Ангилал: Фото зураг

Ардын зураач О. Цэвэгжавын “Азарганы ноцолдоон ” зургийн тосон будгийн энэ бодит зураг сонин бөгөөд адгуусны хоорондох тэмцлийн гүн зөрчлийг үзүүлжээ. Хээр талд хэсэг адууны дэргэд ноцолдож буй хоёр азарганы хөдөлгөөний гүн зөрчлийг нээх уран сайхны дүрслэл болсон энэ зургийн дүр бол бодит амьдралын түгээмэл үзэгдлийн цогцолбор юм. Энэ зургийг ажихад малчин монгол хүний санаа сэтгэхүйн баяр бахдлыг илэрхийлсэн нь илт билээ.

Их Монгол улсын тулгар төр байгуулагдсан түүхээс эхлээд ардын хувьсгалын агуа ялалт, социалист нийгмийн үзэл баримтлалыг дэмжин магтсан, мөн улс төрийн нэрт зүтгэлтэн, сайн малчин, хөдөлмөрийн баатар, зохиолч, нэрт зураач, гэх зэрэг алдар цуутай хүмүүсийн хөрөг зураг буюу аж байдлын сэдэвт бүтээл, Монгол нутгийн үзэсгэлэнт байгалийг харуулсан “реалист” буюу бодит сэтгэлгээний хосгүй үнэт бүтээл, 1960 оны сүүлээс нэвтэрч, хөгжиж эхэлсэн орчин цагийн урлагийн төрөл болох “Модерн” хэлбэрээр бүтээгдсэн дахин давтагдашгүй бүтээлүүд Монголын дүрслэх урлагийн хосгүй үнэт бүтээлүүд болон хадгалагдаж байна.