-Гадаадад амьдраагүй бол эх орны минь жижиг ширхэг болгон амьтай байдгийг мэдрэхгүй байсан байх-
Хөгжмийн зохиолч Б.Чинбаттай ярилцлаа.
-Таны уран бүтээлүүдийн дийлэнх нь эх орны сэдэвтэй байдаг. Хамгийн сүүлд хийсэн бүтээлүүдээс чинь “Аравт”, “Түмэн хишигтэн” зэрэг аялгуу бүгд үзэгчдийг огшоодог. Цаашдаа ямар уран бүтээл хийх гэж байна вэ?
– Их эзэн Чингис хааны тухай дуу ч юм уу хөгжмийн зохиол бичих байх. Би бол монгол хүн. Ямар гайхалтай түүхтэй эх оронд төрөө вэ гэж боддог шүү. Ээж аавдаа хязгааргүй их баярладаг. Эцэг эх, өвөг дээдэстээ, газар шороондоо дэндүү их хайртай. Хүн олон жил гадаадад байхаар сэтгэл гэдэг зүйл эргэж сэргэдэг юм байна. Магадгүй би эх орондоо байсан бол одоо байгаа шигээ их асч дүрэлзэж, эх орныхоо жижиг ширхэг болгоныг амьтай байдгийг мэдрэхгүй байсан юм болов уу гэж боддог.
-Хөгжмөө бичиж байхдаа асар их омогшиж сэтгэлийн хөөрөлдөө автдаг болов уу. Энэ үед магадгүй уйлж байсан тохиолдол гарсан уу?
-Байна шүү, байлгүй яахав. Мэдээж уран бүтээлч хүн омогшино, уйлна. Нэг жишээ бол “Аравт” хөгжмийг бичиж байхдаа хүүхэд олдог хэсэгт их уйлж байсан санагдаж байна. Ер нь эдгээр уран бүтээлийг маань ямар ч монгол хүн сонссон уйлж, омогших байх гэж би дотроо горьддог. Би өөрөө бас л нэг сонсогчийн зүгээс өөрийнхөө хөгжмийг сонсдог л доо. Ялангуяа Америкт амьдарч байхдаа“Талын монгол айл” гэдэг дууныхаа хөгжмийг бичихдээ уйлж байсан. Дуучин Т.Ариунаагийн “Ижий минь байвал жаргалтай” гэдэг дууг ч уйлж бүтээсэн.
-Та Америкт байхдаа томоохон бүтээлүүд дээр ажиллаж байсан. Өндөр хөгжилтэй оронд уран бүтээлийг үнэлэх үнэлгээ хэр юм бэ?
-Америк оронд уран бүтээлийг үнэлэх үнэлгээ асар өндөр. Дотроо A,B,C гэсэн үнэлгээгээр ялгадаг. Тухайлбал, А листны хөгжимчин, уран бүтээлчид уран бүтээлч болж төрснийхөө үр шимийг үргэлж амсдаг. Маш их хүндлэл хүлээдэг. Дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч гэх мэтчилэн уран бүтээлч хүнийг асар ихээр хайрладаг юм байна гэх сэтгэгдэл үлдсэн дээ, надад. Тэгэхээр А листэнд нь багтаж дөрвөн жил гаруй л тоглолоо би. Тэнд бүхий л сайн сайхныг нь үзэж харж, хангалттай мэдэрсэн. Гэхдээ миний байх ёстой газар бол миний эх орон юм байна гэдгийг ч мэдсэн.
–Чинбааг хөгжмийн зохиолч, продеюср гэдгээр илүү үзэгчид мэддэг. Та бага насныхаа талаар ярихгүй юу?
-Багадаа айхтар дүрсгүй хүүхэд байсан. Өрөмний өт шиг гэж ярьдаг шүү дээ. Яг тийм л хүүхэд байсан даа. Оросын электрон жаалын адал явдал гээд кинонд гардаг шиг маш хурдан гүйдэг хүүхэд байлаа. Хөгжим бүжигт суралцсан жилүүдэд ч гэсэн маш хурдан гүйдэг, теннис тоглодог, хөл бөмбөг тоглодог, гүйж харайдаг тийм л байсан. Ээж маань хүүгээ сайн уран бүтээлч болгоно гээд ҮДБЭЧ-аас Хөгжим бүжгийн коллежиднамайг дагаад багшаар ирж байсан юм. Тэр үе их гоё санагддаг юм. Ээж байгаагүй бол надад айхтар хэцүү байх байсан гэж боддог.Багаасаа л хөгжимд дэндүү их хайртай, хөгжмийг хайрладаг зүрх сэтгэлтэй л хүүхэд байж дээ. Энэ бол гэр бүлийн минь хүмүүжил гэж би бодож явдаг.
-Урлагт анх хөл тавихад чинь гэр бүл нөлөөлсөн хүмүүжил нөлөөлсөн гэж ярилаа.Яг хөтөлж аваачсан хүн нь хэн байсан юм бэ?
-Яг хөтөлж аваачсан хүн гэвэл эгч минь. Би тухайн үед зургаан настай байсан. Социализмын үед ээж аав маань маш их ажилтай, хөдөө ч юм уу, гадаад руу ажлаар явчихна. Гэрт үлддэг нь бид хоёр. Эгч намайг ёстой л хүний дайтай хүн болгосон хүн дээ.
–Эхнэртэйгээ уран бүтээлээр холбогдсон. Таны хувьд эхнэрээ уран бүтээлч гэдгээс нь гадна юугаар нь бахархадаг вэ?
-Миний эхнэр сайн уран бүтээлч. Харин хувь хүний хувьд ёстой хүний дээд л гэж хэлнэ дээ. Маш зөөлөн уян сэтгэлтэй, юманд үнэнч туйлбартай ханддаг, гэр бүлээ их дээдэлдэг тийм л гэргий. Хоол маш сайн хийдэг. Эрэгтэй хүн болгон л сайхан хоол идэхийг хүсдэг шүү дээ /инээв/. Наргиан болгоод хэлэхэд, би анх Сарнайгийнхаа хийсэн хоолонд нь татагдчихсан юм аа.
–Танай охин хэр том болж байна?
-Охин минь яг хүний хайрыг татдаг эгдүүтэй насандаа л явж байна даа. Бүх гоё мөчийг нь цаг алдалгүй харж, баясч байх юмсан гэж хичээдэг. Тэр мөчүүд бол дахиж ирэхгүй шүү дээ. Бүх цаг хугацааг хамт өнгөрөөх юмсан гэж боддог. Охиныхоо хөөрхөн инээж байгаа, “Ааваа цайгаа уугаарай, хоолоо идээрэй” гэж хэлснийг нь сэтгэл зүрхэндээ хадгалж үлдээж байна.
-Б.Чинбатынх гэдэг урлагийн гэр бүлээс дахиад нэг урлагийн авъяастан төрж магадгүй гэж ярих хүмүүс цөөнгүй. Та ямар хүн болгоно гэж боддог вэ?
-Ерөөлөөр болог хурай хурай. Гарна аа, гарна /инээв/. Айхтар авъяастай хүүхэд гэж санагддаг. Уг нь эхнэр бид хоёр гэртээ англиар ер нь ярьдаггүй. Гэтэл өөрөө л англиар яриад байх юм. Ямар учиртай юм бол жаахан гайхаад байна. Болж өгвөл монгол хэлээ сургах юмсан, монголоор нь хүмүүжүүлэх юмсан гэж боддог. Гэтэл англи, монголоор зэрэг л яваад байх шиг байна.
-Анх аав болж байх тэр мөчдөө мартчихаж магадгүй гээд утсандаа нэг ая бичиж байсан гэсэн. Тэр аяыг дуу болгосон уу?
-За ёстой яг снуулчихлаа. Энэ их ажлын хажуугаар мартчихсан явж байна. Үүнийгээ би дуу болгоно. Миний охинд л үлдэх юм чинь. Сэтгэлээс гарсан их гоё дуу болох байх. Удахгүй гаргана. Сарнай бид хоёр дуулах юм.
-Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд, гэр бүлд тань аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн амжилт хүсье
А.Болор