-“Алтан Өд”-өөр бичих эрхэм хүндлэлийг хүлээсэн танд уншигчид, хамт олныхоо өмнөөс баяр хүргэхийн сацуу ярилцлагаа шууд эхэлье. Яагаад та хоржоонтой юм бичээд байдаг юм, дурсамжийг зүгээр бичиж болдоггүй юм уу?
-“Алтан Өд” гэдэг шагнал өгч, авдаг гэдгийг олон жилийн өмнөөс харж, сонсч явлаа. Түүнд оръё, шагнал авъя гэж бодож явсангүй.
Шагналынх нь нэрнээс харахад залууст зориулсан юм уу гэхээр.
Өд сөд гэдгээс үүдээд дөнгөж “ургаж” байгаа хүмүүсийн ажил гэсэн бодолтой явлаа. Гэтэл явсаар байгаад “Хоржоонтой дурсамж” номоороо “Алтан Өд” авлаа.
Миний ном урагшаа Дорноговийн Замын-Үүд, Өмнөговь, зүүн тийшээ Сүхбаатар аймаг хүртэл их нэрд гарсан юм. Яагаад гэхээр говийнхны хүнлэг, цаанаа бодох санах юмгүй ил цагаан, хошин шогч, нэгийгээ явуулдаг, егөөддөг, хошигнодог зан чанарыг гаргасан.
Нөгөөтэйгүүр, хүн дурсамжаа би төдөн онд дарга байгаад тийм тогтоол гаргуулаад, ийм байшин бариулаад гээд яриад байвал хүн уншихгүй шүү дээ. Харин хоржоонтой хэлбэрээр бичвэл уншууртай юм уу гэж бодож “Хоржоонтой дурсамж” номынхоо нэгдүгээр ботийг гаргасан юм.
Надаас хойш хүмүүс бүгдээрээ тиймэрхүү амттай юмнуудаар чимэглэж бичдэг болсон. Тэгэхээр нь би бас урамшаад “Хоржоонтой дурсамж” номынхоо хоёрдугаар ботийг бичсэн. Ер нь би сая уран бүтээлийнхээ зургаан ботийг гаргасан. Тэр дотроо “Хоржоонтой дурсамж” номынхоо нэгдүгээр ботийг засч сайжруулаад дахиж хэвлүүлсэн. Хоёрдугаар боть бол цоо шинэ ном, сая “Алтан Өд” шагнал хүртлээ.
-Та ер нь яагаад шооч болчихсон юм бэ?
– Манай говийнхон хошин шоггүйгээр, нэгийгээ даваадуулж,егөөдөж, шоглохгүйгээр амьдарч чадахгүй хүмүүс байгаа юм. Худаг дээр хоёр хөгшин тааралдаад ярьж байхад машинтай давхиж ирсэн хөндлөнгийн гурав дахь хүн ойлгохгүй.
“Манай зоо үзэгдэв үү” гэхэд “Өчигдөр л 800 үүрээд хойно явж байсан” гэх жишээтэй. Тэгэхээр нөгөө ирсэн хүн зоо гэж нурууг хэлмээр юм. 800 гэдэг нь юу юм бол гэж бодно. Тэгвэл 800-гийн чех карбин үүрээд хойд хэцэд манай зоотехникч явж байсан гэдгийг тэгж л ярина. Ийм зовлонтой хүмүүс байгаа юм.
Тэр дотроо миний өсч төрсөн Дорноговийн Дэлгэрэхийнхэн бүр ч онцгой. Намайг зохиолч болгож, хошин шогт дуртай болгосон нь манай сумынхны хийсэн “ажил”. Тэдний өгсөн хүмүүжил, олгосон авьяас чадвар тэр.
-Тэгвэл, говийнхон тэр дотроо танай Дэлгэрэхийнхэн шооч байдгийн учир юунд байна. Ийм эрэл хайгуул хийж үзэв үү?
-Надад онигоо гэхэд 100 гаруй мянган юм бий. Таван тивийн онигоо байна. Онигоо хаана их байдаг юм гээд үзэхээр Дундад Ази, Кавказ, Сибирь, тэндээс Монгол руу орж ирнэ шүү. Оросууд онигоо ихтэй. Ер нь бол монголчуудын дөрвөн улирлын амьдрал, таван хошуу мал, жилдээ арав хорь нүүдэг хөдөлгөөнт амьдрал өөрөө аяндаа шог явдал, тийм тохиолдлыг үүсгэдэг.
Нэг хятад хүн байна гэж бодъё л доо. Өглөө гараад нэг жимээр явж тариан талбайдаа оччихоод эргээд ирдэг. Өдөр болжмороос өөр амьтантай тааралдахгүй байхад яаж тэндээс шог төрөх вэ. Тэгэхээр бидний хөдөлгөөнт амьдрал, малаа алдахаас эхлээд эрэх, сурах адал явдал явсаар хошин шог төрж байгаа юм. Тэр дундаа монголчууд өөрийн хөдөлмөр, хатуужлаар тэр бүхнийг даван туулж байна шүү дээ.
Шинэ тогтолцооны үед олон аймаг хот руу нүүлээ, Увсаас эхлээд. Тогоогийн хулгайч нар зүгээр байлгахгүй байна гээд л наашаа нүүгээд байсан. Гэтэл Дорноговийнхон наашаа нүүж ирээгүй шүү дээ. Одоо хүн ам нь нэмэгдээд 60 мянга хүрэх гэж байна.
Говиос Өмнөговь, Дундговь, Сүхбаатарынхан хот руу нүүгээгүй. Тэгэхээр говьд их нарийн нандин юмнууд байна. Жишээ нь Равжаа хутагтыг аваад үзье л дээ. Тэр хүн 200 гаруй жилийн өмнө хангайд юм уу, өөр нутагт төрөхгүй яасан юм бол. Зэрлэг бүдүүлэг харанхуй говьд тийм гэрэл гэгээ цацруулсан хүн төрснийг юу гэж үзэх вэ. Тэгэхээр говьд асар их эрч хүч, хүнийг татах, хүнд ухаан суулгах чадвар байна. Энергийн төв нь ч байна. Бас нэг гоё юм нь манай говийнхон чадал, чансаатай бүхнээ хутагт, хувилгааддаа дайж, тэднийхээ нэрэн дээр данслуулж хадгалж ирсэн.
Би нэг гоё үг хэлчихээд Одончимэд хэлсэн гээд тараах юм бол цаашаа нэг их явахгүй. Равжаа хутагт ингэж хэлжээ гэвэл “Хутагт тэгж хэлж” гээд бүх хүн хүлээж авна. Ардын ухаанаа бичиг соёлгүй үед нэг хүн дээрээ төвлөрүүлж, хадгалж хөгжүүлж ирсэн, хойт дүр нь төрөхөд тэр хүн цааш үргэлжүүлээд явж байсан, энэ бол ардын асар том ухаан. Монголчуудын, говьчуудын ухаан ийм. Доктор Л.Хүрэлбаатар маань хэлдэг байсан юм, “Та нар бүх юмаа Равжаа хутагтдаа тохож байдаг. Говийн том ат шигээ санаж явдаг.Равжаагаас чинь өөр хүн байдаггүй юм уу” гэдэгсэн.
-Нээрэн ингэхэд Равжаа хутагтаас өөр нэрэн дээр нь говийнхны ухаан патентлагдсан суут хүмүүс байна уу?
– Хуульч Сандаг байна. Мөн адил говийнхны мэргэн цэцэн үгийг түүнийг хэлсэн гээд явна.
Анги Шагдар гэж мундаг заргач хүн байсан. 400 мянган мөрт шүлэг бичиж, Богд хааныг “Сохор Тангад” гэж хэлж байсан хүн шүү дээ.
Богд дуудаад “Чи намайг сохор тангад гэж хэлж байна уу” гэхэд өөдөөс нь “Би ч тэгж хэлээгүй ээ, зүгээр. Гэхдээ миний амнаас гарвал гарахаар л үг байна” гэж байсан гэдэг. Тийм заргач, хэл үг хурц нэгэн байж. Ийм хүмүүстээ ухаанаа шингээж, тэдэндээ Хуульч Сандаг, Анги Шагдар гэхчлэн нэр өгч алдаршуулж ирсэн байгаа юм.
Суманд ч гэсэн ийм хүмүүс байдаг. Тэр хүнд бүх зүйлээ шингээж ярина. Би нэг нэр өгчихөөд тэр хэллээ л гэнэ. Нөгөө хүн бол баталгаатай нэр өгөхөөр бараг тийм эрхийг эдэлдэг. Өөр хүн бусдад хоч өгвөл чи намайг хочилдог хэн бэ гэж уурлах жишээтэй. “Батсүх тэгж хэлж байна лээ” гэхэд дуугүй л өнгөрнө. Ийм л юм даа, говийнхны амьдрал.
-Манай сумынхан, говийнхон намайг шооч болгосон гэсэн ярианаас би таныг бага ч болтугай ойлгож байна. Тийм учраас л та УИХ-ын гишүүн байхдаа нөхдөө шоглож, ном хүртэл гаргаж байж. Нэр хоч өглөө гэж эмзэглэх хүн таарч байв уу?
-“Нэг ангийнхан” номоо 2004 онд анх бичсэн. Тэр ном хүмүүст их хүрсэн. Мэдээж хүнд сайн, муу тал бий. Гэхдээ дөрвөн жил тохой нийлүүлсэн нөхдөө яалаа гэж муу муухай талаас нь олигархи, авлигачин гэж бичих вэ.
Олон түмэнд хүртээлтэй, хүнд хүрэх, хүлээн зөвшөөрөгдөх чанаруудыг нь түүгээд биччихэж байгаа учраас 800 ширхэг хэвлэсэн номыг маань булаацалдаж аваад дууссан. Тэгэхээр нь 2008 онд хоёр дахь ботио гаргасан. Тэр мөн адил нутаг орныхон эрж сурдаг, гишүүд өөрсдөө ч авч л байдаг эрэлттэй ном болсон. Би мөнгө олъё гэж бодож бичээгүй ч аяндаа хүмүүс хошуурах болсон. Нөгөө талаас үзвэл орон нутагт тэр ном маань асар том сурталчилгаа болдог юм байна.
8-14 мөрд багтаагаад, Д.Лүндээжанцан гэхэд түүний хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх, өөрт нь байдаг зан чанаруудыг биччихэж байгаа болохоор тэр хүнийг хэн бэ гэдгийг танихгүй нь таних, мэдэхгүй нь мэдэж авах нэг ёсондоо танилцуулга болчихож байгаа юм.
Гэхдээ Лүндээ сайн хүн, сайхан хүн гээгүй. Бас тэр дотор худал юм нэг ч байхгүй. Уран зохиолын аргаар шог хэлбэрээр бичсэн болохоор хүнд амархан хүрдэг. Тиймээс гишүүд надтай маргаагүй. Одоогийн Их хурлаас ч намайг номоо бичээч гээд ярьдаг. Гэтэл одоогийн залуусыг би үнэндээ танихгүй. Хүний тухай тааж бичиж болохгүй. Бараг бүхэл бүтэн судалгаа хийж байж бичнэ шүү.
“Симба” Батаа л гэхэд Кино урлагийн дээд сургууль төгссөн гэдгийг нь монголчууд мэдэхгүй байхад би хэлж өгч байгаа байхгүй юу. Батаа чинь ийм хүн шүү, үнэг хөөж яваад онгоц осолдуулах бол үнэндээ киноны хүний л хийх ажил гээд шоглоод биччихсэн. Гэтэл хүмүүс тэрийг уншаад Батааг үзэн ядах биш харин ч өрөвдөөд, нээрэн энэ чинь киноны хүн байна шүү дээ, тэр л ажлаа хийж явж гэцгээсэн.
-Ингэхэд та Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “Задгай цагаан” гэж хэлснээс үүдэж “Супер Задгай” гэцгээх боллоо?
-Би “Задгай цагаан” гэчихсэн юм. Сэтгүүлчид өлгөж аваад “Супер задгай” гээд явж өгсөн байна лээ. Тэгсэн мань хүн иргэдтэй уулзахдаа “Намайг задгай гэж хэлсэн байна лээ. Одоо задгай яринаа хө гээд ярьж байна лээ. Гэхдээ би Н.Алтанхуягийг муу хүн гэж боддоггүй. Нэг талаас сэргэлэн, авхаалжтай хүн.
Тав, зургаан намаас нийлсэн эвслийн Засгийн газрыг авч явна гэдэг нэг юм байна шүү дээ, түүнд. Ардчилсан нам дотор ч егзөр нөхдүүд бий. Түүнээс гадна Н.Алтанхуягийн ярьж хэлж буй нь хуучин цагийн дарга нараас өөр. Ийм байна шүү дээ, энийг одоо яах вэ гэж хэлж чадна гэдэг мундаг эр зориг. Бүхнийг чадаж байгаа юм шиг ярих нь монголчуудад таалагдахгүй. Чадахгүйгээ хэлээд бүр чадахгүй юм гарч ирвэл за чадахгүй нь, би ерөөсөө болъё гэдгээ хэлбэл бүр ч амар шүү дээ.
– “ Хоржоонтой дурсамж”-д хэнээс эхлээд хэнийг хүртэл хэчнээн хүний намтар, түүх багтав?
-Нэг ангийнхнаас оруулах юм бол 300-400 хүний юм бий. Эхлээд би “Цэдэнбалаас цэвэрлэгчийг хүртэл” гэж бичсэн юм шүү. Дараа нь “Ерөнхийлөгчөөс ердийн ардыг хүртэл” гэж бичсэн. Тэгээд “Жолоочоос жолоодогчийг хүртэл” бичиж үзсэн. Жишээ нь, “Даргын жолооч бол төрийн албан хаагч мөн” гэсэн том өгүүллэг бий.
Би олон янзын ажил хийхдээ арваад жолоочтой таарчээ. Бүгдийг нь бичсэн. Одоо тэд маань ном хэзээ гарах вэ гээд байгаа. Гэгээн юм олонтой, гэхдээ бас шүүмжтэй ийм л ном байгаа юм. Хүнийг шүүмжлэхээр уурладаг бол үнэнийг нь хэлээд шоглочихоор уурлахгүй харин ч “Би нээрэн хөөний эр шүү” гэдгээ хүл э э н зөвшөөрөөд инээдэг. Хүнд хүрэх хамгийн дөт зам инээдэм, онигоо юм даа. Хүний сэтгэлийг нээх түлхүүр ч гэж болно.
-Ингэхэд та манай уншигчдад энэ жилийн хамгийн супер онигооноос хэлж өгөөч?
-Энэ жил утааны сэдэв голлож байх шив дээ.Манай шогчид хэдэн онигоо гаргасан байна лээ. Утаан дотор амьдардаг Улаанбаатарын хүн амыг гурав хуваана гэнэ . Салхивчаа хаачихаад сууж байдаг бид нэг хэсэгт нь орох юм. Нөгөө хэсэг нь утааны гадна амьдрагсад, хотоос гадагш байртай, ажилдаа ирсэн ч болно, ирэхгүй ч байж болно.
Эсвэл өвөл болохоор дулаан орон руу шувуу шиг нүүдэллээд явчихдаг хүмүүс байна. Гуравдугаар хэсэгт утааны доогуур амьдрагсад гэж байна. Утаа 1.5 метрээс дээш явдаг юм байна. Тэгэхээр 1.5 метрээс өндөргүй хүмүүс , тухайлбал Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд нар утааны доогуур гүйлдээд байдаг юм байна. Тийм учраас тэд утааг бууруулна гэж ярьдаг ч өөрсдөө утаагаар амьсгалдаггүй учраас ямар ч сонирхол байхгүй гэнэ. Утаа байхгүй болохоор бас цэвэр агаарын хордлого гэж болдог. Үүнийг уулчин Г.Өсөхбаяр Гималайн оройд гараад ухаан алдаж унасан гэж ярьснаас ойлгож болох юм.
Хөдөө явсан С.Оюун сайдад ч бас иймэрүү зүйл тохиолдсон тухай онигоо бий. Э.Бат-Үүл дарга өглөө бүхэн Энхтайваны гүүрээр ажилдаа ирдэг. Гэтэл үс нь харлаад байсанд гайхаад үзтэл утаанд будагдаад байсан байгаа юм. НИТХ-ын дарга Д.Баттулгын үс нь ургаад байсан гэсэн. Гэтэл утаа үс ургуулдаг гэж байна шүү дээ. Энэ мэт утаатай холбоотой онигоо байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нэг хэсэг утаатай тэмцэж байна гээд уул хадаар ч, утаан дундуур ч явсан. Эцэст нь би чадахгүй нь гээд Н.Алтанхуягт хүлээлгэж өгсөн. Юманд бууж өгдөггүй хүн юмсан утаанд харин буугаад өгчихлөө гэж би хувьдаа харж байна.
-Одоо шинэ жилтэй холбоотой дурсамжаасаа яривал уншигчдад маань сонин байх болов уу?
-Саяхан Д.Цоодол, Т.Галсан, П.Бадарч, гитартай дуулдаг, онигоо ч хөөрхөн ярьчихдаг Төмөрхуяг бид хэд уулзаад шинэ жилийн нэвтрүүлэгт “Анхны шинэ жил” гэсэн сэдвээр ярих боллоо. Би хүүхэд байхдаа шинэ жилд орох гэж байтал гэрээс унаа ирж баярын концертыг хаяад тэмээгээр харилаа. Гэтэл хичээл цуглаад иртэл алиалагч намайг дурандсан сурагтай.
Мандалцогтын тийшээ цагаан тоос босоод байна, юу вэ гэтэл хоёрдугаар ангийн Одончимэд оргоод явж байгаа нь тэр” гэсэн байгаа юм. Дараа нь арван жилд очоод би алиалагч болсон. Зохиолч Ж.Лхагва бид хоёр алиалсан юм. Лхагваа марзан хавтгай нэртэй, би марзан шовгор нэртэй гурван жил алиалагч хийсэн түүхээ ярилаа. Дараа нь Д.Цоодол ярьсан чинь өндөр гээд тэр үү, том биетэй болохоор юм уу, намайг Бүрэн сумын шинэ жилд алиалагч Гозоонжав болгосон. Тэгээд 2-3 жил Гозоонжавт тоглосон.
Тэгж байхдаа нэг өвгөнийг дурандаад, үхсэн малаараа хороо барьсан гэчихсэн чинь тэр нь хамаатан байж таараад зун нь тэднийд очоод өчнөөн загнуулсан гэж хуучиллаа. Гэтэл Т.Галсан хүүхэд байхдаа гурван үүрэгтэй шинэ жилд орсон гэнэ. Эхлээд морь болж, дараа нь шүлэг уншиж, сүүлд нь алиалагч болсон гэсэн.
Гитартай дуулдаг Төмөрхуяг маань алиалагч болсон чинь дурандуулахаар гаргаж өгсөн хүний нэрэн дотор өөийнх нь нэр байсан гэнэ. Тэгээд дурангаа буруу харуулж бариад “Хөөх хоёрдугаар ангийн Төмөрхуяг хоолойноосоо хоёрын тоо зүүчихсэн явж байна” гээд дурандсан гэж байгаа.
П.Бадарч харин алиалагч болоогүй юм шиг билээ. Тэр нөхөр ч ер нь гурван сургуулиас хөөгдсөн хулигаан Бадарч нэртэй л дээ, тэгэхээр сургуульд суусан ч юм уу, үгүй ч юм уу. Сайн судалвал шог зохиолчид ер нь бүгд алиалагч болж явсан түүх бий дэг шүү.
-Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Ярих сэдэв, яримаар зүйлүүд ч зөндөө үлдэж байна. Ирж буй шинэ онд дахин уулзахын ерөөл тавиад танд уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа. 2013 оны шилдэг сонин болсон танай хамт олон, нийт уншигчдад чинь шинэ оны мэнд дэвшүүлье. Та бүхэн баяраа сайхан тэмдэглээрэй.
Ч.Үл-Олдох