхээ оруулах, аливаа өвчнийг эдгээх зорилгоор тан, эмийн ургамалтай хослуулан хэрэглэдэг байжээ. Мах их иддэг хэрнээ манайхан ер нь ясыг нь ашигладаг хүн тун цөөхөн юм шиг. Манайхан бол тоодоггүй. Үхрийн булууны яс гадаадын улс оронд их үнэд хүрдэг. Их ач холбогдолтой учир тэр юм. Яс тэр тусмаа үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальци юм.
Ясны шөл гаргахад хамгийн тохиромжтой малын яс бол үхрийн яс бөгөөд тэр дундаа идэр залуу насны үхрийн чөмөг, булуу, тойгны ясыг сонгон авч ядаргааны шөлийг хийдэг байна. Учир нь чөмөг, булуу, тойгны яс нь үхрийн хүнд жинг бүхий л амьдралынх нь турш дааж, тээж явдаг хамгийн бат бэх яс төдийгүй олон төрлийн амин дэм, эрдэс бодис, кальци, төмрийг их хэмжээгээр агуулж байдгийг эрдэмтэд хүртэл нотлосон. Энэхүү ясны шөл нь хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууч өвчнийг анагааж, ханиад томууг дарж эрч хүчээр тэтгэдэг байна.