Ямар эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй вэ? Энэ асуултад хүн бүр өөрийнхөөрөө л хариулна. Мэдээж тэр дундаас сайхан сэтгэл, дотоод гоо сайхны тухай хэн нэг нь хэлж болох ч өгүүлсэн зоргоор ухан ойлгох хүн нь хэд бол. Үүдэн шүд нь уначихсан, хар царайтай, мойног хуруутай эмэгтэйгээс гоо сайхныг олж харж болох уу? Энэ асуултын хариуг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд өгүүлнэ.
Хүн харагдах байдлаараа ямар ч байж болно. Харин гагцхүү түүний туулсан амьдрал, сэтгэлийн үнэн өчлийг анзааралгүй бүү өнгөрүүлээрэй. Дэлгэцийн бүтээлд хоёр дахь гол дүрээ бүтээж, мөн энэ киног найруулсан Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэгтэй ярилцлаа.
-Та бага байхдаа ирээдүйд хэн шиг болохыг эсвэл ямар хүн болохыг мөрөөддөг байсан бэ?
-Сайн хүн болно, аав, ээж шигээ болно гэж ярихгүй ч хүүхдүүдийн далд ухамсарт гэр бүлийн хүмүүжил нөлөөлж түүнтэйгээ адилтган би цагдаа, эмч, багш болно гэж мэргэжлээр төлөөлөн ярьдаг юм шиг ээ. Би бага байхдаа тийм, ийм хүн болно гэж бодож байснаа санахгүй байна. Харин ухаан ороод эхэлсэн найм, есдүгээр ангийн сурагч болсон хойноо ямар ч байсан би хань нөхөртэй болбол түүндээ дахин хэзээ ч олдошгүй хувь хүн байна гэдгээ мэдэрдэг байсан. Тэгэхээр би их бүрэг юм шиг хэрнээ дотоод бодолдоо бардам нэгэн байжээ. Надтай суусан хүн азтай. Би их сайн ээж, эхнэр болно гэсэн төсөөлөл тэгэхэд л бий болсон хэрэг. Мэргэжлээ гуравдугаар ангид байхдаа л сонгож, жүжигчин болно гээд шийдчихсэн байсан.
-Өөрийгөө сайн гэргий болно гэж төсөөлдөг байсан охин ирээдүйн нөхрөө ямар хүн байгаасай гэж боддог байв аа?
-Өөрийгөө тэгж бодохоосоо өмнө хүн сонголтоо боддог юм билээ. Мөрөөдлийн залуу буюу ирээдүйн нөхрөө олж, харж дүгнэх үзэл бодол цаг үеэ дагаад өөрчлөгддөг байх. Миний үеийнхэн бол архи, тамхи хэрэглэдэггүй хүнтэй суух юмсан л гэж боддог байсан. Түүнээс биш баян, байртай, машинтай хүнтэй суух тухай төсөөлдөггүй байсан байх аа. Эсвэл би бүрэгдүү, элдэв муу санаагүй байсан болохоор тэгж боддог байсан юм болов уу. Гэхдээ л архи ууж, тамхи татдаггүй хүнийг сайн хүнээр төсөөлж явсан. Хүссэндээ ч хүрсэн. Миний нөхөр архи, тамхи хэрэглэдэггүй. Хамт амьдраад 20 жил болж байна.
-Багадаа яаж гоёж, гангалдаг байв аа?
-Юмхнаар л гоёдог байлаа. Социализмын үед тэгш хуваарилалтын зарчимтай, эдэлж хэрэглэж байгаа бүхэн нь ижилхэн. Чамин, ганган зүйл ховорхон. Найман хүүхэдтэй айлын дунд охин болохоор эгчид багадаад надад ирсэн хувцсыг янз бүрээр гоёж чимэглээд л өмсөнө. Шинэ хувцас авах нь ховор. Хичээлийн шинэ жил болох үед нэг цамц ч юм уу авч өгнө. Ганцхан ширхэг ч байсан шинэ хувцас худалдаж авбал жигтэйхэн их баярлана. Ихэвчлэн би эгчээс авч, минийхийг дүү нарт өгөх зарчмаар л хувцсаа өмсөж, эдэлцгээнэ. Энэ амьдралын хэв маяг надад амьдралд хандах хандлага, хар ухаан сургасан юм болов уу. Гэрийн хүмүүжил дотор нь гоо сайхан оршиж байжээ. Одоо хүн болгон дотоод гоо сайхны тухай ярилцаж байна. Дотоод гоо сайхан гэж байдаг. Харин түүнийг олж хардаг мэдрэмжтэй хүн цөөхөн.
-Эгч дүүс ихэвчлэн ижилхэн хувцасладаг байсан уу?
-Гурвуулаа дуулдаг байхад ээж, аав минь яг ижил цамц, юбка авч өгнө. Тухайн үеийн “39-ийн юбка”, цагаан цамцаар ижилсэнэ. Орос дэлгүүрээс даавуун даашинз авч өглөө гэхэд яг ижлийг л сонгоно. Нэг удаа ээжийг ажилдаа яваад ирэхэд аав минь гурван бага охиныхоо үсийг яг ижилхэн тайраад, хайчаар буржийлгачихсан сууж байсан гэсэн. Тухайн үед үс ороодог цахилгаан хайч байгаагүй. Галд халаадаг л хайч байсан. Уранчимэг, Уранцэцэг, Уранзаяа гээд нэр нь ч хүртэл ижилхэн. Бас намайг доод дүүтэйгээ илүү адилхан гэдэг юм.
-Дээр үед гэрт тань байсан, бага насны дурсамжийг тань хадгалж байдаг эд зүйлсээс юуг нь дэргэдээ авчраад тавьчихмаар санагддаг вэ?
-Би тийм зүйлсийг одоо ч гэртээ хадгалдаг. Хуучны эд зүйлсийн цуглуулгатай гэх юм уу даа. 1984-1988 онд Зөвлөлтийн дуу дуулаачдын уралдаанд оролцоод түрүүлэхэд орос самавар, поднус гэх мэт эд зүйлсээр их шагнадаг байлаа. Тэдгээрийг би хадгалаад үлдчихсэн. Мөн ээж, аавын минь хэрэглэж байсан 1970-аад оны буюу бараг манайд хэрэглэж байсан анхны цахилгаан индүү ч бий. Хадам ээж, ааваас өвлөгдсөн данхнууд байна. Би хуучны эд зүйлсэд их дуртай. Эцэг, эхээс өвлөн ирсэн зүйлсийг болж л өгвөл гэртээ байлгахыг хичээдэг. Иймэрхүү зүйлс харагдах байдлын хувьд ч сонирхолтой бас хэрэгтэй. Сая бид 1981 онд болсон үйл явдалтай кино хийхэд би өөрийнхөө цуглуулсан эд зүйлсээс хэрэглэчихэж байгаа юм.
-Танай киноны нээлт пүрэв гаригт болно гэсэн байх аа. Киног тань үзээгүй ч сурталчилгаа болон та бүхний ярианаас анзаараад байхад сэтгэлийн гоо сайхны тухай л өгүүлэх юм шиг байна, тийм үү?
-Манай кино маш сонирхолтой. Хүнийг гаднаас нь хараад хэн ч гэж дүгнэж болно. Ядарсан эсвэл туранхай, ууртай яаж ч харагдаж байж болох юм. Гэтэл тэр багны ард хэн байгааг таашгүй. Гэтэл бид мэдэхгүй зүйлээ харагдах байдлаар нь л дүгнээд байдаг. Манай кино их хурц дүрүүдтэй. Хүний мөс чанарын тухай энд өгүүлсэн байгаа. Нийгмээс гадуурхагдсан хүмүүсийн дунд ч хүн гэдэг нэрийг үнэ хүндтэй авч яваа нэгэн байдаг. Тэр тухай л өгүүлнэ.
-Та угаасаа л илэн далангүй байсан уу, эсвэл хэзээ нэгэн цагт хэн нэгэнд хэлье гэснээ хэлж чадахгүй тохиолдол гарч байв уу?
-Байна шүү дээ. Суурь хүмүүжил нь бүрэг учраас тийм тохиолдол байсан. Бусад хүүхдүүд нь чихэр, боовоо булаацалдаад гүйж байхад намайг тэднийг огт тоодоггүй хүүхэд байсан гэж ээж ярьдаг юм. Ээж, аавыгаа дагаж уйлдаггүй, тийм өөр хүүхэд байсан гэсэн. Хоёр дүүтэйгээ дуулаад тухайн үеийн уралдаан, Пионерийн залгамжлагч чуулган, хүндэтгэлийн концертод оролцоод явдаг хэдий ч хийх ёстойгоо хийчихээд л явдаг даруу хүүхэд байсан байгаа юм. Пионерийн ордны драмын дугуйланд орсноосоо хойш их өөр болсон гэж ээж минь ярьдаг. Тэгээд л ерөнхийдөө хүмүүстэй нээлттэй харилцдаг болсон байх.
-Өдий хүртэлх амьдралдаа та хэр олон удаа өөрчлөгдсөн бэ?
-Хүн алхам тутамдаа өөрчлөгддөг. Энэ амьдралыг туулахдаа таван жилийн дараа хэн байхаа мэдэхгүй. Би жүжигчний мэргэжлээр 20 жил ажиллаж байгаа болохоор “Хувьсал продакшн”-ы жүжигчиддээ янз бүрийн зөвлөгөө өгч, их ярьдаг. Гэтэл би өөрийнхөө амьдралд мэдэрсэн зүйлээ л яриад байгаагаас биш агуу их зүйл сурсандаа биш л дээ. Уран бүтээлч хүн карьер хөөгөөд явж байхдаа хүмүүсээр “Оддын өвчтэй”, “бардамналтай” гэж хэлүүлдэг. Хүмүүсийн нэрлээд байгаа оддын ханиадаар хүнд ба хөнгөхөн өвдөхөд л ялгаа бий. Эндээс зөв гарцаа олсон нь ухаанаараа явдаг. Буруудсан нь урлагт богинохон наслаад мартагддаг нь үнэн.
-Энэ яриаг далимдуулаад нэг зүйлийг асууя. Танд байгаа, унагаж болохгүй тийм үнэ цэнэтэй зүйл бий юү. Түүнийг хэрхэн хэвээр нь хадгалах ёстой вэ?
-Үүнд л учир бий. Би “карьер хөөнө” гэдэг үгтэй санал нийлдэггүй. Карьер хөөсөн бол өдий хүртэл надад ирсэн киноны санал болгоныг хүлээж авах байсан. Би 19 настайдаа анхны кинондоо тоглож байлаа. Тэгээд таван жилийн өмнө UBS телевизийн “Зүрхэнд гэрэлтэх од” кинонд туслах дүрд тоглосон. Дэлгэцийн бүтээлд хоёр дахь удаа гол дүр дээр ажилласан нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”. Ер нь уран бүтээлч хүн тоглох бүтээлдээ хэмжүүртэй хандаж, ухаалгаар сонголт хийхгүй бол ирээдүйгүй болно. Зохиолч, найруулагчийг чамласандаа биш надад зохиол нь ч юм уу таалагдахгүй байж болно. Бас би агуу хүн биш учраас энэ кинонд тоглоод дэмий юм байна гэж бодож болно доо. Уранчимэг гэдэг хүнд энэ уран бүтээл үнэхээр нийцэж, жинхэнэ бүтээл болохоор байвал үнэгүй ч тоглох зүрх сэтгэл надад бий. Манай зарим залуу уран бүтээлч энэ тал дээр их алдаа гаргадаг. Олон кино, сурталчилгаанд тогловол нэр хүндтэй болно гэж эндүүрдэг. Уран бүтээлч хүн үнэ цэнээ эрт алдаж, хэн ч түүнийг үзэхгүй болбол эмгэнэл шүү дээ. Уран бүтээлчийн үнэ цэнийн тухайд ийм байдаг ч хүний амьдралд бол үнэ цэнэтэй зүйл дэндүү их. Надад бол миний гэр бүл шиг үнэ цэнэтэй зүйл хаана ч байхгүй.
-Таныг хараад байх нь ээ, таалагдахгүй, дургүй зүйлээ шуудхан л илэрхийлчихдэг юм аа даа.
-Би энэ зангаа дутагдал гэж боддог ч гэсэн хүний араншинг яалтай билээ. Энэ занг зөвтгөх нэг шалтгаан нь би хэнд ч зулгуйдах шаардлагагүй болж байгаа юм. Угаасаа ийм зантай болохоор хэн нэгэнд таалагдах гэж инээх шаардлагагүй байгаагаараа л байхад болдог. Уранчимэг ярвагар, их зантай, харилцахад хэцүү, ийм хүн байсан юм уу гээд зарим хүмүүс ярьдаг л юм. Байгаа нь л энэ. Урлагийн хүн гэхээрээ дандаа инээж, хүн бүхэн найр тавих ёстой биш. Би хүн шүү дээ. Инээхдээ инээж, уйлахдаа уйлна. Би тайзан дээр жүжиглэхээс биш намайг амьдрал дээр жүжиглүүлэх гэвэл ёстой уучлаарай, чадахгүй. Намайг мэддэг, ойр дотнын найз, гэр бүлийнхэн минь намайг өр зөөлөн хүн гэдэг юм шүү дээ.
-Таны шулуухан үгэнд хэн нэгэн гомдчихвол яах вэ?
-Тэрийг огт тооцдоггүй. Энэ ч бас сайн талтай. Учир нь хүн үг сонсож, дааж сурах хэрэгтэй. Бядгүй дорой байна гэдэг муу тал шүү дээ. Бодож байгаагаа хэлнэ гэдэг харааж загнахаас өөр учраас сонсох нэг нь сонсоно.
-Та нандин нууцаа хэнтэй хуваалцаж ярих дуртай вэ?
-Хоёр охин дүүтэйгээ илүү аминчхан байдаг. Амьдралд тохиолдсон бүхнээ л ярилцана. Дүү гэхээсээ илүү тэд миний сайн найз. Урлагийн хүрээлэлд найз нөхөд цөөтэй. Би “энэ миний найз” гэж нэрлэх хүнээ л нэрлэнэ. Нэрлэхгүйгээ нэрлэхгүй. Тэр дунд нь өөрсдийгөө миний найз гэж бодож яваа ч хүн байж мэднэ. Би багын хоёр, гуравхан найзтай. Найз гэдэг үгийг хүн болгонд зориулаад байхааргүй хүндтэй юм шүү дээ. Уран бүтээлийн найз, эгч дүүс гэвэл Оюундарь, Ганцэцэг Ганчимэг, Баярмаа, Даавка гээд манай “Хувьсал”- ын хэд байна. Тэд надтай сайн, муугаа дуудуулаад л нэг зүг рүү хараад явж байгаа юм. Багын хэдэн найзууд бий.
-Найз гэж итгэж байсан хүндээ гомдож байсан тохиолдол бий юү?
-Үгүй ээ. Би нөхөрлөлийг уучлал дээр тогтдог гэж итгэдэг. Энэ бол цаг хугацааны асуудал. Муудаж, сайдаж л байдаг. Хамгийн сайн найзууд нэгнээ гомдоосон ч уучилдаг. Миний ертөнцөд тэгж айхтар бие биенээ гомдоогоод л, уучлаад байсан юм алга.
-Та өөрийгөө яах гэж хорвоод ирсэн гэж боддог вэ?
-Зүүний үзүүр дээр тогтсон будааны үлгэрээр хүн болж төрсөн гэдэгтээ би итгэдэг. Энэ ховор хувь заяанд хүн болж мэндлэхдээ бид ямар нэгэн байдлаар боловсрох гэж ирсэн байх. Ирсэн болгон зорилгоо биелүүлж чадахгүй ч байж болно.
-Та юу сураад буцах гэж байгаагаа мэдэх үү?
-Хүүхэд байхаасаа л ямар ч өөр хувилбаргүйгээр жүжигчин болно гэж шийдээд энэ мэргэжлийг эзэмшсэн. Манай гэр бүлийнхэн урлагийн асар их мэдрэмжтэй байсны зэрэгцээ одоо нэг айлын гурван хүүхэд урлагийн хүн болсон байна. Миний ээжийн хоёр ах нь урлагийн гавьяат зүтгэлтэн. Тэгэхээр миний цусанд урлагийн гэх зүйл яваад байна. Урлаг тэнгэрлэг шүү дээ. Бид тайзан дээр алхах, гишгэх тоолондоо буянтай үйлс хийж байгаа. Тиймээс би энэ хорвоод хийх гэж ирсэн зүйлээ олсон гэж бодож байна. Хийхдээ зөв сэтгэлээр хийх ёстой. Аль болох сайнаараа хийж байгаа ч үхэхийн цагтаа дүгнүүлэх биз ээ.
-Та энэ зуунд төрсөн бол эсвэл 2013 онд 10 настай охин байна гэж өөрийгөө төсөөлбөл ямар хүүхэд байх бол?
-Би төрөх насандаа төрөөд амьдрах үедээ амьдарч байна. Миний үеийнхэн өөрсдийг өө завсрын үед төрсөн, зах зээлийн шилжилтийн үед хэцүү байсан гэж ярьдаг л юм. Гэтэл тэр өнгөрсөн үе л өнөөдрийн Уранчимэгийг бүрэлдэн бий болгож, хэрсүүжүүлсэн. Тэгэхээр хэзээ ч одоо жаахан охин байсан бол гэж бодож байсангүй. Гэхдээ чамайг ингэж төсөөлж үзээч гэсэн учраас бодож байна л даа. Хийж амжаагүйгээ амжуулах л байсан болов уу. Хүн төгс биш шүү дээ.
-Тэгвэл танд шидтэн нэг л удаа цаг хугацааг ухраах боломж олговол юуг өөрчлөх вэ?
-Надтай хамт байхгүй байгаа ганц эгчийгээ одоо дэргэдээ байлгамаар байна.
-Та хэзээ нэгэн цагт хэн нэгэнд атаархаж явсан уу?
-Атаархдаггүй хүн гэж байхгүй байх аа. Цагаан атаархал, уран бүтээлийн атаархал гэх мэтээр аятайхан нэр өгөөд яриад л байгаа юм. Атаархал ямар нэг хэмжээгээр байх ёстой ч хэмжээнээсээ хэтэрвэл албин чөтгөр болж хувирна. Атаархаж байж л тэр энд хүрэхийн тулд хүн хичээнэ. Мэдээж атаа хорсол гэвэл өөр хэрэг. Би атаархдаг.
-Ярилцлагын төгсгөлд хүмүүсийн дунд эргэлзээ үүсгээд байгаа нэг асуудлын тухай таниас асуумаар байна. Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг та гурвыг ажлаас халчихсан гэдэг үнэн үү?
-Би энэ театрт 20 жил, Ганцэцэг арав гаруй жил, Ганчимэг дөрвөн жил ажилласан. Ганчимэг, Уранчимэг хоёр УДЭТ-т дансгүй болж, “Хувьсал” продакшны уран бүтээлчид болсон. Ганцэцэг жилийн чөлөө авсан байгаа.
Ж.Солонго
Эх сурвалж: Өдрийн сонин