СҮМОГИЙН ДЭЛХИЙН АВАРГА, ХАР БҮСНИЙ БОЛЗОЛ ХАНГАСАН ТҮВШИНХҮҮ
-Ярилцлагаа таны хүүхэд насны дурсамжаас эхэлье. Багадаа амьд хөгжмийн хамтлагт бөмбөрчин байсан гэсэн үү?
-Тийм ээ, арван жилд байхдаа юм юм руу үсчдэг хүүхэд байлаа. Манай аав цэргийн хөгжимчин, удирдаач болохоор хаашаа явна манай гэрийнхэн дагаад л явна. Эрдэнэт, Дархан, Улаанхуаранд хүүхэд насаа өнгөрөөсөн. Зүүнбаянд арван жилд байхад дээд ангийн ах нар “Эрдэм” нэртэй хамтлагтай байсан. Түүнийг нь найзуудтайгаа үргэлжлүүлсэн ч манай төгсөлтөөр дууссан. Монголын пионерын ордны алтан медальтай хамтлаг даа.
-Фэйсбүүк хуудастаа нийтэлсэн “Эрдэм” хамтлагийн тань зургийн дор Өвлийн өвгөн шатааж байсан хамтлаг гээд биччихсэн байсан.
-Тавдугаар ангийнхны шинэ жилээр манай хамтлаг тоглосон юм. Тэгсэн хэдэн дүрсгүй хүү өвлийн өвгөнөө угтаж авъя гээд бенгалийн гал асааж байгаад өвгөний үс сахланд хүргэчихсэн. Өнөөх нь авалцаад галан өвгөн болж, орилоод л ороод ирлээ. Би ч сандарсандаа хөгжим дээрээ гишгээд л, хажууд байсан ширээний бүтээлгийг авч гүйж очоод дараад уначихсан. Азаар хүн түлэгдээгүй.
-Одоо амьд хөгжим сонсохоороо хөгжим тогломоор санагдаж, огшино биз?
-Харин ч эсрэгээрээ сонгодог, ардын хөгжимд дуртай болсон. Төрийн их найрлынхантай нэг дээвэр дор ажиллаж байна, тэдний бүх тоглолтыг алгасахгүй үздэг. Рок, алтерьнатив дуу хааяа сонсоно оо, гэхдээ гүнд нь ортол дурлаад байдаггүй.
-Та бас төгөлдөр хуур тоглодог байх аа?
– Гэртээ төгөлдөр хууртай, өдөр бүр л дон дон гээд гонгинуулна. Хөршүүдээсээ санаа зовдог ч дуртай байдгийг нь сүүлд мэдсэн.
-Аав тань цэргийн хүн учир дэглүүлдэг байв уу?
-Би таван хүүтэй айлын том. Олон хүү өсгөх гэж ээж, аав минь чардайна шүү дээ. Айлын том гээд намайг л чангална. Наргиж хэлэхэд би долоо хоногт найм зодуулдаг байлаа. Дүү нар дэггүйтвэл намайг л суран бүсээр ороолгоно. Би эргүүлээд дүү нараа шоглоно. Манайхан их хүмүүжилтэй, нэг дүү БНСУ-д урлагийн чиглэлээр магистрт сурч байгаа, нөгөө нь найрал дууны багш, удирдаач мэргэжилтэй.
-Сүмо болно гэж аавыгаа сандаргаж байсан гэдэг.
-Энэ их сонин түүх. Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүшюзан Д.Батбаяр нар анх сүмод явсан үе шүү дээ. 185 см-ээс дээш өндөртэй хүүхдүүдийг сүмод шалгаруулж авна, Япон явуулна гэсэн зар харсан юм. Барилддаг гэдгийг л мэдэхээс сүмо гэж юу байдгийг ч сайн мэдэхгүй байж аавдаа хэлтэл юун гадаад явах гээд тас загнаад зөвшөөрөөгүй юм. Жүжигчин болно гэдэг байсныг ангийнхан мэддэг болохоор их цаашлуулдаг байлаа. Миний дурсгалын дэвтрийн зөгнөл хэсэгт нэг хүүхэд 2010 он, Монгол улсын гавьяат жүжигчин, гавьяат тамирчин, Сүмогийн дэлхийн аварга, хар бүсний болзлоо хангасан Түвшинхүү гээд биччихсэн байсныг одоо харахаар инээд хүрдэг.
-Багаасаа л жүжигчин болно гэдэг байж. Тэгээд яагаад зорилгоосоо хазайх шахсан юм бэ. Тэр үед сүмод явчихсан бол гэж харамсдаг уу эсвэл жүжигчин болсон нь оносон гэж боддог уу?
-Хүүхдийн гэнэн шохоорхол байхгүй юу даа. 1990-ээд онд Япон гэдэг биднээс их хол байсан учир явуулна гэдэг нь л сонин санагдсан байх. Аав явуулчихдаг л байж гээд хөхөрч байсан удаа бий. Хүнд хааяа дүрсгүй бодол төрдөг дөө. Хэрвээ сүмо байсан бол гээд л өнгөцхөн төсөөлж байснаас миний мөрөөдөл тэр биш, тайз байсан. Хайртай мэргэжилдээ өдий хүртэл үнэнч яваадаа сэтгэл хангалуун байдаг. Нуулгүй хэлэхэд би киноноос илүү тайзандаа хайртай. Сүүлийн үеийн кинонуудад тоглоё ч гэж боддоггүй, сонирхол ч төрдөггүй юм.
ЖҮЖИГЧИД ГЭДЭГ КИНОНЫ ЖИЖИГ ХЭРЭГЛЭЛ
-Нэгэнт л холливудынхан шиг техник технологигүйгээс хойш тэднийг дуурайлгүй, сэтгэлгээний бүтээл хийгээсээ гэж бодох юм.
-Хийе гэхээр ойлгодог нь цөөн, хүмүүст хүрдэггүй байх л даа. Тэгэхээр л өнгө, мөнгөний, нүд хуурсан урлаг болж, хэтэрхий панаалтай болоод байна. Нэг талын бизнес мөн л дөө, гэхдээ л арай өөр талаас нь хардаг хүмүүс байдаг. Тэдний нэг нь би. Хүнд үлдэцгүй, бодуулах юмгүй кино борооны дараах мөөг шиг олон гарч байна.
-Нэг кинонд тоглотол төсөөлснөөс тань тэс өөр болох тохиолдол бий юү?
-Тэгдэг болохоор л би одоогийн кинонд тоглодоггүй. Он гаргаад гаднын кино зурганд явна аа. Үнэнийг хэлэхэд жүжигчид гэдэг киноны жижиг хэрэглэл шүү дээ. Олон кинонд тоглоод л байвал улиг болно биз дээ. Үзэгчид ч гэсэн анзаарч л байгаа биз. Кино үзтэл нэг нөхөр алиалаад л, дараагийнхыг нь үзсэн өнөөх маань аанай л марзаганаад л. Дахиад шинэ кино үзэхэд нөгөө жүжигчин дүрээ арай өөрчлөхийг оролдсон ч үзэгчид урьдынхтай нь хольж солиод л сонин дүр зураг харагдаж байгаа биз дээ.
-Өөрөө кино найруулъя гэж боддог уу?
-Миний ажил биш ээ. Тэнэгдүү явахдаа кино найруулах гэж үзсэн. Мэдэхгүй юмаараа оролдож болохгүй учраас больсон ч одооны кинонуудыг харахаар дайраад орчихмоор санагддаг шүү.
-Таны бодлоор манай киноныхон ямар бүтээл хийвэл дээр вэ?
-Чингис хааны тухай кинонууд хийж байна. Нэг кинонд хэдэн арван жилийн үйл явдлыг багтаах гээд утга авцалдаагүй юм хийх юм. Миний бодлоор түүхийн ганц хэсгийг нь аваад л түүнийгээ баяжуулаад хиймээр байна. Юуны тулд найруулагч, зохиолч гээд бүхэл бүтэн кино баг ажилладаг билээ дээ.
-Одоо ямар кинонд тоглох вэ?
-Өнөөдөр нууцаа дэлгэе л дээ. Гаднын зургаан уран бүтээлд ажиллахдаа Буриадын гавьяат жүжигчин Баярто Ёндонов, Тувагийн Эдуард Ондар, Якутын найруулагч Сергей Батанов гээд л олон сайхан найз нөхөдтэй болсон. Тэднийгээ цуглуулж кино хийх бодолтой, ярьчихсан байгаа. Ойрын зорилтуудын нэг. Гэхдээ би найруулахгүй л дээ.
КИХОТ НОЁНЫ ДҮРИЙГ НАДАД ОНООНО ГЭЖ ГОРЬДСОН
-Та дүр төрхөөсөө болоод ч тэр үү, байнга эсрэг дүрд тоглодог. Жүжигчид дүр голдоггүй гэдэг ч үнэхээр тоглохыг хүссэн дүрүүд байдаг. Таны хүсэж мөрөөдсөн дүрийг өөр хүнд онооход ямар мэдрэмж төрдөг вэ?
-Хөнгөн гуниг, гомдол, цагаан атаархал төрнө. Тэр чинь их сонин. Тухайлбал, би өндөр биерхүү учраас Кихот ноёны дүр надад ирэх байх гэж горьдсон. Миний тоглолтын хэв шинж, маньяар биш байсан учраас надад оногдоогүй л дээ, найруулагч ч тэгж хэлсэн.
-Ганцхан удаа эерэг дүрд тоглож байсан гэж сонссон. Дахиад эерэг дүрд тогломоор санагддаг биз. 10 см намхан байсан ч болоосой гэж боддог уу?
-Ээ мэдэхгүй, тоглуулах юм болов уу даа. Би 193 см өндөр ч. Намхан байсан бол өөр дүр оногдох байсан даа гэж харамсдаггүй. Театрынхаа хамгийн өндөр жүжигчин нь би. Магадгүй над шиг өндөртэй 10 залуу манай театрт байсан бол дүрийн хуваарилалт өөр байхсан. Гэхдээ найруулагчид жүжиг бүрт надад дүр оноодогт баярладаг, өөрийгөө азтайд тооцдог. Уг нь тэр бүр дүр оногдохооргүй байхгүй юу. Өндөр хүн жүжигчдийн ансамбль эвдэнэ шүү дээ, үнэхээр хэрэгтэй үед ганц хоёрхон тоглуулж болох л байсан.
ЭРТ ҮЕД АМЬДАРЧ БАЙСАН БОЛ НЭЛЭЭД ОЛОН ХҮНИЙ ТОЛГОЙГ АВЧИХСАН БАЙГАА
-Та баатар, ноёны дүрд их тоглодог. Хэрвээ XIII зуунд төрсөн бол гэж боддог уу?
-Жүжигчин хүн хувцсаа өмсөхдөө дүрээ өмсөж байх ёстой гэж багш нар захидаг. Түүхэн жүжгийн үеэр ажиглаад байхад манай театрын эрчүүд цаанаасаа л омогшоод, хөмсөг нь атираад, харц нь хүртэл ондоо болдог. Би эрт үед амьдарч байсан бол нэлээд олон хүний толгойг цавччихсан байгаа. Өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа бид хэрэв тэр үед амьдарч байсан бол өөр байхсан. Зусарч, хөгийн нөхдүүд аль хэдийнэ толгой нь тэнд, бие нь энд хэвтэж байхгүй юу гэж манай театрынхан наргиа болгож ярьдаг юм.
-Таныг хараад байхад шулуухан үгтэй, хуурамч зангүй юм шиг ээ. Энэ занд чинь хүмүүс дуртай юу, эсвэл дургүйцэх нь элбэг үү?
-Миний нэг балай зан л даа. Хүн гэдэг магтаалд мансуурдаг амьтан болохоор юу гэж дуртай байх вэ дээ. Магтуулж л байвал баярлаад л, наалдаад л… Зөв магтаж болно л доо, худлаа бялдуучлах, тал засах зан надад байхгүй. Нэлээд хэдэн хампааныг ажиглалаа л даа. Дагаад явахаар Миний сайд аа гэж ирээд л урд нь тодотгол оруулж дарга нарт долигонох юм. Зүгээр Сайд аа гэж болдоггүй л юм байх даа. Миний хамт олон намайг одоо дэндүү сайн мэднэ. Анх театрт ороход бэрхтэй л байлаа. Намайг өлгийдэж авсан ардын жүжигчин П.Цэрэндагва, урлагийн аав гавьяат жүжигчин С.Дамдин намайг дарж, номхтгож, ташуур өгсний хүчинд хамт олон маань намайг мэддэг, ойлгодог болсон.
-Энэ зангаасаа болж буруудаж байсан удаа олон уу?
-Олон удаа тэгсэн. Тэглээ гээд би яах юм бэ, долигонолтой биш. Гэхдээ ойлгодоггүй хүн олон байдаг ч зарим нь эргээд зөвөөр ойлгодог нь баярлууштай. Ойлгохгүй хүн бас байна аа, зөнгөөр нь хаячихдаг.
-Би чинь ямаршуухан хүн юм бэ дээ гэж бодно биз. Энэ тухай ямар үед илүү их эргэцүүлдэг вэ?
-Бодолгүй яах вэ дээ, боддоггүй хүн бол их тэнэг байна биз дээ. Хүн идэвхтэй, идэвхгүй хоёр янз байдаг юм байна. Би идэвхгүй хүний тоонд ордог. Ханачихдаг юм уу, болно биз гээд бодчихдог юм.
ЖҮЖИГ ҮЗДЭГГҮЙ ДЭЭДСҮҮД ЯАЖ АМЬДРАНА ДАА
-“Орших уу эс орших уу” нэвтрүүлгийн тухай бодлоо хуваалцахгүй юу?
-Миний бэлтгэж байгаа дөрвөн хүүхэд IV шатанд орсон. Манай театрын 80 жилийн ойн хүрээнд UBS телевизийн санаачилсан энэ нэвтрүүлэг их зөв зүйтэй. Оролцогчид нь заавал жүжигчин болох албагүй ээ, өөрийгөө сорин, урлагийн мэдрэмжээ шалгаж, нээж байна. Сэтгэл гаргаад холоос ирж байна.Тэд дараа нь театрын үзэгчид болж байгаа учир надад хамаатай, тэднийг дэмжихээс өөр аргагүй. Намайг шалгаад туслаад өгөөч гээд ирэхэд нь мэддэг чаддагаа заадаг. Нэг удаа хоёр хүүхэд ирлээ л дээ. Театрт жүжиг үзэж байсан уу гэсэн үздэггүй гэнэ. Тэгээд юу үздэг юм гэж асуусан чинь хошин шог гэнэ. Жүжиг үзээд ир гээд явуулсан гарч ирээд нэлээд бодол болж сууснаа, За ахаа би одоо алгасахгүй үзнэ ээ гэсэн.
-Театр яагаад үзэгч цөөнтэй байдаг юм бол?
-Нэг удаа машин угаалгын газарт ажилладаг эгч миний машиныг сэтгэл гаргаад их сайхан угаачихаж ээ. Танайх их сайн үйлчилдэг юм байна, баярлалаа гээд халаасанд байсан хоёр урилгаа өгтөл Би жүжиг үздэггүй шүү дээ, үзээд ойлгохгүй ээ гэсэн. Би ч сонин царайлаад буцаагаад халаасалсан. Тэднийг буруутгаж болохгүй ээ. Амьдралынхаа төлөө өдөржин зүтгээд, орой үр хүүхэд рүүгээ яарч байгаа. Харин жүжиг үздэггүй дээдсүүд л яаж амьдрана даа. Урлаг нийгмээсээ нэг алхам түрүүлж алхдаг гэдэг. Бид “Кихот ноён”-ыг яах гэж тоглосон юм бэ. Дээдсүүд ирээд үзчихгүй л юм. Заавал урилга авч, улаан хивсэн дээр алхах гээд байдаг юм уу, мэдэхгүй.
17 ЧИНГЭЛЭГ СПИРТИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ ЯВЛАА
-Урлагаас юу ойлгох нь чухал биш, ямар хүн болж төлөвших нь чухал гэдэг. Урлаг таныг хэр их өөрчилсөн бэ?
-Хүмүүжүүлэлгүй яах вэ. Ах нь багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Одоо юуг нь нуух вэ, оюутан байхдаа танхайрч, золтой л аавын хаалга татчихаагүй. Багш нар, талийгаач Л.Лхасүрэн багш намайг Энэ хүүхэд жүжигчин болно оо гэхэд нь омогшсон юм уу, зодоон хийгээд хөөгддөг байсан. Тэгээд буцаад л орчихно. Өдий зэрэгтэй яваа минь урлагийн ач.
-Амьдралыг баллуурдаж болдоггүй уран зураг гэвэл та хэр сайн зураач вэ?
-Миний амьдралыг зургаар дүрсэлбэл их сонин дүр зураг гарна даа. Тэр бүрийг тайлбарлан хэлж чадахгүй ч хүн уйдахааргүй л байх. Үзэгчид миний зургийг харж байна гэж бодвол тэнд үзэн ядах юм их бий, намайг ойлгох юм их бий, хайрлах юм мэр сэр бий, нулимс гаргах юм ч байгаа. Анх театрт орж ирэхэд эгч нар их шалгаана шүү дээ. Нэг удаа амьдралаа тэдэнд ярьтал О.Энхтуул Чи чинь ямар сонин кино шиг амьдрал туулсан юм бэ гээд уйлаад байсан.
-Амьдралаараа кино хийе гэж боддог уу?
-Нэгээхэн хэсгээс нь кино хийе гэвэл сонирхолтой юм гарна аа. Нуугаад яах вэ, 1997 онд дуулиан тариад байсан 17 чингэлэг спиртийн хэрэгт ч холбогдож л явлаа. Тэр үед ааваасаа их эмээж байсан ч Эр хүн нэг алддаг, дахиж битгий алдаарай, томоожих цаг чинь ирсэн гэж ташуур өгөхөд нь босоод ирсэн дээ. Алдвал ч алдаг дээ, миний гал халуун нас, Ахиад би ямар залуу явах биш дээ гэж Р.Эмүжингийн шүлгийг уншаад л бужигнуулж явлаа даа.
-Найз гэж үнэхээр байдаг уу. Найзын тухай бодлоо хуваалцаач.
-Би их олон найзтай, худалч хүнд бараг 1000 гарна. Гэхдээ нөхөд нэртэй ноход ч бий. Амь амьдралын минь түшиг тулгуур болсон бат итгэлтэй найз гарын таван хуруунд багтана. Тэд маань намайг амжилт гаргахад дарж, баярлаж онгироход хажууд байхгүй ч алсаас дэмжиж явдаг. Эр хүн болсон хойно гутарч гунина. Тэр бүрт зориг оруулж, ташуур өгдөг.
Зун би сэтгэл санаагаар их уналаа. Бие гэнэтхэн өвдөөд түргэн дуудаж, хоёр сар эмчийн хяналтад байсан. Золтой л нугдайчихсангүй. 20 кг турсан шүү дээ. Эмнэлэгт нүдээ нээгээд харсан өнөө дотнын найзууд гозойгоод зогсчихсон байсан. Хэдэн найзын маань итгэл сэтгэлийн дэм их дэмжлэг болсон доо. Миний нөхрөө юу гэж боддог нь дотроо л байдаг, аман дээр гараад ирвэл худлаа болно.
Б.Дөлгөөн