АНУ-ын шилдэг жүжигчин, кино продюсер, хөгжимчин Жонни Депп сүүлийн үеийн уран бүтээл болон гэр бүлийн амьдрал, түүнийг тойрсон олон шүүмж, магтаалын талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “www.gq-magazine.co.uk” сайтад сонирхолтой ярилцлага өгснийг хүргэж байна.
-Таныг үзэгчид төдийгүй дэлхий нийт энгийн нэгэн панк рок залуу байсныг санаж байгаа байх. Кино урлагт яагаад хөл тавихаар шийдсэн юм бэ?
-Энэ бол миний амьдралыг өөрчлөх шийдвэр байсныг би анхнаасаа л мэдэж байсан юм. Гэхдээ би энэ хэмжээнд хүртэл амжилттай хөдөлмөрлөнө гэж тухайн үед бодож байгаагүй шүү. Би кино урлагт хөл тавьснаар миний амьдрал тэс ондоо болохыг л мэдэж байсан юм. Ээж маань хэлж байсан л даа. Тэр надад маш их итгэл найдварыг бэлэглэж байлаа. Байнга л урам өгдөг байв. Ээж намайг кино урлагт сайхан дүрүүдийг бүтээж чадна гэдгийг ойлгуулсан юм. Ингээд л би өөрөө шийдвэрээ гаргаж, амьдралдаа зоригтой нэг алхам хийсэн.
-Өмнө нь үзэгчид “Элм гудамжны шөнийн хар дарсан зүүд” гэх мэт таны тоглож байсан уран бүтээлд ач холбогдол өгдөггүй байсан. Харин нэг л өдөр далайн дээрэмчин болоод гараад ирэхэд хүмүүс таныг таньсан. Та ч багагүй цочролд орсон байх?
-Үнэхээр тэгсэн шүү. Бараг л 20 гаруй кинонд тоглочихсон байсан. Тэгээд 2003 онд “Ахмад Жэк”-ийн дүрээр гэнэт л тэсрэлт хийсэн. Би эхлээд гайхаж, гайхаж хэсэг алмайрсан. Кино олны хүртээл болж эхэлснээс хойш хүмүүс над руу утас цохин янз бүрийн л зүйл ярьж байлаа. Би ч маш их урам зориг авч эхэлсэн. Тэрнээс хойш ер нь л нэг тийм өвөрмөц, надад тохирох дүрийг илүүд үздэг болсон. Сонголт ч олон болсон. Уилли Ванкагийн дүр, Жон Диллингер, Мад Хаттер гэх мэт үзэгчдийн сэтгэл зүрхэнд үлдсэн сайхан дүрүүд бий. Тиймэрхүү төрлийн дүрүүдийг сэддэг зохиолчдод баярлаж явдаг шүү. Кино урлаг бол өөрөө нэгэн том гэр бүл.
-Ирэх жилүүдэд та ямар уран бүтээл дээр ажиллах гэж байна вэ?
-Хамгийн том ажил бол ахмад Жэк. Гурван жилийн хугацаанд зураг авалт нь хийгдэх энэ удаагийн анги дээр ахмад Жэк томоохон үүрэг гүйцэтгэх болно. Киноны зохиол нь тун сонирхолтой. Тухайн үед сайн үнэлгээ авахын тулд одоо сайн ажиллах хэрэгтэй байна. Үзэгчид ч миний дүрээр дамжуулан олон зүйл хүлээдгээ илэрхийлсэн. “Карибийн тэнгисийн дээрэмчид Үхсэн хүү үлгэр ярьдаггүй” шинэ цуврал зураг авалт нь эхэлсэн байгаа. Үзэгчдэд таалагдана гэж найдаж байгаа шүү. Энэ удаа гарах анги хамгийн сүүлийнх гэдгийг ч онцлох хэрэгтэй. Мөн ирэх жилд гарах “Модон дунд” уран бүтээл хүүхэд залуучуудын сонирхлыг татна гэдэгт итгэж байна. Хөгжимт уран сайхны бүтээл болж байгаа.
-Та Номхон далай дунд болсон хөгтэй явдлынхаа талаар яриач?
-Тэр үнэхээр инээдтэй зүйл болсон шүү. Ярихаас инээд хүрээд байдаг юм. Манай нэг киноны зураг авалтын үеэр кино найруулагч Брус Робинсон бид хоёр хөгөө тарьсан хэрэг болсон. Амьдралын минь сүүлийн мөч байсан гэдгийг ойлгож байсан ч бид инээлдэж чадсан.
Бид Номхон далай дээгүүр нисэж байлаа. Гэтэл онгоцны хөдөлгүүр хүчээ алдаж, сэнс нь хөдлөхөө больчихсон юм. Тэгээд би дотроо “Есүс Христ минь. Ингээд л бид үхэх болж байна уу. Гэрэл унтраад, хөдөлгүүр унтраад ингээд амиа алдах байсан юм уу” гэж бодож байтал гэнэт хажууд сууж байсан манай хүн “Ингээд л болчихож байгаа юм уу” гэдэг байгаа. Тэгээд би тэсэлгүй инээж, бид онгоц хүчээ алдаж унаж байхад инээлдэж байсан. Тэгээд нэг нэгэн рүүгээ харан дахиад л инээлдэж эхэлсэн. Тэгээд удалгүй онгоц хэвийн нисэж, хөдөлгүүр нь ажиллаж эхэлсэн. Бид ч тэр өдрийг үнэхээр хөгжилтэй өнгөрүүлсэн дээ. Сайхан ч мэдрэмж байсан. Дотроо яг л “Энэ чинь бодит амьдрал билүү, кино зураг авалт билүү” гэж нэг бодоод инээж гарсан. Амьдралдаа хэзээ ч тэгж тэнэг байдалд орж байгаагүй юм байна билээ.
-Та өөрийн имижээрээ залуучуудыг уриалан дагуулдаг. Та өөрийн гэсэн брэнд гаргах талаар бодож байгаагүй юу?
-Бодолгүй яахав. Би Италийн хэд хэдэн загвар зохион бүтээгчтэй уулзсан. Гэхдээ тэр талын бизнесийг үргэлжлүүлэн авч явах гэдэг бол миний хувьд ахадсан хэрэг болох юм шиг санагдсан. Хүнд хэцүү. Би мөнгөтэй харьцаад байдаггүй. Бэлэн мөнгө ч авч явахаа байсан. Бага байхад уг нь бэлэн мөнгө шиг сайхан зүйл байдаггүй байлаа. Харин одоо эсрэгээрээ. Залуучуудын стиль имиж жил болгон, улирал болгон л өөрчлөгдөж байдаг.
Загвар чинь өөрөө шилжилт хөдөлгөөн гэсэн үг. Хүн бүр өөрийн гэсэн загвартай, үзэл бодолтой бас ертөнцийг үзэх үзэлтэй. Үүнийг байгалийн хууль ч өөрчилж чадахгүй. Миний өмсөж зүүсэн бүхэн залуу, эрч хүчийг илэрхийлдэг талаар өмнө нь загвар зохион бүтээгч, загварынхан ярьж л байсан л даа. Харин залуучууд дагадаг эсэх дээр эргэлздэг шүү.
Яахав миний шүтэн бишрэгчдийн нэг нь миний шивээсийг дуурайсан л байдаг юм. Тэр бол миний шүтэн бишрэгч. Би бүгдэд нь хайртай.
-Та гэртээ байх дуртай юу?
-Үнэнээ хэлье. Би гэртээ уйдаж суухыг хүсдэггүй. Мэдээж гэр орондоо байж л таарна. Харин миний байх ёстой, дуртай газар бол дэлхийн өнцөг булан бүр. Би ажлаа хийнгээ дэлхийн хаа нэг газар хүссэн зүйлээ хийгээд л аялж, зугаалж явах дуртай. Гэртээ байх дуртай хүмүүсийг би муухайгаар хэлээгүй шүү. Битгий гомдоорой. Гэхдээ миний хувьд багаасаа л гэртээ тогтдоггүй нэгэн байсан. Үргэлж л ийш тийш явж байх хүсэл мөрөөдөлтэй байсан ч гэж хэлж болох юм. Үүнийг амьдралын минь нэгэн хэв маяг гэж ойлгож болно.
-Үнэхээр гайхалтай. Та цаашид кино урлагтаа үнэнч хэвээр байх уу?
-Би бас бодож байгаа. Эхлүүлсэн кинонуудаа дуусгаад сайхан завсарлага авах юм уу, өөр салбар руу орох талаар бодсон. Гэхдээ одоохондоо хариулт өгөхөд арай л эрт байх. Кино урлаг бол үнэхээр гайхамшигтай гэр бүлийн нэгдэл. Магадгүй би кинонд дуу оруулах, хүүхдийн хөгжимтэй киноны төрөлд уран бүтээл хийж магадгүй. Ойрын жилүүдэд төлөвлөсөн зүйл алга. Хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байна гэдэг чинь өөрөө гайхамшигтай биш гэж үү. Ажилдаа дурлах нь сайхан мэдрэмж өгдөг шиг кино урлагт би дурлачихсан явж байна.
Б.Баатар
Эх сурвалж "Улс төрийн тойм" сонин