"Түвд улсын тэнгэрлиг их хаан Соронзонгомбын 33 дугаар үеийн гүнж. Аа нэр нь Дулмаа. Хойд зүгийн Хор Монголын эрийн сайн Арслан танаа золгохын түмэн баярыг хүргэхээр иржээ" гэж элчийг уянгалуулан хэлэхэд Дулмаа гүнж алаг нүдээ эргэлдүүлэн мишээж, Арслан тайж харцаа салгаж чадахгүй талимаардаг агшин "Цогт тайж" киноны сэтгэлд үлдсэн кадрын нэг. Бидний энэ удаа өнжсөн айл Түвдийн гүнжийн дүрийг бүтээсэн Л.Цогзолмаа гуайнх.
Төрийн соёрхолт, Ардын жүжигчин энэ эрхмийн том охин нь мөн л Төрийн соёрхолт, Ардын жүжигчин. Мандухай цэцэн хатны дүрийг бүтээсэн Н.Сувд. Цогзолмаа гуайн нөхөр нь "Үнэн" сонины эрхлэгчээр 23 жил ажилласан Ц.Намсрай агсан. Мөн л Төрийн соёрхол хүртсэн номын хүн. Аав, ээж, охин гурвуулаа төрийн соёрхол хүртсэн Монголын ганц гэр бүл.
Л.Цогзолмаа гуай Чингис зочид буудлын өөдөөс харсан таван давхар саарал байранд дөрвөн өрөө сууцанд амьдардаг юм байна. Болзсон цагтаа хаалгыг нь тогшвол "Аа нөгөө сонины хүүхдүүд үү" гэсээр угтав. Зочны өрөөндөө урьж чихэр, жимс, цай цүй боллоо. Зочны өрөө, гал тогоо хоёроо сүүлийн үеийн байрууд шиг нэгтгэж янзалжээ. Төгөлдөр хуур, Цогзолмаа гуайн залуу цагийн хөрөг, саарал буйдан, мебель ширээ, сувинер өрсөн ханын шүүгээтэй энэ өрөөнд бид ихэнх цагаа өнгөрөөсөн.
Мэдээж ярианы эхлэл "Цогт тайж" кино байлаа. Дулмаа гүнжийн дүрийг бүтээхдээ Цогзолмаа гуай хорин настай байж. Анх энэ дүрийг Ө.Рэнцэнноров гуай амилуулах байсан ч амаржих дөхсөн учраас Цогзолмаа гуайг тоглуулж байжээ. "Би тэр үед чинь хөгжимчин. Театрт дөнгөж орчихоод байсан үе. Кино гэдэг чинь их сайхан. Залуу насыг аваад үлдчихэж байгаа юм. Дулмаагийн дүр надад буянаа өгсөн" гэж байна. "Түвдийн гүнж кинон дээр нэлээд задгай хувцасладаг. Тэр үед чинь задгай хувцаслах нь байтугай юмыг хориод сүйд болдог байсан гэж хууччуул ярьдаг. Гаргахгүй гэж хориогүй хэрэг үү" гэж лавлахад "Өө ёстой тийм юм болоогүй. Өнөөдрийнхөөр яривал Дулмаа чинь явдалтай хүүхэн шүү дээ. Кино хийж байсан улс маань "Ганц Арслангийн ч биш олон амьтны толгойг эргүүлэхээр хүүхэн" гэж ирээд ярина. Тэр талыг нь тод гаргая гэж бодсон байх. Бодвол тэр нүцгэн мүцгэнийг нь зураач Гаваа, Чүлтэм, Ядамсүрэн энэ хэд л эскиз энэ тэр хийгээд гаргасан болов уу. Кино зураг авалт хийхэд байсан хөгшчүүл харин их дургүйлхсэн. Өмнө нь дээл өмсчихөөд гүйж байснаа дараа нь нүцгэлээд явахаар эвгүйрхсэн шиг байгаа юм. Дурамжхан байгаа нь харцнаас нь ил байсан шүү" гэж дурсав.
"Цогт тайж" киноны найруулагч нь Юрий Тарич. Монгол талаас Лувсанжамц гуай ажиллажээ. Кино хийж байх үед Б.Ринчен гуай ирээд хараад суучихдаг байсан гэнэ. Зохиолыг нь бичсэн гэдэг утгаараа найруулагчидтай санаа оноогоо их хуваалцдаг байж. Цогзолмаа гуай цайгаа оочлонгоо "Шороотын Цэвээнийг гэхэд Ленинградтай хамтарч хийсэн. Манайхны яг эндээ хийсэн анхны кино бол "Цогт тайж". Орос хүн найруулсан гэхэд их сайхан кино. Ринчен гуай зөвлөгөө өгдөг байсан учраас тийм сайн болсон болов уу. Цагааны Цэгмид гуай их мундаг хүн. Түргэн шалмаг гэж жигтэйхэн. Тайз руу харайгаад гарчихна. Ер нь тэр киног бүтээсэн хүмүүс дандаа мундагчуул. Би хамгийн жаахан нь байлаа" гэж яриагаа үргэлжлүүлэв. "Арслан тайж таны өгсөн архийг амнаас чинь ууна гэж зөрүүдэлдэг хэсэг байдаг даа. Хамгийн жаахан нь, хамгийн мундаг жүжигчинтэй тийм зураг авалт хийхэд бэрх байсан биз" гэж сонирхоход инээд алдсанаа "Хэцүү хэцүү. Тийм мундаг хүнийг чинь Цэрэндэндэв гуай гэж хүндлээд жигтэйхэн байлгүй яахав. Хундагатай архи бариад Арслан тайж руу явах гэхээр өвдөг чичрээд явж өгөхгүй. "Цэрэндэндэв гуай" гээд хоолой чичрэх бол энүүхэнд. Тэгэхээр нөгөөдүүл чинь намайг шоолоод сүйд болно. Сүүлдээ ч Цэрэндэндэв ээ болоод дууссан. Цэрэндэндэв гуай том жүжигчин болохоор чирээд аваад гарсан даа" гэж хэллээ. Гүнжийн дүрийг бүтээсний дараа захианд ёстой л дарагдсан гэнэ. "Их л гоё үгтэй, сэтгэлээ илэрхийлсэн захидлууд ирж байсан. Хариу бичиж байгаагүй ээ" гэж байна. "Сайхан бүсгүйд сэтгэл алдрах харчууд зөндөө л байсан байх. Алдартай яруу найрагчид гэхэд л танд сэтгэл алдарч явснаа дурссан байдаг" гэхэд "Захиа занаа бол их ирдэг байсан" гэхээс өөр үг унагасангүй.
Зочны өрөөнд өрнөсөн бидний яриа төрж өссөн нутаг ус, бага залуу насны сонин содон дурсамжуудаар үргэлжлэв. Цогзолмаа гуайн төрсөн нутаг нь Төв аймгийн Угтаал сум, өссөн газар нь Төв аймгийн Сэргэлэн сум аж. "Ээж минь намайг төрүүлээд өөд болсон гэдэг. Сайхан эмэгтэй байсан гэж хүмүүс ярьдаг юм. Тэр үед Лувсанжамц гэж Угтаалд отроор явж байсан айлд намайг өгсөн юм билээ. Тэгээд л өргөж авсан аавынхаа нутаг Сэргэлэн суманд өссөн хэрэг. Төв аймгийн ойгоор төрсөн сумандаа очиж байлаа. Их гоё байгальтай, сайхан газар байна лээ. Ирэх онд Угтаал сумын 90 жил болно. Би чинь 1924 оны хүн, ирэх онд бас 90 хүрнэ. Төрсөн сумтайгаа чацуу хүн шүү дээ" гэж ярив. Өргөмөл эгчийнхээ гар дээр өссөн охин бүр багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан гэнэ. Эгчийнх нь нөхөр цэргийн хүн болохоор цэргийн алхаагаар алхаж байгаад л дуулж гардаг байж. Дуулах авьяастай охиныг хоёрдугаар анги төгсөнгүүт нь тэр үеийн залуучуудын театрт дагалдан жүжигчнээр оруулчихаж. Ингээд л 14-тэй охин соёлын ордонд мандалин хөгжим дарж орос дуу дуулж эхэлжээ. Дуулахаас гадна бүжиглэдэг байж. "Тэр үед дагалдан жүжигчин 40 төгрөгийн цалин авна. 1938 оны үед 40 төгрөг чинь их мөнгө. Эгчийн маань нөхөр хэлмэгдүүлэлтээр баривчлагдсан үе. Тэр мөнгөөр эгчийгээ тэжээдэг байлаа. Эгчийн нөхрийг яамныхан шууд баривчлаад явсан юм" гэж хэлээд санаа алдав. Хэлмэгдүүлэлтийн үед хүрээнд ямархуу уур амьсгалтай байсныг сонирхоход "Хүүхэд байсан болохоор нарийн ширийнийг нь мэдэхгүй. Гэхдээ л хэцүү байсан санагддаг. Шөнөдөө хэдийг ч барьдаг байсан юм. Өглөө нь хүүхнүүд тэр, тэрийг бариад явжээ гэж өөр зуураа ярина" гэж хууч хөөрөв.
"Дөчөөд оны үед хүрээнд хятадууд их байсан гэл үү" гэж сониучирхахад "Их байсан шүү. Хятадтай суугаагүй эмэгтэй гэж ховор байсан. Гуч, дөчөөд оны олон сайхан хүүхэн хятадтай суусан байх. Ямартаа л "дагуулж явахад дарга сайхан дарлаж суухад данжаад сайхан" гэдэг үг гарах вэ дээ" гэж байна.
Аль дөчөөд онд Мөрдорж, Намхайцэрэн, Гончигсумлаа гээд мундагчуул Монголд жааз тоглож байсан түүх бий. Жааз тоглож байсан алдартай эрхмүүдийн нэг нь Цогзолмаа гуай. Саксафон тоглож явсан тэр үеийг нь баахан яриулав. 1940 онд цирк байгуулагдахад л манайхан жааз тоглож эхэлжээ. Цогзолмаа гуай зургийн цомгоосоо тэр үеийнхээ зургийг харж сууснаа "Гончигсумлаа бид хоёр оросоор дуулна. Сүүлд тэрийг нь дурсахаар мань хүн ичнэ гэж жигтэйхэн. Намхайцэрэн гуай хийл дарна, бас дуулна. Багаасаа Германд сурсан болохоор хийл их гоё дарна. Их чадалтай жааз байсан юм. Дандаа цэргээс ирсэн хөгжимчид. Гаднаас цөөхөн улс байсан" гэж дурсамж сөхөв.
Л.Цогзолмаа гуай 1944 оноос театрт дуучнаар иржээ. "Тэр үед ямар дуу дуулдаг байв" гэж асуухад "Одооных шиг янаг амраг дуулахгүй. Урагшаа, давшицгаа гээд л эх оронч дуунууд дуулаад байх нь тэр. Ёстой л улаан хувьсгалч үе байсан даа. Хуурамч юмгүй, нарийн нюансгүй, жаахан бүдүүлэг гэмээр. Үүнээс цааш үнэн байхгүй гэсэн хүмүүс. Сайхан талаас нь хэлбэл муу санаа суугаагүй, элдэв гаднын нөлөөгүй, хөдөлмөрч давшингуй, үнэнч үе гэмээр юм уу " гэж байна. Театрт арван жил дуулаад их сургуульд найруулагчаар сурч дуу бүжгийн чуулгад найруулагч, уран сайханчаар ажилласан гэнэ. Тэндээ долоо, найман жил концерт найруулаад Соёлын яаманд соёл, уран сайхан хариуцсан ажилд оржээ. Яаманд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан гэнэ. Ардын жүжигчин маань одоо "Эртний сайхан" хамтлагийн гишүүн. Хааяа хамтлагийнхантайгаа уулзаж хуучнаа дурсацгаадаг аж. "Эртний сайхан" хамтлаг Бадраа гуайн санаачилгаар байгуулагдсанаасаа хойш тав, зургаан концерт тавьжээ. Дулаан орохоор дахиад нэг концерт тавих юм байна.
Цогзолмаа гуай ертэй гэхэд яриа хөөрөө сайхан, хөнгөн шингэн гэж жигтэйхэн юм. "Урт насалж, гоё байгаагийн нууц нь юундаа байна аа. Хоол ундандаа байна уу" гэхэд "Хоол ундан дээр нэг их дэг барихгүй шүү. Над шиг өөхтэй мах иддэг хүн байхгүй. Өөхтэй мах л гэнэ шүү дээ. Болохгүй юм болгоныг л идэж байна. Өрмөнд их дуртай. Урлагийн гэгээлэг гоё орчинд ажиллаж амьдарч байгаа болохоор тэр юм болов уу. Сэтгэлтэй л холбож тайлбарлах байх даа. Нойронд сайн маань ч нөлөөлдөг байх шүү. Арав хүртэл нам унтдаг, нойр хүрэхгүй гэх зовлон байхгүй" гэж байна.
Сансарт байх энэ байрандаа тавиад онд нүүж иржээ. Өмнө нь их сургуулийн арын 23 айлын сууцанд амьдардаг байсан гэнэ. Эхлээд 40 мянгатын хавьцаа гэрт амьдарч байж. Одоо энэ байрандаа бага охиныхтойгоо амьдардаг юм байна. Бага охин нь кино шүүмжлэгч, кино судлаач гэнэ. Охин, хүргэн хоёр нь өдөртөө ажилтай болохоор өдрийг "алсын зайны удирдлага"-аа хийгээд гэртээ ганцаараа өнгөрөөдөг юм байна. Гэр бүлийнхэндээ утсаар зааж, зааварлаж, зөвлөгөө, сануулга өгдөг ажлаа "алсын зайны удирдлага" гээд нэрлэчихэж. Охин нь өдөр идэх хоолыг нь бэлдэж өгчихөөд ажилдаа явдаг гэнэ. Ээжийгээ гал тогоонд гар хүргүүлдэггүй аж.
Хамгийн том охин нь Ардын жүжигчин Н.Сувд гэдгийг уншигчид андахгүй. Дараагийн охин нь Шүр. Гурав дахь охин нь хөгжим судлаач гэнэ. Ганц хүү нь Ганхуяг. "Ганхуяг маань олон улсын харилцаа төгсөөд л гитар бариад гүйчихсэн. Урлагийн гэр бүлд төрсөн хүмүүс чинь тэгдэг юм байна л даа. Сувдыгаа уг нь өөр мэргэжлээр сургая гэж байсан юм. Өвгөн бид хоёрыг хойшоо амралтанд явчихсан хойгуур өөрөө шалгалт өгөөд жүжигчний ангид орчихсон байсан" гэж ярилаа.
Зочны өрөөний хананд өлгөсөн хөргийг Ардын зураач Чүлтэм гуай 1949 онд зуржээ. Ардын зураач Намхайцэрэн гуай ч хөргийг нь зурж байж. Зочны өрөөний хоймор хэсэгт байрлуулсан төгөлдөр хууран дээр Л.Цогзолмаа гуайн хань Намсрай, нэг настай эмэгтэйн зургийг зэрэгцүүлж залжээ. "Миний хоёр бурханы зураг байгаа юм аа. Өвгөний хажуугийн зураг нь миний ханийн төрсөн эгчийн зураг. Хүүхдүүдийг минь, зээ нарыг минь өсгөсөн буянтай буурал даа. Төөрч төрсөн ээж минь гэмээр ачтай сайхан буурал. Эмэгтэй хүнд сайн хань гэдэг эхийн оронд эх, эцгийн оронд эцэг болдог юм билээ. Миний өвгөн их нуруутай, сайхан хүн байсан" гэж ярив.
Намсрай гуай, Цогзолмаа гуай хоёр Улаанбаатарт хуримаа хийсэн анхны хос гэнэ. 1946 оны шинэ жилээр хуримлажээ. Одоогийн 40 мянгатын хавьд гэр хороолол байхад тэнд эсгий гэрт хуримаа хийж байж. Хуриманд нь Ю.Цэдэнбал дарга хүртэл ирж байжээ. "Тэр үед манайд ирсэн зочид өрхийг минь бүтээж, хаалгыг минь хаагаад гаднаас сүхээр ивээд явж байлаа шүү дээ" гэж хуучлахад харцанд нь инээмсэглэл тодорно. Тэр үеийн удирдагчдыг "Цэдэнбал гуай их энгийн хүн байсан. Урлагийнхныг сүрхий дэмжинэ. Чойбалсан гуай бас урлагт хайртай. Урлагийнхныг цуглуулаад яриа хөөрөө өрнүүлнэ. Театрт гоё материал явуулна" гэж дурсав. "Чойбалсанг төр барьж байхад цагаан сар хийхийг хориглодог байсан. Тэр үед цагаан сараа нууцаар тэмдэглэдэг байсан уу" гэж асуухад "Идээ будаагаа засалгүй яахав. Гэхдээ шинэлж сүйд болдоггүй байсан. Цагаан сарын үеэр намын хурал зарлачихаар ямар ч боломж гарахгүй. Нэг хэсэг тэгж байгаад больсон л доо" гэж байна. Маршалыг өнгөрөхөд цагаан сар болж байж. Монголчууд идээ будаагаа хураагаад гашуудал зарлаж байсан гэнэ. Маршалтай салах ёс гүйцэтгэх гэсэн хүмүүс Засгийн ордны гадна хоёр, гурван өдөр дугаарлаж байжээ.
"Бал даргын эхнэрийг аашаараа зартай байсан гэж ярьдаг. Та ойр байсан хүмүүсийнх нь нэг. Ер нь Филатова ямархуу хүн байсан бэ" гэж сонирхоход "Филатова муу хүн байгаагүй. Монголын төлөө л амьтанд ад үзэгдэж байсан эмэгтэй. Шударга, зарчимч шаардлага өндөртэй хүн байсан юм. Монголыг сайхан байлгах гэж л хүнтэй муудалцдаг байсан. Бал даргад "Та нар хүүхдүүдээ харж үзэж анхаарахгүй байна" гээд уйлж байсныг нь санаж байна" хэмээн ярилаа.
Зочны өрөөний ханын шүүгээнд "Зууны манлай сайхан эмэгтэй", "Цогт тайж-Зууны манлай монгол кино", "Гэгээн муза-2008"-ын хүндэт муза" зэрэг өргөмжлөл, цом өржээ. "Медаль, баярын бичиг, цом гээд яривал зөндөө юм бий. Бүгдийг нь далд хийчихсэн" гэж тайлбарлав.
Цогзолмаа гуай өдөртөө хааяа зурагт үздэг, зав л гарвал юм уншдаг гэнэ. Өрөөнд нь ороход толины өмнө өрсөн гоёл чимэглэлийн хайрцаг содон харагдав. "Таны гоёлыг сонирхож болох уу" гэхэд "Би ч алт мөнгө хэрэглэдэг хүн биш дээ. Энэ хайрцагнуудад хэдэн муусайн юмаа хийчихдэг юм" гэж байна. Гоёл чимэглэлийн хайрцгаа сонирхуулах үед нь манай зурагчин зураг авахад "Манай найзууд энэ зургийг харвал шоолох байх даа. Цооцоо хэзээдээ ийм гоёл чимэглэгсэг болчихов гээд инээлдэнэ шүү, цаадуул чинь" гэж хэлээд мушилзав.
Ардын жүжигчний өрөөний хойморын шүүгээн дээр анхаарахгүй өнгөрөх аргагүй нэг зүйл байнаа. "Цогт тайж"-ийн Түвдийн Дулмаа гүнжийн зурагнаас эхлээд "Учиртай гурав"-ын Нансалмаад тоглож байгаа агшин, Жавхарлал Неругийн охин Гандитай уулзаж байгаа үе, хоёрдугаар их наадамд оролцсон өдрүүд гээд амьдралынх нь чухал гэсэн агшнуудыг нэгтгэж угаалгасан томоо гэгчийн жаазалсан зураг. "Монгол кино" үйлдвэрийнхэн бэлэглэжээ. Өрөөний хананд Далай лам, Цагаан дарь эхийн хөргийг залжээ. Л.Цогзолмаа гуайн өрөөний нандин хогшлын нэг нь хуучны авдар. Шаргал төмрөөр бүрж тоноглосон улаан хүрэн өнгийн энэ авдар анх гэр бүл болохдоо гэрээ гоёсон тавилга гэнэ. "Өвгөн бид хоёрын үндсэн хөрөнгө. Дотор нь нөгөө өргөмжлөл, янз бүрийн юмнууд маань бий" гээд хөгжилтэй гэгч нь инээв. Гоёл чимэглэл өрсөн толиных нь өмнөөс үнэртэн, оо энгэсэг олж харсангүй. "Та их ануухан сайхан харагдаж байна. Гоо сайхандаа хэр анхаардаг вэ" гэсэн чинь "сормуусаа нэг ч будаж үзээгүй" гэж байна. "Би чинь гоо сайхандаа тэгж сүйд болж анхаардаггүй. Бүдүүлэг талдаа хүн. Хуучин цагт бид чинь пудр олдохгүй шүдний оогоор нүүрээ буддаг байлаа. Энгийн өдрүүдэд бараг буддаггүй байсан. Ертөнцөөс юу заяасан тэрүүгээрээ л явна. Их л удаж уруулаа л буддаг байлаа. Оросын нэг тос байсан юм. Тэрийг түрхэнэ" гээд инээд алдав.
Бид эргээд зочны өрөөнд оров. Цогзолмаа гуай зургийн цомгоо сонирхуулах зуураа Жавхарлал Неру, Хо Ши Минь, Мао Зэ Дун гээд тэр үеийн дэлхийн мундаг удирдагчидтай уулзаж явснаа дурсав. Намсрай гуайн Ю.Цэдэнбалаас эхлээд тэр үеийн томчуудтай элдэв арга хэмжээн дээр татуулсан зураг их юм. Л.Цогзолмаа гуай зургийн цомог эргүүлэнгээ "Өвгөн маань Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч байсан болохоор их олон орноор явдаг байлаа. Ирэх болгондоо бэлэг авчирна. Хувцасны сонголт их сайтай. Ямар сайндаа манай найзууд Намсрай байхгүй бол чи нүцгэн гүйх байх шүү гэдэг байлаа. Эндээс бараг хувцас авдаггүй байсан шүү. Тэр үед хүмүүс жүжигчдийг их сонирхож харна. Улаанбаатарын хүн ч цөөн байж. Одоо бол олны танил хүмүүсийг тэр үеийнх шиг сонжиж, шохоорхож харахаа больжээ. Манай хүн чинь орой, үдэшгүй бичээд сууна. "Үнэн" чинь тэр үед хүн бүрийн уншдаг мундаг сонин байлаа. Хүмүүсээ ажиллуулж чаддаг хүн байсан" гэж ханиа дурсана. "Миний өвгөн урлагийн хүмүүсийг гайхалтай ойлгоно. Хүргэндээ хүртэл урлагийн хүний мэргэжил нь онцлогтой шүү гэж захидаг хүн байсан юм" хэмээн намуухан ярих Ардын жүжигчин ханийнхаа зургуудыг харж хэсэг суув. Зургийн цомгонд нь оросуудтай авахуулсан зураг олон харагдав. "Надад орос найз их байсан. Ерээд онд оросуудыг хүчээр гаргахад муухай санагдаж байсан. Тийм хуншгүй байж яаж болох вэ дээ. Манайхаас гарсан оросууд Иркутск, Улаан-Үүдийн тэнд майханд хоноглож байсан гэсэн. Гаргаж болно л доо. Гэхдээ хүний ёсоор гаргах ёстой байсан гэж боддог. Оросуудыг муу хэлэх арга байхгүй. Үнэн голоосоо юм сургая гэсэн улс байсан. Манайхан жаахан соёлтой болсон нь оросуудын л ач. Муу хэлэх эрх байхгүй. Нүгэл болно" гэж гунигтай яриа дэлгэв.
Энэ үед утас дуугарав. Л.Цогзолмаа гуай утсаа авахаар нөгөө өрөө рүүгээ орлоо. Охин нь ярьжээ. "Маам нь… " гэж ирээд арван минут хэртэй ярив. Эдний хүүхдүүд ээжийгээ маам гэж дууддаг юм билээ. Намсрай гуайг паап гэж дууддаг байж. Цогзолмаа гуай охинтойгоо ярьж дуусаад "Утсанд ойртсоных зээ рүүгээ нэг яриадахъя байз" гээд утасныхаа товчлуурыг яаралгүйхэн дарж эхлэв. Зээгээсээ дулаахан хувцасласан эсэхийг асууж байна. Гадаа хүйтэн болохоор санаа нь зовсон бололтой. Баахан зөвлөгөө өгснөө утсаа тавиад "Ингээд л алсын удирдлагын ажлаа хийгээд байна шүү дээ. Хүүхдүүдэд хэлж ярьж байхгүй бол болохгүй юм аа. Зарим эмээ нар амины зээ, ач гэж ирээд ярьдаг. Надад бол ялгаагүй, бүгдэд нь л амь. Өдөржин ганцаараа байдаг гэхээр зарим хүмүүс уйддаг гэж боддог шиг байгаа юм. Зарим өдөр эдэнтэйгээ яриад юм бодох ч зав гарахгүй шүү" гэж хэлээд инээмсэглэв. Ач, зээ нартайгаа ярих нь эмээгийн нэг өдрийн хөгжилтэй мөчүүд яах аргагүй мөн гэдэг нь харцнаас нь илт. Саяхан л гуниг тодорч байсан харц нь хайраар гэрэлтэнэ.
Яриагаа зургийн цомог сонирхонгоо үргэлжлүүлэв. Л.Цогзолмаа гуай залуудаа голдуу европ хувцсаар гоёдог байжээ. "Та ч их ганган байжээ" гэхэд "Дээр үед орос хувцас их өмсдөг байлаа. Одоо жин нэмээд дээл голдуу өмсдөг болж дээ. Залуу байхдаа орос сэтгүүл харж хүүхнүүдийг нь дуурайж хувцаслана аа. Нэг их дөрвөлжин мөртэй генерал шиг хувцас өмсдөг байснаа тод санаж байна" гэж ярив.
"Тэр үед чинь хүүхдээ төрүүлээд 45 хоноод ажилдаа ордог байсан байх аа" гэтэл "Өө урлагийн бидэнд тийм юм байгаагүй. Хүүхдээ төрүүлээд арав гаруй хоноод л ажилдаа орно. Ханийн маань эгч л хүүхдүүдийг минь хараад үлддэг байсан даа. Урлагийнхан шар ижий гээд андахгүй. Орны хүн байхгүй болохоор тэгж сандарч ордог байсан хэрэг. Шууд л тайзан дээр гараад дуулна шүү дээ" гэж байна. "Гам алдсан л юм байна даа" гэхэд "Гам алдсаан. Өдий хүртэл наслаад явж байгаа нь их юм гэж хааяа бодно шүү. Халаалт байхгүй хүйтэн тайзан дээр нимгэн хувцастай чичирч байгаад дуулна. Сувдыг зургаахан сартай байхад хоёрдугаар фестиваль боллоо. Тэр үед орос, унгараар дуулах хүн байхгүй гээд Сувдыгаа зургаахан сартай байхад хардаг эгчтэйгээ аваад гадагшаа явж байсан. Театрын ажил амар биш. Орой шөнө л тарна. Сувд, Шүр энэ тэр чинь театрын карманд л өссөн. Эгч маань хүүхдүүдийг минь нялх байхад театрт авчирна. Тэгээд л театрынхаа өрөөнд хөхүүлнэ. Орны хүн байхгүй болохоор тэгж ажиллахаас өөр арга байгаагүй л дээ. Хайдав, Пүрэвсүрэн энэ тэр чинь бүр сүүлд ирсэн" гэж ярив.
Л.Цогзолмаа гуай байсгээд л манай театр гэж дурсамж дэлгэнэ. "Бид чинь амарч чаддаггүй улс байсан. Амрахаар театрын хаалга зүүдэнд орж ирнэ. Үнэрийг нь үгүйлээд жигтэйхэн юм болно. Тайзан дээр гарахаар цаанаасаа огшоод ирнэ. Үнэрийнх нь сайхныг хэлэх юм биш. Одоо хааяа театртаа очиж юм үзнэ. Үзэхгүй байж чадахгүй" хэмээн хууч дэлгэсээр нэг л мэдэхэд алдартнуудын зургаар дүүрэн зургийн цомгоо үзээд дуусчээ.
Бидний яриа найзуудын сэдэв рүү орлоо. "Одоо ч найзууд маань бараг байхгүй болж байна даа. Эно (Рэнцэнноров) маань алга. Дашдулам маань бурхан болсон. Мядагдулам маань дэргэд байхгүй. Найзуудаа бодохоор гуниг төрнө өө. Эмэгтэй хүн чинь сэтгэл дотроо уудалж байж тайвширдаг шиг байгаа юм. Эно бид хоёр тийм дотно байсан. Дөчөөд онд Долгорсүрэн, Эно хоёр л театрыг авч явсан шүү дээ. Эно маань гайхалтай гоё нүдтэй. Тайзны нүүртэй хүн байсан даа. Дашдулам маань сайн гэрийн эзэгтэй, сайн ч уран бүтээлч. Уран бүтээлч хүн энэ хоёр чанарыг хоёуланг нь зэрэг авч явна гэдэг хэцүү. Амьдралдаа гоё ч тайзан дээр гоё байдаггүй хүн байхад амьдрал дээр онц биш ч тайзан дээр гялалздаг хүн ч бий. Ичинхорлоо гуай мундаг жүжигчин байсан. Эршүүд, түс тас зантай. Их зовлон үзсэн дээ" гэж хэлээд гүнзгий санаа алдав. "Ичинхорлоо гуайн дуулснаар "Гоолингоо"-г сонсохоор тэр гэхийн аргагүй гуниг мэдрэгддэг. Ядамсүрэн гуайн талаар их дурсдаг байсан уу" гэж асуухад "Ичинхорлоо гуай, Ядамсүрэн гуай хоёр хачин сайхан хос байсан. Ичинхорлоо гуай жаахан халахаараа Ядамсүрэнгээ ярина. Шанзаа тоглоод "Гоолингоо"-гоо аялж нулимс унагана. Аргагүй шүү дээ, их хайртай байхад нь бариад явчихсан юм чинь. Манжуурт хэлэлцээр хийгээд эргээд ирэхэд нь Алтанбулаг дээр угтаж аваад бариад явчихсан гэдэг. Яг баригдахынх нь өмнө хоёулаа дахан дотор тэврэлдээд суучихсан зураг байдаг юм. Тэр зургаа харуулаад Ядамсүрэнгээ ярина. Баригдаад явахдаа "За миний хүү харьж бай. Зовох хэрэггүй шүү. Хойноос чинь удахгүй очно" гэсэн гэдэг. Хамгийн сүүлийн үг нь тэр. Тэр үед урлагийн хэдэн бүсгүй нөхрөөсөө хагацсан. Дэнсмаа гуай нөхрөө баригдахад Засгийн газраас өршөөл гуйж орсон юм билээ. Зөвшөөрөхгүй гэсэн хариу сонсоод тэр өндөр шатаар өнхрөөд бууж байсан гэдэг. Хагацал гэдэг аймаар эд, хүсэх юм биш" гэж хэлээд хэсэг дуугаа хураав. Цогзолмаа гуай "Эртний сайхан"-ыхантайгаа нэлээд дотно байдаг гэнэ. Амины яриа дэлгэдэг найзууд нь хүүхдийн Долгор, Хоролсүрэн, Өлзий, Ардын дуучин Дулмаа гэнэ.
Улаанбаатарчууд анх хэзээнээс шинэ жил тэмдэглэж эхэлснийг сонирхоход жараад оноос гэж байна. Гэхдээ тэр үеийн мундаг сэхээтнүүд дөчөөд оноос ёолк хийдэг байж.
Л.Цогзолмаа гуай "Учиртай гурван толгой" дуурийн Нансалмаагийн дүрдээ хайртай гэнэ. "Миний Нансалмаа даруухан, үнэнч монгол эмэгтэй. Энэ талыг нь л тод гаргая гэж бодсон" хэмээн яриагаа үргэлжлүүлэв. 1944-1954 он хүртэл Нансалмаад тогложээ. Хэчнээн удаа тоглосноо тоолж үзсэн эсэхийг нь сонирхоход "Тоймгүй байхаа. Тэр үед чинь "Учиртай гурав" тоглохгүй өдөр гэж бараг байгаагүй" гэж хариулав. Цогзолмаа гуай "Манай аялгуу" киноны ихэнх дууг дуулжээ.
Тэр үед урлагийн тоглолт үзүүлэх гэж хөдөөгөөр их явдаг байж. Дөчөөд онд автобус гэж гараагүй болохоор ачааны машины хашлагатай тэвшний хоёр талаар хөлөө унжуулж суугаад гарч өгдөг байсан гэнэ. Машины тэвшин дээр өдөржин дуулж ядарсан хүмүүс орой нь очоод л үс гэзгээ янзлаад тайзан дээр гардаг байжээ. "Тэр үед чинь концерт тоглож олсон мөнгөө улсад тушаана. Төчнөөн төгрөг тушаа гэсэн нормтой. Төлөвлөгөөгөө биелүүлнэ гэсэн улаан хувьсгалчид байлаа шүү дээ. Ямар сайндаа концертын зар дээр заавал Цогзолмаа гэж бич гээд инээлдэнэ. Их хүн ирүүлэх гэж байгаа ухаан нь тэр. Дөчөөд онд чинь зочид буудал гэж байхгүй. Гал галаараа майханд хононо. Сумын төв дээр очиж байж л халуун усны бараа харна. Тэр үед концертоо сайн хийж байна уу, яаж байна гэдгийг хянах жижүүрийн найруулагч үргэлж дагана. Нөгөө хүн маань тоглолтын дараа рапорт бичнэ. Тийм л дэгтэй үе байлаа" гэж хуучнаа дурсав.
"Таны охин Мандухай хатны дүрийг бүтээсэн. Та "Мандухай цэцэн хатан"-ы аль хэсэгт илүү дуртай вэ" гэж асуухад "Үнэнийг хэлэхэд Сувдыг анх Мандухайд тоглоно гэхэд чадах болов уу гэж айж байсан шүү. Гарсных нь дараа үзээд "Яахав, гайгүй л тогложээ" гэж бодсон. Хүн чинь үр хүүхдийнхээ дутагдлыг л илүү харах гээд байдаг шиг байгаа юм. Миний охины тоглолтоос Мандухай сэцэн хатны монологийн хэсэг илүү таалагддаг. Хамгийн оргил үе нь тэр байх" гэж ярив.
"Ш.Сүрэнжав цээж сайтай, мэдэхгүй шүлэг байхгүй, манай Л.Ванган урлагийн фантаз сайтай, их хянуур хүн, Д.Пүрэвдорж шооч гэж жигтэйхэн, бэлэн цэцэн үгтэй…" гээд Л.Цогзолмаа гуайн дурсаж ярьж байгаа хүн бүр нь алтан үеийн уран бүтээлчид. Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайнд алтан үеийнхний талаар ийм сонин содон дурсамж, хуучийг бүтэн өдөржин сонсов.
Эх сурвалж: Өдрийн сонин