Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболдод Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны нэгэн дуулалт жүжгийн цомнол байгаа гэж дуулаад ярилцлага авах хүсэлтэйгээ хэлэв. Тэрбээр эхэндээ “Ажил эхлээгүй байхад яриад эхэлчихвэл уран бүтээл удаан бүтдэг юм” гэж жаахан цааргалсан ч сүүлд хүсэлтийг минь хүлээн авсан юм. Хөгжмийн зохиолч гэрийнхээ хаягийг бидэнд хэлж гэртээ урьсан тул хэзээний танилууд шиг л зочилж яриагаа эхэлсэн юм.
-Танд Р.Чойном агсны бүжгэн жүжгийн цомнол байгаа гэж дууллаа. Таны гар дээр хэзээ ирэв?
-Социализмын үед л ирсэн. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж багш намайг гэртээ дуудсан юм. Багш “Чойном надад үүнийг үлдээсэн юм. Гэтэл би амжихгүй явсаар байгаад өнөөдрийг хүргэлээ. Миний бие ч гүйцэхгүй нь бололтой, чи энэ цомнолд хөгжим бичиж үзэгчдэд хүргэ. Би энэ хүний хүсэлтийг нь биелүүлж чадаагүй ч чи болгоорой” гэлээ. Би гарчгийг нь уншсан чинь “Чин зоригийн дууль” гэж байв. Зураг нь хүртэл бэлэн болчихсон байсан. Цамын тухай цомнол л доо.
-Зургийг нь хэн зурсан юм бол…
-Төрийн шагналт, зураач Я.Үржинээ агсан зурсан юм билээ. Хуучны хүмүүс чинь их нямбай шүү дээ. Зохиол, зураг хоёр нь тус бүр нэг дэвтэр болчихсон байсан. Р.Чойном агсан цомнолоо бичихдээ зураачтайгаа хамт сууж байгаад бичсэн гэсэн шүү.
– Л.Мөрдорж багш тань дуудсан тэр жил хэдэн он байсан бэ?
-1997 онд. Багш маань надад тэр зохиолыг өгсөн жилээ л өөд болсон.
-Танд тухайн үед том даалгавар мэт санагдаж байсан уу?
-Тийм. Тэр үед манайхан нэг хэсэг Р.Чойномоор өвчилж байлаа. Энэ хүн ямар нэгэн бүтээлээ өлгийдөхдөө тухайн үеийнхээ цагийн аяыг харж бичдэггүй байж. Хэлэх гэсэн зүйлээ хэнээс ч нуулгүй хэлдэг байсан нь энэ бүтээлээс нь харагдаж байгаа юм. Учир нь тэр бүтээл төрөх үед шашны тухай ярих эрхгүй байж. Багш тэр цомнолд хөгжим бичлээ ч нийтэд дэлгэгдэхгүй дарагдаад байх байсан болохоор сайн цагийг хүлээгээд байсан байж магадгүй. Гэхдээ үүнд хөгжим бичнэ дээ гээд бодоод яваад байж. Гэвч яах арга үгүй нас нь гүйцэхгүй болоод ирэхээр намайг дуудсан юм билээ. Энэ зохиолыг багш бид хоёр л уншсан байх. Нийтэд ерөөсөө тараагдаагүй. Саяхан Р.Чойномын өвийг хамгаалдаг “Өд” сангийн тэргүүн Д.Ганболдтой уулзаж энэ зохиолийг зурагтай нь хувилаад өгчихсөн. Эх хувь нь надад байгаа. Д.Ганболд зохиолыг нь уншаад л “Энэ нээрээ яг мөн шүү” гэж байсан. Яруу найрагчдийн зохиолын өнгө аяс өөр зохиолд нь ч тэгтэлээ танил мэт тусгагдсан байдаг нь түүнийг хэлэхэд мэдрэгдсэн. Одоо энэ зохиолыг Д.Ганболд бид хоёр л мэддэг боллоо.
-Та хөгжим бичих ажлаа саяхнаас эхэлсэн үү?
-Багшаас авсан өдрөөс эхэлж хэд хэдэн найруулагчид хандсан. Тэд их сонирхож байсан ч төсөв байхгүй болохоор тууштай орохгүй байсан л даа. Тэгэхээр нь эхлээд найруулагчаа олчихоод зохиолоо эхэлье гэж бодож байна. Энэ цомнол өгүүллэг шиг бичигдээгүй, яруу найраг хэлбэрээр дүрслэгдсэн байгаа хэрнээ их сонирхолтой болсон байна билээ.
-Тэр цомнол нь хүүхдийн зохиол гэсэн үү?
-Тийм. Р.Чойном цамын дүрүүдэд дандаа Монгол нэр өгчихсөн юм билээ. Чин зориг гэдэг нь бурхны нэр. Зохиол бичих үед нь шашны тухай хамаагүй ярьж болохгүй байсан болохоор сэргэлэн тулдаа хүмүүсийн сэтгэл санааг төөрөгдүүлэх гэж цамын дүрүүдийг Монголоор нэрлэсэн байж. Гэхдээ хүүхдийн зохиол гэдэг чинь цаанаа агуу зүйлийг хэлж байдаг. Хүний санаанд оромгүй байдлыг ёгтолж харуулдаг.
-Дүр сонгох нь найруулагчийн үүрэг. Харин хэдэн дүртэй болох вэ гэдгийг таниас асуумаар байна…
-16 дүртэй болно. Энэ дүрүүд өөр өөрийн гэсэн онцлогтой. Миний бодлоор хөгжим бүжгийн сургуулийн хүүхдүүдийг тоглуулмаар байна. Гэхдээ үүнд оноогдсон найруулагч хэрхэн шийд гаргахаас тодорхой болно. Шүлэг нь багачуудад их ухаарал хайрласан юм билээ. Тэгэхээр жүжгийн дундуур шүлгийг нь ч уншуулах юмсан гэж бодож байгаа.
-Таныг УДЭТ-ын найруулагч Т.Болдод санал тавьсан гэсэн. Ямар хариулт өгсөн бэ?
-Тодорхой хариулт өгөөгүй. Драмын хүн болохоор хэцүү байх шиг байна билээ. Би багшаас 1997 онд авчихаад их удсан шалтгаан нь хөрөнгө санхүүтэй холбоотой. ССАЖЯ-нд саяхан хандсан. Тэд их томоор бодож их мөнгө зарцуулагдах нь гэж бодоод байх шиг байгаа юм. Хувцас л гэхэд цамчдын жинхэнэ өмсгөл байх ёстой гэж ойлгоод. Дүрүүдэд нь хүүхэд тоглох учир тийм өмсгөл өмсвөл даахгүй шүү дээ. Тиймээс цамын өмсгөл гэж харагдахаар хөөрхөн зохиомжлоод л хийхэд болно. Цам бүжиг нь хүний дотоод дэнг ариутгадаг зүйл. Р.Чойном агсан цомнолоо бичихдээ хүмүүсийн атаа хорсол, муу муухай зан авирыг гэгээрүүлэх гэж бичсэн байх.
-Манай улсын театрт гадаадын олон сонгодог жүжиг тавигддаг. Тиймээс Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс элэг нэгт уран бүтээлчдийнхээ бүтээлд санаа тавьж санхүүгээр дэмжих байлгүй дээ?
-Манайд нэг сонин тогтоц байна.
-Ямар…
-Дэлхийд танигдсан Уильям Шекспир нарын зохиолоор бүтсэн жүжгийг манай төр засаг их дэмждэг. Тэдний зохиолоор жүжиг тавихад ч манай найруулагчдад амар байдаг байх. Учир нь Англи, ОХУ, АНУ, Итали зэрэг орны уран бүтээлчид өөрийн тайзнаа тавьсан болохоор найруулж ядаад байх юм алга. Зураг нь ч бэлэн болохоор тайзан дээр тоглуулахад амар. Зохиолыг нь Монголоор орчуулах нь л жаахан төвөгтэй байдаг шиг байгаа юм. Харин манайхны зохиолтой бүтээлийг хийх гэхээр бүгдийг нь цоо шинээр эхлэх болдог. Тэгэхээр уран бүтээлчдэд хэцүү байдаг байхгүй юу. Тиймээс тэд гар хүрэхээс халгаад байна. Нэг үгээр хэлэхэд гадаадын зохиолд нүүр өгчихөөд өөрийн улсын уран бүтээлчийнхээ зохиолыг амилуулъя гэхээр буруу хараад суучих юм. Театрт тавигдаж буй жүжгийн 80 хувь нь гадаадынх. Үлдсэн нь Монголын жүжиг. Санхүү нь ч мөн адил. Ийм үед Р.Чойномын бүтээлийг амилуулах хэцүү санагдаж байна. Нэг ёсондоо улсын бодлого буруу талруугаа яваад байна.
-Энэ жүжигт хэчнээн сая төгрөг зарцуулагдах бол…
-Гадаадын бүтээлүүдэд 150 орчим сая төгрөг шаардагддаг гэсэн. Өмнө нь олон улсад тавигдсан бэлэн бүтээл байхад нь шүү дээ. Тэгэхээр хийгдээгүй энэ бүтээлд түүнээс их өртөг гарах байх. Эсвэл гадаадын зохиолд 150 саяыг гаргачихаад Монгол хүний бүтээл байна гээд 15 сая төгрөг өгөх ч юм бил үү, хэн мэдлээ. Манайхан магадгүй шүү.
-Ер нь энэ зохиол хэдэн онд бичигдсэн юм бэ?
-1975 онд гэсэн.
-Хөрөнгө нь шийдвэрлэгдчихвэл хөгжим нэг их удахгүй биз дээ?
-Хэрвээ бүх юм асуудалгүй болчихвол би нэг их удаахгүй. Тэгэхгүй бол тэнгэрээс Л.Мөрдорж багш, Р.Чойном, Л.Үржинээ гурав хараад сүйд болж байгаа. Намайг энэ цомнолд хөгжим бичихгүй бол Л.Үржинээ гуай хөгжмийнхөн худалч гээд уурлаж байж ч мэднэ. Тиймээс би энэ бүтээлд нүд аньчихаасаа өмнө зохиол бичиж тэднийг баярлуулахгүй бол болохгүй (инээв).
-Та өмнө нь дуулалт бүжгэн жүжигт хөгжим бичиж байсан уу?
-Бөөгийн тухай нэг цомнолд бичсэн. Мөн Тө¬рийн хошой шагналт, урла¬гийн гавьяат зүтгэл¬тэн Д.Намдагийн чонын тухай зохиолоос сэдэвлэсэн П.Баярсайханы цомнол “Их домог” нэртэй балетад хөгжим бичсэн.
-Өмнө нь бөөгийн тухай бичсэн юм чинь одоо цамын тухай бичихэд ойролцоо санагдаж байна уу. Шашны тухай болохоор ингэж бодогдлоо л доо…
-Энэ хоёр өөр л дөө. Бөөгийн тухай бичихэд надад маш их онгод орсон. Жинхэнэ галзуу бүтээл бичих сэдэл төрсөн. Хэнгэрэгээ нүдэж байгаа нь хүртэл чихэнд сонсогдоод л. Сарны чулуу чуулгад тоглогдсон юм. Дөрөвдүгээр сарын эхээр нээлт нь болоход бороо орсон хэрнээ зун бүтэн нээлтээ хийхэд цас орсон. Их сонин байгаа биз.
-Та тэр үед бөөд итгэсэн үү?
-Тэр хөгжмийг бичих үед миний зөвлөхөөр бөө судлаач, зайран хоёр ажилласан. Тэр зохиолыг би их хурдан бичсэн. 10 гаруй хоног л болсон байх.
-Таны сүүлийн үеийн уран бүтээлээс сонирхоё…
-“Алтан намар” наадамд “Зэв”-ийн тухай симфони найрал хөгжим бичсэн. Мөн Үндэсний найрал хөгжимд зориулж зохиол өлгийдөж хоёуланг нь тоглуулсан.
-“Зэв” баатрын тухай яагаад бичив?
-Манайхан нэг зүйлд их туйлширдаг. Чингис хаан гээд л яриад байна. Энэ хүнийг дурсах ёстой ч бусад баатрыг нь бас өгүүлэх хэрэгтэй. Зэвийг Чингис хаан таньж өөрийн баатраа болгосон гэдэг. Хаанд хүн таних чанар их байж. Гэтэл одоогийн түшээдэд ийм чанар алга. Өөр юм таних нь ихэдсэн юм байлгүй дээ. Зэвийн тухай бичих санаа маань шударга зан, нэг зүйл рүү шулуун, дайчин зүтгэдэг, эрэлхэг, зоригтой байсанд нь хөтлөгдсөн. Энэ хүн л юм чинь дайнд оролцож байхдаа нэг суманд оногдоход үхнэ. Хэрвээ үрэгдвэл ар гэрээ яах вэ гэдгээ ч боддог байсан нь мэдээж. Тэр дотоод орон зайг нь би хөгжмийн хэлээр бусдад мэдрүүлэхийг хичээсэн. Зэв, Сүбээдэй хоёр шиг цэргийн эрдмийг олон аргаар эзэмшсэн дайчин ховор гэдэг юм билээ. Тиймдээ ч гадны орныхон энэ хоёр хүний цэргийн эрдмийг одоо судалж цэргүүддээ сургаж байна гэсэн. Зэвийн тухай нэг сонин зүйл ярих уу.
-За…
-Украйнд энэ хүн дайны тэнгэрээ тахьсан гэсэн. Гэтэл 1941 онд Орос, Германы цэргүүд яг тэр тахьсан газар нь байлдаж. Гэтэл Германчуудын нүдэнд Монгол цэргүүд морьтойгоо зогсч байгаа нь гэнэт харагдсан гэсэн. Удалгүй өнөө Германчууд үхсэн гэсэн. Хий юм хараад айсандаа үхсэн байж ч болох. Сүүлд Германчууд Оросуудыг “Татарчуудын сүнсийг дуудаж муу арга хэрэглсэнээр биднийг ялсан” гэж сонинд бичүүлсэн гэдэг. Ер нь манайханд Сүбээдэйгээс эхлээд бичих сэдэв их байна. Сорхон шарын тухай хөгжмийн болон үргэлжилсэн үгийн гэх мэт бүтээл бичье гэхэд л янзын болно доо. Даанч хийхгүй юм.
У.Баярсайхан
Эх сурвалж: Yalagch.mn