Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Ш.Нацагдорж: “Мандухай хатны тухай кино хийхийг хориглож байлаа”
Үндэсний хөгжим

Ш.Нацагдорж: “Мандухай хатны тухай кино хийхийг хориглож байлаа”

Урлаг Урлаг20/09/2013Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
manduhai-middle436190022013-09-20-09-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Мандухай хатны тухай кино хийхийг хориглож байлаа”Монголчуудын хайрлаж, хүндэлдэг эрдэмт хүмүүсийн нэг бол Төрийн шагналт, зохиолч, түүхч Шагдаржавын Нацагдорж.

Нацагдоржийн амидай тэрбээр Монгол Улсад түүхийн шинжлэх ухаан үүсэн хөгжих, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн билээ. Тэрбээр үндэсний соёл, түүхийн дурсгалыг хамгаалах ажил зохион байгуулж, Эрдэнэ зуу зэрэг эртний дурсгалыг сэргээн засварлах, Үндэсний номын санг ховор нандин судар, түүхэн сурвалжаар баяжуулах, архивын баримтын эмхэтгэлийг хэвлэн гаргах зэрэг ажлыг удирдсан төдийгүй Монголын түүхийн шинжлэх ухаанд сурвалж болох эх бичиг судлалын үндсийг тавьсан хүн.

Монголын орчин үеийн утга зохиолын түүхэнд “Ш.Нацагдорж үзэл суртлын хатуу хяналт, хүлээсэнд баригдалгүй Мандухай сэцэн, шадар ван Чингүнжав, Жа лам Дамбийжаа нарын төр, нийгмийн зүтгэлтнүүдийн амьдрал, хэргийг уран сайхны аргаар тод харуулж чадсанаараа Монголын түүхэн романы хөгжилд хувь нэмрээ оруулсан” хэмээн тэмдэглэжээ.

Тэгвэл энэ эрхэм хүний мэндэлсний 95 жилийн ой өнөөдөр тохиож буй. Ойн хүрээнд түүний “Мандхай цэцэн” романыг 32 жилийн дараа дахин хэвлэсэн юм. 1981 онд анх хэвлэгдсэн эл романаар 1987 онд “Мандухай сэцэн хатан” уран сайхны кино бүтээсэн нь монголчуудын хамгийн дуртай киноны нэг болж чадсан.

Түүний охин, түүхийн ухааны доктор Н.Ариунгуатай “Мандхай цэцэн” романы талаар ярилцсанаа хүргэе.

-Ш.Нацагдорж гуайн “Мандхай цэцэн” роман төрсөн түүх тун сонирхолтой юм билээ. Уншигчдад энэ түүхийг ярьж өгнө үү?
-Аавын минь “Мандхай цэцэн” романд өгүүлдэг цаг үе бол Монгол Улсын түүхийн хөгжилд маш чухал нөлөө үзүүлсэн үе юм.

Чухамдаа тэр үед эхэлсэн улс төрийн бутрал нь Монголыг Манжийн дарлалд оруулах угтвар нөхцөлийг тавьж өгсөн гэж болно. Аав маань тэр цаг үеийн түүхэн ач холбогдлыг тодорхойлохыг зорьсон юм.

Гэхдээ түүний эрмэлзэл эхэндээ бүтээгүй. Учир нь тухайн цагт энэ талаар бага судлагдсан, дээрээс нь Монголын утга зохиол, урлагийн салбарт зөвхөн Ардын хувьсгалын сэдэв давамгайлж байсан. Мөн Ойрадын Галдан бошигт, Амарсанаа нараас Монголын өөр хаад, ноёдын талаар ном зохиол туурвихыг сайшаадаггүй байсан юм. Тийм үед дундад зууны үеийн түүхийн сэдвээр тэр тусмаа Чингис хааны шууд угсааны Батмөнх даян хаан болон түүний хатны тухай кино хийнэ гэдгийг дуулаад тухайн үеийн төр, засгийн удирдагчид их цочирдон хүлээж авсан.

Тиймээс МАХН-ын Төв Хороо “Мандухай хатны тухай кино хийх сураг байна. Манай улсын орчин үеийн гадаад, дотоод байдлыг харгалзан тийм кино хийхийг хориглон, зогсоох хэрэгтэй” гэсэн шийдвэр гаргасан. Улс төрийн шалтгаанаас болж кино хийх нь бүтэлгүйтсэн учир аав маань кино зохиолоо роман болгон бичсэн түүхтэй. Тэрхүү романыг олон түмэн сайшаан хүлээн авсан ч, улс төрийн хүрээнд маш их матаас, хэл ам дагуулсныг онцлох хэрэгтэй.

Гэхдээ хэсэг хугацааны дараа Намын Төв Хороо шийдвэрээ өөрчилж “Мандухай сэцэн хатан” кино хийхийг зөвшөөрсөн. Аав энэ киног өөрийн сайн анд, найруулагч Д.Жигжидийн хамт бүтээхээр тохиролцсон байсан. Гэвч кино хийх зөвшөөрөл гарах үед Д.Жигжид гуайн бие тааруу байсан учир найруулагчаар ажиллаж чадааг үй. Үүнд аав маш их харамсаж байсныг би сайн санаж байна.

-“Мандухай сэцэн хатан” кино тухайн үедээ манайдаа нэлээд өргөн хүрээтэй, том бүтээл байсан.
-Өмнө нь манай улсад тийм том хэмжээний кино ер хийж байгаагүй. Киноны зураг авах хальс, орд харш, жүжигчдийн өмсгөл, агт морьд гээд маш их хөрөнгө мөнгө шаардагдаж байсан. Тэр их зардлыг улс гаргасан нь их талархууштай. Ер нь энэ киног бүтээх явдал үндэстний хэмжээний асуудал болсон юм.

Хүн бүр л эрвийх дэрвийхээрээ оролцсон. Хамгийн чухал нь түүхийн сурвалжид хэдхэн үгээр тэмдэглэгдэн үлдсэн Мандухай хэмээх түүхэн хүнийг олон нийтэд таниулж чадсан явдал бол манай аавын том гавьяа гэж боддог. “Мандхай цэцэн” роман Япон, Солонгос, Герман улсад орчуулагдан, хэвлэгдсэнээс гадна Хятадад уйгаржин монгол хэлээр хөрвүүлсэн. Мөн англи хэлээр орчуулагдсан гэж сонссон. Өөр нэг сонирхолтой баримт гэвэл олон хүн охидоо Мандухай хатны нэрээр нэрлэсэн шүү дээ.
 


Төрийн шагналт, түүхч, зохиолч Ш.Нацагдорж гэргий Насанбуянгийн Нацагдоржийн хамт. 1950-иад оны дунд үе

-“Мандхай цэцэн” роман нь кино зохиолоосоо хэр ялгаатай бол?
 -Роман нь кино зохиолоосоо илүү гүн агуулгатай. Аав зохиолдоо Мандухай хатны тухай өгүүлээд зогсохгүй, Юань гүрний дараах үеийн Монголын нийгмийн дүр зургийг гаргахыг оролдсон юм. Тиймээс Монголын түүхэн дэх хэд хэдэн чухал зангилаа асуудлыг уран сайхны аргаар тусгасан. Тухайн үед Монгол Улс дотооддоо гүнзгий хямралтай, гадаад байдал нь маш их хэврэг болсон байв. Юань гүрний дараа Монголын төр монгол нутагтаа шилжин ирсэн боловч тухайн үеийн Монголын хаад улс орноо нэгтгэн жолоодож чадахаа нэгэнт больсон байсан.

Толгой толгойгоо даах гэсэн улс төрийн хүчнүүд эзэн хаанд захирагдахыг хүсээгүйн дээр төрийн эрхийг булаалдахдаа Хятадын цэргийн хүчийг Монголын нутаг руу урин дуудсан явдал ч гарсан байдаг. Улмаар Мин улсын цэргүүд манай нутгийн гүн рүү хэд хэдэн удаа орж байсан юм. Иймээс уг зохиолд төр оршин тогтноход улс төрийн бутрал ямар их аюул, хор хөнөөл учруулдгийг харуулан, нэгдсэн төр ёсны үзлийг дээд зэргээр илэрхийлэн тусгасан байдаг.

Монгол төрийн эрх ашиг хувь хүний эрх ашгаас, тэр байтугай нандин хайр сэтгэлээс ч чухал гэдгийг Мандухай, Өнөболд хоёрын харилцаагаар дамжуулан харуулсан. Ер нь энэ зохиолд олон чухал санаа тусгасан. Тухайлбал, ард иргэдээ тэнхрүүлэх нь төр оршин тогтнохын үндэс болдгийг, мөн төрийн хар хайрцагны бодлогыг сайд нар хэрхэн, яаж боловсруулдаг байсан зэргийг гаргаж өгсөн. Үүнээс гадна төр бол хэний ч өмч биш. Тухайн хаан бол хэсэг хугацаанд төр залгуулан, барьдаг гэдэг санааг тусгасан.

-Ш.Нацагдорж гуай бас "Болор толь" түүхэн роман туурвисан.
-Тэр романд Ойрадын Амарсанаа, Хотгойдын Чингүнжав нарын Манжийн эсрэг боссон түүхийг өгүүлдэг. Амарсанаа Дөрвөн Ойрадын хаан болоогүйдээ тэчъяадан Манжид дагаар орж, хожим нь гэм буруугаа ойлгон Манжийн эсрэг боссон боловч түүний тэмцэл юунд ч хүрээгүйгээр барахгүй олон хүний амийг золиосолсон талаар зохиолд гардаг. Өөрөө Орос руу зугтан, тэндээ нас бардаг эмгэнэлтэй түүх.

Мөн Хотгойдын Чингүнжав, II Богд Жавзандамба хутагт нар тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа болон Амарсанаатай хүч хавсрах гэж байгаад чадалгүй харамсалтайгаар амиа алдаж байгаа тухай өгүүлдэг юм. “Мандхай цэцэн” романаас дутахгүй сонирхолтой “Болор толь” бүтээлийг нь бид дахин хэвлүүлэхээр төлөвлөсөн.

Ер нь түүхэн сэдэвт зохиолын ач холбогдол нь улс үндэстнийхээ түүхийг танин мэдэхэд хамгийн хүчирхэг зэвсэг болдог явдал. Түүхийн үнэнийг гуйвуулах эрх хэнд ч байхгүй. Тэгэхээр энэ сэдэв бол маш их хариуцлага, тухайн хүнээс асар их мэдлэг шаарддаг.

 Э.Ханд

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.