Гартаа би дэлхийг барьчихсан байна. Долоон тэрбум хvнтэй, долоо биш ээ, тэрнээс ч олон гайхамшигийг сvндэрлvvлсэн, доголон цэнхэр дэлхийг атгаж байна. Доголон өнгө гэж байдаг юм аа, би өөрөө ч мэдээд гайхсан. Далай байхдаа гvн цэнхэр байж байгаад, халж, хатаж, хайлж, ууршиж, утаа болохоороо доголон болдог тэр цэнхэр өнгө… Тэгээд гарын минь алгыг хvйт оргиулан, бас халуу төөнvvлэн хөлрvvлэн байх тэр доголон өнгөтэй гариг миний аясаар эргэлдэж байлаа. Би тvvнийг эргvvлээд л, эргvvлээд л байв. Намайг удаан хөдлөхөд дэлхий удаан эргэж, хурдан хөдлөхөд хурдан эргэж, миний хvссэн зvгрvv миний хvссэн хурдаар эргэж өгч байлаа. Дураараа намайг эргvvлж байхад далайн ус цалгиж, тивийн дээгvvрээ даваад олон амийг тасалсангvй. Тэгэхгvй гэдгийг нь мэдсэн болоод л би хурдан, удаан эргvvлсэн хэрэг. Тэгээд ч яг vнэн хэрэг дээрээ дэлхийг би эргvvлэх биш, тvvнийг тойроод өөрөө нисэж байлаа.