Сонгодог бичгийн хэлнээ “Загас наадуулах”, “Энгэр зөрүүлэх”, “Үүл борооны явдал”, “Салхин сарны явдал”, “Наран сарны явдал” хэмээх нууцалдаг эл үйлийн тухай сэдэвтэй уран зураг, шүлэг яруу найраг цөөнгүй байдаг.
Монголчууд угийн бүрэг ичимхий зантай (бүрэг ичимхий гэхээс илүү уг зүйлийг хамгийн ариун нандин зүйл гэж эрхэмлэдэгтэй холбоотойгэж үздэг хүмүүс ч байна) , нөгөө талаас цаг үеийн элдэв учир шалтгааны улмаас уламжлалт эротик сэдэвтэй урлаг, уран зохиолыг ард түмэн тэр болгон мэддэггүй, энэ тухай судалгааны ном бүтээл ч хомс байлаа.
Харин 1997 онд зураач уран барималч С.Бадрал “Монгол эрос буюу салхин сарны явдал” (нэн эртнээс болон 20-р зууны эхэн үеийн монголын дүрслэх урлагт), 1996 онд Ш.Одонтөр “Монгол секс үгийн тайлбар толь” бүтээлүүд гарснаар хүмүүс монгол эротик урлагийн зах зухаас мэддэг болсон.
Мөн энэ үед
Тэргэл сарны гэрэлд
Тансаг янагийн эрхтэнийг чинь халуун уруулаар таалж
Тэндээс айсуй олон жижиг саран мэт сүүн дуслуудыг
Эрхлэн амталсан тэнгэрийн хөвгүүнээ
Та… хардлаа гэж үү? …
хэмээн бичсэн яруу найрагч Б.Галсансүхийн бүтээлүүд ард түмний гар дээр очлоо. Тэрээр нэлээд хэдэн шүлгээ хэвлүүлж, олны өмнө тэмцээн наадамд уншсанаас хойш нэг хэсэг нь “ичгүүр сонжуургүй”, “элий балай”-гаар нь дуудаж байхад нэг хэсэг нь “модернист фронтыг командлагч” хэмээн цол гуншин хайрлаж, гайхан биширч байлаа.
Бид яруу найрагч Б.Галсансүхийн монгол нууц явдлын шүлгийн уламжлал болсон “Чи бидний загас наадуулахдаа дуу алдах дадаист үгсийн аймаг ( “Ил товчоо” сонин 1995.5.20 № 15) шүлгийн тухай өгүүлэхийг гол болгосон авч юун түрүүнд монголын уламжлалт яруу найраг дахь нууц явдлын шүлгийг сонирхон үзэх нь чухал юм.
Монголын уран зохиолын дурсгал “МНТ” зохиолын 254-р зүйлд
Одтой тэнгэр
Орчиж бөлгөө
Олон улс булха бөлгөө
Орондоо үл орон
Олзлолдон бөлгөө
Хөрст этүгэн
Хөрвөж бөлгөө
Гүр улс булха бөлгөө
Хөнжилдөө үл хэвтэн
Хүрүлүлдэн бөлгөө …
гэж байдаг. Бид энэ шүлгийг дээрх сэдэвт хамааруулсан учир нь доорх хоёр шалтгаантай.
1. Уг шүлэгт одтой тэнгэр орчиж, хөрст этүгэн хөрвөж хэмээсэн нь эр эмийг эсрэгцүүлсэн нууц далд санаатай байж болох
2. Олзлогдсон, хүрүлүлдэн гэсэн хоёр үгийн гарал үүслийг хэрхэн тайлбарлахтай холбоотой.
Мөн 20-р зууны эхэн үеийн бичгийн их хүн зохист аялгууч С.Жамъянгарав
Арван зургаатын идэр дэлгэр охин чи
Аяа, миний өвөрт түргэнээ нааш ирээч
Хосгүй зөөлөн үзэсгэлэнт биеэр сайтар өвчилдөөд
Хоёр эрхтэний наадмаар жарган цэнгэлдэх асан (Цог. 1991.№ 5)
хэмээн бичсэн байхад монголын орчин үеийн яруу найргийн нэрт төлөөлөгч Долгорын Нямаа “Эцэг малын тухай” шүлэгтээ:
Айж ичихийг мэдэхгүй
Азарга яасан шударга вэ?
Хурга ч байсан буцахгүй
Хуц яасан дэндүү вэ?
Улс амьтныг амраахгүй
Ухна яасан үглээ вэ?
Буурь суурьтай мөртлөө
Буур яасан балмад вэ?
Бусдыгаа бодвол харин
Бух яасан даруу вэ?
хэмээн дүрсэлсэн байдаг. Энэ мэтчилэн Манай шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж:
Өргөө гэрээ бариач дээ
Өрхийн чинь оосрыг татъя даа
Яруу найрагч Б.Явуухулан
Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас уух юмсан….
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана… хэмээсэн хос мөр, шүлгүүд нь, хэдийгээр дээрх дурлалт хүндээ хайраа илчилж амьдралаа холбохыг хүсч буй (Х.Санпилдэндэв.) утгатай боловч, сайтар ажиглаваас өнөөх л нууц явдлыг хүссэн тачаадсан сэтгэлийн илэрхийлэл хэмээн үзэх боломжтой юм.
Яруу найрагч Б.Галсансүхийн “Чи бидний загас наадуулахдаа дуу алдах дадаист үгсийн аймаг” шүлгийн гарчгийн тухай өгүүлье.
Дадаизм хэмээх модернизмын нэг чиглэл нь (дад-гэдэг үг нь франц хэлний хүүхдийн үг ярианаас авсан үг, унаж тоглодог саваа мод) утгын нарийн холбоосгүй дуу чимээ, авианы цуглуулгаар, хөгжим ном, сонингийн хайчилбарын цуглуулгаар эвлүүлсэн шүлэг ч тохиолдоно. Ерөөс энэ урсгалын яруу найрагчдын бүтээлийг энгийн харахад хүүхдийн гэнэн ухааны үйл ажиллагаа мэт харагддаг (Д.Галбаатар.) гэжээ.
Уг шүлэгт Зохиомж 4
Аабан бээбэн, аабан бээбэн, аабан бээбэн
Аав л болоод ээжийнхээ зуны шөнийн зүүдэндээ
Аабан бээбэнцэн наадах цагтаа урласан гэзэгний чинь
Алтан шаргал туузыг чинь би маргааш өглөө мартахгүй гэж байдаг. Үнэхээр энд Аабан бээбэн хэмээх шар цэцэг амандаа зуусан хөөрхөн хүү, “наадах”, “аав”, “ээж”, “тууз” гээд хүүхэд насыг санагдуулна. Гэвч утга огт өөр.
Б.Галсансүхийн “Чи бидний загас наадуулахдаа дуу алдах дадаист үгсийн аймаг” бүлэг шүлгийн “зохиомж-1”, “зохиомж-5”-ыг залуу сэтгүүлч Б.Бадралын “Баатарын Галсансүхийн “мэт”ийн гаж ертөнц-1” (Улаанбаатар сонин 1994.03.19 № 52) шүүмжид…түүний хоорондоо холбоогүй мэт үгийн урсгалд агуулагдсан сэрлийн урсгал нь нэг зохиолчийн тохиолдлоор цуглуулсан дэлгэмэл зураг мэт боловч нөгөө талаас арай гүнзгийрүүлсэн шинжлэх хүний оюун сэтгэлийн бүтээгдэхүүн хэзээ ч дурын тохиолдлын ямар нэг шалтгаант холбоогүй байдаггүй гэсэн З.Фрейдын онолоор тайлбарлаж болно.
Уг шүлгийн гол хэсгийн “Зохиомж-3” шүлэгт амрагийнхаа өөрөөсөө дүү гэсэн санааг
Модон морьтой явахад минь
Манцуйдаа нойрссон амраг минь
Эрвээхэйтэй хөөцөлдөж явахад минь
Ээждээ эрхэлсэн амраг минь
Од тоолж суухад минь
Охин явсан амраг минь
Хүүдээ нэр өгөхөд минь
Хол явсан амраг минь
хэмээн маш өвөрмөцөөр гаргаснаар барахгүй ААББ, ААББ хэмээн толгойг зэрэгцүүлэн, сүүлийг “минь” гэсэн үгээр зэрэгцүүлэн, дунд өгөх оршихын тийн ялгалыг, “амраг” хэмээх үгтэй салаавчлан тус тус холбосон нь шүлгийн айзам, хөг аялгууг улам яруу болгожээ.
Мөн “модон морьтой явахад”
“эрвээхэйтэй хөөцөлдөж явахад”
“од тоолж суухад”
“хүүдээ нэр өгөхөд” юм уу
“манцуйдаа нойрссон амраг минь”
“ээждээ эрхэлсэн амраг”
“охин явсан амраг минь”
“хол явсан амраг минь” хэмээн хайртай хосын өсөн торниж буй үйл явцыг дүрслэхдээ уран ахиуллыг хэрэглэсэн нь сонирхолтой болжээ.
Бас нэг онцлог бол хэлний хязгааргүй боломжийг чадварлаг ашигласан “манцуйдаа нойрссон амраг”, “охин явсан амраг”, “утасны чинь дугаар урууланд минь байдаг” гэх ч юмуу “чи чамдаа хүү төрүүлж өгье”, “алтан шаргал туузыг би маргааш өглөө мартахгүй” гэх мэт үг өгүүлбэрүүд нь тухайлбал, “чи чамдаа хүү төрүүлж өгье” гэсэн нь логикийн талаас алдаатай, утгагүй мэт боловч угаас зохиолч санаагаа гаргахын тулд “чи” хэмээх үгийг сонгосон нь болно.
www.URLAG.mn