Дуучин Г.Эрдэнэтунгалаг тун удахгүй Best of Erdentungalag” бие даасан тоглолтоо “UB palace”-ийн концертийн их танхимд хийх гэж байгаа билээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар нь Б.Анхтуяа захиралтай “Apple” продакшн ажиллаж байгаа ажээ.
-Сүүлийн үед ямар нэгэн тоглолтын сурталчилгаа эрт цацагддаг болжээ. Таны тоглолтын реклам яваад байхаар нь өнөө маргаашгүй болох нь гэж бодсон чинь ирэх сарын 1-нд юм байна шүү дээ?
-Тийм ээ. Ер нь рекламаа эрт цацаад эхэлсэн нь дээр. “Хурд” хамтлаг 20 жилийнхээ ойн тоглолтын рекламаа сарын гаруйн өмнөөс цацаад эхэлчихсэн биз дээ. Саяхан хамтлагийн ахлагч Д.Ганбаяр ах над руу утасдаж, “Би нэг л эмэгтэй дүүтэй юмсан. Уг нь бид чиний тоглолтын өдөр дахиж тоглох санаатай байсан юм. Тэгсэн чи ах нараа том хаалаа даа” гээд инээж байсан.
-Тоглолтынхоо нэрийг яагаад “Best of Erdenetungalag” гэж нэрлэсэн юм бэ?
-2003 онд би уран бүтээлч болох гэж зүтгэж байлаа. Өөрийн гэсэн дуутай ч болж сонсогчдийнхоо алга ташилтыг сонсч байв. Түүнээс хойш 10 жилийн турш дуучин гэдэг тодотголтой явсан байна. Хамгийн анх “Ханьсахын жаргал” дуугаа дуучин Т.Батсайхан ахтай хамтарч “өлгийдсөн”. Энэ дуу аав, ээж хоёрын минь бүтээл гэдгийг хүмүүс мэдэх байх.
-Дуг өөрийнхөөрөө тодорхойлбол?
-Дуу өөрөө уран бүтээлч хүний дотоод сэтгэлээс төрдөг. Би дээр хэлсэндээ, “Ханьсахын жаргал” дууг өлгийдсөнөөс хойш 10 жил болж гэж. Түүнээс хойш би уран бүтээлчдийн амьдралд хөл тавьснаар өнөөдрийг хүрэхдээ юу бүтээв гэдгээ энэ тоглолтоороо дамжуулж үзэгчиддээ хэлэх гэсэн юм. Тиймдээ ч би “Best of Erdenetungalag” гэж нэрлэсэн. 10 жил гэдэг хүний амьдралд том хугацаа. Үүнийг тэмдэглэхээс ч аргагүй. Хүн нэг нас нэмлээ гэж хэчнээн их баярлаж тэмдэглэдэг билээ.
-Тоглолтод цоо шинэ дуу эгшиглэх үү?
-Зөвхөн өнгөрсөн 10 жилд би ямар дуу дуулсан бэ гэдгээ л үзэгчиддээ хэлэхийг зорьж байна. Тиймээс “Хайрлаарай”, “Дуулж л явахаасаа даа”, “Зангаараа амраг”, “Ижий минь бодогдоно”, “Навчин дээрх шүүдэр”, “Нарт тэнгэрийн дор” зэрэг миний нэрийн хуудас болсон дуу дуулагдана. Шинэ уран бүтээлээсээ сонгоогүй гэсэн үг. Харин сүүлийн үеийн уран бүтээл гэвэл, УГЗ Д.Цэвээнравдан багшийн хөгжим, яруу найрагч Ч.Алтантүлхүүрийн үг “Хайрын булаг“ гэдэг дууг гавьяат жүжигчин С.Ганзориг ахтай хамтарч дуулсан. Одоогоор хараахан цацаж эхлээгүй байна. Мөн “Нюанс” хамтлагтай ээжийн тухай нэгэн сайхан дуу дуулсан. Түүнчлэн “Voice” группийн дуучин А.Эрдэнэжаргалтай ч нэг дуу дуулсан. А.Эрдэнэжаргал бид хоёр оюутан байхдаа хүмүүсийн ярьдагчлан “халтуур” их хийдэг байлаа. Тэр үед халтуур гэдэг бол бидний хувьд дасгал байсан. Тэгж явахад миний анхны хамтран дуулсан хүн бол А.Эрдэнэжаргал. Бидний нэрний эхний үе ч адилхан болохоор хүүхдүүд “Хоёр эрдэнэ” гэж их дуудна. Азийн хатан хаан гэгддэг “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй ч саяхан хамтарсан.
-Гэхдээ эдгээр дууны заримыг өмнө нь өөр дуучин дуулж байсан шүү дээ?
-Тийм. “Навчин дээрх шүүдэр”, “Нарт тэнгэрийн дор” дууг өөр хүн дуулж байсан. Гэхдээ намайг ямар нэгэн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоход хүмүүс “Навчин дээрх шүүдэр” эсвэл “Нарт тэнгэрийн дор” дуугаа дуулаач гэдэг. Тэгэхээр эдгээр дууг миний л бүтээл мэт сонсогчид төсөөлдөг болсон байгаа биз дээ.
-Өнгөрсөн 10 жилд таны амьдралд хамгийн ихээр өөрчлөгдсөн зүйл нь юу вэ?
-2003, 2013 оны Эрдэнэтунгалаг мэдээж өөрчлөгдсөн. 2003 онд би амьдралыг хараахан таньж чадаагүй байсан. 20 насыг дөнгөж гэтэлж байсан болохоор бараг хүүхдээрээ байлаа шүү дээ. Тиймдээ ч би их л дэврүүн, бүх зүйлийг “алаад” өгөх юм шиг санаж явсан. Одоо ч гэсэн амьдралыг бүрэн таниж чадсан уу гэвэл бас л үгүй. Гэхдээ тэр дэврүүн үетэйгээ харьцуулбал арай өөр болсон. Хүний л амьдрал хойно бүдэрч, босч явж ирлээ. Тэгж тэмцэж явахдаа залуу хүмүүсийн адил үргэлж өөрчлөгдөх гэж зүтгэсэн үе олонтой. Оносон ч юм их.
-Уран бүтээлийн хувьд хэрхэн өөрчлөлт оров. Таныг “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд болон дуучин Quiza-тай хамтарч уран бүтээл хийх гэж байсныг чинь сонссон. Нийтийн дуучин тэдэнтэй хамтарна гэдэг бас л таны хэлдгээр өөрчлөлт шүү…
-Д.Болдод санал тавьсан үе маань 2008 он шиг санагдаж байсан. Охиноо төрүүлсэн жил бил үү дээ. Д.Болдын “B” продакшнд ороод энэ саналаа хэлэхэд тэр их сайхан хүлээж авсан. Би маш их урамшсан. Учир нь би “Камертон” хамтлагийн дууг хүүхэд байхдаа их сонсдог байлаа. Их ч хүндэлдэг. Тийм хүн надтай асар их хүндлэлтэй харилцаж, зөвшөөрсөн саналаа хэлэхэд би маш их баярласан. Яг үнэндээ би тэр саналаа тавих гэж зорьж очсон хэрнээ их сандарч, айж байсан. Магадгүй намайг хүлээж авахгүй ч байх юм бил үү гэж бодсон шүү.
-Д.Болд тэгээд танд ямар хариулт өгсөн юм бэ?
-“Хамтарч ажиллахад хэзээд бэлэн. Гэхдээ та өөрийнхөө стилээр уран бүтээл хийж тодорхой байр суурь эзлэх хэрэгтэй. Тэгсний чинь дараа хоёулаа хамтаръя” гэсэн.
-Харин Quiza-гийн хувьд?
-Бас л надад нээлттэй хариу өгсөн. Гэхдээ одоогоор боломжгүй гэдгээ хэлсэн. Тэр үед бид хоёр хэн хэнийгээ сургаар л таньдаг байсан л даа. Хааяа ямар нэгэн тоглолтын үеэр таардаг байсан ч ярилцаж байгаагүй. Харин 2010 онд Ардчилсан намын “Монгол хүн-2020” нэртэй тоглолтын баг орон нутгаар аялахад Quiza надад “Чиний үргэлж шинийг эрэлхийлдэг чанар чинь надад маш их таалагдсан. Хоёр жилийн өмнө хамтран уран бүтээл хийх санал тавихад чинь л мэдрэгдсэн. Нийтийн дуучдаас хамгийн түрүүнд надад тийм санал тавьсан хүн бол чи. Үүнд чинь би одоо болтол баярладаг” гэж хэлсэн. Тэр үг нь ч надад маш их урам өгсөн. Би тэднээс мөнгө гуйгаагүй, зөвхөн хамтарч ажиллах саналаа сэтгэлээсээ хэлсэн болохоор сэтгэлээс гарсан үг сэтгэлд нь хүрдэг юм байна гэж ойлгосон. Ер нь би мөнгө гуйгаагүй болохоор хэнд ч уран бүтээлийн санал тавихдаа айдаггүй ээ.
-Тоглолтод тань урилгаар хэн хэн оролцох вэ?
-“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Л.Чулуунбаатар, Т.Батсайхан, “Voice” группийн дуучин А.Эрдэнэжаргал, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, саксфончин Ч.Болдбаатар, Улсын Филармонийн симфони оркестр оролцоно. Би СУИС-аас Дуурийн дуулаач гэсэн мэргэжил эзэмшсэн болохоор энэ тоглолтдоо мэргэжлийн хэдэн дуу дуулахаар төлөвлөсөн. Гэхдээ тоглолтынхоо төгсгөлд дуулна. Хүч чадлаа шавхсан хэрнээ гэсэн үг шүү дээ. Өөрийгөө ямархан чадалтай дуучин бэ гэдгээ үзэгчиддээ харуулах гэж тэр.
-Нэг бөх оролцох сураг байсан. Чухам хэн бэ?
-Уг нь би үүнийг их нууцлахыг хичээсэн юм. Сэтгүүлч та нар нуугаад байхад л мэдчихсэн байх юм аа. Улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ ах нэг сайхан дуу дуулна.
-Таныг Т.Батсайхантай хамтарч дуулахыг уншигчид маань ойрд хараагүй. Тэгэхээр сонирхолтой санагдаж байна л даа?
-Бид хоёр өдөр бүр таардаг. Чухал арга хэмжээнд ч хамтарч дуулж байгаа. Гэхдээ олон нийтийг хамарсан тоглолтод бид хамтдаа дуулахгүй байгаа болохоор уншигчид маань биднийг бүр таарах ч үгүй байгаа юм байна гэж ойлгож байгаа байх. Бид өдөр бүр хэн хэндээ уран бүтээлийн зөвлөгөө өгдөг. Баагий ах маань их нуруутай, миний хамгийн их баярлаж явах хүний нэг. Оюутан байхдаа сургуульдаа хамгийн мундаг тенор байсан. Одоо ч хэвээрээ байгаа. Би энэ хүнтэй хамтарч дуулснаар өнөөдрийн зэрэгт хүрэх шалтгаан болсон гэж боддог. Миний энэ тоглолтыг үзсэн хүмүүст ч бидний дууг анх хэрхэн хүлээж авч байсан, тэр бодлоо сэргээх байх. Тэгэхээр зүгээр дуулаад өнгөрөх биш дурсамж сэргээсэн үдэш байх болов уу.
-Таны хайр, ханийн тухай олон дууг сонссон залуучууд дурлалт бүсгүй, залуудаа сэтгэлээ илчилсэн байх даа?
-Тийм шүү. Нэг зүйл санаанд орчихлоо. Баагий ах бид хоёрын дуулсан “Ханьсахын жаргал” дууг хит болж амжаагүй байхад нэг залуу эхнэрээ гомдоочихоод байж. Гэхдээ тэр залуу их сэргэлэн байгаа юм. Бидний энэ дууны гуравдугаар бадгийг хаанаас ч юм олж бичээд мессежээр эхнэр рүүгээ явуулсан гэсэн. Гэхдээ өөрөө зохиосон юм гээд. Тэгсэн эхнэрийнх нь сэтгэл хөдөлсөн юм байлгүй уучилж. Гэтэл удалгүй бидний дуу нийтэд түгээд эхэлсэн чинь эхнэр нь “Энэ шүлгийг чи зохиогоогүй л юм байна шүү дээ. Дууны шүлэгнээс хулгай хийчихэж” гээд инээлдсэн гэж Т.Батсайхан ах бид хоёрын “Ханьсахын жаргал” тоглолтын үеэр ирж ярьж байсан. Нэгэнт нөхрийгөө уучилчихсан юм чинь яах ч аргагүй болсон байгаа биз дээ. Ёстой хөөрхөн. Хамгийн гол нь аливаа сэтгэлээс гарсан зүйл бусдад тэгтлээ шингэдэг байх нь.
-Энэ тоглолтын дараа орон нутгийн үзэгчид маань таныг хүлээнэ байх. Тэдэнд хүрч тоглох боломж бий юу?
-Бодол байгаа. Одоогоор шийдээгүй байна. Нэг зүйл хэлье л дээ. Саяхан Ховд аймгийн Мянгат сумын нэг эгч над руу ярьсан. Миний утсыг яаж ч олсон юм бүү мэд. Ямар ч байсан их хичээл зүтгэл гаргасан нь мэдээж. Тэр эгч “Өөрийн чинь тоглолт болох гэж байгааг дууллаа. Би дууг чинь сонсох дуртай. Тиймээс эгч нь очиж үзнэ ээ” гэсэн. Тэгэхээр нь би “Зардлаас эхлээд тэр холоос ирэх танд хэцүү шүү дээ. Таны энэ их сэтгэлийг дүү нь ойлгож байна, баярлалаа” гэсэн. Тэгсэн “Үгүй ээ, эгч нь очихоор төлөвлөчихсөн байгаа” гэсэн. Хамгийн гоё нь тэр эгч “Эгч нь нэг хонины мах аваад очино. Охиндоо шөл хийгээд өгөөрэй” гэсэн. Тэгэхээр нь надад яг л миний ээж эсвэл ах дүү ч юм шиг санагдсан.
-Та сүүлийн үед нэлээд жин хасч байгаа бололтой, тэгж анзаарагдаж байна. Зарим эмэгтэйд жин хасах нь бараг толгойны өвчин болдог юм билээ. Магадгүй тэд таныг яаж жин хассан юм бол гэж бодож байж болох?
-Яг үнэндээ би эцэг, эхээс заяасан эрүүл саруул сайхан биеийг өнгөрсөн хугацаанд гамгүй эдэлж байж ээ. Болох болохгүй хүнс хэрэглээд л. Үүнээс шалтгаалж жин нэмэх үүсвэр тавигддаг юм байна. Өнгөрсөн есдүгээр сараас эхэлж хоёр сарын хугацаанд “Сарангуа” фитнесст хичээллэсэн. Өмнө нь явдаг байсан ч алдаг оног л хичээллэдэг байлаа. Сая хичээллэхдээ 10 гаруй кг хасч 73 кг жинтэй болсон.
-Тоглолтдоо зориулж жин хасав уу, ер нь гоо сайхандаа анхааръя гэж бодов уу ?
-Дуу хуур гэдэг бол хүний сэтгэлээс урган гардаг зүйл. Түүнээс биш зүс царайтай холбоогүй. Миний сэтгэлийн гоо сайхан эвдрээгүй цагт сайхан уран бүтээл хөвөрсөөр л байна. Сонсогчид ч миний биеийг хархаас илүү дууг минь мэдрэхийг хүсч байгаа байх.
-Таныг одоо нийтийн дуучдын дунд үе гэж хэлнэ. Сүүлийн үед залуучууд гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан, дуучин Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг шиг болно гээд их л хичээх юм. Хамгийн гол нь тэдний уран бүтээл таны сэтгэлд хэр нийцдэг вэ. Ер нь манай улсад ийм олон нийтийн дуучин байх шаардлага байна уу?
-Тэдний уран бүтээлийг үзэгч, сонсогчид л шүүнэ. Мөн цаг хугацаа. Ер нь уран бүтээлч болъё гэж сэтгэл нь шулуудсан хүн л тунаж үлддэг. Энэ бол амьдралын хууль.
-Таны аав ээж уран бүтээлч. Тэгэхээр та нарыг байнга уран бүтээлийн яриа өрнүүлдэг болов уу гэж бодлоо?
-Яг ийм дуутай болъё гэж ярилцдаггүй. Гэхдээ ерөнхий санааг нь би дандаа гаргадаг. Тэгж байж тэднийгээ хөглөдөг. Надаар нэг дуу дуулуулахын тулд намайг хөглөх хэрэгтэй. Тэгж байж сайн уран бүтээл төрнө. Сүүлийн үед ээжээс маань улам сайхан бүтээл төрж байгаа.
-Танд хамгийн их хөг шаардагдсан ямар уран бүтээл байдаг вэ?
-“Тэнгэрлэг эрчүүд”. Энэ дууны аяыг зохиосон Р.Билэгт намайг дуул гээд өгөхөд би бэлэн байгаагүй. Дуулах гэж оролдоод ч үнэхээр хөглөгдөж чадахгүй байсан. Яагаад гэвэл тэр үед би эр хүнд дэндүү их гомдсон байсан. Эр хүнийг ч хайрлах орон зай надад өчүүхэн ч үлдээгүй байлаа. Тэгж явахдаа би сайхан хайртай учирсан. Тэр агшинд л би хөглөгдөж жил гаруй хүлээгдээд байсан дуугаа дуулсан. Би ч өөрөө тэр хайрын мэдрэмжийг алдаагүй дээрээ дуулахыг хичээсэн.