Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын уран бүтээлчид алтан цомыг нь хүртэж, аварга болсон тухай манай сайт мэдээлсэн. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэн, алтан соёмбот далбаагаа дэлхийн тавцанд мандуулсан уран бүтээлчид хийгээд уг тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Дэлхийн язгуур урлагийн академи, Дэлхийн язгуур урлагийн наадмуудын ассоциаци, Европын язгуур урлагуудын наадмын ассоциацаас ЮНЕСКО-гийн дэмжлэг дор зохион байгуулагдсан энэхүү тэмцээн өнөө жил гурав дахь удаагаа болж байгаа ажээ. Жил бүр олон үндэстний дуу хөгжмийг нэгэн дор эгшиглүүлдэг энэхүү тэмцээн Болгарын эртний түүхт хот Несебар болон Бургас хотуудад зохион байгуулагддаг юм байна. Несебар бол эртний түүх, соёлын өвийн дурсгалыг хадгалж үлдсэн гэдгээрээ ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн, хар далайн эрэгт байх жижиг хот.
Энэ удаагийн тэмцээнд нийт 24 орны 98 хамтлаг, чуулга оролцжээ. Манай уран бүтээлчдийн хамгийн гол өрсөлдөгчид нь Армений дуучид, Гүржийн бүжигчид, Индонезийн чуулга байсан бөгөөд тэмцээний шүүгчид шилдгийг шалгаруулах тун амаргүй байгааг тэмцээний үеэр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэж байсан гэнэ.
Монголын уран бүтээлчид морин хуурын гайхамшигт аялгуунаас гадна, уран нугаралт, хөөмий, цамын бүжиг, бие биелгээ, уртын дуу, ардын богино дуунаас бүтсэн цогц тоглолтуудыг үзүүлсэн байна. Нийтдээ зургаан удаагийн тоглолт хийсэн нь бүгд өөр өөр найруулга, тавилт, өнгө аястай байсан нь шүүгчдийн анхаарлыг татах чухал үзүүлэлт болжээ. Ийм өөр өөр тоглолтуудыг найруулж тавьж, өвөрмөц тавилтуудыг тайзнаа сонирхуулж, өөрийн үндэсний урлагийг гадны хүмүүст сонин содон байлгаж чадсаныг нь үнэлэн “Домог” чуулгын найруулагч Төрийн шагналт Д. Сосорбарамд Дэлхийн язгуур урлагийн академиас “Маэстро” цол олгохоор шийдвэрлэсэн байна. Үүний батламжийг Монгол Улсын Соёлын яамаар дамжуулан олгох аж.
“Домог” чуулгын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд “Домог” хамтлагийн хөгжчимдөөс гадна Улаанбаатар чуулгын Д.Энхгэрэл ахлагчтай бүжигчид болох Д.Баярт, Б.Норовбанзад, Г.Наранцэцэг, “Сүлд” чуулгын уран нугараач Г.Нямгэрэл, мөн уртын дуучин Г.Энхбаатар, Э.Болормаа нар багтжээ.
Чуулгын төрлөөс гадна “Домог” хамтлагийн хөгжимчид тусдаа дан хөгжмийн төрөлд мөн өрсөлдөн дэлхийн аваргын тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн юм байна. Тэмцээний шүүгчид морин хуурын хөг аялгуу, хүч чадлыг бахархан үнэлжээ. Энэхүү тэмцээнд Монголын уран бүтээлчдийг оролцуулах, тэмцээний зохион байгуулагчидтай холбоо тогтоох зэрэг ажлыг “АртЛар Хаус” урлагийн консалтингийн компаниас хийсэн байна. Тэд мөн өмнө нь “Домог” хамтлагийн уран бүтээлчдийг Австри улсын Вена хотноо Франц Шубертийн хөгжмийн консерватороос зохион байгуулсан олон улсын хөгжимчдийн уралдаанд оролцуулах төсөл дээр ажиллажээ.
Одоо “дэлхийн аварга”-ууд Австри улсад тоглолт хийж яваа. Тэмцээнээс буцах замдаа Болгарын Софи хотноо мөн тоглолт хийсэн бөгөөд үүнийг Монголын Элчин сайдын яамнаас зохион байгуулж, Болгарын урлаг соёл хийгээд улс төрийн хүрээний зочдыг урьж авчирчээ. Уран бүтээлчид энэ сарын 8-нд эх орондоо ирнэ.
Б.СҮХ