Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд барууны болоод дэлхийн хэмжээнд нэр алдартай хамтлаг дуучдын тоглолт “Төв цэнгэлдэх хүрээлэн”-нд болох нь тасраад байсан юм. Тэгвэл энэ удаад Британийн хөгжмийн дээд шагналын эзэн, залуусын зүрх сэтгэлд “Sorry Seems To Be The Hardest Word”, “All Rise” “Fly By” “One Love” зэрэг олон сайхан хит дуугаа хоногшуулж үлдээсэн алдарт BLUE хамтлаг EVENTO компанийн урилгаар Монгол улсад айлчлан тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолтын ерөнхий зохион байгуулагч “EVENTO” ХХК бөгөөд “Монгол Масс Медиа” ХХК, “On&Off” продакшин хамтран зохион байгуулж, мэдээллийн ивээн тэтгэгчээр Монголын Сайтын Холбоо болон МЗХ-ноос эрхлэн гаргадаг “Залуучуудын үнэн” сонины онлайн хувилбар болох zun.mn ажиллаж байгаа юм. Энэхүү тоглолтын талаар “EVENTO” ХХК- ийн захирал Х.Батжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Монголд тоглолт хийх албан ёсны саналыг “Blue” хамтлагт хэзээ тавьсан бэ?
“Blue” хамтлаг 2013 оны 2-р сарын 26-нд Лондон хот дахь “Hammersmith Apollo” театрт ганцхан удаа тоглохоор төлөвлөсөн тоглолт нь маш амжилттай болсон учраас бүрэн хэмжээний дэлхийг тойрох аялан тоглолтыг хийхээр шийдвэрлэсэн. Энэ аялан тоглолт нь бидний анхаарлын төвд орж Монголд ирж тоглох хүсэлтийг тавьсан юм. Өдийг хүртэл харилцан хэлэлцээрүүд үргэлжилж явсаар 8-р сарын эхээр эцэслэгдэж бидний саналыг албан ёсоор зөвшөөрснөөр одоогийн бэлтгэл ажилд ороод байна.
-Хамтлагийнхан Монголд тоглолтоо хийх саналыг хэрхэн хүлээж авав. Монгол орны зан заншил, нүүдэлчин удмын ард түмний талаар гадныхан их сонирхдог шүү дээ?
Хэлэлцээрийн явцад Монгол Улстай холбоотой бүх л мэдээллийг болон зохион байгуулж байгаа биднийг маш их судалсан байсан. Тэгээд энэхүү аялан тоглолтонд хамтарч ажиллаж болох шаардлагад бүрэн нийцэж байна гэж үзсэн. Мэдээж Монгол орныг маш их сонирхож байгаа талаар өөрсдийн албан ёсны FB хуудсаар дамжуулан “Дэлхийг тойрох аялан тоглолтынхоо хүрээнд албан ёсоор Монгол улсад 9-р сарын 14-нд тоглох гэж байна. Энэхүү ховорхон тохиох завшааныг бидэнтэй хуваалцах өдрөөс битгий хоцроорой. Хосгүй сайхан Монгол оронд очих болсондоо баяртай байна” гэдгээ илэрхийлсэн.
-Тоглолтын бэлтгэл ажил хэр явж байна даа. Ингэхэд яагаад заавал “Blue” хамтлагийг сонгох болсон юм бэ?
Тоглолтын бэлтгэл ажил 70-80 хувьтай явагдаж байна. “Blue” хамтлагийг сонгох болсон нь дээр хэлсэн тоглолттой холбоотой. Яагаад гэвэл Европт асар их хүлээлт үүссэн байсан. 2000-аад онд ид мандаж явсан “Blue” хамтлагийг сонсдог байсан манай фенүүдэд ч их хүлээлт байгаа болов уу гэж бид таамагласан юм. Энэхүү таамаглал зөв байж ээ гэдэг нь одоо билетийн борлуулалтаас харагдаж байна. Энэ бол маш зөв сонголт гэж дүгнэж байгаа.
-Венец хотод симфони оркестортой тоглосон “BLUE” хамтлагийнхан Монголд амьд хөгжимтэй тоглоно гэж байсан? Тэгэхээр сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг амьд хөгжмийн гайхамшгийн хамт мэдэрч болох нь ээ?
Тэгэлгүй яахав. “BLUE” хамтлаг өөрийн амьд хөгжмийн хамтаар ирэхээр болсон нь тоглолтыг улам үзүүштэй болгож буй хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн. Олон хүн энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа байх. Нэгэн үеийн хит дуунуудыг сэтгэл зүрхэнд хоногшуулж чадсан хамтлагийнхаа тоглолтыг эх орондоо, тэр тусмаа амьд хөгжмийн хамт сонсож мэдэрнэ гэдэг ховорхон тохиох аз завшаан шүү дээ.
-Монголд ирж тоглож байгаа гадны хамтлаг, дуучдын тоглолтоос “Blue” хамтлагийн тоглолт анх удаа даатгалд хамрагдсан байна. Энэ талаар?
Дэлхийн жишигт нийцүүлэх гэдэг утгаараа event даатгалтай байх шаардлага тавигдсан. Тиймээс Монголд анх удаа event даатгалыг жишиг болгон нэвтрүүлье гэж “Мандал Женерал Даатгал” компанид санал тавьсныг тэд маш таатай хүлээн авсан. Даатгалын нийт үнэлгээ 6 тэрбум орчим төгрөг болж байгаа. Үүнд “BLUE” хамтлагийн гишүүдийн амь нас, гэнэтийн осол болоод тоглолтын тасалбар худалдан авсан үзэгч бүр энэхүү даатгалд хамрагдан хамгаалагдаж байгаа юм. Аюулгүй байдлыг маш сайн хамгаалж түргэн тусламж, Нийслэлийн цагдаагийн газар зэрэг газрууд онцгой анхаарал хандуулж хамтран ажиллаж байна.
-Тоглолтын зохион байгуулалт болоод билетийн борлуулалтын талаар сонирхуулахгүй юу?
Тоглолтыг зохион байгуулалтын хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шоу, концертийн хэв загварт нийцүүлэн өндөр түвшинд жишиг болгон зохион байгуулахаар ажиллаж байна. Гадны орнуудад зохион байгуулагддаг тоглолт өндөр үнэтэй байдаг бол бид эсрэгээр нь маш хямд үнээр эх орондоо гайхалтай тоглолтыг хүн бүр үзэх боломжоор хангаж байгаа юм. Энэ тоглолтын билетийн үнэ дэлхийн жишиг үнээс даруй 3 дахин хямд байна. Билет 30.000, 60.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа гэхээр хүмүүс итгэхгүй байх шиг байна лээ. Тоглолтын тасалбар дотроо чип бүхий ухаалаг картаар хийгдэж нууцлалын хувьд хамгийн өндөр түвшинд бүтээгдсэн. Тоглолтын тасалбар борлуулалтыг “EVENTO” компани Монголд анхлан онлайнаар худалдаалж байсан бол энэ удаад ч мөн адил онлайнаар худалдан авах боломжоор хангаж байгаа. Мөн тасалбарыг www.evento.mn, easyticket.mn, HiFi Orange Records-ийн салбаруудаар худалдаалах ба UB лавлах 1617, 1109-өөр хүргүүлэн авч болно. Түүнчлэн тоглолтын зурагт хуудсыг Монголд анх удаа 3D технологиор “Мөнхийн үсэг” компанийн дэмжлэгтэйгээр нэвтрүүлж байна.
-Онлайнаар тасалбар худалдаалах үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж байгаа болохоор хүмүүс тоглолтын тасалбарыг “шаглах” үйлдэл гарахгүй гэдэгт найдаж болох уу?
Тийм ээ. Энэхүү easyticket.mn онлайн борлуулалтыг хариуцсан залуус маань нэг дор 10-аас дээш билет борлуулахгүй байхаар хязгаарласан байгаа. Мөн HiFi Orange Records-ийн салбаруудтай хийсэн гэрээнд нэг дор олон тасалбар борлуулахгүй байхыг заасан. Албан байгууллага хамт олноороо үзэх гэж байгаа бол 95133333, 95993333 гэсэн манай албаны утсанд холбогдоод тасалбар авах боломжтой.
-Хамтлаг яг хэзээ Монголд ирэх вэ? Шүтэн бишрэгч фэнүүд нь угтан авах үйл ажиллагаанд оролцож болох уу?
“BLUE” хамтлагийнхан менежерүүд, хөгжимчид болон бусад дагалдах хүмүүсийн хамтаар 9-р сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод газардана. Угтан авах фэнүүд цахим ертөнцөөр холбогдож нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулах ажлыг хийж байна. Энд үйл ажиллагаа хүн бүрт нээлттэй байх болно.
-Өнгөрсөн онд “Evento” компани болон МЗХ хамтран зохион байгуулсан Данийн алдарт “MLTR” хамтлагийн тоглолт маш амжилттай болсон. Тус хамтлагийнхан Монголд ирсэн даруйдаа хэвлэлийн бага хурал хийж хэвлэлийнхэн болон фэнүүдтэйгээ уулзаж байсан шүү дээ. Тэгвэл “Blue” хамтлагийнхан хэвлэлийн бага хурал хийх үү?
Мэдээж хийлгүй яахав. Монголд ирсэн зорилго, сэтгэгдлийг өөрсдийнх нь амнаас сонсох нь илүү сонирхолтой байна байх. Мөн “Blue” хамтлагийн фэн клуб байгуулагдсан байгаа. Хэвлэлийн бага хуралд тэд хамт байх болно.
-Тоглолтод олон гэнэтийн бэлэг байгаа гэсэн. Зарим нэгийг нь задалж болох уу? VIP тасалбарын талаар тодруулмаар байна?
Зохион байгуулалтын явцад бидэнд маш их хүсэлт ирсэн. Тиймээс VIP буюу тусгай хамгаалалт, үйлчилгээг аваад тоглолтыг илүү тав тухтай үзэх боломжийг цөөхөн хэдэн суудалд олгож байгаа. Энэ тасалбарыг зөвхөн захиалгаар нийлүүлж байгаа бөгөөд тасалбар борлуулах салбаруудад цөөн хэдийг худалдаалахаар өгсөн. VIP суудал нь тайзны эгц урдаас, босоогоор үзэж байгаа үзэгчдийн дээгүүр шууд тайз руу харах бөгөөд тав тухтай байлгах бүхий л нөхцлөөр хангагдсан байгаа.
Дашрамд сонирхуулахад Их Британий хөгжмийн дээд шагналт, шилдэг R’nB поп хамтлагийн төлөөлөл болсон тус хамтлаг 2000 онд байгуулагдсан бөгөөд Энтони Коста, Данкан Жэймс, Ли Райн болон Саймон Уэбб гэх 4 авьяаслаг залуусаас бүрддэг. Тэд (All Rise-2001, One Love-2002, Guilty-2003) гэсэн гурван цомгоо гаргаснаар Нэгдсэн Вант улс даяар 4 жилийн дотор 6 шилдэг сингл дуутайгаар алдрын оргилд хүрэх хаалга нь нээгдсэн юм. 2001 оны 5 сард анхны дебют сингл “All Rise”-ийг гаргасан нь төд удалгүй авьяаслаг, эрч хүчтэй залуусыг асар богино хугацаанд UK Чартын 4-р байрт аваачсан юм. 2004 оны 11 сард “Best of Blue” гэх хамтлагийн бүх цаг үеийн шилдэг хит дуунуудаас бүрдсэн цомгоо гаргасан бөгөөд тус цомогт багтсан “Curtain Fall” дуу нь UK Чартын дөрөвдүгээр байр, “Get Down On It” , “Only words I Know” гэх дуунууд нь Франц, Италийн хөгжмийн чартуудад хоёрдугаар байрт бичигдэж байв. “Best of Blue” цомог Их Британийн хөгжмийн чартад хоёрдугаар байрт бичигдэхээс гадна хөгжмийн дээд шагналын эзэн болсон юм. Энэхүү цомгийн дараагаар Саймон Уэбб, Энтони Коста нарын санаачилгаар урьд өмнө хамтлагийн түүхэнд байгаагүй ремикс болон дууны бусад шинэ хувилбаруудыг харуулсан, онцлог хэв шинжийг илэрхийлсэн уран бүтээл хийе гэсэн нь зөвхөн Арлын Япон улсад худалдаанд гаргасан 3 дуутай ( “The Gift” , “It’s Alright“, “Elements”) цомог байсан юм. Мөн хамтлагийн гишүүн Данкан Жэймсийн соло уран бүтээл “I Believe My Heart” нь тэрхүү цомогт багтжээ.
Ийнхүү та бид 9 сарын 14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 2000-аад онд дэлхийг шуугиулж, залуусын зүрх сэтгэлд олон хит дуунуудаараа хоногшсон “BLUE” хамтлагтай дурсамж дүүрэн он жилүүдээрээ найз нөхдийн хамт аялан, дэлхийн хөгжмийг дэргэдээс нь сонсч, мэдрэх алтан боломжийг хуваалцах л үлдлээ. Хэрэв та тоглолтын билетээ авч амжихгүй байгаа бол www.evento.mn, easyticket.mn-ээр онлайнаар захиалга өгч болохоос гадна UB лавлах 1617, 1109-өөр хүргүүлэн авах боломжтой гэдгийг дахин сануулъя.
Эх сурвалж: www.zun.mn
Ярилцсан Ц.Баянбилэг