Баян айлын хүүхдүүд тохуурхан хуурай худаг дотор хийж орхиход шөнөжин чичирч хоносон, өнчин, ядуугийнхаа эрхээр үхсэн малын сэг идэх удаа хүртэл байсан хүү хожим Монголын театрын анхны бөгөөд тод мөр үлдээсэн судлаач болох учиртай байжээ. Тодруулбал, тэрээр урлаг судлалын салбарт мэргэжлийн төвшинд анхны шанг татаж, өнөөгийн бидэнд гарын авлага, бүр толь бичиг болох хэмжээний судлал шүүмжийн бүтээл үүд бичиж үлдээсэн байдаг юм билээ. Үнэнийг хэлэхэд өнөөдрийг хүртэл түүнийг давах, ядаж жиших хэмжээний судлаач энэ салбарт төрсөнг үй. Гагцхүү урлаг судлаач С.Дашдондог агсаны судлал, шүүмж, өгүүллийн бүтээлүүд л өнгөрсөн болоод өнөө цагийн гол хэрэглэгдэхүүн болсоор байгаа учир тод мөртэй судлаач гэж тодотгож байна. Энэ жил түүний мэндэлсний 90 жилийн ой тохиож буй. Монголын урлагт алтан үеийнхэн болоод тайзан дээр тэдний ид “амьдарч” байсан үеийг бид өдгөө тодотгон ярьдаг. Тэгвэл тухайн үед урлаг судлал хүчтэй байсан нь урлагийн хөгжлийг өндөрт авч явахад чухал үүрэгтэй байсныг мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээ. Хожим ч гэсэн түүний хэлсэн, дүгнэсэн үгийг хүмүүс иш татсаар байх нь нийтэд ямар үнэлэмжтэй судлаач байсныг харуулна. “1979 онд тоглосон миний Гамлетыг ганцаардмал, гүн ухааны тал руу тоглолоо гэж урлаг судлаач С.Дашдондог гуай бичсэн байдаг юм” гэж ардын жүжигчин Л.Жамсранжав агсан хэлсэн байхад, “Цэвээнжав өөрийн тоглох дүрийн мөн чанарыг ухаанаараа зөв олж чаддаг, хэтрүүлэг чимэглэлийг эгзгийг нь олж, жүжиглэлтээрээ авцалдуулж чаддаг, уран сэтгэмж, дүрийн баяжуулалт сайтай, манай шогч инээдмийн жүжигчдийн нэг” хэмээсэн түүний дүгнэлтийг гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуайн дурсамжид иш татсан байх жишээтэй. С.Дашдондог агсаны “Жаран жилийн шастир” ном ерөөс Монголын театрын урлагийн түүх юм билээ. Учир нь, бүхэл бүтэн 60 жилийн хугацаанд тавьсан жүжиг, жүжигчин, найруулагч болгоны тухай нарийвчлан бичсэнээс үнэхээр уйгагүй хөдөлмөр харагдана. Тэрээр дуурь бүжгийн болон драмын театрт тавигдсан бараг бүх жүжигт шүүмж бичсэн ажээ. Нийт 200 гаруй түүхийн, онол, аргазүйн шүүмж, хөрөг өгүүлэл бичсэнээс гадна 10 гаруй судлал, шүүмжийн ном гаргажээ. Түүнчлэн нэг хүний намтар судлалыг гаргаж ирсэн, хөгж үүлсэн цорын ганц судлаач. Энэ нь аливаа жүжигчний дүрийн дэлгэрэнгүй задаргаа хийж, алдаа, гавьяа хоёрыг нь адилхан дэнсэлдэг нарийн ажил. Чухам С.Дашдондог агсаны намтар судлалын бүтээлээр жүжигчид олон нийтэд танигддаг учраас уран бүтээлчдийн хувьд түүний үг бүхэн үнэтэй байв. Тэрээр алтан үеийнхний уран бүтээлийг нэгд нэгэнгүй судалж, дүгнэлт өгсөн байдаг. Монголын урлагийн нэгэн жарныг үнэлж, дүгнэн бичнэ гэдэг судлаач хүнээс өөрөөс нь асар их мэдлэг, мэдрэмж, зангараг шаардана. С.Дашдондог агсан тухайн соц нийгэмд сонгодог ахуйг хэрхэн бүрдүүлж байсан нь хүүхдүү- дийнх нь ярианаас харагддаг. “Бага байхад “Верди”-ийн “Травиата” дуурийн пянзыг их тоглуулдаг байлаа. Эгч бид хоёр түүнийг ари аригаар нь дуулна. Дуурийг Итали, Орос, франц аль ч хэлээр дагаад дуулдаг байж билээ. Аавын пянзны цуглуулгад П.И.Чайковский, Дж.Верди, Пж.Пуччини, Ш.Гуно гээд бараг бүх сонгодогуудаас гадна С.Рахманинов, Л.Ван Бетховен И.С.Бах зэргийн найрал симфони хөгжим байдаг байлаа. Бас уран зургийн цуглуулгаар нь хүмүүжсэн. Хожим Итали, Франц, Голланд, Испанийн аль ч музейд орсон багын танил зургууд маань биетээр байгааг хараад аавын минь олгосон боловсрол, хүмүүжил яасан агуу юм бэ гэж бодогдсон” хэмээн охин Д.Баярсайхан нь дурссан. Ер нь урлагийн боловсрол хүүхдийн төлөвшилд ямар их нөлөөтэйг түүний гэр бүлийнхнээс харж болохоор ажээ. Тухайлбал, охин Д.Батсайхан нь Францын Сорбонны их сургуулийг театр судлалын чиглэлээр ДЕА зэрэг, охин Баярсайхан нь Их Британийн Оксфордын их сургуульд дорно дахины түүхийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бол охин Жаргалсайхан нь цөмийн химич. Одоо Австрийн Вена хотын олон улсын цөмийн энергийн байгууллагад шинжээчээр ажилладаг бөгөөд байгууллагаараа Нобелийн шагнал хүртжээ. Түүнчлэн охин Д.Энхсайхан нь биологийн ухааны доктор, хүү Д.Тө- мөр анхны кино инженерүү- дийн нэг юм билээ.
Д.БАТСАЙХАН: СУДЛААЧ ХҮН ЯМАР Ч НӨЛӨӨНД ОРОХ ЁСГҮЙ ГЭДЭГ ЗАРЧМЫГ ААВ ХАТУУ БАРЬДАГ БАЙСАН
Аавынхаа мэргэжлийг өвлөсөн нь охин Д.Батсайхан. Түүнтэй аавынх нь талаар ярилцлаа.
-Л.Түдэв гуайн “Урлагт гярхай хүн” өгүүлэлд аавын талаар их тодорхой бичсэн байдаг. Аав маань 16 настайдаа урлагийн сургуульд орсон хүн шүү дээ. Анх хуучир хөгжмийн ангид орохдоо тоглох гэхээр гар нь эвлэж өгөхгүй байсан гэдэг. Гэхдээ маш богино хугацаанд нэгдүгээр зэргийн хөгжимчин болтлоо өссөн. Манай аав Монголын анхны трамбонистуудын нэг.
-Дуурь, Драмын театрт хоёуланд нь дарга хийж байсан юм билээ.
-Улсын төв театр буюу хөгжимт драмын театрыг 1950-1955 онд удирдсан. Харин Дуурь бүжгийн эрдмийн театрын даргын албыг ЗХУ-д ГИТИС буюу А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн их сургуульд сурч ирээд хашиж байсан. Аав маань их идэвхтэй байсан шиг байгаа юм. Ажлынхаа хажуугаар бас олон газарт эвлэлийн үүрийн дарга хийдэг байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, соёлын яаманд ч ажиллаж байсан. Бас театр судлалын ангийг анх аав маань нээж байсан юм шүү дээ.
-Аливаа зүйлд анхдагч байхад магтаал, зэмлэлийг адилхан л дайрч гардаг болов уу. Мэргэжлийн хүний хувьд аавынхаа талаар юу хэлэх вэ?
-Тэр үед театр судлалыг хөгжүүлнэ гэдэг шинэ зүйл байсан. Өмнө нь Б.Ренчин, Ц.Цэдэнжав, Б.Бааст гуай зэрэг хүмүүс бичиж байсан. Гэхдээ тэд зохиол талаас нь бичиж байсан болохоос биш театрын бүтээл талаас нь бичиж байгааг үй. Анхныхаа шүүмжийг аав бичээд Л.Ванган гуайд үзүүлэхэд, жинхэнэ шүүмж гэж үүнийг л хэлнэ гэж үнэлж байсан гэдэг. (1931-1981 онд тавьсан бараг бүх жүжигт аав шүүмж бичиж байсан.) Тухайн үед утга зохиол хянах ГЛАВЛИТ гэж хатуу шалгуураар дамждаг байсан цаг. Судлаач хүн ямар ч нөлөөнд орох ёсгүй гэдэг зарчмыг аав маань хатуу барьдаг байсан. Угаасаа урлаг судлалын зарчим өөрөө тийм. Тиймээс тухайн жүжигчин гавьяат байна уу, үгүй байна уу хамаагүй, хүнийг яг бодитоор нь дүгнэдэг байсан. Энэ нь ч олон хүнд мэргэжлийн хувьд шат ахихад нөлөөлсөн дөө. Жишээ нь, ардын жүжигчин Л.Жамсранжав гуайн анхны уран бүтээлүүдэд аав нэлээд нааштай үнэлэлт өгч, өсч яваа уран бүтээлч гэсэн дүгнэлт өгсөн. Түүний дараа тэрээр нэлээд биеэ тоох маягтай болж, уран бүтээлийнх нь чанар муудсан учраас нэлээд хатуу шүүмж гаргасан. Жишээ нь Ч.Чимидийн “Босгон дээр” жүжгийн шүүмжийг дурдаж болох юм. Түүнд Л.Жамсранжав гуай мэдрэмжтэй хандаж, өөр дээрээ дүгнэлт хийгээд, дараагийнхаа дүрийг сайн бүтээсэн.
-Харин хувь хүний хувьд ямар байв?
-Харахад их ширүүн төрхтэй. Их өтгөн хөмсөгтэй, хөмсгөө зангидаад явахаар хүмүүс их айна. Гэхдээ дотроо бол их зөөлөн, хүнд итгэмтгий, бэрх, хэцүү амьдрал үзсэн үзсэн учраас маш хатуужилтай, тэвчээртэй. Зарчимч. Өгл өөний 04:00 цагт босоод шүүмжээ бичдэг хэвшилтэй хүн байсан. Хэтэрхий шударгаасаа болж их хэлмэгдсэн дээ.
-Танай гэр бүлийн орчин их оюунлаг байсан юм билээ. Дуурийн ариг аль ч хэл дээр дагаад дуулдаг байсан гээд?
-Бид тэгж л өссөн юм. Чи үүнийг унш гэдэггүй байсан. Орос хэлтэй болохоор романуудыг орос хэл дээр нь уншчихна. Өвгөөдэй Дамдинсүрэн гэж бичгийн том хүн байлаа шүү дээ. Тэр хүнд аав дүү бид хоёрыг хуучин монгол бичиг заалгах гэж шавь оруулж байсан. Монгол хэлний баялаг сантай тэр хүнээр би анхныхаа шүүмжийг редакторлуулж байлаа. Аав маань биднийг тэгж хүмүүжүүлж байсан учраас бид дуурийг, дүрслэх урлагийг мэднэ. Жишээ нь Францад очоод Луврын музейг үзэхэд хэдийнэ үзсэн зургууд байх жишээтэй. Оригинал нь л ийм байдаг юм гэж хардаг.
-Сонгодог урлагийн мэдлэг, мэдээллийг авахад гол эх сурвалж нь юу байв?
-Голдуу орос эх сурвалжаас л авдаг. Аавын номын сан гэж сайхан зүйл байна. Тэнд сонгодог зохиолууд оригиналаараа байдаг байсан гэв. Улсын драмын эрдмийн театрынхан жил бүр тэгш ой нь таарсан ахмадуудаа дурсч, “Бид мартахгүй” тоглолт хийдэг. Энэ удаа зохиолч Ши.Аюуш, ардын зураач Л.Намхайцэрэн, алдарт жүжигчин Ц.Гомбожав нарын 110, театр судлаач С.Дашдондог, ардын зураач Н.Цүлтэм, Ц.Доржпалам, алдарт жүжигчин Ө.Рэнцэнноров, гавьяат жүжигчин З.Пүрвээ нарын 90, жүжгийн нэрт зохиолч Э.Мягмар, зураач Я.Шийтэр, гавьяат жүжигчин С.Дамдин, жүжигчин Ж.Дорлигжав нарын 70 насны ойг энэ сарын 30-нд тэмдэглэх юм билээ. Монголын урлагийг эд эсээр нь мэдэрч, уран бүтээлчидтэй хамт шаналж, бас хамт бахархаж явсан түүний түүх бол ерөөс манай театр урлагийн түүх билээ. Түүх өөрчлөгдөөгүй цагт түүний бүтээл мөнх оршсоор байх болно. “Монголын урлаг судлал С.Дашдондогоор эхэлж, Дашдондогоор дууслаа” хэмээн зарим учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ. Тиймээс теартын урлагийн нэрт судлаач С.Дашдондогийг бид мартах учиргүй.
Д.Пүрэвсүрэн