“Домог” хамтлагийн амжилтын талаар бүгд мэдэх болсон. Энэ нэрийн цаана чухам хэн хэн байна вэ, хамтлагийг хэн хэзээ үүсгэн байгуулж, ямар ямар уран бүтээл туурвиж явна вэ, туулсан зам, замнал нь ямар юм бол. Ф.Шубертын нэрэмжит уралдаанд түрүүллээ гэж шуугьсан, дэлхийн аварга боллоо гэж хэн хүнгүй баяр хүргэсэн. Тэд тэгээд хэн юм бэ. Энэ асуултад хариу хайж тус хамтлагийн ахлагч, үүсгэн байгуулагч Б.Бат-Оршихтой ярилцсан юм. Дашрамд дуулгахад “Домог” хамтлаг ирэх сарын 4-нд УДБЭТ-т болох шилдэг уран бүтээлчдийн “VIRTUOSO-2013” гала тоглолтоор уран бүтээлээ толилуулна.
-Танайхыг хүмүүс хамтлагийн нэрээр таньдаг. Харин гишүүн тус бүрээр нь бол сайн мэддэггүй хэвээр, хэн хэн гэж уран бүтээлч байдаг вэ?
-Аргагүй ээ, хамтлаг гэдэг баг. Амжилтыг багаараа гаргаж ирлээ. Би хамтлагийн гишүүдээ танилцуулъя. Нэгдүгээр морин хуурч маань Д.Шинэцог Гени. Уран бүтээлдээ зүрх сэтгэлээ өгсөн, мэргэжлийн өндөр түвшний тоглооч залуу. Хоёрдугаар морин хуурч Б.Энхсайхан маань одоо СУИС-д сурдаг. Баянхонгор аймгийн уугуул, жинхэнэ монгол сэтгэлгээтэй, хамтлагаа үндэсний шинж чанартай байлгах талд санаа их тавьдаг бүтээлч залуу. Их хуурчаар миний дотнын найз, Германд цуг бүтэн жил хамт амьдарч зовлон жаргалаа хуваалцаж ирсэн нөхөр Г.Пүрэвдорж маань ажилладаг. УДБЭТ, Улсын филармонид их хуур тоглодог. Цохивор хөгжимчин маань Т.Оюунбат. Хөвсгөлийн уугуул, уужуу тайван, аливаад хүлээцтэй, тэвчээртэй ханддагаараа шалагарсан сайхан залуу. Энэ найз маань УДБЭТ-т харьяалагдаж ажилладаг. Миний бие морин хуурч, өөр бусад зэмсгээр бас тоглоно оо.
-Та үүсгэн байгуулсан юм билээ. Их сонирхолтой түүх байгаа даа?
-Европт байхад санаа төрсөн. Хамтлаг байгуулагдаад олон жил болоогүй ч бид их юм үзсэн. Одоо бол харин амжилтын зах зухтай болоод байна. Амжилтад сайн хүмүүсийн оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагааны дүнд хүрч байна. Энэ талаар сүүлд нь ярья. Би Европт үйл ажиллагаа явуулдаг “Хөх Монгол” хамтлагт тоглодог байсан юм. Гурван ч жил болсон. Манай хамтлагийн Г.Пүрэвдорж бид хоёр цуг байсан л даа. “Хөх Монгол”-ынхонтойгоо сайхан л ажиллаж байсан. Гэсэн ч өөрөө хамтлаг байгуулмаар санагдаад байдаг байлаа. Тоглолттой үедээ уйдах завгүй хүмүүс байдаг. Бусад цагт нь хийх юмгүй болохоор юу эсийг бодож цаг нөгцөөх вэ. Нэг удаа осолд ороод хөл хугархай хэвтэж байхдаа бүр олон юм бодож байлаа. Өөрийн гэсэн хамтлагтай болоод сүнгэнүүлж байхсан гэж бодогдоод болдоггүй. Тэгээд шийдлээ дээ. Энэ тухайгаа найздаа хэлтэл мань хүн дэмжиж байна. Тэгээд бид хоёр хамтрахаар болоод эх орондоо ирлээ. Онгоцноос өглөө нь буугаад өдөр нь гэхэд Д.Шинэцог, Г.Пүрэвдорж, Цогтгэрэл бид дөрөв нэгдэх тухай яриад сууж байлаа. Ердөө маргааш нь ноот цуглуулж аваад нөгөөдөр нь ХБК-ийн морин хуурын гавьяат багш Ё.Батбаяр багшийн өрөөнд хамтлагаа байгуулж байлаа.
-Их яарчээ?
-Өдрийн бодол, шөнийн зүүд байсан юм чинь. Уран бүтээлчид нэгдэж чадлаа. Харин хөрөнгө байдаггүй. Хувцас ч байхгүй. “Эгшиглэн”-гийн Түмка ахад учраа хэлж ивээн тэтгэгч олоход туслаач гэхэд “History” компанийн захирал Н.Ганбаатар ахтай уулзуулсан юм. Учир байдлаа хэлэхэд захирал ах чухал арга хэмжээндээ тоглуулахаар боллоо. Тэгж сонсъё, харъя гэж байна шүү. Бид ч хичээлээ. Тэгсэн Н.Ганбаатар ах зочдод хандаж үг хэлэхдээ “Манай компанийн дэргэдэх хамтлаг” гэж зарлалаа. Түүнийг нь сонсоод бид “Yes, биднийг дэргэдээ авчихаж байгаа юм биш үү” гэж үхтэлээ баярлаж байлаа. Тэр мөчөөс эхэлж тус компаниас бидний таван хүнийг цалинжуулж, өрөө байраар хангаж, хооллож, сүүлдээ машин хүртэл авч өгч уран бүтээл хийх нөхцөл бололцоогоор хангаж байлаа. Н.Ганбаатар ахыг манай хамтлагийн загалмайлсан эцэг гэж хэлж болно. Яагаад гэхээр тэр хүн биднийг гаргаж ирсэн.
-Ингэж ивээн тэтгүүлэх нь шинээр гарч ирэх гэж ядаж байгаа залуусын мөрөөдөл байх шүү?
-Тэгэлгүй яах вэ. Бид “History” компанитай 2006 оноос эхэлж гурван жилийн гэрээтэй ажилласан. Манай залуус гэрээний үүргээ сайн биелүүлсэн гэж боддог. Н.Ганбаатар ах томоохон арга хэмжээнүүдэд үнэ төлбөргүй тоглож олонд танигдах менежментийг эхлүүлсэн хүн. Бид эхний нэг жилдээ “Legend” гэдэг нэртэй байсан юм. Нэг л амжилт олохгүй, хүмүүс хүлээж авахгүй байх шиг болохоор нь ярилцаж байгаад сүүлд монголоор “Домог” гэх болсон. Эхэндээ их олон газар үнэгүй тоглолт хийсэн. Түүний ачаар олон ч хүн мэддэг болсон. Дөнгөж “Домог”-оороо нэршиж явах болоод байтал инээдтэй юм болоод. Нэг байгууллагын арга хэмжээн дээр тоглох боллоо. Тэгсэн дарга нь “Аа, танайх “Домог” гэдэг хамтлаг юм уу, түрүү жил манайд бас үндэсний урлагийн “Legend” гэдэг хамтлаг ирж тоглосон. Гоё тоглодог залуус байсан. Одоо та нар илүү байна шүү, за, алаад өгөөрэй” л гэж байна. Бид ч за гээд тоглолоо. Тэгсэн тайзнаас буугаад ирмэгц баяр хүргээд “Миний дүү нар сайн тоглодог юм байна. Та нар “Legend”-ээс илүү юм байна” гэдэг байгаа. Тэгэхэд нь бид “Ах аа, тэр “Legend” чинь бид шүү дээ. Нэрээ “Домог” болгосон юм” гэж хэлж бөөн инээдэм болж байлаа. Таван жилийн ойн тоглолтоо хийх хүртлээ улсын болоод олон улсын чанартай нэлээд олон томоохон арга хэмжээнд тоглосон. “Шанхай экспо”-д хоёр сарын хугацаанд тоглосон маань дээд амжилт байлаа. БНХАУ-ын Засгийн газрын том шагнал авсан маань их урам болсон. За тэгээд нэрлээд байвал олон. Таван жилийн ойгоороо дахин нэг үсрэлт хийхээр шийдэж сайн бэлтгэсэн. Тоглолтыг Н.Ганбаатар ах маань өөрөө найруулж, Со ахыг хөтөлж өгөөч гэж урьсан. Тэр хамгийн оновчтой шийдвэр байлаа. Тоглолт, CD, тайз засалт, цомгийн нүүр гээд бүх юм гоё болсон. Харамсалтай нь тэр бүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн, бидний хайртай анд зураач найз маань хүндээр өвдөөд бурхны оронд явчихлаа. Бид маш их харамсч байна. Бидний амжилт бүхэн найзтай маань холбоотой. Ер нь “Домог”-ийн амжилт их олон хүнтэй холбоотой доо. Тэр тоглолтоор Со ахтайгаа учирснаа аз гэж боддог. Манай тоглолтыг хөтөлж байхдаа этно жааз хэлбэрээр тоглодог долоон хамтлагийн тоглолтыг зохион байгуулъя, улмаар гадаадад тоглуулъя гэсан санаа орж ирсэн гэж ярьдаг. Со ах тэр санаагаа хэрэгжүүлж байгаа. Саяхан долоон хамтлаг БНХАУ-ын нийслэл Бээжингийн “Сувдан” театрт тоглоод ирлээ. Австрийн Ф.Шубертийн нэрэмжит язгуур урлагийн олон улсын уралдаанд манайх хамтлагийн төрөлд гран при авч, Д.Шинэцог маань гоцлол хөгжмийн төрөлд тэргүүлж, төгөлдөр хуурч Д.Баярцэцэг эгч шилдэг концертмейстер болсон нь Со ах, “АртЛар хаус” төвийн менежер Б.Цацрал эгч нарын хичээл зүтгэлтэй холбоотой. Дараа нь Болгарт болсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах уралдаанд бид чуулга болж ороод, “Домог” хамтлагийн төрөлд Гран при шагналын эзэн, чуулгаараа Дэлхийн үнэмлэхүй аварга болж, Со ах шилдэг найруулагчид олгодог “Маэстро”цол хүртсэн нь мөн Б.Цацрал менежерийн ажил, ур чадвартай холбоотой. “Домог”-ийн таван залуу ингэж л нэг айлын таван хүү шиг бие биедээ уусч ажиллаж хөдөлмөрлөж явна даа. Энэ бүхний талаар дэлгэрэнгүй яриулахаар ярилцлага авч байгаад танай сониныхонд талархаж байна. Энэ завшааныг ашиглаад аав ээж, эмээ өвөө, гэр бүлийнхэндээ маш их хайртай, хаана ч явсан та хэдийгээ бодож, санаж, хайрлаж явдаг шүү гэж хэлэхийг хүсч байна. Аав маань бурхны оронд яваад удаагүй байна. Биднийг Австрид Ф.Шубертийн уралдаанд амжилт гаргаадэх орондоо ирснээс хойш гурав хоногийн дараа аав минь өөд болсон. Би, бид нар тэр уралдаандхэрхэн оролцсон, яаж ялалт байгуулсан тухайгаа ярьж, цомоо үзүүлж, баярлуулж чадсан л даа. Удахгүй хүү нь хамтлагтайгаа дэлхийн аваргын төлөө үзнэ, чадна аа гэж хэлсэн юм. Тэгэхэд миний аав “Та нар чадна аа, сайн хүүхдүүд” гэж байсан. Одоо ч тэр төрх нь нүдэнд минь харагдаж байна. Бид Болгар явсан, өрсөлдсөн, Дэлхийн үнэмлэхүй аварга болсон. Бидэнтэй чуулга болж нэгдсэн уран бүтээлчдийнур чадвар үүнд их нөлөөлсөн. Чуулгаараа дэлхийн үнэмлэхүй аварга болсноо мэдэх тэр агшинд монгол хүн болж төрснөөрөө, монгол ахуй соёл, түүх, уламжлал, урлаг, өвгөдийнхөө оюун, ухаанаар бахархаж байлаа.
-Тийм юм байна. Та түрүүн яриандаа өөрийгөө “Би чинь ямар нэг дипломгүй, унаган сурснаараа хуураа тоглож яваа нөхөр шүү дээ” гэсэн. Энэ тухай тодруулбал ямар вэ?
-Дундговь аймгаасаа ахлах ангидаа ирж нийслэлийн 50 дугаар сургуулийн урлагийн гүнзгийрүүлсэн сургалттай, одоогоор бол Соёлын коллежийн лицей ангид сурч төгссөн юм. Соёлын коллежийн гуравдугаар курст сурч байхдаа яараад гэх үү, СУИС-д орчихсон. Тус сургуулийн гуравдугаар курсээс Герман яваад. Тэгээд л аль ч сургуулийг нь төгсч чадаагүй юм. Одоо ХААИС-д эдийн засгийн мэргэжлээр сурч байна, одоо хоёрдугаар курс. Үүнийгээ бол яг төгсөнө. Яагаад гэхээр эдийн засагч мэргэжил чухал гэсэн ойлголт, үзүүлэлт гэхээсээ илүүтэй хамтлагаа удирдаж авч явахад энэ мэргэжил хэрэг болно. Мөн Монголын соёл урлагт дутагдалтай байгаа бүхэнд шүүмжлэлтэй ханддаг болохоортэр бүхнийг мэдэж шүүмжлэх, зохицуулалт, менежментэд гар бие оролцох ирээдүйн төлөө би эдийн засагч мэргэжлийг заавал эзэмших ёстой.
-Та бас талд өссөн монгол, малчин заяагаа дээдэлж амьдардаг гэсэн…
-Үнэн. Би хөдөөний хүүхэд. 13 нас хүртлээ хурдны морь унасан, адуутай ноцолдож хүүхэд насаа үдсэн. Одоо ч суурин амьдралыг төдийлөн таашаадаггүй. Манайх хотын баруун захад байдаг. Өлзийт хороололд хөгшчүүдээ тойруулчихаад амар сууж байдаг даа. Хэдэн үхэртэй. Найз нар маань одоо хот руу орж ирэх юм биш үү л гэдэг юм. Надад тэгж бодогддоггүй. Орой болохоор настангуудаа хэсч гангар гунгар гэж явдаг. Заримдаа хэдэн цагаар яриад суучихна. Хааяа эхнэр араас ирээч, унтаач гэж дуудаж байдаг юм.
-Малчин заяагаа дээдлэх монгол залуу хүн ховордсон гэж бодогддог…
-Бид малчин монголчуудынхаа, өөрсдийнхөө урлагийг дэлхийд таниулж явна. Морин хуур, хөөмий, цуур, товшуур, дээл хувцас, зохиол бүтээл маань тэр чигээрээ монгол ахуй, соёл, урлаг юм. Тэгэхээр малчин заяатай монгол хүн болж төрснөөрөө бахархахгүй гээд яах билээ. Мэдээж дэлхийн урлаг, сонгодог урлаг агуу л даа. Гэхдээ миний шүтээн бол дуучин Адарсүрэн гуай. Жаахан хүүхэд байхдаа хэн ч байхгүй хээр талд тэмээний бөхнөөс радиогоо дүүжилчихээд алхуулж явахад Адарсүрэн гуай л “Соньхон зэрэглээт говь минь…” хэмээн уран тансаг хоолойгоороо дуулж сэтгэлд гал нэмдэг байлаа. Морин хуураа ч гэсэн малчин монголчуудаасаа, өвгө дээдсээсээ л сурсан. Хуур тоглож сурсны хэргээ нэг удаа сүрхий гаргаж билээ. Манайх Дундговиос Төв аймагт отроор ирээд байсан юм. Нэг удаа шинэхэн танилцсан найзтайгаа алдагдсан морьдоо хайхаар гарлаа. Өлсөж цангаж яваа гэж жигтэйхэн. Тэгсэн найрлаж байгаа айл таарлаа. Ортол айраг цагаахан хийж өгөөд олигтой идүүлж уулгадаггүй шүү. Хойморт нь хуур байхыг анзаараадхалаа. Гадаа бие засч байхдаа найздаа хэллээ. “Би одоо энэ найрыг, айлыг тараана за юу, харж байгаарай” гэчихээд орж явчихлаа. Дуу дуулах ээлж дөхөж байсан болохоор бардам байсан нь тэр л дээ. Ээлж ирэхэд нь гэрийн жавар үргээж өгье, хойморт байгаа хуураа аваад өг дөө гэлээ. Тэгсэн найз маань хажуунаас бөөн юм болж байна аа. Хөлөөрөө доогуур сэм өшиглөж үзэж байна. Тараана гээд хэлчихсэн чинь сүйд хийх нь гэж бодоод айсан байх. Хуураа татаж эхлэхэд л сая санаа нь амарсан биз. Тэгсэн чинь өнөө айлын хүмүүс, гэрийн эзэн сүйд болж, намайг дээш залж, найз маань дунд багана хавьцаа суудалтай болохгүй юу. Эхэндээ ч бол “Өнчин хүүгийн цэцэлсэн шашдир”-т гардаг хүү аятай хатавчинд сууж байсан юм чинь. Дуутай, хууртай монгол хүн хаана ч газардахгүйн энгийн жишээ энэ болов уу гэж санаад ярьчихлаа.
-Сонирхолтой түүх байна. Хийсэн бүтээснээ үнэлүүлж дүгнүүлэх бас сайхан байдаг даа. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Шууд нэг юм санаанд орж байна. Канадын амбан захирагчийн цайллагад уригдлаа. Тоглох л юм байх гэж бодсон чинь үгүй юм аа. Тэр бүү хэл гавьяат Түвшинжаргал ах, соёлын тэргүүний ажилтан Батмэнд ах бид гурвыг Канад, Монголын соёлын харилцаанд чухал ач холбогдолтой удаан хугацааны төслийг тус улсын уран бүтээлчидтэй хамтарч сайн хэрэгжүүлсэн гэж баяр хүргэж, алтан медаль гардуулж өгөөд. Тэгэхэд их баярлалаа. Хийсэн ажил үлддэг, цаг хугацааны дараа ч гэсэн ул мөр нь байж л байдаг юм байна гэж бодогдоод маш их урамшиж байлаа.