“Aqua fitness” клубын захирал Укаг танихгүй хүн ховор. Гэхдээ энэ удаа фитнесс багш Укагийн тухай биш эгэл жирийн ээж Б.Уянга гэх бүсгүйн дотоод ертөнцийг нээхийг зорьж “Тэр хэн бэ?” гэдэг асуултын хариуг олохоор ярилцлаа. Их зөөлөн бас дотогшоо хүн юм. Хүнд асуудал тулбал сэтгэл дотроо л сэмрэн сэмрэн гомдох. Харин бороо шивэрсэн өдөр шиг гуниг тээсэн гомдлоо хэн нэгэнд тохохыг хүсдэггүй хэмээсэн Б.Уянгын дотоод ертөнц гэгээлэг юм. Чин сэтгэлээ уудлан ярилцсан тэрбээр анх удаа л өөрийнхөө тухай ам нээж буй нь энэ.
-Ярилцлагаа өөрийн чинь хувийн амьдралын талаар асууж эхэлмээр байна. Яагаад гэвэл Уянга гэдэг бүсгүй хийж буй бизнесийнхээ л талаар ярихаас бус хувийн амьдрал болоод өөрийнхөө тухай тэр бүр дэлгэдэггүй шүү дээ. Нууц бүхэн хүний сэтгэлийг гижигдэж мэдэх юмсан гэх хүслийг дэврээдэг юм шиг санагддаг?
-Тийм ээ, би өөрийнхөө болоод хувийн амьдрал, гэр бүлийнхээ талаар огт ярьдаггүй байсан. Яагаад гэвэл хүний амьдралд нандигнан хайрлах зүйл байх ёстой. Тийм ч учраас гэр бүлийнхээ гишүүдийг нэг бүрчлэн нэрлэж олонд зарлаад байдаггүй. Хэн нэгэн миний амьдралыг алсыг харагч дээрээс харж байгаа шиг нэгбүрчлэн мэддэг байх албагүй гэж боддог. Ер нь олны анхаарлын төвд биш аль болох тайван, амар амгалан амьдрахыг хүсдэг юм. Харин хийж буй ажлынхаа тухай бол ярьдаг, хүмүүс ч мэддэг болсон байх. Анх “Aqua fitness”-ийг Монголд оруулж ирэх, үүнийгээ хөгжүүлэх гэж хамаг хүч хөдөлмөрөө зориулж сэтгэлээ шингээсэн учраас ярихгүй байхын аргагүй. Би хар багаасаа уран гимнастик, бүжиг, усан спортоор хичээллэсээр фитнессийн багш болсон. Тиймээс энэ мэргэжилдээ дуртай. Өөрийн судлаж мэдсэн, сурсан зүйлээ охид бүсгүйчүүдтэйгээ хуваалцаж, тэдэнд бага ч атугай тус болчих зүйл хийж байгаадаа баяртай байдаг. Цаг хугацаа их амархан юм. 7 жилийн өмнө анх “Aqua fitness”-ээ нээн дөнгөж эхэлж байсан бол өнөөдөр тогтсон үйлчлүүлэгчид болж үйлчилгээгээ ч цогц болгохыг зорин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл “Aqua fitness”-т ирсэн бүсгүйчүүд гоо сайхан, үсчин, массаж, өөх задлах гээд төрөл бүрийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж хичээж байна даа.
-Уянгын тухай янз бүрийн мэдээлэл гардаг ч тэр бүр тайлбар хийгээд байдаггүй. Тэвчээр заагаад байна уу, аль эвсэл дөжирчихсөн үү?
-Тэвчээртэй байх аа. Янз бүрийн зүйл гардаг ч би зүгээр л орхичихдог. Наанадаж адгийн зарга 10 хоног гээд л, цаашилбал миний бясалгалын үр дүн, ажилд муугаар нөлөөлөх нөлөө нь их. Үүнээс гадна миний хамгийн их айдаг зүйл бол хүүхэд өвдөх вий гэхээс үнэхээр их айдаг. Тиймээс юу юугүй дэвэргэж асуудал үүсгэдэггүй. Тэгээд ч тэр болгон нь надад наалдаж Уянга гэдэг хүн тийм болчихгүй шүү дээ. Заримдаа “Арай ч дээ” гэхээр зүйл гардаг. Гэхдээ л тэвчээд өнгөрдөг.
– Уучлаарай Уянгаа. Хэрэгт дурлаад “Тухайлбал..?” гээд асуучихая. Ямар ч байсан гэр бүлийн хүний тань насны асуудал байсан санагдаж байна?
-Тийм ээ. Манай хүнийг надаас олон ах гэсэн байсан. Бүр 60 настай гэсэн нь надад эмзэг туссан. Надаас ах нь үнэн. Гэхдээ л 50 хүрээгүй хүн шүү дээ. Тухайлбал гэсэн асуултыг тухайд нэг зүйлийг тухайлаад хариулмаар байна. Намайг Тамираа гэдэг залуу амрагтай гэсэн мэдээлэл гарсан. Би айлын эзэгтэй, эмэгтэй хүн, эх хүн шүү дээ. Гэр бүлийн амгалан тайван байдал, цаашилбал бат бөх байдалд нөлөөлөх асуудал. Гэтэл дүүтэйгээ хамт явж байхыг хараад л “Залуу амраг нь” гэсэн байсанд их эмзэглэж бас гомдсон. Би юу ч гарсан тэвчээд л дуугүй өнгөрдөг шүү дээ.
-Дүүг чинь Тамираа гэдэг юм уу?
-Миний төрсөн дүү Тамираа гэдэг залуу бий. Надаас хоёрхон насаар дүү учраас бид хоёр үе тэнгийн юм шиг харагддаг. Дүү маань миний машиныг хааяа унадаг юм. Заримдаа бид хоёр цугтаа дэлгүүр явах нь ч бий.
-Ам нээвэл уушги нээ гэж үг байдаг ч дээрх асуудлыг энд хүргээд орхие гэж бодлоо. Уянгаа хэр үрэлгэн бэ. Зарим хүн олсныхоо хэрээр үрдэг шиг санагддаг. Бас зардал гаргаж байж олдог гэх философинд ч хөтлөгддөг байх?
-Хэрэглээнийхээ эд зүйлс, хоол хүнсийг бол авна шүү дээ. Илүү зүйлд мөнгө үрээд байдаггүй. Ялангуяа брэнд хувцас, үнэт эдлэл гэх мэт зүйлсэд мөнгө үрж, туйлширдаггүй. Өөрт зохисон, биед эвтэйхэн л бол брэнд энэ тэр гэхгүйгээр сонгодог. Энэ бол эмэгтэй хүн болгоны л зан байх.
–“Aqua fitness”-ээ ажилуулж эхлээд нэлээд хэдэн жилийг ардаа орхижээ. Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үү?
-Ямар ч фитнесс клуб тийм их мөнгө олдоггүй. Миний хувьд фитнессдээ дуртай болохоороо сонгоод хийсэн. Анх нээж байхдаа ч гэсэн бизнес нүдээр харж байгаагүй. Өөрийн дуртай зүйлдээ хөтлөгдөөд л нээсэн гэж болно. Гэхдээ ор тас ашиггүй гэж хэлэхгүй.
-Үнэтэй эдлэл гэснээс 100 мянган ам.долларын үнэтэй шиншилла байдаг гэсэн мэдээлэл гарч байсан шүү дээ?
-Шиншилла бол байдаг. Гэхдээ арай 100 мянган ам.долларын үнэтэй биш ээ. Сүүлийн үед бүгд л амьтны гаралтай шуб, арьс, нэхий өмсөж байгаа. Биед эвтэйхэн, хөнгөн дулаахан гэдэг утгаар нь сонгодог. Амьтны гаралтай хувцас, үслэг эдлэлийг байгаль дэлхий, ан амьтанд хөнөөлтэй гэдэг боловч нэгэнт бэлэн болсон бүтээгдэхүүн манайд орж ирж байгаа учраас хүмүүс сонголтоо хийдэг байх.
-Уянгаа гадагшаа хэр их явдаг вэ. Хамгийн сүүлд хаашаа явав?
-Хааяа явна аа. Явахаараа далайтай оронд очихыг боддог. Ер нь далайн эрэг газар очих дуртай. Хамгийн сүүлд Солонгос явсан.
-Усанд дуртай болохоороо далай, далайн эрэгт “дурладаг” байх аа. Хүүхдүүд нь усанд хэр дуртай вэ?
-Манай 2 хүүхэд хоёулаа усанд дуртай. Ер нь хүүхдүүдээ энэ спортоор чийрэгжүүлэхийг боддог. Охин маань фитнесс гэхээсээ илүүтэй усанд сэлэх дуртай байдаг юм. Харин бага маань одоо сэлэхэд арай балчир байгаа учраас гэртээ баннд усанд орохоороо сэлж өгдөг шүү.
-Охиноо хэр багаас нь сэлж сургасан бэ. Усч ээжийн дэргэд өссөн болохоор ёстой л усны гүнж шиг байдаг байх?
-Охиноо сургуульд орох үед нь сэлүүлж сургасан. Охин маань одоо өсвөр насан дээрээ явж байгаа учраас ямар нэгэн зүйлийг “Чи хийх ёстой, сурах ёстой” гэж тулгадаггүй. Өөрийнх нь хүссэнээр байлгахыг боддог. Хэн нэгний үгээр байгаад байвал бие даах, өөрөө шийдвэр гаргах чадварт нь нөлөөлчих болов уу гээд л. Гэхдээ охин маань харьцангуй бие даасан хүүхэд учраас нэг их үглүүлж, хэлүүлж, заалгаад байдаггүй.
-Хүү нь овоо том болж байгаа байх. Хол зайтай төрсөн болохоор хүүгээ их эрхлүүлж хэлээ хазаж байна уу?
-Охин маань 14, хүү маань 4 настай. Хэлээ хазах тал дээр бол гайгүй. Харин одоо бодоход бид хоёр хүүгээ нэг их эрхлүүлдэггүй юм байна шүү. Хүү маань “Ээжээ би чамд хайртай, би чамд бэлэг өгнө за” гээд л ээжийгээ “эрхлүүлдэг”. Харин би хүүтэйгээ хөөрхөн бяцхан жентельмэн шиг л харьцдаг. Ер нь бид хоёр хүүтэйгээ том хүмүүс ярьж байгаа юм шиг байдаг юм. Аав нь хүүгээ эрхлүүлэхээсээ илүүтэй аливаа зүйлд бодитоор ханддаг ухаалаг хүү болоосой гэсэндээ аливаа зүйлийг ярьж, тайлбарлаж ойлгуулдаг. Хүүхдийг загнаж зандрах биш аль болох ярилцах тусам их зөөлөн сэтгэлтэй, юмыг амархан ойлгодог болдог юм шиг санагддаг. Манай хүү их зөөлөн зантайгаас гадна гадаад төрх, үг үйлдэл гээд бүхий л талаараа аавыгаа өвчсөн мэт дууриасан эгдүүтэй хүү бий.
-10 гаран жилийн зайтай төрсөн байх нь. Хүүхэд асардаг ажлаас их төсөөрч үү?
-Хүүхэд асрах тал дээр төсөөрчихсөн байсан. Охин маань 14 жилийн өмнө төрсөн. Тэгээд ч би залуудаа гаргасан болохоор туршлагагүй, юу ч мэдэхгүй байсан. Харин сүүлд төрөхөд ээж хүний эв дүй арай л илүү болчихсон байна. Бас иүү гэрсэг болдог юм байна.
-Цаашид бүл нэмнэ гэсэн бодол бий юу?
-Хүүхэд амьдралын аз жаргал. Тиймээс ер нь алдарт эх болно гэсэн зорилго тавьж байгаа шүү.
-Уянгаа өөрөө их зөөлөн байх, тийм үү?
-Их зөөлөн. Өөрийн эрхгүй л уйлна. Их уйламхай. Гомдомхой.
-Тийм байдал анзаарагдаж байна. Уянгаагийн сэтгэл рүү өнгийвөл ямар өнгө харагдах бол?
-Би өөрөө цагаан, цайвар шаргал өнгөнд их дуртай. Тэгэхээр гэгээлэг өнгө харагдах байх. Бас уяхан, уйламхай байдлыг ямар өнгөөр илэрхийлдэг бол. Тэр өнгө ч сүлэлдэж байгаа байх аа.
-Зарим хүмүүс зан аашийнхаа зурхайг яг таг таардаг гэдэг. Зурхайгаа уншиж байна уу?
-Би өөрийнхөө зурхайг уншсан. Их гомддог, аливаа зүйлийг эмзэгээр хүлээж авдаг, зөн билэгтэй гэж тодорхойлсон байсан. Бас бороотой өдөр сэтгэл санаа нь өөрчлөгддөг гэсэн нь таарсан шүү.
-Гомддог, эмзэг гэдэг нь таарчээ. Харин зөн билэгийн тухайд хэр ортой байна?
-Ер нь бодож байсан зүйл биелээд байгаа юм шиг санагддаг. Тэр ажлыг тэгж амжуулна ч гэдэг юм уу, за яваандаа тэгнэ дээ гэсэн бүхэн бодож байснаар болчихдог ч үе бий. Харин бороотой бүрхэг өдөр сэтгэл санаа дэгэлзээд, гэгэлзээд ч байгаа ч юм шиг жаахан тиймэрхүү байдаг. Бас ааш нь өдөрт хоёр өөрчлөгддөг гэсэн байсан. Гэхдээ өдөржин ааш авир нь өөрчлөгдөөд байна гэж юу байхав. Үүнтэй төстэй нь би амархан уурлаж бас амархан гарчихдаг. Ямар нэгэн зүйлд гомдож байсан бол хэсэг хугацааны дараа мартаад сэргэчихсэн байдаг нь төстэй юм уу даа. Үүнийг л ааш нь өөрчлөгддөг гэсэн байх.
-Тухайн хүнээсээ хамааран хүний ааш авир өдөрт хэдэн ч удаа өөрчлөгдөж болно. Харин амьдралдаа бол тэгж хандахгүй биз дээ?
-Би өөрөө амьдрал дээр тууштай байхыг боддог. Ер нь хүний л амьдрал юм чинь хэн ч уурлаж болно. Гэхдээ үүнийгээ амархан мартаж, уурнаасаа хурдан салах хэрэгтэй. Уур биеийг зовооно, уул морийг зовооно гэдэг шүү дээ. Гэхдээ уурлаад байх шалтгаан их гардаггүй. Ер нь би өөрөө их тайван хүн юм шиг байгаа юм. Яагаад гэвэл найзууд маань намайг “Чи ямар тайван юм бэ” гээд л зарим үед гайхдаг.
-Сэтгэлийн амар амгалан байдал эмэгтэй хүний арьсанд их нөлөөлдөг байх. Бас ус. Уянга үрчлээгүй бас арьс нь их сайхан харагдаж байна?
-Гоо сайхны бүтээгдэхүүнийг их туршдаг. Мэдээж сайн мууг нь судлаж байгаад шүү дээ. Гэхдээ миний арьс зөөлөн толигор байдаг нь устай холбоотой. Чийгтэй газар удаан байх нь арьсанд ус чийг дутагдахгүй байх нөлөө үзүүлдэг. Үүнээс сэтгэл санаа амгалан тайван байх, сайн унтаж амрах нь арьсанд сайнаар нөлөөлдөг. Эмэгтэй хүн хүссэн хүсээгүй 30 гараад ирэхээр хүн гоо сайхандаа анхаардаг юм байна. Гэхдээ би фитнессийн багш болохоор ч тэр үү, эрүүл мэнддээ хор болохооргүй зүйлийг сонгодог. Арьс татах гэдэг бол механик зүйл. Түүнээс гадна гэнэт жин хасахад арьс их унжиж муухай болдог. Тэгэхээр бага багаар арьсаа арчилж өөд татах нь хамгийн энгийн, эрүүлээр сайхан харагдах нууц нь болдог.
Ж.Нарангарав
Эх сурвалж: zindaa.mn