Ээжий минь ануухан, маш сайхан инээмсэглэсээр ороод ирлээ. Гартаа боодолтой юм барьчихаж, түүнийгээ ихэд нандигнаж байгаа бололтой. Яагаад би ээжийнхээ ийм сайхан инээмсэглэлийг, тийм удаан хараагүй юм бол доо гэж гайхаж зогсоно. Үнэхээр ээжийнхээ инээмсэглэлийг ойрдоо хараагүй юм байна шүү. Сонин юм даа. Гэтэл ээж минь нэг л чухал царай гаргаж, над руу харснаа
– Ээж нь чамайгаа л гэж зориод ирлээ гээд сонинд боодолтой зүйл надад өгөв. Би үл мэдэгхэн гайхаж, хэсэгхэн тээнэгэлзэж байснаа сонинд боодолтой зүйлийг нь эвтэйхэн задалж үзэв. Их гоё гялтагнасан хар хөх цаастай, амттай бололтой, зөөлөн том чихрүүд боочихож. Тэгтэл ээж нөгөө том чихрээсээ тэн хагасыг нь буцааж боогоод юу юугүй гарч явахаар аядлаа. Би гайхаж ядаад л байгаа бололтой. Тэгээд ээжийнхээ хойноос харцаа салгаж чадахгүй хоцрохдоо, "Ядаж үнсээд гарахгүй юм байх даа" гэсэн бодол толгойд орж ирэхэд, ээжийгээ явах учиртай гэдэгт яах аргагүй дасан зохицсон байх шиг… Ээж намайг учир зүггүй урсах том том нулимсаа алгаараа арчаад зогсохыг мэдээд, "Уйлж л болохгүй шүү, Миний охин" гэж хэлснээ, эргэж ч харалгүй, нүүрээ бууруулан гарч одов. Ээжий минь уйлж байгаа бололтой. Мөр нь чичигнэн хөдөлсөөр бүр хол алхаад явчихлаа. Ээжийтэйгээ уулзаагүй ингэтлээ их удсан байхад гэж бодоод, араас нь ээжээ…, ээжээ…, ээжээ… гээд хашгиртал… Дэрээ нортол уйлсан би зүүдэлсэн юм билээ.
Урт шар наран шогшоод барахгүй намрын тэр өдрүүдэд, цаг хугацаа явахгүй л юм шиг налайгаад нэг л сайхан байлаа. Намрын салхи гэрийн өрх, хаяаны навсгар уранхайг оролдоход, гэрт сууж буй балчирхан охин Бумбуулд хөгжилтэй байх агаад, ханын шийрээр орж гарч, нисэн буух бор шувуунууд эгдүүг нь улам хөдөлгөж буй бололтой. Бумбуул охин шувууны хойноос хөөж, барьчих санаатай гэр тойрон гүйх нь өхөөрдмөөр, хоёр жаахан амьтан хорвоогийн нэгэн өдрийг өнгөрөөж буй нь тэрээ. Аав, ээж нь хөөрхөн охиноо өхөөрдөхдөө "Миний бумбуул, ээжийн бумбуулай…" гэж дуудсаар байгаад Бумбуул гээд нэршчихэж дээ. Уг нь Анхмаа юм шүү дээ. Олон хүүхэдтэй өнөр өтгөн айл болохыг бэлэгдэж Анхмаа гэдэг нэрийг аав, ээж хоёр нь ярилцаж байж хайрласан. Бумбуул охиныг гутлынхаа тайлагдсан уяанд бүдэрч унахад, бор шувуунууд дэрхийж үргэнэ. Бор шувуунуудыг үргэхэд нь Бумбуул охин урамшаад, оочиж унахдаа ч уйлалгүй хойноос нь хөөж, хоёр хумбагар алгаараа амаа дарж байгаад л алгадмаар аядахад, шувуунууд цочих ч үгүй л тонголзоно. Бумбуул охин хэдэн бор шувууг үргээж, инээх л гэж уйгагүй оролдсоор өдрийн талыг авна. Түүний ход ход инээхэд л хорвоогийн хамаг л хайр хөвөрдөг бололтой. Намрын өдрүүдэд түүн шиг жаргалтай, бас завгүй, ажил ихтэй хүн тэрхэн хавьдаа алга байх. Бумбуул хэдэн бор шувуунуудтай хөөцөлдсөөр нэг мэдэхэд гэрээ хэдэнтээ тойроод гүйсэн байлаа. Тэгээд аав, ээж хоёроо гэнэт санаад хайв. Бас жаахан мөөм үмхчихмээр байдаг. Хаана байж болох зүг рүү тойруулан харж байтал аав, ээж хоёр нь гүүн зэлнээс инээлдсээр ирж байхыг хараад, урдаас нь тосоод гүйв.
– …Миний ааваа, миний ээжээ…, хайлтай шүү… гээд шулганаад л тосох охиноо тэд хоорондоо өхөөрдөж байгаа бололтой чанга чанга яриад л инээлдэнэ. Марал гүүгээ саагаад харих замд урдаасаа тосоод гүйх охиноо энхрийлэн хараад, нөхөр рүүгээ нэг сайхан харж инээгээд л ярьж алхална.
– Манай Бумбуул хөөрхөн шүү. Тэрийг хар даа, гүйж байгааг нь… сөөсийчхөөд хөөрхөн амьтан шүү… гэж хэлэнгээ охин руугаа хошуу цорвойлгож – Миний бумбуулаа, ээжийн бумбуулаа…, хаана байна, аль байна… гэж өндөр дуугаар өхөөрдөнө. Харин Бумбуул охин жижигхэн хумбагар алганыхаа хойно халтайчихсан нүүрээ нуух гэж аяглаад
– Ээжээ, ээжээ… миний хайлтай ээжээ гээд хэлэх зуураа бүдрээд уначихав. Марал охиноо өхөөрдөн, хайрласан харцаар харж, урдаас нь хурдан хурдан алхлах зуураа – Ээжийн бумбуул, хөөрхөн булцгараа…, өө тээглээд уначихлаа. Бумбуулынхаа гутлын уяаг уяасаар байтал энэ намар дуусах нь дээ гэж инээснээ, охиноо дээр өргөн авч үнслээ. Тэгээд намрын шар өвсөн дээр бохирон суугаад, Бумбуулын түүтэн гутлынх нь уяаг чангалж уяангаа
– За болчихлоо, миний охин… гээд хэд хэдэн удаа угсруулан, хурдан хурдан үнсчихээд гэр рүүгээ тэврээд алхлаа. Гэтэл Бумбуул ээжийгээ дурайж
– Үнчий, үнчий… гэж шулганангаа ээж рүүгээ шөмбөгөр хошуугаа цорвойлгоно. Тийм нэг эх, үр хоёрын хайр хөвөрсөн дүр зураг өдөр бүр болдог ч харсан, үзсэн хэн хүнд цаанаа нэг л уяралтай, энхрийхэн ялдамхан байдаг гэдгийг Маралын нөхөр дотроо л бодож явна. Энэ мэтчилэнгээр намрын өдрүүд нэг нэгээрээ өнхөрсөөр, өвөл юу юугүй хаяанд тулж ирсэн байлаа. Марал охиныхоо хонгор сэвлэгийг үнэрлэж, тэврээд гэртээ орох гэтэл шувуу хөөгөөд завгүй тоглох охин нь "бууя, бууяа, бууяа…" гээд ээжийнхээ гараас мултрах гэж аягална. Марал охиноо тэврээсээ буулгаад, илүү гэртээ орж, намар оройхон хурааж буй айргандаа саамаа юүлж, хэдэнтээ бүлээд гарав. Намар оройн айраг хөрөнгө тааруу ч өөрөө исчихдэг сайхан цаг даа. Тэднийх адуу мал сайтай, нутгийн нүүр болсон хэдхэн өрхийн нэгэн гэж хүндлэгдэнэ. Тийм ч учраас цагаан сараар нутгийн ах дүүс, хүүхэд шуухад ирнэ гээд л айраг, архиа жилийн жилд сайн базааж авдаг уламжлал тогтсоор удсан байх юм.
– Энэ намар урт мөртлөө налайгаад мөн ч сайхан боллоо. Ер нь өнөөдөр дуулаараад, маргаашнаас хүйтрэх төлөвтэй болоод явчихлаа шүү гээд гэрийн эзэн малч ухаанаар хэлнэ.
– Ийм сайхан, дулаанхан өдөр өнгөрсний дараа юу гэж хүйтрэхэв дээ. Дулаанхан байвал охин бид хоёрт л хэрэгтэй юм. Хоёр бээрүү амьтан… гэж Марал хэлээд, "Миний охин, бумбуулай…, бумбуулай…" гэж хэдэнтээ дуудав. Түрүүхэн гэр тойрон тоглоод гүйж байсан бумбуул охин чимээ өгсөнгүй. Марал гарч харвал ойр хавьд алга, хайгаад ч олдоггүй. Яагаад ч юм бэ, гэр дээгүүр хоёр элээ эргэлдэнэ. Сэтгэл дотроо "Түй…, түй… Муу ёрын амьтан" гэж үглэчихээд, бага гэр, тугалын хашаа, хөрш айл, саахалтын хот, хол ойроор явсан хүмүүсээс сураглаад ч охиноо тэр өдөр эс олов. Бүрэнхий боллоо. Саяхан сайхан байсан тэнгэр гэнэт харанхуйлж, салхилж, үүлшиж эхэллээ. Тэртээ тэргүй унагаа тавих дөхөж байсан ч, сүүлчийн саамаа ч авсангүй, нулимстай унагаа суллаж, зэлээ хураав. Бүтэн шөнийн турш тэднийхтэй хааяа айлсан буух саахалтын айлууд ч цурам хийлгүй хонолоо. Бумбуул охиныг олохоор хол ойргүй эрж сураглаж, сумын төв рүү хүртэл хүн амьтнаар хэл хүргүүлэн, хүч нэмүүлэн гаргаад ч олсонгүй. Ядаж гутал, бүс, малгай, дээл нь олдоно доо хэмээн санаад, машин, мотоцикль, морьтой, явган, хүүхэд шуухадгүй нийлсэн нутгийн олон түмэнтэйгээ хайсан эрэл мухардаж хаачихаа ч мэдэхгүй гацаанд оров.
Эхийн байтугай тэр тухай сураг сонссон хэний ч зүрх шаналж, шимширч хонох намрын сүүлчийн өдрийг үдэж, өвлийн хүйтэн өдрийг угтав. Нутгийн сайхан намарт шувууд өвөлжих мэт хоргодсоор арайхийж буцсан тэр өдөр, ээжий минь аяных нь дөрөөнд сүү дусааж хоцордог байсан санагдлаа. Цас орж, салхи ширүүсч, хүйтний хэм нэмэгдэж, уяан дээр сойсон морь ч тэсэхийн аргагүй бээрч хонов. Бүгд "дуусжээ" гэж дотроо сэм бодоход, ганцхан эхийн сэтгэл л "Айлд л орчихсон байгаасай, ядаж авдар савны ар, хөндий, орон доогуур орчихоогүй байгаа даа, тийм буян заяа байдаггүй л юм байхдаа" гэж энгэр дүүрэн нулимс урсган, бас итгэн, горьдон, горьдлого үл тасран хүлээж сууна. Марал бодно… Ээжий минь өнгөрөөд удаагүй байсан тэр шөнө зүүдэнд орж ирснээс хойш, Марал өөрийгөө давхар болсноо мэдэрч, бас итгэхгүйдээ хэд хонож, хязгааргүй их баярлаж буйгаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй, нөхөртөө хэлж чадахгүй байсаар хэдэн долоо хоног өнгөрчээ. Учир нь туурга тусгаарлаж, айл гэр болоод гурван жил болоход үрийн зулай үнэрлээгүй яваа билээ. Айлын гэргий болсон энэхүү хугацаанд Марал дотор биеэ чагнаж, үр хүүхэд мөрөөсөж, саахалт айлын эхнэрүүдэд атаархаж, нулимс урсган өнгөрөөсөн он жилүүд хөвөрсөөр юу юугүй гурван жил болжээ. Заримдаа биеийн юм цагтаа ирэхгүй хэд хоноход сэм баярлаж, одоо л нэг юм хүүхэдтэй болж гэж дотроо бодож байтал, жирэмсэн болоогүйн шинж аяндаа мэдрэгдэхэд "Заяагүй амьтан" гэж өөрийгөө дэмий л зүхдэгсэн.
Эд хөрөнгөтэй газар хүүхэд төрдөггүй гэдэг үнэн юм гэж нутгийнхан ярина. Гурван жил болоход нойтон сормуустай амьтан заяагаагүй юм чинь, одоо хүүхэд гарна гэж юу л бол… гэх үгс ам дамжсаар түүний чихэнд хүрэхэд сэтгэлээр унахдаа, тэр зовлонгоо өөртөө л үүрэх гэж хичээнэ. Энэ мэтчилэн хэл ам дагуулан, хоног тоолон хүлээлгэж байж төрсөн ганц охиноо газар тавилгүй өсгөхдөө, "Хөөрхийдөө муу ээж минь энгэртээ тэврэх үртэй байг гэж цагаасаа өмнө явж дээ" хэмээн өрөвдөн боддог байлаа. Гэтэл тэр хөөрхөн бумбуул охин нь өнөөдөр гэртээ байхгүй. Ээж, аавынхаа хамаг л хайрыг аваад алга болжээ. Хувхай хоосон сэтгэлгүй хөндий цээж үлдээхэд, үхэх ч багадах хагацал тэдэнд учрах нь үнэндээ хорвоо тоглоод л байх шиг санагдана. Бумбуул охины сураг гарахгүй нэлээд хэд хонолоо. Бут довны хажууд торойх барайх тоолонд охиноо гэж гүйсээр очих, морь, машинтай хүмүүс ирээд явахад, өвөр түрүүг нь нэгжин харж, "авч явчихаад, авчирч байгаа юм биш байгаа" гэсэн горьдсон харцаар харахад сүүлдээ хэн хүнгүй л тэднийд буухдаа эмээж, зүрх алдана. Хажуу саахалтынхаа айлд хүртэл ороод "Танай авдрын ард ороод унтсан юм биш байгаа. Би үзээдэхье…, тэгэх үү" гэж гуйж царайчилна. Марал охиноо алдсан хувь заяатайгаа яагаад ч эвлэрэхгүй, бас итгэхгүй бүтэн намаржин гэрийн гадуур, дотуур хайж гүйлээ. Яалт ч үгүй байхгүй, багтах ч үгүй жижигхэн зайг хүртэл нэгжиж үзнэ. Ор дэрээ өдрийн хэд хэд л ухаж буулгаж, авдар савныхаа араар ухаж, урагш хойш нь хөдөлгөж үзээд, бүр цоожтой авдраа ч байн байн онгойлгож харна. Хашаа хорооны хойгуур, урдуур, дээгүүр, доогуур тонгойж, өдрийн хэд бол хэдэн ч удаа үзэхдээ цөхөрч шантрахгүйгээр үл барам, хайж болох бүхий л газруудыг нүд, сэтгэл, бие төрхөөрөө эрсээр л байлаа. Хаа холын дуу чимээг өөрийн эрхгүй чих тавин сонсож, "Ээжээ" гээд дуудах айлын хүүхдүүдийн дуунд хэдэнтээ ч гараад гүйв дээ. Ургахын улаан нар, уул, ус, долоон бурхан, Алтангадас одонд сүү өргөх л гэж өглөө эртлэн босож, хэдэн үнээгээ саана. Өглөөний мандах нарнаас эхлээд үдшийн бүрийд хүртэл гэрээ тойрч, сүүгээ өргөхдөө "Охиныг минь эсэн мэнд байлгаж хайрла" гэж залбирна.
Элэг эмтэлсэн хувь заяандаа яагаад ч дасахгүй явах Марал, эхнэрийнхээ өрөвдмөөр байдлыг хараад, шар махтайгаа хатаж буй түүний нөхөр бүр ч илүү өрөвдөлтөй байх бөгөөд тэднийхийг тойрсон хэл яриа намжихгүй, эвий минь, халаг минь гэх үгсүүд тойрон эргэлдэнэ. Нэгэн шөнө унтаж байтал гэр дотор түжигнэх чимээ гарав. Марал шүдэнзээ салгануулан байж арайхийж зурж, лаагаа асаатал хавар давжаа гарсан гөлөг хатавчны ханын шийрээр шургаж орж ирээд, дулаан газар хайж байгаа бололтой гийнаж байлаа. Охиноо ороод ирлээ гэж бодоод ухасхийн боссон ч, эргэж орондоо хэвтэхийг хүссэнгүй. Даарч, өлсөж байгаа, нялх амьтан гэж санаад хоол өгч, хатавчны хаяа руу адсага дэвсээд хэвтүүлэв. Хэзээ Монгол хүн нохойтойгоо хамт хооллож, нэг гэрт хонож байлаа гэж бодовч, атигар жаахан охин нь энд тэнд ингээд л ядраад, зүдрээд яваа л юм шиг санагдаад, нэгэн жаахан амьтан хайрлачихвал ч зовлонгоос нь багахан ч болов нимгэлэх гэсэн санаа байлаа. Маралын иймэрхүү байдал биеэ муутгахад хүргэж, ялимгүй турж эцээд, нүднээс ч гарч эхлэв.
Нутгийн хүмүүс Маралыг охиноо хайгаад гүйх ааш аяганд нь сэтгэлээ зүсүүлж, бас дэмий өрөвдөхөөс өөр юу ч үл хийж чадна. Саахалт айлынх нь авгайчууд ямар сайндаа л хоорондоо үглэн ярилцана.
– Муу хар чацга, гарахгүй байж байж гарчихаад, энэ муу хүүхний өврийг харлуулаад, хаашаагаа алга болчихдог байнаа. Үрээ алдсан эхийн сэтгэлийн там гэдэг үгээр ч хэлэхийн аргагүй л байлгүй яахав дээ. Үнэндээ тамаа, там, там юм даа, хөөрхийс… Ээ Бурхан минь гэж дуу алдангаа хараах, өрөвдөхийг хослуулан ярина. Юу юугүй хүйтэрч, айлууд өвөлжөө хашаандаа бууцгааж, дулаан тохитой суух тэр цагт Марал охиноо олдоно гэж итгэсээр намаржааны хүйтэн бууцанд жиндүүлж, хөлдөж дагжитлаа л удаан суулаа. Тэгээд нулимс хөлдөөсөн өвлөөр аргагүй эрхэнд гэрээ ачаалж, өвөлжөө рүүгээ хөдөллөө. Охинтойгоо инээлдэж, шуугилдсан аз жаргалтай мөчүүдийг нь намаржааны бууцан дээр өвөл хөлдөөгөөд л аваад үлдчих шиг л боллоо. Бумбуул охиныхоо гэрээ тойроод түнтэгнээд гүйх, аягатай тарагаа асгачихаад хэлээ гаргаад, хуруугаараа зааж байгаа, халтайсан хошуу, уйлсан, инээсэн, эрхэлсэн, хорвоотой танилцах гэж ядаж буй дүр зургууд хөвөрнө. Гэрийнх нь гадаа тоодогнож ядрахгүй бор шувуунууд, тэдний шулганалдаан л сэтгэлд нь улам ойрхон санагдана. Яг л миний охин шиг шулганаад байх юм даа гэж бодохоор л нулимс цээжинд бүдрээд л огшино. Марал шанага шанагаар нэрээд урсгасан ч тоогоо нь үгүй тавиланд сөхөрч л чадахаа ойлголоо.
Өвөл ч өнгөрч, цагаан сар болдгоороо боллоо. Манай хоёр охиноо өдий болтол сураг ажиг байхгүй, олдохгүй болохоор тэр намрын сүүлчийн өдөр, өвлийн анхны хүйтэн хоногт даарч бээрээд, хээрийн амьтны идэш хоол болоод өнгөрчээ гэж бодно. Хэдүйгээр дөчин есөн хоног гүйцлээ ч цагаан сар хийхтэй манатай байлаа. Гэхдээ үр хүүхдээ золиослон байж хураасан айраг идээгээ оруулж, гэсгээгээд, орсон гарсан хүмүүст амсуулъя даа, ядаж охиныхоо хойноос буян хийе дээ… гэж ярьсаар, намар хураасан хоёр зуун литрийн задгай, том амтай, модон хувинтай айргаа арай ядан чирч зөөсөөр гэртээ оруулав. Тэсгэм хүйтэнд гадаа байсан болохоор айраг ч удаан гэсэж, Марал айргаа бүлэхээр эргүүтэл, бүлүүрт хүнд юм торох шиг болов. Айрганы гол гэсээгүй байж дээ гэж бодоод, дахиад эргүүлтэл хүүхдийн сэвлэг цухуйх шиг боллоо.
– Ээжээ… хэмээн хашгирах гэргийнхээ дуунаар цочин харвал, эхнэрийнх нь царай хувхай цайгаад газар ойчив.
– Яагаад манайд муу, муухай юм үүрлэх болов гэж нөхөр гэнэт сэжиглэн бодоод ухасхийн босох зуур, айрган дотор нь гуравхан настай охиных нь сэвлэг хөвж, тоодон бариувч нь цухуйж буйг хараад зүрх нь зогсчих шиг болов. Хэдэн сар хайгаад олдоогүй охин нь цагаан сарын өмнөхөн эрэл мухарлаж, сэтгэл санааг нь шулуутгав. Бидний хувь заяа, төөрөг тавилан юм байхдаа хэмээж гомдохдоо нулимс урсгахаас өөр юу ч хийж, бас яаж ч чадахгүйгээ ойлгоод л хорвоотой эвлэрлээ. Харсаар байтал халуун энгэр, дулаан алгандаа энхрийлэн хайрласан хуруухан чинээ охиноо алдаад явуулчихсан. Алдаж явуулахдаа охиныхоо сүүлчийн халуун амьсгалыг мэдэрч, анир үргээх хонгорхон дууг замхрахыг сонсоогүй ч, хорвоог хэзээ ч өршөөхгүй хатуу тавиланд дасахгүй гэж бүсээ чангалаад, хувь заяаны шуурганаар нөгөө ертөнцөд илгээгдсэн охиноо хөдөөгийн нэгэн зэлүүдхэн газар, цасны цоорхойд сэтгэл хөндүүрхэн тавиад буцаж ирлээ. Тэр өдрүүд гунигтай, өрөвдмөөр хэдүй ч хүнийх нь хувьд сүүлчийн замд үдсэн тэр шөнө анх удаа тэд бөх гэгч сайхан унтав. Түүнээс хойш зүүд нь хүртэл сайхан болж, зүүдэн дунд ээжий нь том уутаар дүүрэн чулуу өгч байна гээд зүүдлээд сэрлээ. Харин ээжий нь ууттай чулуунаасаа буцааж авсангүй, Тэр маш сайхан инээмсэглэсээр гарахдаа охиноо удаан үнсээд, эргэн эргэн харахдаа гар далласаар холдож билээ.
Б.Урангоо