1990-2003 онд алдарт дуучныг жил бүр Японд урин тоглуулдаг байсан энэ хүн түүнийг Норов эгч хэмээн хүндэтгэн дуудна.
Жихүүн өвөл Монголд айлчлан ирэхэд Норов эгч нь түүнд нэгэн ноолууран өмд бэлэглэж байсан тухай тэрбээр сэтгэл догдлуулан ярьсан. Өдий хүртэл 20 жилийн турш тэр өмдөө өмссөөр байгаагаа дуулгаад хойшид ч олон жил гамнан өмсөнө хэмээн амласан юм. Ингээд уншигч та бүхэндээ түүний яриаг хүргэе.
-Сайн байна уу. Сайн сууж байна уу. Манай сонины уншигчдад Монголчуудын бахархал болсон гайхамшигтай дуучны тухай өөрийнхөө мэдэхийг ярьж, дурсах гэж байгаад тань баярлалаа. Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Ямакава Изүми гэдэг. Миний аав Японы анхны ярих урлагийн жүжигчин, ээж минь эх хэлний багш байсан. Би тэдний ууган хүү нь болж 1944 онд Токиод төрсөн. Ахлах сургуулиа төгсөөд Васэдагийн их сургуулийн урлагийн тэнхимд драмын жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн. Их сургуульд орсон жилдээ “Хайрын улирал”, “Шөнийн оддыг тольдоорой” зэрэг бүтээл туурвисан алдарт хөгжмийн зохиолч Изүми Такүгийн продакшнд ажилд орж, продюсерээр суралцсан. Түүнээс хойш 1975 онд 31 настайдаа тайзны урлагийг танилцуулах “Соожюша” хувийн компаниа байгуулж байлаа.
-Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад гуайтай хэрхэн анх холбогдов?
-1977 онд Токиогийн их сургуулийн урлаг судлалын ухааны профессор Койзүми Фүмиогийн удирдсан дуу бүжгийн чуулгын “Торгоны зам” төслийн гишүүн болж, анх удаа Монголд очсон юм. Койзүми багш 1976 онд алдарт Норовбанзад дуучныг Батчулуун хуурчийн хамт анх удаа Японд урьж тоглуул сан юм билээ. Тухайн үед би Норов эгчийнхээ дууг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолтын үеэр л сонсож байснаас биш түүнтэй нүүр тулан уулзаж, ажил хэрэг эхлүүлж чадаагүй байсан юм. Норовбанзад гэдэг хүнтэй танилцсан нь миний хувь заяаг өөрчилж, би Монголын урлагийн ертөнц рүү эргэлт буцалтгүй орсон. Түүнээс хойш Монголоос Японыг зорих уран бүтээлчдийн цуваа үргэлжилсээр байна.
-Тантай их ойр дотно байсан гэж дуулсан юм байна.
-Тийм ээ. Би 1987 онд дахин Норов эгчийг ҮДБЭЧ-ын уран бүтээлчидтэй хамт Японд урьж тоглуулсан. Тэр тоглолт бүтэн хоёр сар үргэлжилж, Японы бүх хотод аялан тоглосноор бид илүү дотно танилцсан. Норов эгчийн хоолойн гайхамшигтайг, хувь хүнийхээ хувьд ямар сайхан эмэгтэй болохыг мэдсэн учраас би түүнд маш их хүндэтгэлтэй ханддаг байлаа. Энэ байдал минь түүнд таалагдаж, итгэлийг нь олж авч чадсан билээ. Түүнийг өөд болох хүртэл жил бүр Японд урин тоглуулж байсан.
-Японд хийж байсан онцгой тоглолтуудын түүхээс бидэнд сонирхуулж болох уу?
-Японд хийсэн тоглолтыг тоолбол барагдахгүй байх аа. Хамгийн анх Улсын ардын дуу бүжгийн чуулгатай (хуучнаар) MINON “Торгоны зам” үндэсний дуу бүжгийн хамтарсан аялан тоглолтыг Хятад, Тажикистан болон түүний төрсөн нутагт хийж байлаа.
Мөн TBS Японы телевизийн сувгаар “Дууны хатан хаан говийн төрсөн нутагтаа очсон нь” хэмээх хоёр ангитай 30 минутын баримтат кино бүтээхэд продюсераар, дараа нь NHK телевизийн бүтээл “Тайга” олон ангит түүхэн драмын нээлтийн дууг тус телевизийн симфони оркестртой дуулахад нь менежерээр ажиллаж байлаа.
NHK телевизийн “Тайга” драм маш алдартай. Камакурагийн үе буюу 1251-1280 онд төр барьж байсан Хожо Токимүнэ баатар Хубилай хааны цэргүүдтэй байлдаж байсан тухай өгүүлдэг түүхэн роман байдаг юм. Энэ тухай тийм ч олон хүн мэдэхгүй. Харин япончууд энэ уран бүтээлээр нь түүнийг маш их үнэлж байсан юм.
Түүнчлэн Японы алдартай хөгжмийн найруулагчийн студид хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан дуугаа бичүүлж байснаар нь бахархдаг. “Оотэ”, “Виктор” дуу бичлэгийн студи Норов эгчийн дууг бичихийн тулд бусад захиалгаа цуцалж байсан. Миний хайрт эгч жилд ганц удаа зохиогддог Ардын урлагийн баярыг нээж Гүнма мужид Ханхүүгийн өмнө дуулж байв. Ард нь Японы алдартай кино найруулагчийн Монголд хийсэн дүрс бичлэг гарч байсан юм. Үүнээс өөр өндөр зэрэглэлийн концерт гэж байгаагүй.
Ийнхүү тасралтгүй олон оронд аялан тоглож, хамтран ажиллаж байгаад хамгийн сүүлд 2002 оны аравдугаар сард Норов эгчийг голлон дуулуулж, Монголын хөгжмийн баяр хийсэн. Тэр үед ардын жүжигчин Ц.Батчулуун, Б.Жавзан дулам, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Ц.Энхманлай, дуучин Д.Оюунтүлхүүр болон “Номин талст” хамтлаг ирж байлаа.
-Өдийг хүртэл Монголын уран бүтээлчидтэй хамтран ажилласаар байгаа гэж дээр хэлсэн. Энэ нь Н.Норовбанзад гуайтай холбоотой юу?
-Норов эгч өөд болохоосоо яг 20 хоногийн өмнө Японы эмнэлэгт хэвтээд, би эргэж очсон юм. Тэгэхэд өөрийгөө одоо удаан амьдрахгүй гэдгээ бараг гадарласан байх, “Ямакава минь ээ! Чи залуу байна. Цаашид ч манай Монголын уран бүтээлчдийг дэмжиж өгөөч, бас миний хүүхдүүдтэй ойр дотно байж ах, дүүгийн харилцаатай яваарай” гэж надад аминчлан захисныг би хэзээ ч мартаагүй.
Норовбанзад бол хоёр орны ард түмний найрамдлын бэлгэ тэмдэг, үндэсний бахархал болсон эмэгтэй байсан билээ. Тиймээс би тэр их хүний захиасыг санан санан өөд болсных нь дараа жилийн хавраас эхлээд л Монголын уран бүтээлчдийг Японд урьж, тоглуулж Монголын хөгжмийн баярыг хийсээр өдгөө олон жилийг ардаа үдлээ. Энэ баярын хөтөлбөртөө Норовбанзадын Япон, Монголын хооронд гүүр болж байсан хэмжээлшгүй их гавьяаг нь заавал дурдан бичдэг юм.
-Эгч ээ, хэмээн хүндэтгэн ярьж байгаагаас тань харвал хувь хүний зан чанар нь танд ойр дотно санагддаг байжээ.
-Маш зөөлөн, хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй эмэгтэй байлаа. Намайг маханд дургүйг мэдчихээд Монголд очих бүрт гэртээ уриад ногооны салат хийж өгдөгсөн. Монгол хүйтэн болохоор намайг нэг удаа очиход Норов эгч ноолууран өмд бэлэглэж билээ. 20-иод жил өнгөрсөн ч би тэр өмдөө өмссөөр байгаа. Надад байгаа хамгийн дулаахан өмд учраас би их нандигнан өмсдөг юм. Би үнэндээ тийм ч баян продюсер биш л дээ. Норов эгчийг Японд ирэхэд нь үнэтэй, сайн буудалд буулгаж чаддаггүй байлаа. Гэхдээ тэр нэг ч удаа гомдоллоогүй. Тоглолтоос харих замдаа супермаркетаас тараг худалдаж аваад баярладагсан. Энэ дүр төрх одоо ч миний санаанд тодхон байна. Би хэзээ ч түүнийг мартаж байгаагүй.
Ж.Солонго
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад гуайн Япон дахь менежерээр ажиллаж байсан Ямакава Изүмитэй цахим шуудангаар холбогдлоо.