"Зvvдний дагина", "Бороотой зуны дурсамж", "Чамдаа єгсєн хайр", "Нутгийн чулуу” зэрэг дуугаар залуусыг байлдан дагуулж, хит дууны жагсаалтад тэргvvлж явсан хамтлаг бол "Freezone". Тэд ирэх сарын 7-нд UB palace-ийн концертийн их танхимд “Хотын хэмнэл” нэртэй тоглолтоо хийх гэж байгаа билээ. Энэ талаар болон сэтгэл сэргээсэн дурсамжаар нь аялахаар П.Билгүүдэйтэй ярилцлаа.
-Олон жилийн дараа тоглолтоо хийх гэж байгаа болохоор бяцхан догдлол та нарыг эзэмдэж байгаа байх…
-Тийм шүү. Болдогсон бол тоглолтын өдөртөө одоо ч гэсэн очих юмсан. Тэсэн ядан хүлээж байна аа. Тоглолтыг маань “Onn and of” продакшн зохион байгуулж байгаа. Бид өмнө нь тоглолтоо өөрсдөө зохион байгуулдаг байсан бол одоо мэргэжлийн багтай хамтарч ажиллаж байгаа болохоор ямар нэгэн асуудалд санаагаа чилээхгүй сайхан байна.
-Тоглолтыг тань үзэх гэж очсон хүмүүс танай хамтлагийн хуучны хит дууг сонсоно гэхээс гадна сүүлийн үед уран бүтээл нь хэрхэн өөрчлөгдсөнийг мэдрэхийг хүсч байгаа болов уу?
-Мэдээж бидний анх дуулсан хит дуу бүгд багтана. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл Төрөөгийн маань зохиосон уран бүтээл дуулагдана.
-Та нар саяхан “Харанга” хамтлагийн дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбатын “Содон аялгуу” тоглолтод оролцсон. Үүнийг эс тооцвол 10 гаруй жил хамтлагаараа тайзан дээр гараагүй гэж хэлж болно. Үзэгч, сонсогчдийнхоо өмнө олон жилийн дараа гарах ямар санагдсан бэ?
-Ямар гоё юм бэ, сонсогчид маань биднийг хүлээгээд л байсан байна шүү гэж бодогдсон.
-Хамтлагаа байгуулаад дөнгөж гарч ирэхдээ насанд хүрэгчдэд зориулагдсан мэт “Өвлийн шөнө”, “Надаар тоглосон хайр” жүжгийн дууг дуулж байсан. Тухайн үед хүмүүс шоолох зэмлэх үг чулуудаж байв уу?
-Тийм зүйл нэг их гарч байгаагүй ээ. Ер нь тийм үг сонсч байснаа санахгүй байна. Тэр үед бид өөрсдөө амьдрал үзээгүй байж том хүний дуу дуулж байхдаа нэг их санаа зовдоггүй байсан. Харин одоо бид тэрхүү дуулж байсан дууныхаа утга адил хэн хэн нь амьдрал зохиогоод сайхан амьдарч байна.
-Тэр үед та нар яг хэдэн настай байсан бэ?
-Жишээ нь “Бороотой зуны дурсамж” дууг бид студэд бичүүлж байхад манай Төмөрөө наймдугаар ангид сурч байлаа шүү дээ. Гэхдээ бид энэ дуугаараа Монголын рок поп урлагийн хөгжмийн дээд шагнал гардуулах ёслол “Пентатоник” наадмаар шилдэг дебют хамтлагийн шагнал хүртэж байсан. “Миний нулимсыг салхи л арчина” дуу ч насанд хараахан хүрээгүй байсан бидний хувьд хүнд сэдэвтэй байсан.
-Дуучид ямар нэгэн дууг студэд бичүүлэхдээ дотортой дуулна гэж ярьдаг. Энэ нь тухайн дууныхаа утга санааг сэтгэлээсээ ургуулж сонсогчдод хүргэхийг хэлдэг байх гэж ойлгосон. Та нар амьдрал үзээгүй, ёстой л хүүхдээрээ байсан хүмүүс хайр сэтгэл, янаг амрагийн тухай дуу дуулахдаа хэр их бэлддэг байсан бэ?
-Бид нэгдүгээрт урлагийн сургуулийнх. Мэргэжлийн гэсэн үг шүү дээ. Нөгөө талаар дуулах техниктэй байсан. Бодлоороо юу сэтгэлээрээ дуулах уу гээд л. Хамгийн гол нь дуулах аргаа зөв олчихвол гайгүй ээ. Тэгээд ч бидэнд туршлагатай олон хүн ямар нэгэн дуу дуулахад зөвлөгөө өгдөг байсан болохоор том боломж бүрдсэн. “Бороотой зуны дурсамж” дууг бид Б.Ангирмаа эгчийн студэд бичүүлж байсан. Тэгэхэд “Болор” хамтлагийн дуучин Оргил ах хоолойны бичлэг хийсэн. Тэр биднийг “Та нар наад дууныхаа утга агуулгыг сайн бод, тэр үгийг нь тод хэл” гэх мэт маш их зөвлөгөө өгснөөр энэ дуу сайхан бүтээл болсон. Дуучин Л.Тайванбат, “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат ах нарын олон хүн зөвлөж байсан.
-Тэр үед FM, дуу бичлэгийн студи бараг байхгүй байсан. Тиймээс дуучид хоолойгоо бичүүлэх гэж их очерлодог байсан гэдэг…
-Тийм. Хоёрхон FM байсан. Тэдгээр fm-ийн ажилчдын цаг дууссаны дараа бид нэг микрофон тойрч зогсч байгаад бичлэгтээ ордог байсан. Зарим үед шөнө хүртэл орж байсан шүү.
-Тэгж дуулсан дуу тань тэгээд хэр удаж хийтэд хүрдэг байсан бэ?
-Их удлаа гэхэд хоёр сар. Ер нь бичлэгээс гараад хэдхэн хоноод л хит болдог байсан.
-Дуучдын хоолой сэрээгүй тохиолдолд бичлэгт орох нь тохиромжгүй гэж ярьдаг. Та нарын хувьд…
-Ер нь дуучдын хоолой 14.00 цагаас хойш бүрэн сэрсэн байдаг. Энэ цагаас хойш ямар ч тоглолтод оролцож болно. Үүнд шинжлэх ухаан болон тухайн дуучны дуулах арга барил зэрэг явагддаг.
-Та хамтлагаа хэрхэн байгуулагдсан талаар эргэн дурсвал уншигчдад маань сонирхолтой байх болов уу?
-Тийм шүү. Би ч энэ тухай ярих дуртай. Манай хамтлаг 1995 оны гуравдугаар сард байгуулагдсан. Тэр үед Төмөрөө бид хоёр Хөгжим бүжгийн коллежид нэг ангид сурдаг байлаа. “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүх дуулаачийн ангид сурдаг байсан.
-Хамтлагийнхаа нэрийг яаж сонгосон юм бэ?
-Нэрээ сонгох гэж байхдаа бид зургуулаа байсан санагдана. Төгөлдөр хуурын ангид орж байгаад шилэн саванд хамтлагтаа өгөх нэрээ тус бүр цаасан дээр нууж бичиж байгаад сэгсэрээд хоёр удаа сугалсан чинь хоёуланд нь free zone гэдэг нэр гарч ирсэн. Тэгээд л энэ нэрийг сонгосон доо.
-Энэ нэрийг хэн бичсэн байсан юм бол?
-Тухайн үед бидэнтэй найзалж явсан Цогоо гэдэг залуу бичсэн. Тэр үед англи нэртэй хамтлаг тун ховор байсан. Тэглээ ч Цогоо англи хэл мэддэг болохоороо дараа нь бидэнд утгыг нь тайлбарлахдаа “Чөлөөт бүс” гэсэн үг гэдгийг нь хэлсэн. Маш их юм бодож бичсэн юм билээ.
-Хамтлаг тань анх таван гишүүнтэй байсан гэл үү?
-Тийм. Дараа нь дөрөв, бүр гурвуулаа ч болсон. Гэтэл нэг маань хүндэтгэх шалтгаанаар хамтлагаасаа гарсан. Ингээд Г.Баттөмөр орж ирснээр гурвуулаа болсон. Бид 1999 оноос эхэлж уран бүтээлээ эрчимжүүлж эхэлсэн. Хамтлаг байгуулагдсан нь 1995 он боловч уран бүтээлээ тууштай явуулахаар шийдсэн нь 1999 он болохоор хамтлаг байгуулагдсан оноо энэ оныг гэж хэлдэг.
-Г.Баттөмөрийг та хоёр шалгаруулж хамтлагтаа оруулсан уу?
-Үгүй. Гэхдээ Төрөө бид хоёр “Хамтлагтаа үлдчихээд байхдаа нэг хүн оруулъя, өмнө нь тавуулаа хүртэл дуулаад болоод л байсан юм чинь” гэж ярилцаад шалгаруулалт явуулсан юм. Гэвч бидний сэтгэлд нэгнийх нь ч дуулалт таалагдаагүй. Тэр үед Төмөрөө “Трио” нэртэй хамтлагт дуулдаг байсан юм. Түүнийг бид дажгүй дуулдгийг нь мэдээд хамтлагтаа оруулъя гэж шийдсэнээр гишүүнээ болгосон. Төмөрөө ч сайхан хүлээж авсан. Бид шалгаруулалтаа явуулахдаа зөвхөн дуулалтаас нь гадна энэ залууг хамтлагтаа оруулчихвал бидний биеийн харьцаа үзэгчдэд ойролцоо харагдах болов уу гэдгийг хүртэл бодолцож байсан.
-Та нарын анхны уран бүтээл ямар нэртэй байсан бэ?
-“Чамдаа өгсөн хайр”. Гэхдээ тавуулаа байхдаа “Наддаа итгээч” дуугаар эхэлж байсан. Бидний анхны дууг ая зохиогч Д.Ганг “Моро” гэдэг хамтлагтай байхдаа бичиж байсан. Бид тэр дуугаа “Одод болохын хүслэн” шоунд урилгаар очиж дуулахдаа хуушуурын гуанзанд гасит руу хуулж байгаад авч явж дуулж байлаа.
-Өөрийн гэсэн уран бүтээл тодорхой хэмжээний хүрээтэй болсныхоо дараа та нар биеэ тоож байв уу?
-Үүнийг нялхсын өвчин гэж ярьдаг л даа. Энэ өвчнийг бид 2000 оны үед тусдгаа тусаад дархлагдчихсан байсан.
-Та нарыг гэнэт алга болоход сонсогчид чинь их гайхсан байх. Магадгүй тарж гэж ойлгосон. Энэ хооронд ямар ажил амжуулав?
-2008 оноос хойш уран бүтээлээ түр завсарласан. Бид хэдийгээр уран бүтээл хийлээ ч сонсогчдийнхоо адил боловсролдоо анхаарах, амьдралаа төвхнүүлэх шаардлага гардаг юм билээ. Тиймээс хэсэг завсарлах ёстой юм байна гэдгээ ярилцсан. Гэхдээ энэ завсарлагаа хэдэн жил болгохоо хэн нь ч товлоогүй. Ямартай ч сурах нь сурч, хувийн бизнесээ өргөжүүлж, гэр бүлийнхэндээ анхааралаа хандуулсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хооронд зургаан жил болж. Ёстой л хувьсгалын тохироо нь одоо бүрдэж байх шиг байна.
-Тоглолт хийх шийдвэрээ хэзээ гаргасан бэ?
-Хоёр жилийн өмнө бид “Ice top” хамтлагийн дуучин Хаагийгийн хандивын тоглолтод оролцсон юм. Тэгэхэд сонсогчид маань биднийг маш их сансныг нь мэдэрсэн. Саяхан Ц.Чулуунбат ахын тоглолтод оролцоход ч мөн адил хүлээж авсан. Тиймээс бид “Сонсогчид маань биднийг хүлээж байгаа юм байна. Тоглолт хийх цаг нь одоо юм байна” гэдгийг ойлгосноор энэ шийдвэрээ гаргасан. Тэгээд ч урлагт нэг хөл тавьсан хүн гарч чаддаггүй юм байна шүү дээ.
-Энэ тоглолтыг тань үзсэн залуус нандин дурсамжаа хөндөх байх даа. Учир нь та нарын дууг хит болж байхад сонсогчдийн тань ихэнх нь та нарын үеийнх байсан байх. Дөнгөж насанд хүрч хайрын тухай дууг чинь сонсоод хайр дурлал гэдэг зүйлийг мэдэрч эхэлсэн болохоор…
-Тийм. Тиймээс бидний энэ тоглолт зөвхөн шоу болоод өнгөрөх биш нандин дурсамж нь сэргэх байх.
-Тоглолтоо яагаад “Хотын хэмнэл” гэж нэрлэсэн юм бэ?
-Удаж, удаж тоглохдоо Улаанбаатар хотдоо тоглох гэж байгаа болохоороо энэ нэрийг сонгосон. Саяханаас бидэнд орон нутгаас санал ирсэн. Тиймээс орон нутгаараа таван жилд багтааж тоглох төлөвлөгөө гаргасан. 2014 он гарахаар шинэ цомог маань ч гарна.
-Та нарыг сонсогчид тань энэ тоглолтын дараа нэг цомог гаргаад дахиж уран бүтээл хийхгүй юм биш биз гэж санаа зовж байж магадгүй…
-Бид уран бүтээлээ орхихгүй ээ. Дуулсаар л байна.
У.Баярсайхан