Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Салхиар дуулагч” нэртэй Монгол туургатны хөөмийн анхдугаар уралдаан энэ сарын 19-22-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус уралдаанд зургаан улсын 100 гаруй хөөмэйч оролцохоор бүртгүүлжээ. Энэ талаар Монголын хөөмэйн холбооны гишүүн Б.Хосбаяртай ярилцлаа.
-Монгол туургатны хөөмэйн анхдугаар наадам тун удахгүй болох гэж байна. Бэлтгэл ажил жигдэрч байна уу?
-Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан. Уралдаан маань энэ сарын 19,20-нд Улсын филармонийн их танхимд болно. Маргааш нь тус танхимд “Хөөмэйн өнөөгийн байдал” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал болно. Харин 22-нд Соёлын төв өргөөнд гала тоглолттой. Энэ наадамд Монгол, Буриад, Тува, Өвөр Монгол, Халимаг Алтайн хязгаараас 100 гаруй хөөмэйч оролцохоор болоод байгаа.
-Энэ уралдаан яагаад манай улсад зохион байгуулагдах болов?
-Хөөмэй нь их соёлын үнэт өв билээ. Тэр тусмаа ЮНЕСКО-д манай улсаас гаралтай гэж бүртгэгдсэн. Тэр ч утгаараа бид дэлхий дахинаа энэ түүх соёлоо сурталчилах үүрэгтэй. Гэхдээ зөвхөн өөрсдөө хөгжүүлээд, сурталчилаад явах биш, хөөмэйн урлаг тархсан улстай хамтрах нь илүү үр дүнтэй юм гэж үзсэн. Тиймээс дээрх улсын хөөмэйчдийг ирүүлэхээр болоод байна. Соёлын өвийг хэлэлцэж байгаа энэ үед тус уралдаан маань маш их ач холбогдолтой болох юм.
-Тодруулбал…
-ССАЖЯ дэмжиж ажиллаж байгаа. Энэ яам 21 аймагт соёлын өвийг сурталчилахад дэмжиж ажиллана гэсэн.
-Тэгэхээр энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
-Ирэх жилээс яамтай хамтран хөөмэйн урлагийг соёлын өвийн бүртгэлд хамруулах гэж байгаа. Мөн энэ урлагийг өвлөсөн ахмадуудад тусгай тэмдэг олгоно. Тэдгээр сайхан буурайдаа бид өөрсдөө хүрч уулзахгүй бол хаа хол байгаа Ховд, Говь-Алтай зэрэг аймагт суугаа тэдэнд хотод ирэх боломж тэр бүр олдохгүй.
-Энэ урлаг анх хэдэн онд тайзан дээр гарсан юм бэ?
-Хөөмэйн урлаг маань 1940 оноос эхэлж тайзан дээрээс дуурсаж эхэлсэн. Харин сүүлийн 11 жил хөгжимтэй хоршиж байна. 2005 оноос СУИС-д энэ урлагийг бусдад өвлүүлэхэд анхаарч, тусгай анги нээсэн. 2015 онд энэ сургууль хөөмэйн мэргэжлийн дипломтой төгсөгч бэлтгэснийхээ 10 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Тэд шинэ зүйл анги нээсэн, түүнийхээ үр шимийг ч үзэж байна. Үнэхээр сайхан хэрэг болж байна.
-Гадаадаас ирэх хөөмэйчид хэзээ ирэх вэ?
-Өнөөдрөөс ирж эхэллээ. Харин орон нутгаас ирэх хөөмэйчид өнгөрсөн баасан гаригт ирсэн.
-Тэднийг байрлах байрыг хаанаас зохицуулж байгаа вэ?
-Бид энэ талд их санаа зовж олон газар хандсан. Бид өөрсдөө үүнийг зохицуулна гэвэл байр, хоол гээд асар их зардал гарах юм билээ. Харин “Авзага” трейд ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж хариуцахаар болсонд туйлын талархаж байна.
-Оролцогчдын нас хязгаартай юу?
-Бид энэ талд аль болох чөлөөтэй байлгахыг хичээсэн. Хэн ч оролцож болно. Гэхдээ нэг л шалгуур заасан.
-Ямар…
-Тухайн улс, орон нутагт хөөмэйн ямар төрөл их хөгжсөн байна вэ, түүнийгээ л хөөмэйл гэсэн. Түүнчлэн улс, үндэстнийхээ язгуур шинжийг агуулсан хувцсаа өмсөх шаардлагатай. Гэхдээ хөгжимтэй хоршихгүйгээр хөөмэйлэх ёстой. Тэгж байж үзэгчдэд илүү ойлгомжтой сонсогдоно. Хөгжимтэй хоршихоор аяндаа дарагдаад сайн сонсогдохгүй байх талтай л даа.
-Шүүгчээр хэн хэн ажиллах вэ?
-Одоогоор бид үүнийг нууцалж байгаа. Ямартай ч хөгжмийн онолын мэргэжилтэй хүмүүсийг томилсон. Тэдний дунд хөөмэйн урлагаар дэлхийд гайхагдсан хүн ч байна.
-Гадаадын хөөмэйч оролцох тул тэд өөрсдийн шүүгчийг томилох тухай санлаа хэлж байна уу?
-Үгүй. Зохион байгуулагч нь бид болохоор бүх зүйлийг санаачилж байгаа. Гэхдээ тэд манай орны хөөмэйч байна гээд оноог нь илүү тавьчихья гэхгүй. Шударга наадам болно.
-Шагналын сангийн хувьд…
-Хөөмэйн уралдаанд анх удаа өндөр бай шагналаар урамшуулах гэж байгаа. Шагналын сан 18 сая төгрөг. Нэг сонирхолтой зүйл нэмж хэлэхэд бид монгол дархны ур шингэсэн цом, медаль хийлгэсэн. Тэргүүн байрыг 5000 ам.доллар дагалдана. Харин гоцлол болон хамтлагийн төрлийн нэгдүгээр байрын эздийг тус бүр 2000, удаах байруудыг 1000, 500 ам.доллараар шагнах юм.
-Уралдаан хэдэн үе шаттай вэ?
-Хоёр. Анхдугаар наадам маань энэ жил манай улсад болох бол, ирэх жил ОХУ-ын Алтайш хязгаарт зохион байгуулахаар төлөвлөсөн.
-Дээрх улсын хөөмэйчдэд өөрийн улсдаа зохион байгуулахаа хэзээ, яаж хэлсэн бэ?
-ССАЖЯ-аар дамжуулж сарын өмнө эхэлж мэдэгдсэн. Тэд ч сайхан хүлээн авсан.
-Хөөмэй нь үеэс үед өвлөгддөг. Манай улсад энэ урлагийг өвлөсөн хэчнээн уран бүтээлч байдаг юм бэ?
-2001 он хүртэл гэр шавь сургалтаар явсан. Энэ нь эцгээс хүүд өвлөгдөнө. Түүнээс биш хэн нэгэн бусдад өвлүүлэхгүй. Харин 2005 оноос СУИС-д хөөмэйн анги нээгдсэн гэж би дээр хэлсэн. Үүнийг байгуулагдсанаар орон нутгаас залуучууд маш ихээр ирж хичээллэдэг болсон.
У.Баярсайхан
Эх сурвалж: yalagch.mn