Хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэн Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын XI дэх удаагийн уралдаанд тэргүүлжээ.
Тодруулбал, ОХУ-ын Хөгжмийн зохиолчдын эвлэл, Олон улсын “Сольвейг” хөгжмийн төвтэй хамтран Москва хотын Хөгжмийн зохиолчдын эвлэл, ОХУ-ын Бүх Холбоотын зохиогчийн эрх эзэмшигчдийг дэмжих үндэсний сан, “Их Петр хаан” соёлын инновацийн үндэсний сан, Бүх Оросын хэвлэл мэдээллийн номын сангийн Борис Таракановын хөгжмийн архив, “Нинжин сэтгэлийн урлаг” сангийн дэмжлэг дор Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон Улсын уралдааныг 11 дэх жилдээ зохион байгууллаа. Уралдааныг хөгжмийн зохиолчдын дунд өнгөрсөн зунаас эхлэн хоёр шаттайгаар явуулж, уржигдар /2024.11.09/ дүнгээ нэгтгэлээ.
Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын хөгжмийн зохиолчдын XI дэх удаагийн уралдааны ерөнхийлөгчөөр Максим Дунаевский, ерөнхий шүүгчээр орчин цагийн Оросын алдарт хөгжмийн зохиолчид болох Москвагийн хөгжмийн зохиолчдын эвлэлийн тэргүүн, ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Сергей Жуков, нэрт хөгжмийн зохиолч, П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн консерваторийн хөгжмийн багш Юрий Каспаров, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, ОХУ-ын хөгжмийн зохиолчдын эвлэлийн гишүүн Артём Ананьев зэрэг сонгодог хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтнүүд ажиллажээ.
Тэгвэл уралдааны танхимын дууны бүтээл /Камерные вокальные сочинения/ төрөлд тунаад байсан ОХУ, Беларусь, АНУ, Монгол Улсын хөгжмийн зохиолчдын бүтээлээс ОХУ-ын Гнесиныхны нэрэмжит Хөгжмийн Академид суралцаж буй хөгжмийн зохиолч, мэргэжлийн багш Ш.Сугарцэрэнгийн “Эрдэнийн гэгээтэй хаалга” нэрт мэргэжлийн дуурийн дууны бүтээл тэргүүн байрт шалгарсан байсан.
Монголын хөгжмийн зохиолчийн энэхүү бүтээлийг Дмитрий Шостакович, Арам Хачатурян, Леонид Коган гэх мэт ОХУ-ын үе үеийн шилмэл хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээ өлгийдөн, анх удаа эгшиглүүлж байсан Оросын хөгжмийн зохиолчдын ордны алтан тайзнаа энэ сарын 16-ны өдөр болох Олон улсын хөгжмийн зохиолчдын уралдааны хаалтын гала тоглолт, шагналтнуудыг алдаршуулах ёслолын үеэр эгшиглүүлэхээр болжээ.
Сонирхуулахад, Ш.Сугарцэрэн нь 2009-2014 онд “Их Монгол” дээд сургуулийн дуурийн дуулаачийн ангийг төгсөж, улмаар 2014-2019 онд Монгол Улсын Консерваторийн хөгжмийн зохиомжийн анги, 2018 оноос эхлэн Улсын филармонын Урын сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр гуравдахь жилдээ суралцаж буй юм. Тэрбээр 2017 онд “Морин хуур” оны шилдэг уран бүтээл шалгаруулах 30 дахь удаагийн улсын уралдаанд дэд байр, 2018 онд “Н.Жанцанноров сан”-гийн санаачлагаар, хөгжмийн зохиолч оюутнуудын дунд зохион байгуулсан шинэ бүтээлийн уралдаанд тэргүүн байр эзэлж байв. Түүнчпэн 2019 онд “Мөнгөн өвөл” фестивальд “Ширэгэлэг” бүтээлээ Монгол Улсын консерваторын симфони найрал хөгжим, оюутны найрал дуучидтай хамтран, удирдан тоглуулж, 2020 онд хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан намар” хөгжмийн наадамд “Сэтгэлийн гүнд” хуучир симфони найрал хөгжимд зориулсан бүтээл, Төрийн шагналт Ц.Чинзоригийн “Дээд хэмжээ” УСК-ны хөгжмөөр гурван ангит чуулбар, С.Нарангэрэлийн “Хурсар” зөгнөлт романаас сэдэвлэсэн дөрвөн ангит чуулбар зэрэг бүтээлүүдээр амжилттай оролцож байлаа.